Monday, May 5, 2014

ӨРӨВДМӨӨР ӨВӨРМОНГОЛ ОХИН

Өвөрмонголын тэрслүү үзэлтэн Батзангаагийн тухай сонссон хүмүүс нэлээд байдаг байх. Өвөрмонголчуудаа өмөөрч үг хэлж дуугарсаныхаа төлөө Хятадуудад адлагдсан энэ эр өдгөө Хятадын шоронд хоригдож байна. Тэр үнэнийг олохын тулд тэмцсэн ч хүчин мөхөсдөхдөө арга ядан мах цусны тасархай Монголчуудаа бараадахаар шийдэн Монгол орон руу тэмцэн тэмцэн зүтгэсээр ирсэн. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд Батзангаа маш их зовлонг туулсан гэхэд болно.
Батзангаагийн зовлонт амьдралыг нуурандаа үүрэлцэж яваа түүний 14 настай охины тухай өнөөдөр хэн ч дурсахгүй байна. Насандаа баймгүй сэтгэлийн шаналанг амссан энэ Өвөрмонгол охинг өөрийн эрхгүй өрөвддөг юм, би.
Тэрслүү үзэлтэн тэмцэгч аавыг нь Хятадууд байнга л орчлонгийн муу хүн мэтээр цоллон дуудах нь охинд ямар хэцүү байгааг хэн ч мэдэхгүй. Хатуу чанга дэглэмтэй Хятадын шоронд хоригдож байгаа аавынх нь төлөө санаа зовних ээжийгээ, аавыгаа эрэн нэхэх 4 настай дүүгээ, бие нь муу ч хүүтэйгээ уулзчих юмсан гэж дээрэнгүй Хятад харгалзагч нарыг царайчлах эмээгээ харах бүрийдээ охин нэгийг бодон хэрсүүжиж суугаа байх.
Түүнийг 8 настай байхад Хятадын цагдаа нарт хөөгдөж туугдаж мөрдөгдөж байсан аав нь ээжийнх нь хамт Монголд “нууцаар” авчиржээ. Тэд ирэнгүүтээ Монголд байгаа НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн хороонд хандаж улстөрийн орогнол хүссэн байна. Аавынх нь зорин зорин ирсэн амгалан диваажингийн орон нь илүү их айдас түгшүүртэй байна гэдгийг охин яаж төсөөлөх билээ. Хөлсөлж байгаа байрных нь хаалгыг Монголын цагдаа нар тогших бүрийд охин айж бүлтэгнэж суусан нь мэдээж. НҮБ-ын ажилтнууд аавыг нь Хятадын цагдаа нарт тушаан ээж охин хоёрыг ч аавтай нь цуг хорин, хоригдож байгаа буудлыг нь цагдаа нар давхар хамгаалж байгааг харсан охины зүрх сэтгэл ямар байх нь ойлгомжтой.
Үеийнх нь хүүхдүүд аав ээждээ эрхлэн наадаж байхад Батзангаагийн охин аавыг минь яачих бол гэж айдаст автан аав ээжийгээ ажиглан нүдэндээ гуниг хуруулан суудаг нь мэдээж.
4 жилийн өмнө Батзангаатай утсаар холбогдож ярилцлага авч байхад тэрээр охиныхоо тухай “-Охин минь сургуульд сурч байна. Өвөрмонголын болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг байнга муулж элдвээр ярьж бичиж байна. Охин минь энэ бүхнийг сонсоод дотроо яаж шаналж байгааг би мэдэхгүй байна ш дээ. “Миний охин яаж байна” гэж би асууж чадахгүй байна. Миний 9 настай охин болоод бид бүгдийн паспортыг хураан авсан. Намайг гэмт хэрэгт сэжиглэгдэн паспорт хураан авч болох ч миний эхнэр, охины бичиг баримтыг хураан авна гэдэг нь ямар ч эрх зүйн үндэс байхгүй” гэж ярьж санаа алдаж байсан.  
Ямар ч буруугүй хэрнээ айдас зовлон гэсэн олон “аймшигт” учирлуудтай өдөр бүр учирж байгаа энэ Өвөрмонгол охины өрөвдөлт тавиланг хараад зүрх шимширч сууна. Хэн ч өнөөдөр түүний зовлонг анзаарахгүй байгаа нь мэдээж.

Удахгүй, тун удахгүй сайхан цаг ирж миний дүү аав, ээж, дүүтэйгээ элэг бүтэн амьдарч айдас түгшүүргүй инээд хөөрт умбаж сайхан амьдарна гэдэгт итгэж яваа шүү...
 

Recent Articles