Friday, July 25, 2014

ХҮН НЬ ХУРДАН ХҮЛЭГ НЬ ХУРДТАЙ МИНИЙ ӨНДӨРШИЛ

Яг одоо Дундговь аймагт “ИХ МАНДАЛ-3” төвийн бүсийн наадам болж байна. Энэ наадмын дааганы уралдаанд Өндөршил сумын аймгийн алдарт уяач Ж.Ганбатын шарга даага хол тасархай түрүүлж ирлээ гэж Монгол даяар зарлалаа. Шарга даагны уралдахыг харсан хүн бүр шагшин магтаж байна. Наранхүүгийн шаргын залгамж халаа Өндөршилээс төрлөө гэж наадамчид ам уралдуулан шаагиж байна, цаана чинь. Манай хүргэн Ш.Нармандах халиун азарганыхаа төл шаарга даагыг Ганба ахад бэлэглэж. Морь уях эрдмийг гарамгай эзэмшсэн Ганба шарга даагныхаа уяа сойлгыг тааруулсанаар энэ жил 5 дахь түрүүгээ авч байгаа нь энэ юм байна. Шарга даага наадамчдыг шуугиулж хуйларуулахаас хэдхэн хоногийн өмнө Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнд олон улсын хэмжээний мастер Б.Ачитбилэг 3 алт 1 мөнгөн медаль хүртэж гялалзсан амжилт үзүүлсэн. 100, 200 метрийн ойрын зайн гүйлтэнд Монголын рекодыг эзэмшиж байгаа Б.Ачитбилэг бас манай Өндөршил сумынх. Нутгийн дүү Монголын хамгийн хурдан хүн Б.Ачитбилэгийн тухай сонсож бахархаж сууж байтал “гуурс”-тай мэт эгэлгүй хурдан шарга дааганы тухай ам дамжсан магтаалын үгсийг сонсоод сэтгэл хөдлөн өөрийн эрхгүй ӨНДӨРШИЛ гэж томоос том бичээд нутаг ус, хүн зоноо магтахаар шийдлээ.         
Хэдэн сарын өмнө би Бөхтийн рашаанаас умдаалсан хүлэг хурдан болох нь аргагүй, Бөхтийн рашаанаар угаагдсан хүмүүн хурдан байх нь аргагүй гэж бичиж байсан юм байна. Монголын хамгийн хурдан хүн, хурдтай хүлгүүдийг төрүүлсэн миний Өндөршил гайхалтай нутаг даа. Зорьсон, зочилсон хүмүүс саатаад л баймаар сайхан нутаг шүү. Цагаан хадан дээр гараад л ийш тийш алсын барааг саравчлан харуулдаад суух мөн ч сайхан даа. Бөхтийн усан дээр очиж шүд хага ташим хүйтэн усыг гүд гүд хийн ханатлаа залгилах ч бас гоёо доо. Найрсаг зочломтгой, дууч хуурч, наргианч ард түмэн бол яах аргагүй миний Өндөршилчүүд.       
Бүс, аймаг, улсын чанартай урлагийн наадамд манай Өндөршилчүүд байнга л түрүүлдэг байсан. Сумынхаа улаан буланд Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэгийнхээ удирдлаган дор хонон өнжин урлагийн тоглолт бэлтгэн бүрэн хэмжээний концерт “босгочихдог” авьяаслан ард түмэн бол ганцхан манай Өндөршилчүүд. 70, 80-аад онд залуусыг байлдан дагуулж байсан эстрадын дуучин Б.Нандинцэцэг, 2000 оноос хойш нийтийн дуунд хүч түрэн орж ирсэн М.Отгонгэрэл, богино өгүүллэгийн мастер, зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяр нар ийм л авьяаслаг ард түмний дундаас төрөн гарсан юм ш дээ.      
Богд хааны тэмээн сүргийг малладаг эрчүүд Өндөршил суманд нутагладаг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг юм билээ. Богдын тэмээн сүргийг маллаж байсан овсгоотой, сүйхээтэй, чадал тэнхээтэй, ухаалаг эрчүүдийн удам хойчийн үр сад дундаас улсын начин Баясгалан, “харлаг” Жавзмаа, аймгийн хурц арслан Пийжаа, аймгийн харцага Х.Батбаяр, аймгийн Засаг дарга Ж.Адьяа, “Бөхт” компаний захирал С.Дэжид, бизнесмэн С.Мөнхбаатар, Б.Жаргалсайхан, “Нюьанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхоржав, регбигийн улсын шигшээ багийн тамирчин Г.Батмандал, зураач Х.Цэрэндорж, Л.Мөнхбадрах, эрдэмтэн доктор Б.Ууганбаяр нар төрөн гарч улс даяар алдар суугаа мандуулж байна.
Алдартан, авьяастнуудаар бялхсан миний Өндөршил үнэхээр сайхан нутаг шүү.     
 Би ӨНДӨРШИЛ сумаараа овоглож явдагтаа бахархаж, омогшиж, аархаж явдаг юм.

 МИНИЙ ӨНДӨРШИЛ ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ ДИВААЖИН.     

Recent Articles