Thursday, August 11, 2011

ХЭРГИЙН ЭЗЭН НЬ СУЛ БЛОК


Сүүлийн үеийн дуулиан шуугианы нэгээхэн хэсэг болж олны сэтгэлийг сэртхийлгээд байгаа явдал нь хүүхдийн хорих ангиас оргосон 6 “шилийн сайн эрс”-ийн тухай юм. Үүний түрүүнд би “Хоригдол жаал-Оргодол хүү” гэсэн нийтлэлийг блогтоо оруулсан. Сүүлийн хэдэн жилийн амьдрал минь монголын муу нэртэй хоригдлуудтай холбоотой өнгөрч байгаа болохоор энэ талын мэдээллийг хамгийн түрүүнд хайж явдаг хүн дээ,би. Дээр доргүй л 6 хоригдол оргосны буруутанг эрж хайж, зарим нь амиа хаацайлж би буруугүй гэж сууцгаана. Би биенээсээ буруутныг хайсаар... Соёлын хувьсгалын үед Хятадууд Өвөрмонголчуудыг толгой дараалан эсэргүүн болгосон юм гэдэг. Сүүлдээ эсэргүүнээр тодрох хүнгүй болохоор үзэг, бал харандаа, савх, аяга... гээд л нүдэнд харагдсан болгоноо буруутан болгож байсан гэдэг. Шүүхийн шийдвэрийнхэн түүн шиг л 6 хүүхэд оргосны буруутанг хайж байна. Ажлын хариуцлага алдасан нэрээр ангийн захирагч, хурандаа Оюунаа, дэд дарга Билгүүн нарыг ажлаас нь чөлөөлж хэд хэдэн хүнийг бангадсанаар энэ дуулиан намжих талдаа орох гэж байна. 6 хүүхэд оргуулсаны гол буруутанг 6 метр өндөр блокон хашааны суларсан нэг блок болгож хувирч байх шиг байна. Тэр блокийг хэн, хэзээ сулласан, тэр яагаад сул байсныг удирдлагууд нь тайлбарлахгүй л байна. Мэдээж нар салхинд цохигдоод сулраагүй нь лавтай. Тэр блокийг хоригдлууд л сулласан.Магадгүй блок суллах ажиллагаа хорихын хянагч нартай ч холбоотой байх магадлалтай. Хянагч нарын дунд байдаг нэг “аймаар” дэг нь ялтануудаасаа байнга нэгжнээс эхлээд ундаа тамхи тэр байтугай архи дарс хүртэл нэхэж авахуулж уудаг нь гэм биш зан болчихсон. Хүүхдийн хорихын аж ахуйн хоригдлууд хянагч нараа болон өөрсдийгөө тансаглуулах гэж энэ блокийг сулласан байх магадлал давамгайлаад байгаам, надад. Энэ л суларсан блокний нүхээр хоригдлууд бүрэнхийгээр дэлгүүр лүү гүйдэг байсан байх. Ганцхан хүүхдийн хорих анги гэлтгүй Монголын бүх шоронгуудад ийм суларсан блок байж магадгүй. Юутай ч Шүүхий шийдвэрийнхэн оргодлын буруутанг сул блок хэмээн гүрийж амиа хаацайлж суухынхаа оронд увайгүй зантай хянагч нартайгаа “тулж ажиллах” хэрэгтэйг дуулианы эзэн болсон “сул блок” сануулаад байгаам бишүү!!!.

Monday, August 8, 2011

МИНИЙ МУУСАЙН СЭТГҮҮЛЧИД


Сэтгүүлч гэсэн чимэгээр цоллуулсаар нэлээд он жилийг үджээ. Сүүлийн үед сэтгүүл зүйн салбараас жаахан хөндий байгаа ч нэг л мэдэхэд үзэг цаас нийлүүлчихсэн сууж байх юм. Энэ ч нөгөө мэргэжлийн өвчин гэдэг нь байх даа. Энэ удаад би сайн муугаар цоллуулан явдаг сэтгүүлч нөхдийнхөө тухай дурсах гэсэн юм. Би 2000 оны эхний хэдэн жилүүдэд гал цогтой, дайчин залуучуудтай хамтарч ажиллаж байсан юм байна. Тэд минь одоо ч гялалзаар явна. Зарим нь амьдралын эрхээр өөр ажил хийж байгаа ч би хэдэн сэтгүүлч дүү нараараа одоо ч бахархаж явдаг юм. ЗТБХБЯ-ы хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэн 2003 онд сургуулиа дөнгөж төгссөн жаахан охин ажилд орж байж билээ. Тэр дайчин, зүтгэлтэй, хөдөлмөрч бас их мэдрэмжтэй охин байсан. Ямар ч сенсаацитай мэдээллийн араас явахад “чулуу” болгож чаддаг учраас өнөөдөр “мундаг” сэтгүүлч болж чаджээ. Цэсэнгийн ямархан сэтгүүлч гэгдэхийг нь энгэрт нь гялалзах “Алтан гадас” одон нь илтгэх буй за. Бадамтуяа гэж “Гурван Эрдэнэ” дээд сургуульд сурдаг охин дадлага хийх гэж анх сонины редакцийн босгоор орж ирж байж билээ. Анх Бадмаагийн бичсэн мэдээг би болоогүй байнаа гээд л буцаагаад байсан санагддаг юм. Төрөлхийн авьяаслаг Бадмаа сэтгүүл зүйн тогоонд амархан чанагдаж лидер сэтгүүлч болсон доо. Даанч Бадмаа минь мэргэжлээрээ удаан ажилсангүй Баянхонгортоо “нутагшчих” юм. Сэтгүүл зүйд Бадмаагийн орон зай уг нь байгаад л байгаам даа. Энхцэцэг гэж бас төрөлхийн сэтгүүлч мэдрэмжтэй охин бас л сэтгүүл зүйг орхиод Солонгост амьдарч байна. Ээгийгийн бичлэг бол тасархай ш дээ. Санааг нь гаргаад өгөх юм бол тэгээд л 100 хувь бичнэ дээ. Бас л дайчин охин. Хүнийг яриулж чадна. Түүний хийсэн олон сонирхолтой ярилцлага тухайн үедээ шуугиулж байсан даа. Би блогтоо Энхцэцэгийнхээ хийж байсан сонирхолтой ярилцлагнуудыг удахгүй цуварлаар нийтлэнээ. Цээпил угаасаа л сэтгүүлч байх одонд төрсөн охин. Тэрний хурц, цаг үеээ мэдэрсэн нийтлэл сурвалжлагуудыг уншихаар “далайн давалгаа” шиг хүчтэй байдаг юм. Цээпил Хятадад номын дуу сонсож байгаа. Тэр 3-4 жилийн дараагаас сэтгүүл зүйд “цахиур хагалаад” ирэх нь дамжиггүй. Акеркэ, Бадамцэцэг 2 бас л дайчин сэтгүүлчид. Манай 2 “Ардчилал” сонинд гялалзаж явна ш дээ. Бадамцэцэг шилдэг сэтгүүлч гэсэн цол хэргэм зүүгээд л, Аагий албаны дарга болчихсон “Ган үзэг” энгэртээ гялалзуулаад явж байна. МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч Билгүүнхангал анх “Сэтгүүлч болох гэсэн юм. Тантай хамт ажиллая” гэж ирж байсан. Тэр одоо МҮОНТ-ийн “ММ” агентлаг гэдэг босго өндөртэй айлын нүүр царай болон өдөр болгон айл айлын хойморт залардаг болжээ. Хэдэн дүү нараа магтсаар байгаад Анхаагаа дурсахаа мартаж байна шүү. Анхаа бас л бидэнтэй мөр зэрэгцэн үзэг үүрч явсан бүсгүй дээ. Одоо тэр улстөрч болоод гялалзаж явна. Бид тухайн үедээ ажиллана гэдгийг үзүүлж өгдөг байсан даа. Сониныхоо бүхий л ажлыг хамтдаа хийцгээнэ. Мэдээ сурвалжлагандаа явна хажуугаар нь сонины захиалга, менежмэнтээ хийнэ. Бараг л өдөр шөнө солигдож байгаа ч анзаарахгүй ажилладаг байж билээ. Ядархаараа сониноо дэвсээд л “нүдний хороо” гаргацгаадаг байсан. Бид олон өглөөний “Төрийн дууллыг” редакцидаа ажлаа хийж угтаж байсан даа. Үгэн сумтай, үзгэн зэвсэгтэй миний муусайн сэтгүүлчид ингэж л ажилладаг юм ш дээ.

Friday, August 5, 2011

ХОРИГДОЛ ХҮҮ-ОРГОДОЛ ЖААЛ


“Хүүхдийн хорих ангиас 6 хүүхэд орголоо” гэсэн мэдээлэл сүүлийн үеийн сенсааци болоод байна. Монголын түүхэнд ялтанууд ийм олноороо оргож байсан тохиолдол гарч байгааүй юм байна. Гэтэл насанд хүрээгүй хоригдлууд хэний ч санаанд оромгүй “нарийн ухаан” гаргаж 6 метрийн өндөртэй блокон хашаанаас оргочихсон байх юм. 20 гаран хоригдол хүүхдээсээ олон /30-аад албан хаагчтай/ хянагчтай 411-р хорих ангийн салан назгай, хариуцлаггүйг энэ хүүхдүүдийн орголт баталж байна. Оргосон 6 хүүхдийн нэрс дотор Мөнх-Даваа гэсэн танил нэр байх юм. Би өнгөрсөн хавар энэ хорих ангид 4-5 удаа очиж арга хэмжээ зохион явуулсан юм. Тэгэхэд Өмнөговиос ирж хоригдож байгаа Мөнх-Даваа гэдэг жижигхэн биетэй шар хүү бидэнтэй хамт очсон сэтгүүлчдэд ярилцлага өгөн бидэнд зориулж дуулж, шүлэг уншиж бусдаасаа илүү хөдөлгөөнтэй гэдгээ харуулж байсан. Дараа намайг дахин тус хорих ангид очиход Мөнх-Даваа инээчихсэн “Дүү нь удахгүй суллагдах гэж байгаа ш дээ. Ахиж хулгай хийж ар гэрийнхнийгээ зовоохгүй ээ! Сайн хүн болно” гээд зогсож байсан. Алдаагаа ухааран гэмшиж явсан хоригдол хүү өнөөдөр оргодол жаал болон хувирч олныг цочирдуулан улс орон даяар эрэн сурвалжлагдаж байна.Магадгүй Мөнх-Даваа оргосон 6 хүүхдийн толгойлогч нь ч байж мэднэ. Тэр сэргэлэн зангаа ашиглан 6 метрийн блокон хашааг нүхлэн, салан хэнэггүй хянагч нарын нүдийг хариулан оргох санааг гаргасан ч байж мэдэх юм. Монголчуудыг айдаст авахуулсан Мөнх-Даваа тэргүүтэй 6 оргодлоос 4 нь баригдаад байгаам байна. Тэд эдлэх ял дээрээ 5-10 жилийг нэмүүлэх бололтой. Харамсалтай л байна. Хэдхэн хоногийн дараа суллагдах гэж байсан Мөнх-Даваа дүү “Сайн хүн болж аав ээжийгээ баярлуулнаа” гэж байсан амандаа хүрч чадалгүй “шоронгийн хүн” болохоор шийдсэн нь үнэхээр харамсалтай...

Recent Articles