Saturday, April 30, 2011

“ЧУЛУУН ЗҮРХТЭЙ ХАЙЛААС” БУЮУ ТЭМЦЭГЧ ХУУЧИНХҮҮ



Хуучинхүү... монголчууд бидэнд танил нэр байгаа биз. Би энэ удаад их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучинхүү” өгүүллэгийн тухай бус Өвөрмонголын үндэсний үзэлтэн Хуучинхүү гэдэг зоригт эмэгтэйн тухай үзэглэхээр шийдлээ. Монголчууд бид зоригтой, ухаант эмэгтэйчүүдээрээ бахархан тэднийгээ ХАТАН ухаант бүсгүйчүүд хэмээн өргөмжлөн үеийн үед магтан алдаршуулдаг сайхан уламжлалтай ард түмэн. Өэүлэн эх, Мандухай цэцэн хатан, Сүхбаатар жанжины гэргий Янжмаа, Түвдэнгийн Бор, эрдэмтэн зохиолч Э.Оюун, С.Удвал... гээд л үе үеийн монголчуудын бахархал болсон алдартай бүсгүйчүүдийн эгнээнд бичигдэх гавъяаг ард түмнийхээ дунд “Хуучинхүү багш” хэмээн хүндлэгддэг Өвөрмонгол бүсгүй байгуулж явааг бид төдийлөн сайн мэдэхгүй байна.
“Өвөрмонголын зохиолч эмэгтэй Хуучинхүү Хятадад сураггүй алга боллоо” гэсэн мэдээ дэлхий дахинаа цацагдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл би энэ эмэгтэйн тухай “эрэн сурвалжилж” сууна. Түүний намтар түүх, туулж өнгөрүүлсэн амьдрал, эрхэлж байсан ажил бүр цаашлаад Хятадууд яагаад түүнээс айж эмээн “дуу хоолойг нь хорин” сураггүй алга болгоод байгаа тухайг нь хүртэл мэдэх гэж хичээлээ. Хуучинхүү үнэхээр агуу эмэгтэй юм байна гэсэн дүгнэлтийг л эцэст нь гаргалаа. Хэлэх үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг Хуучинхүүгийн зүрх сэтгэлд нь “миний Монгол, бидний Монголчууд” гэсэн омогшил байнга бадарч явдаг нь түүний хэлсэн үг, бичсэн нийтлэлээс нь илт “үнэртэж” байна лээ. Тэмцлийг нь зогсоож, дуу хоолойг нь хорьж, хүлцэнгүй номхон болгох гэж Хятадууд Хуучинхүүтэй “тулж ажилан” сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлсэн нь тусыг эс олсон учир эцэст нь “сураггүй болгох” шилдэг аргаа хэрэглэжээ.
Усанд хаяагдаж, газрын гаваар орсон мэт гэнэт алга болсон Хуучинхүүд 2004 оны 7 дугаар сарын 26-нд өвөг дээдсийнхээ өлгий нутаг Монголд хөл тавих аз тохиожээ. Тээж төрүүлсэн ганц хүү Цээлийгээ дагуулан Улаанбаатарт 7 хоног амарсан тэрээр энэ насны хүслээ бага ч гэсэн биелүүлэн туйлын ихээр баярлан хөөрч догдолсоноо тэрээр дурсамжиндаа тодхон үлджээ. Хуучинхүү багшийн “Сүнсийг хурайлсан Монгол дэлхий” нэртэй монголоор аяласан тэмдэглэлийг уншиж суухад түүний монголоо гэсэн зүрх сэтгэл нь ямар их юм бэ гэдгийг илтгээд өгнө. Түүнд Улаанбаатарын гудамжны хүүхэд, өвгөнтийн архичид, золбин ноход...гээд бүх л зүйлс “гоёо” харагдсан байх юм. Гайхалтай мэдрэмжтэй, авъяаслаг, чадварлаг бичгийн хүн гэдгийг нь “Чулуун зүрхтэй хайлаас” номноос нь уншиж мэдэрлээ.
Тэр монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёлоо цэвэр ариунаар нь авч үлдэх гэж өөрийн амь амьдралаа золиослон Хятадуудтай тэмцэлдсэний үр дүнд сураггүй алга болоод байгаам байна. Өвөрмонголчуудын үндэсний баатар Хадааг байнга дэмждэг нь ч Хятадуудад таалагддаггүй нь мэдээж.
Хятадуудад Хуучинхүүгийн бүх л зүйл нь хориотой. Үг хэлэх, гадуур явах, номоо хэвлүүлэх... гээд бүгдийг нь хорьсон. Магадгүй идэх хоол, уух цайг нь л хориогүй байх. Эх оронч эрэлхэг охиноо бид яг одоо амжиж авран, хамгаалах ёстой. Тиймээс Монголчууд бид энэ зоригт эмэгтэйг эрж хайн, эрх чөлөөтэй болгохын төлөө тэмцэх цаг нь болжээ.
Хуучинхүүг суллахыг шаардсан бичгийг Монголчууд бид Хятадын элчин сайдын яаманд өгч яагаад болохгүй гэж. Бүр цаашлаад Монголд байгаа Хятадын элчин сайдын яамны өмнө Хуучинхүү багшийг дэмжигчдийн жагсаал цуглааныг хийцгээе л дээ!
“Монгол миний зүрхээр дутах биш, харин миний зүрхэнд монгол дутагдаж болохгүй” гэсэн бодлыг тээж явдаг эх оронч эмэгтэй Хуучинхүүг өмгөөлөн босч түүнийг эрх чөлөөтэй болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг нийт Монголчууддаа уриалж байна.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг ард түмэн ш дээ. Цувж явсан барснаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үгийг санагалзан бүгдээрээ зоригт тэмцэгч Хуучинхүү багшийг эрх чөлөөтэй болгох талаар хэлэлцэцгээе!

Saturday, April 23, 2011

ДҮРВЭГЧ АНД


Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаагаас ярилцлага авсанаас хойш миний фэйсбүүкэнд маш олон өвөрмонголчууд холбогдож би бүгдтэй нь найз болчихлоо. Монголд амьдардаг Өвөрмонгол залуутай фэйсбүүкний найз болсоноосоо хойш хэд хэдэн удаа уулзалдаж бас утсаар ярилцаж нэлээд дотно нөхөрлөх болсон. “Монголын нууц товчоо”-ноос эхлээд Монголынхоо түүхийг гайхалттай мэддэг ухаалаг яриатай энэ залуу Улаанбаатарт ирээд нэлээд хэдэн жилийн нүүрийг элээсэн юм билээ. “Миний Монгол, бидний Монголчууд” гэж ам нээх бүртээ хэлдэг үндэсэрхэг энэ эрийн ярианы санд байдаг нэг л үг нь надад таалагддаггүй юм. Тэр нь дүрвэгч гэдэг үг. Миний үгийн санд байдаггүй энэ үгийг би анх сонсоод яг үнэнийг хэлэхэд нэлээд цочирдсон шүү. Тэрээр яриандаа “-Над шиг нэг муу дүрвэгч, Би зүгээр л нэг дүрвэгч ш дээ” гэж өөрийгөө голох нь хачирхалтай. Би түүнийг дүрвэгч гэхгүй. Харин ч эсэргээр нь улс, үндэстэнийхээ төлөө тэмцэгч гэж нэрлэмээр байхым. Хятадын бодлогыг эсэргүүцэн Өвөрмонголчуудаа Монголоор нь авч үлдэх гэж товчхоноор хэлэхэд Монгол цусаа булингартуулахгүй цэвэр ариун байлгах гэж тэмцэж байгаа түүнийг эзэн Чингэсийн удамт ХААН ухаант, зориг зүрхтэй эр хүн гэж “тоохоос” өөр аргагүй байгаа биз дээ. Аав ээж, ахан дүүс, төрж өссөн нутаг усаа санагалзан нүдээ “чийгтүүлэн” нулимсаа сэмхэн арчиж яваа тэмцэгч анд минь “дүрвэгч” гэдэг дорой үгээ үгийн сангаасаа хасахыг хичээгээрэй. Дэлхийгээр нэг тархсан Өвөрмонголчууд минь өөрсдийгөө дүрвэгч гэж битгий голж байгаарай. Та бидний судсаар Эзэн Чингэсийн цус урсаж байна. Босоо заяатай Чингэсийн удамт Монголчууд сүрлэг, хийморьлог, хүчирхэг, ухаалаг явсан түүхийг дэлхий даяараа шагшин магтдаг. Өөрсдийгөө голон дорой амьдарч байсан түүх Монголчууд бидэнд байхгүй. Дүрвэгч гэсэн үгнээс татгалзан бүх Монголчууд минь Чингэс ухаантан болж дэлхийд суу алдраа мандуулцгаая!

Recent Articles