Thursday, April 24, 2014

ФЭЙСБҮҮК ДАХЬ “ОЮУ ТОЛГОЙ”-Н ХУУДСАНД НЭГДЭХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХЫГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА

Би сэтгүүлч мэргэжилтэй жирийн л нэг МОНГОЛ иргэн. Өдрөөс өдөрт сүйрч байгаа газар нутгаа харан харамсан халаглаж явдаг нэгэн. Тиймдээ ч байгаль эх дэлхийгээ аврахын тулд өөрийн чадлаараа мод тарьсаар явна. Тарьсан модныхоо тоогоор дэлхий ээжээ баярлуулж яваа гэж өөртөө итгэсэн миний бие “Оюу толгой”-г эзэгнээд байгаа Рио Тинто компаний тухай уншаад “ёстой л мэл гайхаж цэл хөхөрсөн” дөө. Уг нь би бусдын л адил “Оюу толгой” гэж саалийн үнээтэй боллоо, удахгүй Монгол орон минь “Оюу толгой”-хоо ач буянаар Азийн бар улс болохнээ гэж бардамнал тээж явсан юм. Гэтэл миний энэ гэгээн хүсэл мөрөөдлийг “Рио Тинто”-н тухай үнэнийг өгүүлж булай булхайг нь илчилсэн мэдээлэл “тас цохиж” хаясан даа.
5 тивийн 50 гаруй оронд цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс, алмаз олборлон 30 гаруй төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нийт 67,930 ажилтантай, дэлхийн хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсдаг энэ компанийг 1989 онд Папуа Шинэ Гвинэй улсын иргэд эсэргүүцэж улмаар эсэргүүцэл даамжирсаар иргэний дайн болж 12 000 хүн амиа алдсаны дараа Рин Тинто тус улсаас гарсан ч Папуа Шинэ Гвинейн хэсэг хуульчид Рио Тинтог тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохирол учруулсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролцсон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргаад одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй явж байгаагийн сацуу Индонез улсын баруун Папуа гэдэг газарт нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулыг сүйтгэж байжээ. Иргэд байгалиа хамгаалж “Рио Тинто”-гийн эсрэг бослого гаргах үед цэрэг армийг нь өмнөөс нь босгож, мөргөлдөөн үүсгэж байсан байна. Учир нь “Рио Тинто” тус улсын армийг санхүүжүүлдэг байжээ. Мөн Мадагаскарт  нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, Засгийн газартай нь хуйвалдаж газрыг нь хямдхан авсан. Индонезийн Келиан алтны уурхайг тус компани нь ажиллуулж байх явцдаа байгаль орчныг нь дээд зэргээр бохирдуулж, эсэргүүцсэн иргэдийг цэрэг цагдаагаар айлган сүрдүүлсэн. Бразилд жирийн нэг иргэн уурхайн талбайд орж ирснийх нь төлөө буудаж байсан гэх зэрэг “алуурчин” компаний тухай муу мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр. Эрх баригчид мэдсээр байж “уул уурхайн зэвүүн мангас”-т “Оюу толгой”-оо өгчихлөө. Бидний хамгийн түрүүнд хийж чадах тэмцэл бол “Оюу толгой”-н пэйжид нэгдэхгүй байхыг бие биеэндээ уриалан дуудах. LIKE даран нэгдсэн хүмүүс нь түүнээсээ татгалзах. “Оюу толгой”-н LIKE-с татгалзахад ердөө л НЭГ секунд зарцуулагдана. Тиймээс та “Оюу толгой”-н LIKE-с татгалзсанаараа эх орон, газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцэж байна гэсэн үг. Ирээдүй хойч үеийнхээ төлөө, Монгол орныхоо баялагт Монголчууд бид эзэн суухын төлөө, газар нутаг, байгаль орчноо хамгаалахын төлөө бүгдээрээ “Оюу толгой”-н LIKE-с татгалзая.

ЖИРИЙН СЭТГҮҮЛЧ МИНИЙ БИЕ ДӨНГӨЖ САЯ “ОЮУ ТОЛГОЙ”-Н ФЭЙСБҮҮК ХУУДСАНД НЭГДСЭН БАЙСНААСАА ТАТГАЛЗЛАА.


МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТА Ч БАС ТАТГАЛЗААРАЙ. ЭНЭ БОЛ БИДНИЙ ЭХ НУТГАА ГЭСЭН ТЭМЦЭЛ ЮМ ШҮҮ...

Recent Articles