Sunday, February 28, 2010

Ю-12 ОНГОЦНЫ ОСЛООС АМЬД ҮЛДСЭН Д.НАВЧ: ХҮМҮҮСИЙН САНДРАЛДАН ОРИЛОЛДОЖ БАЙГАА ХАШИГЧААН ОДОО Ч СОНСОГДСООР БАЙНА


Онгоцны аймшигт осол үе үе гарч олныг цочроох нь цөөнгүй. Бид энэ ослын тухай хэсэг хугацаанд шуугиж байгаад мартдаг. 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн нисэх онгоцны буудлын ойролцоо МИАТ компаний Ю-12 онгоц сүйрч олон зорчигч амиа алдсаныг хүн болгон санаж байгаа байхаа. Энэ аймшигт ослоос амьд үлдсэн эмэгтэйн тухай сонсоод уулзахаар нэлээд явлаа. Д.Навч гэдэг энэ азтай эмэгтэй Дундговь аймгийн Дэлгэрхагай суманд аж төрж байгаа юм байна. Багагүй эрж хайж байж сургыг нь гаргаж авсан Д.Навчтай уулзахаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумыг зорилоо. Дөнгөж 40 насандаа онгоцны осолд өртөн өөрөө эрэмдэг болж эр нөхрөө алдсан энэ эмэгтэйн сэтгэлийн шархыг сэдрээж тэр үеийн аймшигт явдлыг яриулах үнэхээр хэцүү байлаа. Түүний нүүр, хоёр гар нь түлэгдэлтийн гүнзгий сорвитой, баруун гарын зарим хуруунууд нь тэнийхгүй байгаа нь ажиглагдлаа. Д.Навч тухайн үед онгоц яаж осолдсон тухай ингэж ярилаа.
-Уучлаарай! Тэр аймшигт ослоос амьд үлдсэн 2 зорчигчийн нэг нь та. Түүнээс хойш олон жил өнгөрч байна. Одоо таны бие ямар байна вэ?
-Миний бие яахав ээ. Одоохондоо овоо л байна. Ойр зуур таяггүй явна. Баруун гар, баруун хөл хоёр л муухан даа.
-Хотод очиж биеэ үзүүлж чадаж байна уу?
-Хааяа орж үзүүлнээ. Үе үе хот орж хэвтдэг юм. Бие байнга өвдөөд байхгүй гайгүй л байх юм. Гэхдээ ясны хугархайнууд үе үе их өвдөх юм.
-Энэ ослын дараа МИАТ компани танд байр өгч байсан байхаа?
-Хоёр өрөө байр өгсөн ш дээ. Тэр үед намайг эмнэлэгт хэвтэж байхад харж байсан ах дүү нар тэр байранд эхлээд орсон. Би эмнэлгээс гараад тэр байрандаа байсан. Одоо хүүхдүүд тэр байранд байгаа. Ослын дараа МИАТ компани туслаж дэмжиж байсаан, хөөрхий. Олдохгүй эм тариа олж өгөөд л... Түүний хүчинд өдий зэрэгтэй байна гэж би боддог юм.
-Олон жил өнгөрсөн ч гэсэн та онгоц яг яаж осолдсоныг санаж байна уу?
-Сайн мэдэхгүй байнаа. Ямар ч байсан онгоцны буудал дээр ирээд газардсан. Буудлын хашаан дотор газардчихавуу даа гэж би бодсон. Тэгээд дахиад хөөрсөн. Энэ үед хоёр нисгэгч чанга чанга хашгиралдаад байсныг санадаг юм. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй. Харин биднийг тосч байсан хүмүүс “-Онгоцны буудлын хэдэн барилгын зүүхэнтээ газардангаа алдсанаа ахин хөөрөн хошуу нь тэнгэр хатган далбиганах онгоцыг харан биш боллоо гэж сандралдан орилолдсон” гэж сүүлд ярьж байсан. Тэнд байгаа хүмүүс яахаа ч мэдэхгүй сандралдаж байх зуур аймгийн нисэхийн машин хашааныхаа торыг сэт дайран унаж байгаа онгоц руу давхисан юм билээ. Үүнийг би сүүлд л мэдсэн.
-Зарим хүмүүс нисгэгчдийг согтуу явсан гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн болов уу?
-Ёстой мэдэхгүй. Юм л ажиглагдаагүй. Ямар ойртож үнэрлэж үзсэн биш дээ.
-Энэ үед онгоцонд явсан зорчигчид ямархуу байдалтай байсныг та одоо хүртэл санадаг биз?
-Талийгаач бид хоёр хамгийн урд талын суудал дээр сууж явсан учраас эргэж хараагүй юм. Тиймээс арын хүмүүс ямархуу басныг мэдэхгүй л дээ. Би их азгүй хүн. Нөхөр минь хичнээн сайхан хүн байсан гэж сананаа. Тэр аймшигт явдал одоо хүртэл нүдэнд минь харагддаг юм. Нөхөр маань намайг тэврээд л... Их хэцүү байна. Эгч олон зүйл ярьж чадахгүй нээ.
-Уучлаарай! Ингээд онгоц осолдох нь байна гэдгийг таамаглаж байсан уу?
-Газардаад хөөрөх үед болохоо байлаа гэдгийг мэдсэн. Манай нөхөр миний суудлын даруулгыг бас өөрийнхөө ч даруулгыг чангалаад байсанг санаж байна. Тэгээд л хөөрхий минь намайг тас тэврээд байсан. Арга ч үгүй биз дээ. Би тэр үед цөсний хагалгаанд ороод буцаж явсан юм. Уг нь бид хоёр машинаар буцах гэтэл намайг хүн болгон ядрана гээд онгоцоор хурдан гэж явж байгаа нь тэр л дээ. Даанч харамсмаар юм болсон. Хөөрхий талийгаач минь. Тэр аймшигт дуу чимээ хүмүүсийн сандаралдаж байгаа орилолдоон одоо ч нүдэнд сонсогдоод байх юм.
-Та бас их азтай хүн. Тэр аймшигт ослоос амьд гарч чадсан. Ер нь яаж тэр шатаж байгаа онгоцноос гарч ирсэн бэ?
-Мэдэхгүй. Тэгээд л би ухаан алдсан байна лээ. Одоо бодохнээ тэр өдрөө юм боловуу аймгийн эмнэлэгт ухаан орсон. Эмч “-Навчаа, дүүгээ таньж байна уу?” гээд асуугаад байсан. Нэг нүд харж болдоггүй. Нөгөө нүдээрээ дүүгээ хараад таньсан. Цаана нь манай бэр миний охин хоёр зогсож байгааг таньсан. Уучлаарай, дүү минь энэ аймшигт осол өнгөрөөд олон жил болж байгаа ч эгчийнх нь сэтгэл маш хэцүү байдаг юм. Болж л өгвөл энэ явдлыг бдохгүй юмсан гэж өөрийгөө сатааруулж суудаг юм. Эгчид нь маш хэцүү байгаа учраас үүнээс цааш юм ярьж чадахгүй нь.
-Одоо та гадуур ганцаараа явж чаддаг уу?
-Тэнгэр тогтуун дулаан өдөр таяг тулаад заримдаа таяггүй овоон дээр гарчихдаг юм. Салхитай өдөр бол гадаа гарч чадахгүй ээ. Хийсчих гээд байдаг юм. Ер нь голдуу гэрт хэвтэрт байдаг даа.
Д.Навчаас асуух зүйл их байсан ч түүний хүсэлтээр бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Ойр ойрхон шил шилээ дарсан онгоцны осолоос тун цөөхөн хүн амьд гарсан. Тэдний нэг болох Д.Навчийг хараад үнэхээр өрөвдөж сууснаа нуух юун.

No comments:

Post a Comment

Recent Articles