Friday, October 18, 2013

ДЭЛХИЙН ЭНГЭЭР СЭТГЭДЭГ ЗАЛУУ


Ёстой уучлаарай блог минь. Бүтэн нэг жил гаран би чамайгаа мартжээ. Фэйсбүүктэй хэтэрхий дотносон блогоо жаахан гомдоочихлоо. Ингээд л үзэг цаас нийлүүлэн блогтоо баяртай гоё нийтлэл бичихээр шийдлээ. Доржсүрэнгийн Баярхүү. Энэ залуутай үерхэж нөхөрлөж найзлаад 2 жилийн нүүр үзчихлээ. Анх бид 2 их сонин танилцаж билээ. Би “ШИЛЭН ТААЗ” кино зохиолоо бичиж дуусчихаад фэйсбүүктээ энэ тухайгаа бичсэн юм. Тэгэхэд маш олон хүн сэтгэгдэл үлдээж билээ. Тэр сэтгэгдлүүдийн ихэнхи нь амжилт хүсч баяр хүргэж урам хайрласан байсан. Харин Д.Баярхүүгийн сэтгэгдэл бусдаас арай өөр. Надад зөвлөсөн сургамж айлдсан “том” амьтан байсан. Надад зааж сургадаг энэ том амьтан хэн юм болоо гэж бодоод л танилцсан даа. Би ч энэ том хүнтэй танилцсандаа одоо ч баяртай байдаг юм шүү. Солонгост олон улсын хуралд явж байсан түүнийг Монголд ирэнгүүт нь уулзсан. Тэгээд л шууд надтай хамтарч ажиллаач гэсэн санал гаргасан. Тэр миний саналыг нэлээд бодож байснаа зөвшөөрсөн. Эмнэлгийн чиглэлийн мэргжилтэй хүн тэс өөр салбар луу орно гэхээр бодох нь ч зөв байх. Гэхдээ тэр гайхалтай мэдрэмжтэй, эрч хүчтэй, эрчилсэн энергитэй хүн болохоороо “шинэ” ажлыг нэг өдрийн дотор л гартаа оруулчихсан. Угтаа бол би түүнд зааж зөвлөж өгөх байтал тэр надад зөвлөдөг заадаг сургадаг боллоо. Нэг ёсондоо би түүнд хоёр жил чирэгдэж явна ш дээ. Мэдээж бид хоёрт мэдэхгүй чадахгүй зүйл нэлээд тохиолдсон. Энэ бүхнийг бид хоёр ярилцаад л шийдчихдэг юм. Д.Баярхүү “Төрд заларсан томчууд худлаа ярих, гадаадад олон жил амьдарсан Монголчууд бодолготойгоор залилан хийж байгаа үйлдэлд” яснаасаа дургүй. Тэр угаасаа худалч, хуурамч хүмүүст дургүй. Ийм хүнтэй таарах юм бол шууд л дутагдлыг нь түс тас хэлчихдэг юм. Би заримдаа “Яах гэж ингэдэг юм бэ? сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэдэг ш дээ” гэхээр “Би бусад шиг худлаа инээж чадахгүй л” гэдэг юм. Шударга зан түүний төрөлхийн араншин юм шиг байгаам. Дэндүү гэмээр шударга зантай түүний үнэн үгнээс айсан “гэмтэнүүд” ёстой л салга авна шдээ. Ухаантай, удирдагч дүү минь мэдээж намайг зэмлэх байх. Өөрийг нь магтлаа гэж. Яахав боломж олдсон дээр нь Баяраагаа сайн магтаад авнаа. Тэр намайг загнавал ч загнаг. Англи Япон хэлтэй тэрээр Япон, Солонгос, Тайвань, Тайланд, Филиппин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Монгол Улсаа төлөөлөн олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож байсан. Тэр бусад шиг гадаадаар явсанаа гайхуулж брэнд ярих дургүй. Брэнд ярьсан хоосон толгойтнуудад бүр ч дургүй. Байгаль эх дэлхий сүйрч устаж байна, түүнийг аврах байтал брэнд яриад л... Энэ дэлхий усгүй, модгүй болчихвол эд брэндээ яриад л гангараад явах юм байхдаа гэж халаглаж суудаг манай Баяраа хөгжилтэй нэгэн шүү. Юутай ч бид хоёртой хамтран ажиллаж байсан хүмүүс Баярхүүгийн хөгжилтэй, алиа марзан занг санаж байгаа байх. Миний бичиж байгааг уншиж байгаа эрхэм та түүний ярьсан онигоог сонсож “элэгээ хөштөл” инээж байснаа бодоод ахиад “түс” хийтэл инээд алдаж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн энгээр сэтгэдэг. Сэтгэсэн ажлаа заавал ажил хэрэг болгох гэж уйгагүй улайран зүтгэдэг “сул дутагдалтай” Д.Баярхүүгийн толгой эргэм шинэ санаанууд дунд би төөрч мунгинаж явна. Эх оронч сэтгэлтэй, үнэнч шударга энэ залуугаар би бахархаж магталгүй ч яахав. Магтаалд мансуурч сайшаал шагналд сагсуурч солиордог хүн Д.Баярхүү биш учраас түүнийг яг байгаагаар нь үгээр “зурчихлаа”. Миний Д.Баярхүүгийн тухай бичсэн үгэн зурганд дандаа цагаан будаг орлоо. Хар буруу санаагүй, эрч хүчтэй эрчилсэн энергитэй түүнийг цагаанаас өөр будгаар будая гэж ч бодсонгүй. Хэнд ч анзаарагдамгүй ийм л агуу хүнтэй би найз болсондоо баяртай байгаа шүү.

Recent Articles