Tuesday, April 13, 2010

ЭРХ ЧӨЛӨӨ

Ойрд ажил ихтэй байгаад блогоо хөтлөх зав болсонгүй. Миний блогийн найзууд намайг яагаад алга болчихов гэж эрж хайж байгаа сурагтай. Бичих зүйл их байдаг даанч зав болдоггүй дээ. “НЭР ТӨР ЭРХЭМСЭГ АМЬДРАЛ” ТББ-хаа шугмаар хорих ял эдэлж байгаа олон хүнтэй найз болж байна. Хэдхэн хоногийн өмнө эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа Ж.Тэгшжаргал гэдэг бүсгүй дэвтэр дүүрэн шүлгүүдээ надад илгээжээ. Тэр миний шүлгүүдийг ном болгож өгөөч гэж зурвас хамтад нь илгээсэн байх юм. Ингээд би Ж.Тэгшжаргалын шүлгүүдийг эмхтгэж ном болгохоор янзалж сууна даа. Бидний нэрлэж сурсан Тоосгоны гэх тодотголтой чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа Б.Бат-Эрдэнэ гэдэг залууг би огт хараагүй. Гэхдээ түүнийг нэлээд эртнээс “эчнээ”-гээр мэддэг болсон. Зурдаг, шүлэг, өгүүллэг бичдэг сэргэлэн залуу байдаг гэж сонсож байлаа. Гэтэл саяхан Б.Бат-Эрдэнийн аав, ээж, ах 3 нь ирж уулзлаа. Тэд хүүгийнхээ дүүгийнхээ дэвтэр дүүрэн ухаарал, гэгээрэл, уянгын шүлгүүдийг “тээж” иржээ. Ингээд би Б.Бат-Эрдэнэ гэдэг нэгэн сэргэлэн “хуурай” дүүтэй боллоо. Б.Бат-Эрдэнийн шүлгүүдийг уншаад сууж байтал “МИНИЙ ЖАРГАЛАН” гэдэг хөөрхөн шүлэг байх юм. Би хэд дахин уншлаа. Дуу болгочихмоор санагдаад болдоггүй. Ингээд дуучин Г.Баярмагнайтай уулзаж энэ шүлгэнд ая хийж болох нь уу гэж үзүүллээ. Гэтэл Магнай шүлгийг уншингуутаа их л олзуурхаж дуу болгож амьдруулахаар надад амаллаа. Өчигдөр Магнай уулзаад ая бэлэн болсон шүү гэлээ. Ингээд хуурай дүү Б.Бат-Эрдэнэ минь нэг дуутай боллоо. За үг олдож байх шиг байна. Би блогтоо Б.Бат-Эрдэнийн шүлэг, өгүүллэг болон зурсан зургуудыг байнга нийтлэж байхаар шийдлээ. Өргөст торны цаана байгаа Засагт ханы хөх эр Б.Бат-Эрдэнийн эрх чөлөөт билэг танхайрал, омогшил, ухаарал, гэгээрлийн сэтгэлийн үгсийг эрхэм хүмүүн та зөвхөн миний блогт зочилж уншиж байгаарай. Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та нар миний блогоор дамжуулан Б.Бат-Эрдэнэтэй танилцаж бас түүнд урмын үгийг харамгүй илгээж байгаарай. Ингээд та Б.Бат-Эрдэнийн “ХОЖУУ БОДЛЫН ҮДЭШ” булангаар тавтай морил.

ЭРХ ЧӨЛӨӨ
Зуны ширүүн бороо зулай норгон шаагихад
Зулзаган ногоо цухуйж зүүдэндээ умбах шөнөөр
Эрх чөлөө чамайг яасан их хүснэм
Эрх чөлөө чи юунд надаас зугтанам
Атрын цэцэг гандаагүй
Алагтай цоогтой амьдралын
Босго өндөртэй туургатны
Бор гэрийн үүдэнд
Борхон Монгол бүсгүйн цээжинд
Буугаа онилж сумаа чиглүүлж
Эрх чөлөө чамайг энхтайвны тагтаа болгоё
Эрх чөлөө чамайг эргэж харах ирээдүйгээ болгоё
Шамбалын уулын орой дээр
Шилийн муу хулгайчтай
Ширхэг акуркны төлөө
Шалба нүдэлцэж явахдаа
Хүүхэн хонгор биеэнд чинь
Хүрч тэмтэрч үзээгүй ч
Мэгшин асгарах нулимсаараа
Мэндэлсэн үрээ энхрийлээгүй ч
Эрх чөлөө чамайг эх орныхоо сүлд болгоё
Эрх чөлөө чамайг эвлэрч дасах тавилангаа болгоё
Нойтон сормуустай ханийхаа
Гандсан дээлийг нь гомдоочихоод
Хөгшин ганц улиас шиг
Гунихарч мэгшин явахдаа
Эргэж заяахгүй тавиланд
Эцгийнхээ голмтыг таслахгүйн тулд
Хувь заяандаа залбирч
Залхталаа би мөргөсний хүчинд
Эрх чөлөө чамайг эцгийнхээ голомтыг болгоё
Эрх чөлөө чамайг эхийнхээ сэтгэлийг болгоё
Эр хүн би чинь амьдралаа алдсанаа тоолж
Эр хүн би чинь насандаа ухаажсанаа бодсоор
Эрх чөлөө чиний өмнө
Эр хүн би гудайж явна даа
Эрх чөлөө чиний өмнө
Эр хүн би сөгдөж явна даа

Recent Articles