Wednesday, February 22, 2012

ИЖИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ!




Цагаан сар болж усан луу жилийн шинийн нэгний өглөөний наран “сүүдэргүй” мандаж хүн зонгүй л баярлан сайхан жил ирлээ гэж бэлэгшээж байхад зарим нэгэн минь ижий ааваа үгүйлэн хаа нэгтээ санааширан сууж байхым. Фэйсбүүкийн нэгэн анд минь тэнгэрт халисан ижийгээ үгүйлэн ээжийн тухай дуунуудыг зүрх зүсч, сэтгэл эмзэглэм үгстэйгээ цуг цахим ертөнцөд нийтэлсэн байхыг нь олж уншлаа. Хүн бүхэн зовлонг умартан баярлан байгаа энэ үед анд минь юунд ингэж гунигланам бэ? Магадгүй чи ээжийгээ сүүлчийн амьсгалаа хураах мөчид хажууд нь байгаагүй байж мэднэ. Тэгээд л хүн бүхэн баярлаж байгаа энэ мөчид ээжтэйгээ хамт байсан элэг бүтэн үеийнхээ олон олон цагаан сарыг болон жаргалтай үеэ санагалзан харамсан суугаа байх. Чи зүрх зүсэм, сэтгэл эмзэглүүлсэн эдгээр үгсээ бичиж суухдаа уйлж, өөрийгөө буруутган сархадтай “нөхөрлөж” суусан байж мэднэ. Хүний жаргал, зовлонд цададгүй хорвоогийн жам биднийг ээлжлэн дайрахаас хойно анд минь битгий гутар даа. Нүүр тулан ярилцаж гар барин мэндэлж байгаагүй үл таних андынхаа “нулимс”-тай гуниглалын тухай бодож суухдаа бид хүний өөрийн гэлтгүй бүх ижий нараа л хайрлах ёстой гэж бодлоо. Төрийн бодлогыг боловсруулж хүчирхэг Монгол улсыг хамтдаа байгуулалцаж явсан “ХАТАН УХААНТ” ээжүүд минь хаа нэгтээ ядарч зовж явах учиргүй. Тиймээс би энд нэгэн Монгол ээжийн тухай өгүүлмээр байна. Бидний үсэрсэн цус, тасарсан махны минь нэг хэсэг болсон Өвөрмонголын Б.Хуучинхүү гэж ачтай, буянтай, алдарт ээжийн тухай бичмээр санагдлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, ахан дүүсийнхээ төлөө зоригтой дуугарч тэмцэж ирсэн энэ ээжийг Хятадууд тэрс үзэлтэн гэж цоллон сүүлийн жил гарны хугацаанд “зочид буудалд байлгах” нэрээр сураггүй алга болгоод байна. Энэ Монгол ээж Хятадын Засгийн газрын болон Хятад үндэстэний эсрэг ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн Монголоороо үлдэхийн төлөө л бичиж туурвиж, үгээ эрхтэн дархтануудын өөдөөс айж эмээлгүй зоригтой дуугарч чадаж байсан юм. Түүний үнэн бөгөөд хүчтэй үг Хятад ноёдын таалалд нийцээгүй аж. Тиймээс тэд зоригт Монгол ээжийг тамлан зовоож, тарчлаан хорьсоор байна. Хөхний хорт хавдараар өвчлөн нэг гар нь тэр чигтээ хавдан шаналгаж байгааг үл анзааран энэ ээж МОНГОЛ гэдэг үндэстэнг устгаж, уусгаж үгүй болгохгүйн төлөө тэмцсээр сууна. Түүний зоригийг нь мохоож чадахгүй байгаа учраас Хятадууд зодож нүдэн нүд хальтрам тамлаж эхэлжээ. Монголчууд бид энэ ээжийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Түүнийг эрх чөлөөтэй болгохын төлөө бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. Б.Хуучинхүү гэж Монгол ээжийг өмгөөлдөг үндэстэн, өмөөрч хамгаалдаг ахан дүүстэй гэдгийг нь Хятад түшмэдэд бид сануулах цаг болжээ. 3 дугаар сарын 8-нд зохион байгуулагдах Б.Хуучинхүүг суллуулах “ЦАГААН ТУУЗ”-ны дэлхий нийтийн аянд Монголчууд бид бүгдээрээ идэвхитэй оролцож гарын үзэгээ зурцгаая. Амьддаа бие биенээ хайрлая гэсэн агуу үгийг санагалзан Хятадуудад тамлагдаж байгаа Монгол ээжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе!
Арван сар тээж ангир уургаа хөхүүлсэн ачит ижийгээ хайрлаж яваарай найзуудаа!

Recent Articles