Friday, July 30, 2010

БИ ХҮМҮҮНИЙ УНАА БОЛСОН ХӨХ НУРУУТ


Блогоо хөтлөлгүй их удчихлаа। Яагаад ч юм зав болохгүй байна гэж гүйсээр байгаад олон хоночихсон байх юм। Тэгээд ч шатаж үхэм энэ зуны аагим халуунд үзэг цаасаар онь холбож чадахгүй л явна даа. Гэнэт өнөө өглөө сэрээд л блогоо үргэлжлүүлэхээр шийдлээ. Ойрд юм бичээгүй болохоор юуны тухай бичих билээ гэж бодлоо. Бодож бодож байгаад өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Би анх удаа л өөрийгөө сайхан муухайгаар бичих гэж байна. Дамдинсүрэнгийн Наранцогт гэж хэн бэ? хэмээн өөрөөсөө асуун хэсэг суулаа. Хариултаа олох гэж нэлээд дуншлаа. Би эгэл жирийн л эр хүн. Үүнээс өөр хариулт орж ирсэнгүй. Хүмүүсийн магтаад байдаг өнөө гоё үгнүүднээс нэг нь ч сэтгэлд буудаггүй. Тэр намайг юу гэж магтаж байлаа гээд бодоод байсан хэр нь санадаггүй.Уг нь хүмүүсийн магтаал хэрэгтэй үгсүүд байсан даа. Би тархинаасаа хогон мэдээллээ цэвэрлэчихдэг юм. Гэтэл тэр магтаалын үгс хогон мэдээлэл байсан гэж үү? хачин юмаа. Гайхаад л сууж байна. Тэгэхээр би л өөрөө өөрийгөө бичие дээ. Тэгээд ч Наранцогтыг Наранцогтоос өөр хэн сайн мэдэх билээ дээ. Би говийн энгийн нэгэн айлын эрх дураараа хүү. Дээрээ дөрвөн эгч, нэг ахтай. Доороо хоёр охин дүүтэй. Өнөр өтгөн айлын бага хүү болохоороо тэрүү их эрх, одоо ч насан өндөр ээждээ эрхлээд л суучихдаг юм. Ээждээ эрхлээд үнсүүлээд сууж байх миний хамгийн жаргалтай мөч. Саяхан ээжийн минь бие нь чилээрхээд хотод ирж үзүүлж харуулж хэд хонолоо. Гэтэл миний хамгийн бага эмэгтэй дүүгийн 3 настай хүү нь надруу утсаар ярьж байснаа “-Хөөе, эрхийн мангараа! Миний эмээг хурдан явуулаачээ, би эмээгээ санаад байна ш дээ” гэж хэл нь мэдэгдэхгүй амьтан шулганан загнаж байхав дээ. Миний аав насаараа Намын дарга хийсэн “хэнхэг” хүн. Ээж минь ч ялгаагүй насаараа л төр засагт зүтгэсэн дээ. Аавын минь дарга гени надад байдаг юм шиг байгаа юм. Яагаад гэхээр би дөнгөж 23 насандаа төрж өссөн Дундговь аймгийн Өндөршил сумандаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байж билээ. Тухайн үед би ажлаа сайн хийж байсан гэж боддог юм. Ямартаа ч сумын залуучуудыг нэгтгэж Залуучуудын холбоог байгуулж сумандаа дараа нь зүүн бүсдээ улмаар аймагтаа бужигнуулж өгсөн дөө. Өндөршилийн залуучууд гээд л биднээр бахархдаг байсан үе бий. Ингээд гурван жилийн дараа би тушаал дэвшиж сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга боллоо. Нарийн бичгийн дарга, хурлын дарга хоёрт ялгаа их байх нь мэдээж. Хурлын дарга болоод бодлогын чанартай зүйл л их хийдэг болсон гэхүү дээ. Ганц бие залуухан дарга суманд хэр удаан тогтохов. Ээж ч гэр бүлтэй бол гэж үглээд л... Нэг удаа аймгийн төврүү зөвлөгөөнд явлаа. Миний багын найз Цэвээндоржийн Ганзориг, Бадарчийн Хатанбаатар гэж хоёр сайхан эрчүүд бий. Энэ хоёр минь ч уулзахаараа байнга л эхнэр ав гэж үглэдэг болсон доо. Тэгээд аймгийн төв орж зөвлөгөөнөө дуусчихаад Ганзоригтойгоо уулзаад явж байтал 10 жилийн ангийн охин Энхмаатай тааралдлаа. Энхмаа бид 2 дунд сургуульд байхдаа их найзууд байсан юм. Ингээд ойрд уулзаагүй хүмүүс бие биенийхээ тухай, анги хамт олон найз нөхдийнхөө тухай гээд юу эс хөөрөлдөх билээ дээ. Сүүлдээ аймагт ажлаар ирэх болгондоо Энхмаатай уулздаг боллоо. Ингэж явсаар байгаад бид хоёр 1998 оны 1 дүгээр сард гэр бүл болж нэг гэрт амьдарсандаа. Бид хоёр сайхан амьдарч байсан. Манайд ирсэн хүн болгон л энерги эрч хүч аваад гардаг байсан шүү. 11 жил амьдарсан эхнэрээсээ нэг л өдөр юу ч хэлэлгүй хамаг хувцасаа бөөгнүүлж аваад л захиа бичиж орхиод тэр чигтээ яваад өгсөн хүн дээ би. Одоо бид хоёр тусдаа амьдраад жил гаран л болж байх шив. Би зөрүүд хүн. Зөрүүд зөрүүддээ маш их зөрүүд хүн. Зөрсөөр байгаад алдаж явсан үе бий, бас онож явсан үе ч байдаг. Гэхдээ би эхнэрээсээ салаад явчихсандаа огт харамсдаггүй юм. Би үзэх ёстойгоо үзэж туулах ёстой амьдралаа туулж явна гэж л боддог юм. Одоо найз нөхөд, ах дүүс намайг зэмлэж эхнэртэйгээ буцаад амьдар гэдэг юм. Би тэдэнд “Үгүй ээ, би ахиж хүнтэй суухгүй. Миний амьдрал одоо л эхэлж байна. Би аз жаргалтай байна” гэж хэлдэг юм. Тиймээ би аз жаргалтай байна. Маш их аз жаргалтай байна. Би бас их тусч зантай хүн. Миний тусч зан надад байнга эрч хүч бэлэглэж байдаг юм. Гэвч зарим нэг хүмүүс нь уйлж дуулж зовлон жаргал ярьж байгаад туслуулчихаад тэр чигтээ усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм. Дараа нь энд тэнд тааралдахаараа бараг танихгүй өнгөрөхийг нь яана гээч. Миний тус дэмээр сайхан амьдарч сайн яваа хүмүүс олон байдаг юм. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт миний тусыг санах бизээ. Ээж минь “-Миний хүү хүний өмнөөс л туслах гээд гүйчих юмаа. Энэ хүмүүс тусыг чинь эргээд л мартчих юм байна ш дээ” гээд л үгэлдэг юм. Гэхдээ зүгээрээ хүнд тус болж чадаж л байвал би сэтгэл дүүрэн хараа дээгүүр явдаг юм. Би сүүлийн үед их олон зүйлийн талаар боддог болсон. Миний бодлуудын дунд Монголынхоо төлөө гэсэн нандин хүсэл тэнүүчилж яваа. Энэ нандин хүслээ түрүүчээс нь биелүүлж л байна. Өдрөөс өдөрт цөлжилтөнд нэрвэгдэж байгаа монголынхоо газар нутаг, ширгэж үгүй болж байгаа гол нуурууд, устаж байгаа ховордсон ан амьтнаа хамгаалах, сэргээх, өсгөх үржүүлэх талаар их зүйл боддог байлаа. Гэтэл энэ хүсэл биелэж байна. Б.Өлзийсайхан, П.Анхтуяа гэж миний хоёр найз бүсгүй байдаг юм. Энэ 2 эрчүүдээс илүү эрэмгий хүүхнүүд. Бид гурав БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-г 999 хоногийн хугацаатайгаар монгол орон даяараа өрнүүлээд амжилттай явж байна. Өнгөрсөн хавар бид 10 000 гаран мод таричхсан байна лээ. Тэгэхээр бид цөлжилтийн эсрэг ажлаа хийж эхэлсэн байгаа биз. Бид аянаа өрнүүлж байхдаа төр засгаас нэг төгрөг гаргуулаагүй. Бүгдийг бор зүрхээрээ болгосон доо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний ажлыг тухайн үедээ маш ихээр дэмжиж ивээлдээ авахаа илэрхийлсэн. Гэтэл Монголд хаанаасаа хаалгач нь илүү мэдэлтэй байдаг хойно Ерөнхийлөгчийн шийдвэр зөвлөхийнх нь ширээн дээр тоосонд дарагдаад мартагдсан бололтой. Бид ирэх хавар улаан номонд орсон ховордсон амьтан Мазаалайг хооллох юмсан гэж бодож байгаа. Энэ ажлаа саяхан танилцсан шинэхэн анддаа уламжилсан байгаа. Би бас их азтай хүн. Ухаантай монголынхоо төлөө зүрх нь цохилж байдаг “цөстэй” хүмүүстэй гэнэт тааралдаад найзалчихдаг юм. Ц.Хашчулуун гэдэг жинхэнэ монгол эр миний андуудын хүрээнд саяхан орж ирсэн дээ. Энэ эрийг харсан хэн ч орчин цагийн Цахиур Төмөр гэхэд маргахгүй дээ. Яагаад гэхээр Хашаа дөнгөж 18 настайдаа сурах гээд монголоосоо гараад явчихсан юм билээ. Бельги, АНУ-д сурч ажиллаж амьдарч байгаад монголдоо ирээд удаагүй аж. Энэ олон жил харьд амьдарчихаад зүрх сэтгэлээсээ монгол эх орноо авч хаяагүй нь гайхалтай. Дараагийн нэг том ажлаа би төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ энэ ажлыг хийх юмсан гэж сүүлийн 3 жил бодсон. Одоо л цаг нь болж байна. Миний л монголынхоо төлөө хийх ажлын нэг л дээ. Хорвоо дэлхийн унаа, Хөх нуруут хүмүүний унаа гэдэг юм билээ. Би бодож байгаа энэ ажлаа хийчих юм бол Хөх нуруут монголчууд дэлхийн хүмүүсийн хөтөч удирдагч нь гэдгийг нотлон харуулах болноо. Өөрийнхөө тухай үүнээс илүүг би бичиж чадахгүй нээ. Миний блогт аялаж байгаа та миний тухай сэтгэгдлээ үлдээгээрэй. Та нарын нүдээр би хэн бэ


Recent Articles