Wednesday, July 22, 2015

ЭЭЖЭЭ! ТА ХААНА БАЙНА, ЭЭЖЭЭ...





Хөх няц болтолоо зодуулж амиа алдсан бяцхан охины зургийг анх хараад нүд хальтирч байсан шүү. Төрсөн аав, хойд эхдээ зодуулж энэ орчлонгоос эрт буцсан хөөрхий охины тэр аймшигт зураг одоо ч нүдэнд минь харагдаастай. Энэ аймшигт явдлаас хойш сар ч болоогүй байхад бас л бяцхан хүүгээ алсан аавын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.
ҮНЭХЭЭР ТЭВЧИШГҮЙ!
Айл гэрийн аз жаргал болсон алгын чинээ амьд бурхад маань яагаад хүчирхийлэлд өртөөд байна вэ? Үүний эсрэг бид юу хийж чадах билээ...гэсэн түм буман асуулт ар араасаа хөврүүлэн олон хоног бодолхийллээ.
          Аньсага чийгтүүлэн дуншсан бодол маань “ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ АМЬДРАХ ЁСТОЙ” гэсэн утга бүхий гэрэлт хөшөөг босгох санааг төрүүллээ. Шууд л үзэг цаас нийлүүлэн шинэ санаагаа буулгаж эхэлсэн. Гэрэлт хөшөөгөө тойруулаад хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөв.
Олон хоногийн гэгэлзсэн бодлоо цаасан дээр буулган суухдаа “солгой хоолой”-тойгоо ч мартан дуу аялан бас бодлоо дүрсжүүлэн энэ хөшөө, энэ цэцэрлэгт хүрээлэнд тоглож баясаж байгаа бяцхан жаалуудын дүр төрхийг бодон инээвхийлэн өөрийгөө баясган суугааг минь хэн нэгэн харвал “Нөгөөх чинь юмтай юм байна шдээ, сэтгэцэнд нь өөрчлөлт орчихож” гэж хэлэхээр байсан байх шүү... Ингээд л өөрийн бодол өөртөө зөв учир шууд л уран барималч н.Чанцалдом руу утас цохин санаагаа хэлж хөшөөний загвараа захиалчихлаа. Чанцалдом 10-аад хоногийн дараа залган хөшөөний загвараа ирж үзэхийг хэлэнгүүт нь тэр дор нь очоод загвараа үзэж санаа оноогоо ярилцлаа. Чанцалдомын гаргасан загвар таалагдсанд урамшсан би эргэлт буцалтгүйгээр хүүхэд хүчирхийлэл дор амьдрах ёсгүйг харуулсан гэрэлт хөшөө болон цэцэрлэгт хүрээлэнгийнхээ бичиг цаасны ажилд орлоо.
Бас амаргүй ажил юм байнаа энэ чинь. 2-3 сар бичиг цаастай зууралдсан байх шүү. Энэ хооронд Чанцалдом маань хөшөөний загвараа хийгээд аваад ирлээ. Хөшөө, цэцэрлэгт хүрээлэнг хийхэд хандив тусламж үзүүлж дэмжиж туслах найзууд бас гараад ирлээ. Сайн дурын ажил олны хүчинд бүтдэг, хийгддэг учир мэдээж найз нөхөд, танил тал, пүүс компаниудаас хандив тусламж гуйна л даа...
Хийх гэж байгаа ажлаа дотроо хадгалж сураагүй болохоороо фэйсбүүктээ энэ тухай мэдээллээ ч оруулаад амжлаа. Дэмжиж байгаа нэг хэсэг байхад “Хөшөө босголоо гээд юу өөрчлөгдөх билээ дээ” гэсэн шүүмжлэлтэй ч тулгарч сууна.
Зүгээрээ, миний хийж байгаа ажил хүн бүрт таалагдах албагүй.
Хөшөө босгох болон цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулах газрын зөвшөөрлийг хүсч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуунд хандлаа. С.Мөнхчулуун дарга бидний ажлыг судалж үзээд дүүргийнхээ 16 дугаар хорооны Засаг дарга Зулцэцэгтэй холбож өгсөн. Ингээд бид Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулах газрын зөвшөөрлөө авчихлаа.
Яст мэлхийний хурдаар ажил минь урагшилсаар л байна.
Миний ажлыг үргэлж дэмжиж явдаг яруу найрагч Б.Ичинхорлоо энэ тухай сонсоод “Ээжээ та хаана байна” шүлгээ илгээлээ. Халгиж цалгисан авьяастай найрагч бүсгүйн энэ шүлгийг дуу болгож МУГЖ, дуучин Т.Ариунаа хүүхдийн чуулгатай дуулсан юм билээ.
Сонссон хүнд нэгийг бодогдуулахаар дуу байна лээ.
...Эмзэг цэцгийн дэлбээг хиртээх
Сvvдэртэйхэн орчлон юм сан
Элгэнд минь бvлээхэн зайтай
Нулимстайхан хорвоо юм сан
Хувь заяандаа тэр гомдож уйлсан, хeeрхий хүүгийн
Нулимсыг хэн ч хэнч арчаагvй
Хуурамч энэ орчлонгийн араншингаас
Нуугдаж хэн ч нуугдаж хэн ч зvрхлээгvй

Эрхэлж дуулах гэж орчлонд ирсэн
Энгэрт чинь тэврvvлэх гэж Ээждээ заяасан
Эцэсгvй хvлээлтээс тэднийг салгаач Хvмvvс ээ
Хатуу хорвоод элгээ эмтлэн
Хайраар тэд дутаж л яваа
Өнөр олны заяаг тvших
Өршөөл хайр горьдож л байгаа
Жаахан зvрхэндээ гуниг тээсэн, хeeрхий хvvгийн
Сэтгэл илчгvй байхад
Жаргалтай инээдээр өнгөө чимсэн
Хорвоогийн vнэн хаана нуугдана вэ
Дусал нулимснаас таныгаа эрэх юм
Дуулсан дуундаа таныгаа хайх юм
Эргэж ирэхийг тань зvvдэндээ хvлэх юм
Ээжээ та хаана байна
Ээжээ та хаана байна, Ээжээ
Ээжээ та хаана байна
Ээжээ та хаана байна, Ээжээ
Ичин найрагч миний ажлыг дэмжиж энэ дуугаа ашиглаж болно гэсэн “ам зөвшөөрлөө” албан ёсоор өгсөн.

За ингээд нөгөө Нарка чинь “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” бас хажуугаар нь Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэлт хөшөө болон цэцэрлэгт хүрээлэнгийнхээ тухай ярьсаар нэг л өдөр чам дээр, тань дээр, танай хамт олон дээр яваад очно шүү. Энэ үед нь боломж болоцоо байвал хандив өгөхийг хичээгээрэй, найзууд минь. Миний гуйх л юм энэ шүү...

Recent Articles