Thursday, February 20, 2014

УРАНЫ ТУХАЙ ЗОВИНЛОО БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДСАНГҮЙ

Ураны тухай яриа сүүлийн үед “хүч”-ээ авч эхэлж байна. Эрдэмтэн доктор, улс төрчид, ашиг хонжоо хайгчид болон эрх мэдэлтэнгүүд гээд нэг хэсэг бүлэг хүмүүс “Уран ашигтай, Цөмийн хог хаягдлыг Монголд булчихвал бид баяжина, Цөмийн цахилгаан станц бидэнд ус агаараас илүү хэрэгтэй...” гээд л өдөр шөнөгүй мэдээллийн хэрэгсэлүүдээр магтан дуулаад сууж байхад бас нэг хэсэг бүлэг хүмүүс нь “Уран хортой, аюултай, Цөмийн хог хаягдлыг Монголд булуулахгүй, Дэлхий нийтээр цөмийн цахилгаан станцаас татгалзаж байхад бид бас татгалзах хэрэгтэй...” гээд л маргаж мэтгэлцэж, ярьж, эсэргүүцэж байна. Уран, цөмийн хог хаягдлын хор хөнөөлийг маш сайн судалж баримт нотолгоог хангалттай цуглуулсан тэмцэгчид үнэний төлөө тууштай зүтгэж байгаа ч “Арева” тэргүүтэй “хорт могой”-нууд тэднийг нухчин дарах гэж чармайж байгаа нь хөөрхийлөлтэй.
Ингээд олныг үл нуршин Ураны тухай өөрийнхөө ойлголтоо үзэглэе!
Манай нутгийнхан “Хараат” уулынхаа бэлд очиж зугаалах дуртайсан. Гэтэл 80-иад оны дундуураас уулын энгэрт Ураны хайгуул хийж байгаа Оросын хайгуулын анги төвхнөчихлөө. Амралт зугаалгаар очсон хүмүүс Орос ах нартай найзархан ирж очдог болцгоосон юм. Одоо ч тэнд Ураны хайгуулын гэсэн тодотголтой анги байсаар л байгаа. 96 оны үед байхаа манай хөдөө гэрийн хаваржааны яг хажуугаар том том машинууд тоос татуулаад өдөр шөнөгүй давхилдах боллоо. Аав минь нэг өдөр “Өлзийт сумын Буянт багт Ураны том орд илэрсэн юм байхаа. Тэгээд л энэ Оросууд “Хараат”-аа орхиод өдөр шөнөгүй сүнгэнээд байна. Энэ Уран ч уг нь дэмжээд сайшаагаад байх эд лав л биш юм шиг байгаам даа” гээд шүүрс алдан сууж байсан нь тодхон санагдаж байна.
Ингээд би гэдэг хүн 1998 онд Дундговь аймгийн Хэвлэл мэдээллийн албанд сурвалжлагчаар орлоо. Шинэхэн сурвалжлагчийн анхны томилолт нь МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабандийн орон нутагт хийх ажлын айлчлалыг даган явж сурвалжлах байв. Ингээд л Ерөнхийлөгчөө дагаад явж өглөө дөө. Бид Буянт багт ирлээ. Ураны хайгуул хийж байгаа “Говь Гурвансайхан”\нэрийг нь андуурсан байж магадгүй...\ компаний Монгол талын захирал гэсэн инээд алдсан цагаан залуу Багабандийг тосон ирж үйл ажиллагаагаа танилцуулж байсан. Ерөнхийлөгчийг дагалдаж яваа хүмүүсийнх нь хамт Хайгуулын ангийнхаа амралтын баазад урьлаа. Монголын 2 дахь Эрдэнэт энд сүндэрлэн босох гэж байгаам байна гэсэн ойлголтыг миний бие тухайн үед ойлгож мэдлээ. Эзгүй хээр талд үнэхээр сайхан хот сүндэрлэж олон хүн ажлын байртай болох нь, тэгэхээр энэ Уран ашигтай эд байхнээ гээд сэтгэл өег эндээс хөдөллөө. Сайхан ярианд “цадсан” бид компаний захирал залууг магтсаар явлаа. Гэтэл 500 метр газар яваагүй байхад нутгийн 20 гаран иргэд Ерөнхийлөгчтэй заавал уулзана гээд зам хаагаад зогсож байлаа. Ерөнхийлөгч ч тэдний хүсэлтийг хүлээн авч саатсан юм. Дондог гэж өөрийгөө танилцуулсан өвгөн “Ерөнхийлөгч минь ээ, энэ Уран гэдэг чинь бидэнд хэрэгтэй юмуу. Ийм аюултай хортой зүйлийг заавал ашиглах гээд байх шаардлага байгаамуу? Манай нутгийнхан энэ худгаас ундаалж ирсэн юм\Ойрхон харагдаж байгаа худгийг заасан юм...\. Гэтэл саяхан энэ худагт бог малаа усалтал 200 гаран ямаа үхчихлээ. Энэ компаний удирдлагууд болохоор хайгуул л хийж байгаа гээд байх юм. Хайгуулын явцад ингэж худаг хордоод байгаам чинь Уран ашиглаад ирэхээр яах болж байнаа. Та үүнийг нэг эргэж харж үзээч” гэж гомдоллож байсан юм. Багабанди ч эргэж харна, энээ тэрээ болоод л цааш хөдөлж байсан. 2002 оны үед бас энэ газар 300 гаран бог мал хордож үхсэн мэдээ дуулдлаа. Аймгийн Мэргэжлийн хаяналтын байцаагчид тухайн үед шалгалт хийж байсан санагдах юм. Буянт багт ямаа ийнхүү хордож үхэж байхад хэн ч тийшээ одоогийнх шиг анхаарлаа хандуулдаггүй байжээ. Тэгэхээр энэ Уран бидэнд ашигтай байж таарахуу?
Би бол ямар ч цаг үед Уран хортой гэж л ойлгож эсэргүүцдэг. Хаана ч очсон уулзсан хүмүүстэй хор хөнөөлийг нь ойлгуулах гэж хичээдэг.
 Арева гэдэг энэ компани яах гэж заавал Монголд Уран ашиглах гэж улайраад байгаам. Өөрсдийнх нь үнэн дүр төрхийг илчилж, шүүмжилж, эсэргүүцсэн хүмүүсийг нухчин дарах гэж юунд тэгтлээ улайрдаг болов. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л жагсаал цуглаан зохион байгуулсан гэж Туяацэцэг, Ганбаатар... нарыг цагдаа дээр дуудан байцааж байна гэнэ. Бас Арева өөрсдийгөө хамгийн цэвэр, аюулгүй, хоргүй биенэс эрхлэгч гэж хэвлэл мэдээллээр төлбөртэйгээр өөрсдийгөө “өргөмжилж” байгаа нь ариун явдал мөн гэжүү? Монголчууд бидэнд ДОХ-оос илүү аюул тарьж ирээдүйд минь заналхийлж байгаа Ареваг бид Монголоос зайлуулах л хэрэгтэй. Харин Аревагийн оронд жинхэнээсээ хоргүй, аюулгүй бизнес эрхлэж байгаа ком-




паниудаа төр засаг минь дэмжээсэй.
Ареваг өмөөрөөд өмгөөлөөд дэмжээд сайшаагаад магтаад байгаа “шуналтан”-ууд минь үйлийн үр гэж байдгийг санаж нүгэл бага үйлдээч ээ. Үр хүүхдүүдэд минь үлдэх хорвоо учраас зөв л амьдарцгаая л даа. Ареватай нөхцөж энэ зурган дээрх шиг үр хүүхдээр эх орноо дүүргэмээргүй байна ш дээ.  Тиймээс “Арева” мэтийн өөрсдийгөө сайнаар магтуулж хамгаалуулсан баг нөмөрсөн араатнуудыг ЭХ ОРНООСОО ЗАЙЛУУЛЦГААЯ!     
Миний бие Уран, цөмийн хог хаягдлын эсрэг эсэргүүцсээр ирсэн. Цаашид эсэргүүцэх ч болно. Өөрийн бүтээж байгаа “Шилэн тааз” кинондоо эх орноо худалдагсад гадныхантай сүлбэлдэн Уран ашиглаж цөмийн хог хаягдлыг булуулах гэж улайран олзонд шунаж байгаа болон үүнийг эсэргүүцэн тэмцэгчид тэднийг хэрхэн ялан дийлж байгааг бодит амьдралтай тулгуурлан уран сайхны аргаар харуулж иргэдэд үнэн зөв мэдээллийг удахгүй хүргэх гэж байна. 

ҮНЭН ХЭЗЭЭД ЯЛДАГ УЧИР АРЕВА ЯЛДАГДАЖ МОНГОЛООС МИНЬ ЗУГТАХ ЦАГ УДАХГҮЙ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА...

Monday, February 3, 2014

4 УРИЛГАТ ОРОЛЦЛОО...









9917.... танихгүй дугаар залгаж байна. Би уг нь танихгүй дугаар авдаггүй юм. Гэтэл яагаад ч юм энэ дугаарыг авчихлаа. "-Байна уу? Наранцогт уу? Үндэсний телевизийн 4 Урилга нэвтрүүлгийн хөтлөгч Ариунгэрэл байнаа, Таныг нэвтрүүлэгтээ урьж байнаа..." гээд л ярьдаг байгаа. Хийсэн бүтээсэн, хэлэх ярих зүйл багатай би энэ нэвтрүүлэгт орно гэхэд арай л "ахадсан" санал гэж бодон эхний удаад татгалзлаа. Долоо хоногийн дараа ахиад л Ариунгэрэл холбогдож нэвтрүүлэгтээ урилаа. Ингээд л би гэдэг хүн зориг шулуудан Монголын хамгийн олон үзэгчтэй "4 УРИЛГА" нэвтрүүлэгт оролцлоо.  Миний хийж бүтээж байгаа болон хийх гэж байгаа ажлыг минь олж харсан овсгоотой сэтгүүлч Ж.Ариунгэрэлд маш их талархлаа. Юутай ч миний оролцсон нэвтрүүлэг хүмүүст нэлээд хүрсэн бололтой. Үзсэн хүмүүс ихэнхи нь магтаалын үгээр "шагнасан" шүү. Цөөхөн Монголчуудын ихэнхийг нь дэлгэцийн өмнө саатуулдаг "4 Урилга" нэвтрүүлэгт оролцсондоо таатай байна. Энэ нэвтрүүлгийн хөтлөгчид болох Ариунгэрэл тэргүүтэй 4 хөтлөгчид ажлын амжилт хүсээд талархаж байгаагаа уламжилж байна. Миний оролцсон нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл http://www.youtube.com/watch?v=PDaAjlqbkw8 энэ хаяг руу зочлоорой...

МҮОНТ 4 урилга нэвтрүүлэг. Д.Наранцогт. MNBTV. Programme: 4 invitation. ...

Recent Articles