Saturday, September 11, 2010

ДООГИЙ УРАГШАА!!!


Монгол телевизээр нэг хэсэг “8 дахь аялгуу” гэдэг цэнгээнт нэвтрүүлэг гардаг байсныг блог уншигчид сайн санаж байгаа байхаа. Энэ нэвтрүүлэг гардаг өдөр ихэнхи хүмүүс цаг заваа алдан яг л Солонгос кинонд дурладаг шиг “хуйлран” цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухладаг байсан даа. Үзэгчдийг байлдан дагуулдаг энэ нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм миний сайн найзуудын нэг байгаа юм. Бид хоёр нэлээд олон жилийн өмнө танилцаж түүнээсээ хойш сайхан нөхөрлөсөн дөө. Доогий их тусч, ухаантай, сэргэлэн эр байгаа юм. Миний амьдралын жаргал гэхээсээ илүүтэй зовлонтой ганцаардаж байх үед дэргэд минь Доогий л байж сэтгэлийн дэм өгдөг байсанд би их баярлаж явдаг юм. Бид хоёр хамтдаа урлагийн олон арга хэмжээг зохион явуулсан даа. Бид хоёр нэг удаа эмэгтэйчүүдийн хорих ангид буяны арга хэмжээ зохиион байгуулж урлагийн бэсрэг тоглолт явуулсан юм. Би ажил гээд зав ер болдоггүй. Доогий бүх зүйл бэлэн гээд хээв нэг алхаад байдаг. Тэгсээр байгаад өглөө нь гэнэт Дуурийн хэдэн дуучинг утасдаж дуудаад л хорих руу явлаа. Хорихын жижигхэн клубын ар талд Доогий нөгөө хэдэн дуучиддаа “-Одоо тэгнэ ингэнэ. Үүний дараа Наранхүү дуулна, түүний дараа Батболд Цэнджав хоёр гарна шүү” гэж хэлээд арга хэмжээнийхээ хөтөлбөрийг дорхноо гаргаж байгаа харагдсан. Би ямар л юм болох болдоо гэж дотроо эмээсээр... Гэтэл арга хэмжээ эхлээд л дуусан дуусталаа үнэхээр “тасархай”. Хоригдол бүсгүйчүүд ч бөөн баяр. Амьдралдаа ийм гайхалтай арга хэмжээ үзсэнгүй гэж нэг хэсэг нь баярлан нулимс дуслуулж байгаа харагдсан. Тэр үед би найзаараа үнэхээр бахархсан даа. Миний найзыг Гүрбазараас эхлээд Монголын томчууд болох акул хөтлөгчид их тоодог юм ш дээ. Тэд өөрсдийнх нь залгамж халаа гэж Доогийг үнэлж, хардаг юм билээ. Тиймдээ ч Гүрбазар өөрийнхөө гавъяатын найрыг Доогийгоор хөтлүүлж байхав дээ. Би хаана ч хэний ч өмнө найзаараа бахархаж бардамнан онгирдог юм. Гэтэл сүүлийн үед найз минь нэг л гундуухан яваа сурагтай. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гээд болдоггүй. Гэтэл өчигдөр гэнэт Доогий залгаж байнаа. Бид хоёр ойрд холбогдоогүй болохоор бие биенийхээ сонин хачин, амьдралын тухай хүүрнэлдлээ. Түүний яриа нэг л дорой болчихож. Урьдны эрч хүч гал цог юу ч байхгүй. Би сурсанаараа жаал үгэллээ. Доогий зөндөөн зүйлийн тухай ярьж ярьж байсанаа “-Найз нь тун болохгүй бол гадагшаа гарая даа. Нэг жил усанд хаясан чулуу шиг алга болдог юм билүү гэж бодож байна” гэж ярих юм. Уг нь миний найз ийм дорой эр бишсэн дээ. Түүний толгой, оюун ухаан гадаадад гарч “боол” болтолоо доройтоогүй л байх ёстой. Түүнд маш их ирээдүй бас маш том боломжууд байх ёстой. Доогий тархиа ухаж амьдрах ёстой хүн. Эрдэнэсээр дүүрэн тархиа тэр яагаад хөсөр хаяж байгаа нь сонин. Би ухаантны удамт найздаа санаа зовж байна. Тэр хэзээ ч дорой явах эр биш. Доогий монголдоо байтугай дэлхийд нэр алдраа дуурсгаж чадах алдартан. Гэтэл найз минь яагаад ингэж гутруу зутруу явна вэ? Найз минь миний блогоор зочилж өөрийнхөө тухай уншаарай. Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг дээ. Доогий, чамд их ирээдүй бий шүү. Чиний ирээдүй гэрэлтэж байгаа. Чиний цаг ирсэн шүү. Өнөөдрийн энэ өчүүхэн зовлон чиний маргаашийн аз жаргалын хаалгыг цэлийтэл нээх түлхүүр чинь шүү. Ганцхан би биш анд найз нар чинь, ахан дүүс чинь цаашлаад Монголын ард түмэн чамайг харж байна шүү. Урагшаа ДООГИЙ.

Sunday, September 5, 2010

ЗУНЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Гол дээр очиж усанд хэвтэж наранд биеэ шарах үнэхээр гоё амралт болж ядаргаа тайлагддаг юм билээ.


Нэг л мэдэхэд зун дуусаад намрын сэрүүн эхэлчихлээ. Энэ зуныг ч би их гоё өнгөрөөлөө дөө. Би ингэхэд 40 хүртэлээ амралтанд цөөхөн амарч үзсэн байх юм. Гол руу бараг очиж үзээгүй байгаам даа. Харин энэ зун амралт гол хоёр руу үе үе “шилэрээд” зуныг сайхан л өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан гэдэг Засгийн газрын том шагналыг гардаж авлаа. Санаандгүй явж байгаад гэнэт дуудагдаад Боловсролын сайд н.Отгонбаяраас энэ шагналыг гардаж авахдаа яг үнэнийг хэлэхэд би “ичсэн” шүү. Хүмүүст би ийм шагналаар шагнуулчихлаа гэж хэлэхээс ичээд байлаа. Гэтэл найз нөхөд бие биенээсээ сонсоод баяр хүргээд бөөн л юм боллоо. Одоо ч гэнэт гэнэт СТА-ы угаалгаа “сэм” хийсээр л явна. Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэхийн сацуу соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн үнэлэмж нь миний энгэрт гялалзах СТА-ы тэмдэг аж. Би 5 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” шагналыг аваад маш их баярлаж байж билээ. Би тэр үед сэтгүүлчдийнхээ халуун тогоонд нь чанагдаж дунд нь ажиллаж байсан болохоор ур чадвараараа тэдэнтэйгээ өрсөлдөж, үзэлцэж байж эрийн сайндаа, чадлаараа энэ шагналыг авсан болохоор маш их баярлаж байсан л даа. “Ган үзэгтэн” энэ шагнал надад чихэр шиг амттай байсан ч бас давс шиг гашуун ул мөрийг надад үлдээсэн дээ. Гэтэл түүнээс том шагнал Соёлын тэргүүний ажилтан гэдэг эрхэм цолыг хүртчихээд нэг их баярласангүй. Гэхдээ би найзууддаа баярлаж байгаа. Сайхнаа найз намайг шагнуулсныг сонсоод л шууд амралтанд авч явж цолны угаалгыг “зад” хийсэндээ. Бүр миний санаанд оромгүй гоё газар намайг аваачиж амраалаа. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар “Гүн галуутайд” намайг аваачсанд найздаа маш их баярлаж байгаа. Ингэхэд би Сайхнаадаа баярлалаа гэдэг үгийг нэг сайхан сэтгэлд нь хүртэл хэлээгүй л байгаагаа нуугаад яахав. Би Сайхнаагийнхаа буянаар энэ зуныг амьдралдаа үзээгүй гоёор өнгөрөөлөө ш дээ. Байн байн гол руу яваад л... Өвдөгнөөсөө дээш усанд хөлөө дүрж үзээгүй говийн би энэ зуны нарлаг өдрүүдийн цөөнгүйг голын хөвөөнд өнгөрөөсөн минь гайхалтай дурсамж болон үлдлээ, надад.



Saturday, September 4, 2010

ЗОРИЛГОТОЙ ХҮН ДЭЛХИЙ ДҮҮРЭН БОЛОМЖ ЯРЬДАГ


Би сүүлийн үед нэг л зүйлийн тухай маш их бодож явна. Энэ ажлаа бүтээхийн тулд хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсоор л сууна. Миниий санаж сэдэж хийх гэж ярьж байгаа ажлыг ихэнх нь дэмжиж гоё гоё саналууд нэмэрлэж туслахаа илэрхийлж байна. Ямар ч байсан би энэ ажлаа хийнээ, Хийх хийхдээ нэр төртэйгээр хийнээ. Миний блогийн зочин та энэ бас юу хийх гээд учир битүүлэг зүйл бичээд унаваа гэж гайхаж магадгүй. Би удахгүй тун удахгүй хийх гэж байгаа зүйлийнхээ тухай танд блогоороо дамжуулан дэлгэрэнгүй танилцуулнаа. Миний хийх гэж байгаа ажлыг дэмжиж найз Энхжаргал минь надад
“Агуу хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг”
гэж зоригжуулсан гоё үгтэй захидал илгээсэн байх юм. Өнөө өглөө утас асаангуут энэ захидал ирж урам орлоо. Тэгэхээр би дэлхий дүүрэн боломж ярьж байгаа учраас зорилготой л хүн болж таарах нь дээ гэж өөрийгөө бас л магтахаас даа. Саяхан миний нэг хуурай дүү уулзсанаа “Та блогоороо өөрийгөө л их магтах юм даа” гэхээр нь “-Би хэзээ ч өөрийгөө магтаж байсангүй. Харин сүүлийн үед өөрийгөө жаахан магтах гээд байгаа нь үнэн шүү. Өөрөө өөрийгөө магтахгүй бол намайг өөр хэн ч магтахгүй юм байна” гэж хэлж билээ би.
Би хоёр гуравхан хоногийн өмнө дэлхийн хүүхдийн олимпийн аварга болсон нядхан охин З.Батцэцэг, гимнастикч хөвгүүн н.Эрдэнэболд, шатрын өсвөрийн дэлхий аварга болсон охин н.Энхтуул нартай тааралдаж нэг дор хооллосноо ихэд билэгшээсэн юм. Монголчуудыг байлдан дагуулж од болон гялалзаж яваа энэ гурван жаал хүн болгоны харж барьж үзэхийн хүслэн болсон алтан медалиа хүзүүндээ зүүчихсэн хоол идээд гүйж яваа нь өхөөрдөм хөөрхөн харагдаж билээ. Босоо заяат Монголчуудын од болон гийх цаг нь ирж байгаа гэдгийг энэ гурав дэлхий дахинаа зарлалаа. Тиймээс монголчууд бид ч монгол гэдгээрээ бардамнаж дор бүрнээ л хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Миний бодлыг баталсан юм шиг интернэт болон мэдээллийн хэрэгсэлээр Монгол залуучууд дэлхийн тавцанд гарах цаг нь болсон гэж зоригжуулан уриалан дууддаг боллоо. Ийм нэг зүйл олж уншингуутаа шууд л блогтоо хуулаад бичлэгтээ хавсаргаад нийтэлчихлээ. Магадгүй уншаагүй нэг нь унш. Уншсан нэг нь ахиад унш. Тэгээд бусаддаа ярь.
Монголын билиг авъяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН Таны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!Бахархлыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, ХОЁР ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮНМонгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

Thursday, September 2, 2010

МИНИЙ НЭР


Намайг Ангирмаа гэдэг. Ангираа гэж дуудаж болно гэдэг үгтэй дуу нэг хэсэг залуусын амнаас салахгүй хит болж байж билээ. Зарим нь ч дууны үгэнд өөрийнхөө нэрийг оруулчихсан дуулж явдаг байсан. Түүн шиг намайг Наранцогт гэдэг. Нарка гэж дуудаж болдог. Би 3-4 настай байхдаа “-Би та нарын бүгдийн чинь ах нь. Тиймээс та нар намайг ах гэж дуудаж бай” гэдэг байсан гэсэн. АХ гэж дуудахгүй бол уурлаад суучихдаг байсан гэнэлээ. Тэгээд манай гэрийнхэн намайг бүгд АХ гэж дууддаг болсон, Сүүлдээ ах дүү хамаатан садангууд бүгд АХ гэж дууддаг боллоо. Бүр сүүлдээ сум тэр чигээрээ АХ гэж дууддаг болсон. Одоо ч Ах гэж дууддаг нь хэвээрээ. 90 онд би оюутны амралтаараа хөдөө гэррүүгээ харьсан юм. Тэгсэн хөгшин ээж маань найз хөгшчүүлдээ “-Ах өнөөдөр хотоос ирнэ” гээд л яриад байсан гэдэг. Гэтэл би ороод очсон чинь хөгшин ээж “-Өө Ах хүрээд ирлээ. Алив, миний хүү сайн явж ирсэн үү” гээд намайг үнссэн чинь хөгшчүүл нь “-Ах ирнэ гээд басан чинь нэг жаахан хүү л бана ш дээ” гээд бөөн инээдэт болж билээ. Одоо ч манайхан намайг Ах гэж дууддаг нь хэвээрээ. 9-р ангид байхад манай ангийн охид бүх хүүхдэд нэр өгч билээ. Тэгээд намайг Нарка гэж дуудаж байхаар болсон юм. Үүнээс хойш би АХ гэдэг нэр дээрээ Нарка гэдэг бас нэг нэртэй болсон. Одоо ч найз нөхөд Нарка л гэж дууддаг юм.

Wednesday, September 1, 2010

КИНО ШИГ АМЬДРАЛ


Кино шиг амьдралтай хүнтэй та тааралдаж байсан уу? Мэдээж ихэнхи нь үгүй л гэх байх. Зарим нь бодож бодож байснаа тааралгүй яахав “-Манай тэр найзын амьдрал яг л кино шиг ш дээ” гээд л ярих байх. Мэдээж киног хүний амьдралаас сэдэвлэн зохиодог болохоор кино шиг амьдралтай гэж ярих нь аргагүй. Гэхдээ би яг л кино шиг амьдралтай хүнтэй таарна чинээ бодсонгүй явж байж дээ. Өнгөрсөн хавар бидний ярьж сурсан Луусанд ял эдэлж байгаа нэг эмэгтэйтэй уулзлаа. Бид 2 нэлээд удаан ярилцлаа. Тэр эхлээд надаас цэрвээд яриа нь нэг л хүйтэн хөндийй байсан юм. Үгээ зөөж ядан ярьж байх зуураа намайг нэвт шувт сонжсон харцаар хараад л... Тэгсэнээ надад нэг л итгэхгүй байгаа нь хэлж ярьж байгаа үг, харцнаас нь илт мэдрэгдээд байлаа. Би ч уур амьсгалыг зөөллөж түүний амнаас үг унагах гээд их хичээсэн дээ. Нэлээд ярианы дараа бид хоёр ойлголцоод тэр эмэгтэй амьдралынхаа тухай бүгдийг нь илэн далангүй ярьж өглөө. Тэр хоригдол эмэгтэй ярьж байхдаа нүүр нь маш олон янзаар хувирч байсан юм. Тэр амьдралынхаа баяр баясгалантай үеийнхээ тухай ярихаар инээгээд л... Бүр нүд нь гэрэлтээд л тас тас инээж байснаа “-Тэр залууг би одоо ч үзэн яддаг, ер нь эрчүүд та нар муухай хүмүүс, би эр хүнийг үзэн яддаг. Насаараа шоронд сууж байгаа минь ч эрчүүд та нараас болсон” гээд л аймаар догшин харцаар нэвт ширтээд шүд хөмхийгөө зуух нь аймшигтай. Түрүүхэнд л амьдралын гоё сайхныг яриад тас тас инээж байсан үзэсгэлэнт эмэгтэй эмэгчин барс шиг архирах нь гайхалтай. Тэгснээ хангинатал санаа алдаж сууснаа “-Би эр хүнээр хайрлуулж үзсээн. Гоё л байдаг юм билээ. Гэхдээ хайртай хүнээ алахаас өөр замгүй болсон нь миний буруу бишээ. Би үүндээ одоо ч харамсдаггүй юмаа. Тиймээс бусад хоригдол хүүхнүүд шиг би шоронгоос хурдан гармаар байна гэж уйлж гүйддэггүй. Яахийм, оноосон ялыг нь хоншоортой гэгч нь дуусгаад инээгээд гарна даа” гэж ярихад нь би мэл гайхаж толгой сэгсэрч сууснаа нуугаад яахав. Яг л киноны кадр шиг тэрний ярьсан амьдрал одоо ч миний нүдний өмнүүр жирэлзсээр байдаг юм. Бас түүний гайхамшигт нүүрний хувирлуудыг би одоо ч мартаж чаддаггүй юм. “-Би шоронг муу хэлэхгүй ээ, надад бас боломж олгосон газар шүү. Чи гайхаж магадгүй. Амгалангийн хорих ангийн хоригдол залуу энд ажлаар ирсэн юм. Би түүнийг өдөж гүйсээр байгаад энгэр зөрүүлчихсэн юм ш дээ. Тэгээд би хүүтэй болсон. Хүүгий аав шоронгоос суллагдаад бид хоёрыг байнга эргэж ирдэг болсон. Би хүүгээ нэг ой хүрэнгүүт нь аавд нь өгчихлөө. Гэтэл юу болсон гэж сананаа, Би хүүгээ аавд нь биш алуурчинд өгсөнөө тэр үед ер мэдээгүй байгаам даа. Тэр муу новш өнгөрсөн оны өмнө согтуу ирээд гэртээ агсам тавьж байхдаа миний нялх үрийн элэгийг нь бяц дэвсээд алчихсан. Миний амьдралд эрчүүд дандаа гай болж байсан байхгүй юу. Тиймээс би эрчүүд та нарыг үзэн яддаг юмаа” гэж уурсангүй хэлсэн түүний үг одоо ч бодогдоостой. Би энэ хоригдол эмэгтэйтэй уулзсаныхаа дараа амьдралаар нь кино хийе гэж бодсон. Тэгээд энэ тухайгаа найзууддаа ярилаа. Нэг найз минь “-Хүмүүс кино шиг амьдрал гэж ярьдаг юм. Би ийм амьдралын тухай ер сонсож байгаагүй. Наадах чинь шууд кино байна. Сайн найруулагчид өгчих” гэж намайг зоригжууллаа. Жүжигчин Ууганбаяр саяхан залгасанаа “-Хөгшөөн, нөгөө санаагаа кино болгоод өгөөч. Би найруулмаар байна. Удахгүй хоюулаа уулзаж энэ тухайгаа ярилцая” гэж надад бүр урам хайрлалаа. Би ямар ч байсан амьдралд байдаг хэрнээ биднийй мэдэхгүй “далд” амьдралын бодит үнэнийг өгүүлсэн кино бичихээр шийдлээ. Ингээд сүүлийн хэд хоног дүрүүдээ бодоод л судалгаа хийгээд шоронгийн дарга нар болон суллагдасан хоригдол эмэгтэйчүүдтэй уулзаад л явдаг боллоо. Удахгүй кино зохиолынхоо тухай миний блогоор зочилдог эрхэм хүмүүн танд дэлгэрэнгүйгээр сонирхуулнаа.

Recent Articles