Monday, February 1, 2010

АРХЕОЛОГИЧИД XII ЗУУНЫ АЛТАН УРГИЙНХАНД ХАМААРАХ БУЛШ ОЛЖЭЭ


Саяхан манай эрдэмтэн археологчид алтан ургийн үеийнх байж болох нэн ховор олдвор олжээ. Энэ олдвор чухам хэдий үеийнх байсан тухай сонирхож доктор Д.Түмэн гуайтай уулзаж ярилцлаа.

-Доктор Наваан, доктор Эрдэнээ нарын удирдсан Дорнод Монгол төслийн хүрээнд хийж буй Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойд Монголын үеийн археологийн цогцолбор дурсгалын тухай сонирхож таньтай уулзаж байна. Энэхүү дурсгалын цогцолбороос ховор олдворууд олдлоо гэж сонссон. Нууц биш бол та энэ тухай ярьж өгөхгүй юу?

-Сонирхол татахаар нэлээд хэдэн зүйлс олдсон. Тэнд нийтдээ 7 булш малтсаны 1, 2, 5 дугаар булш их сонирхолтой дурсгал байсан. Нэгдүгээр булшнаас нэлээд тоногдсон ч гэсэн морьтой нь оршуулсан эмэгтэй хүний оршуулга гарсан. Зүүн гарт нь зүүлттэй хоёр алтан бөгжний шигтгээний дотор талд шонхор шувууны дүрсийг сийлсэн нь сонирхолтой байлаа. Энэ шонхор шувуу нь ямар утгатай болохыг та бүхэн ч мэдэж буй. Цагаан шонхор бол Чингисийн овгийн Хиад боржгоны тотем-билэг тэмдэг. Энэ талаар “Монголын нууц товчоон”-д маш тодорхой бий.

63 дугаар хэсэгт нь Хонгирад аймгийн Дэй цэцэн Есүхэй баатарт “-Урд шөнө би Цагаан шонхор шувуу нар сар хоёрыг атгаж миний гар дээр буув гэж зүүдэллээ. Өнөөдөр Есүхэй анд та ирж миний зүүдийг тайлав” хэмээн хэлдэг. Жирийн нэг хүн шонхор шувууны дүрсийг дотор талд нь сийлсэн бөгж зүүгээд явах, оршуулагдах үндэслэл байхгүй учир энэ хүн нь алтан урагтай холбоотой гэсэн таамаглал дэвшүүлсэн. Тэгээд энэ цогцолбор дурсгалын он цагийг нь тогтоохоор Солонгосын Сөүлийн их сургуулийн цөмийн физикийн лаброторид явуулж, шинжилгээ хийлгэхэд нэгдүгээр булш 1190-1230 оны хооронд хийсэн оршуулга болох нь тогтоогдсон. Энэ нь бидний таамаглалыг ч мөн баталж байгаа. Тэгэхээр энэхүү булш нь юутай ч 13 дугаар зууны эхэн үеийн Алтан ургийн хүний булш байж болох юм. 2 дугаар булшнаас их тоногдсон залуувтар эрэгтэй хүний оршуулга олсон. Тэндээс Алтан нуухтай сувдан жинс гарсан
-Язгууртны хэрэглэдэг чулуун жинс үү?
-Тийм. Язгууртан хүний малгайн дээр хаддаг жинс. Малгайн дээр хадаж байсныг нь нотолж дотор талд нь алтан уяа бий. Тэгээд үүнийг Монголын язгууртны булш байна гэж үзсэн.
-Тэгэхээр чулуун жинсийг бид манжийн үед л анх нэвтэрсэн гэдэг ойлголт худлаа болох нь ээ?
-13 дугаар зууны үеийн Монголын язгууртнууд чулуун жинс хэрэглэж байсан. Харьцангуй бага тоногдсон, анхны байдлаар хадгалагдаж үлдсэн дурсгал бол 5 дугаар булш байгаа. Мөн л бүрэн хэрэглэл бүхий морьтой нь хамт оршуулсан эмэгтэй хүн. Луугаар чимэглэсэн алтан хавтас бүхий дөрвөлжиндүү бүүрэгтэй эмээл нь бүхлээрээ олдсон. Маш тансаг нарийн хийцтэй. Энэ булшнаас олон тооны алтан эдлэлүүд, мөн мөнгөн аяганд хийсэн будаа олдсон. Энэ будаанд нь судалгаа хийж байгаа. Оросын гурвалжин будаа шиг будаа байна лээ. Энэ будааг хавар болохоор тарьж болох нь уу гэдгийг нь ч үзэж байгаа. Ямар сортынх нь болохыг мэдэх гэж л тэр шүү дээ.
Хамгийн сонирхолтой нь алтан савтай нунтаг бор юм олдсон. Хамрын тамхи ч юм уу, ямар нэгэн оо энгэсэг ч байж болох юм. Мөн юу болохыг нь тогтоохоор манай нэг багш Солонгосын их сургуульд шинжилгээ хийж байна.
-Ер нь энэ таван булш тавуулаа нэг цаг үеийнх үү?
-Одоо он цагийг нь эцэслэн тогтоож байгаа. Юутай ч эхнийх нь 1190-1230 оных гэдгийг тогтоосон. Нэг цаг үеийн оршуулга уу, эсвэл урьд хойноо орсон оршуулгын газар байж уу гэдэг нь удахгүй тодорно. Ер нь нэг үеийнх байх магадлал багатай. Гэхдээ л Монголын Эзэнт гүрний үед хамаарах нь тодорхой байгаа. Мөн гоё чулуун шигтгээтэй алтан чимэглэл, хүүхдийн онгон зэрэг юмс олдоод байна. Бат хааны Алтан ордны олдвороос ийм чимэг олдсон байдаг. Олсон судлаачид нь морины цээжин дээр байсан чимэг гэсэн таамаглал дэвшүүлсэн. Харин бид эмэгтэй хүний богтого малгайн чимэг байж болох юм гэдэг таамаглал дэвшүүлээд байна. Тайваньд хадгалагдаж байгаа Чингисээс эхлээд хожуу үеийн хаадуудыг дүрсэлсэн, харьцангуй бодитой гэж үздэг зураг доторх нэг хатны богтого малгай дээр яг энэ чимэглэлтэй адилхан чимгийг дүрсэлсэн байдаг. Мөнгөн унжуурга, шанааных нь чимэгтэй төстэй зүйлс бий. Үүнээс үндэслээд ерөөсөө энэ бол Их Монголын үеийн сурвалжит хүмүүсийн оршуулга байна гэж үзэж байгаа. Эдэн дотор хамгийн сонирхолтой нь 13 дугаар зууны үеийн Монголд тодорхой хэмжээгээр буддын шашин дэлгэрч байсныг илэрхийлсэн 8 тахилтай цагаан хүрэл толь. Эл толины төв хэсэгт нь байгаа бичгийг дөрвөлжин үсэг, төвд эсвэл санскрит байж магад гэх мэтээр янз бүрээр тайлбарлаж байна. Харин бурханч лам Пүрэвбат санскрит хэлний өмнө байсан эртний Урду бичиг байна гэж тодорхойлсон. 8 тахил нь орчин үеийн 8 тахилаас шал өөр. Судалвал их л сонин юм гарна даа. Энэ олдворыг улам сонирхолтой болгож байгаа зүйл нь яг ийм бичигтэй олдвор Умард Монголын Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голоос өнгөрсөн жил олдсон байгаа. Мөн 1959 онд Оросын судлаачдын Онон мөрний адаг руу орсон Читагийн Кокошү гэдэг хошууны малтлагаас гарсан олдворт дээрхтэй дүрсийн хувьд их ойролцоо зүйл бий. Гурван газраас олдоно гэдэг нь ийм бичиг тухайн цаг үед тодорхой хэмжээгээр, ямар нэгэн байдлаар ашиглагдаж байжээ гэсэн магадлалыг их бодитой болгож өгч байгаа.
-Тэгэхээр Монголын эзэнт гүрний үед тийм бичиг үсэг хэрэглэж байсан байж болох нь ээ?
-Тун магадгүй. Үүнийг сайтар судлан тогтоох хэрэгтэй юм.
-Таван толгойгоос өөр ямар зүйлс олдов?
-Таван толгойд Хаан, Хатан гэсэн хоёр чулуун хөрөг бий. Мөн л Монголын Эзэнт гүрний үеийнх. Маш урлагтай бүтээгдсэн. Ер нь Сүхбаатар аймаг бол Хүн чулууны дурсгалаараа алдартай. Монголд байгаа Монголын үеийн хүн чулууны дурсгалын ихэнх нь Сүхбаатар аймагт бий.
Таван толгойн хоёр чулуун хөргийн яг ижил хөшөө дурсгал мөн өвөр Монголын Улаан хадны хошуунаас олддог. Эдгээрийг Баяр гуай судлаад Юан гүрний үеийнх гэж тодорхойлсон. Дээрх хоёрын нэг булш нь асар их тоногдсон. Харин Хятадад буй булш тоногдоогүй бүтэн байж магад юм. Эдгээрийг нарийн судалвал энэ Таван толгойн цогц дурсгалуудын тайлал тодорхой хэмжээгээр гарах болов уу гэж бодож байгаа.
-Надад нэг зүйл сонирхолтой санагдаад байна. Монголчууд газар, уул ус бүхнээ эзэнтэй, лустай, савдагтай гэдэг. Мөн онгон булшийг хүндэтгэх үүднээс ч тэр юм уу, хөндөж ухахыг цээрлэдэг, айдаг, эмээдэг. Зарим онгон булштай газар чөтгөртэй, гүйдэлтэй ч гэлцэх нь бий. Гэтэл та байнга л хээр хөдөөгүүр тэнэж, булш бунхан ухаж, төнхөж явах юм. Ингэж явахад чинь ямар нэгэн тийм лус савдагын хорлол ч юм уу, айлгаж, цочоосон зүйлтэй учирч байв уу?
-За, би ч одоо лус савдаг гэж байдаг бол хорлогдвол ч хорлогдохоор л булш бунхан ухсан даа. Тийм юм огт таарч учирч байсангүй. Гол нь хүний сэтгэл зүй л дээ. Айгаад байна, одоо яадаг бол гэвэл түүгээр нь л болно. Миний мэргэжил, би үүнийг хийх ёстой гэж бодвол өөр хэрэг. Ганц би ч биш дэлхийн мянга түмэн археологичдоос тэгэж ингэж хорлогдчихлоо гэсэн юм би л сонсож дуулж байсангүй. Харин янз бүрийн микробоос халдвар авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хөрсөнд цэврээр хадгалагдаж байсан булш бунханы хамаг муу, муухай юмнууд нь шимэгдээд байхгүй болчихдог. Он жил удах тутам хүний яс улам цэвэршиж, чулуужиж байдаг. Харин Далан давхарт очвол өвчин тусчихаж магадгүй. Хүний шарилийг битүү цементлээд хийчихдэг болохоор хамаг муу муухай юм нь арилахгүй хадгалагдаж байна гэсэн үг.
-Археологичид цээр нь гарчихсан улс байдаг юм байна гэж ойлгож сууна. Сэжигч нэгэн бол тэр та нарын ухаж төнхдөг булш бунханыг ухах нь бүү хэл ойртох ч үгүй л байх даа?
-Тийм шүү. Бид чинь хэр баргийн юмнаас цээрлэж, цэрэвдэггүй хүмүүс шүү дээ. Жишээ болгож би нэг түүх ярьяа. Наваан багштай бид нэг удаа хээрийн ажилд явж байхад тохиолдсон явдал л даа. Манай багийнхны хоолны махны хамгийн сүүлийн ганц дунд чөмгийг майхнаас маань нэг золбин нохой хулгайлж аваад үүрлүүгээ явчихдаг юм байна. Мах, хүнстэйгээ залгатал хэд хоногийн зай байдаг. Наваан гуай хавчигнаад л орж гараад байна. Тэгснээ “Яаж хэд хоног хоосон байдаг юм. Чөмөгнийхөө ясыг олж ирнээ, хө” гээд нөгөө золбин нохойн үүр өөд алхчихлаа. Тэгээд нөгөө чөмөгнийхөө ясыг нохойноос булаагаад аваад ирж байгаа юм. Тэр нь нохой зулгаагаад нохойны шүлс, шороо, өвс болчихсон, харахад л огиудас хүрмээр юм байна. Манай хүн усаар угаагаад, тэгээд том тогоонд дүүрэн ус хийгээд л чанаж гарлаа. Хэдэн цаг чанаад, одоо сайхан болж байгаа гээд дээр нь будаа хаялаа. Тэгээд тогоо дүүрэн шөлтэй будаа болдог юм байна. Ясны шөлөн дээр чанасан юм хойно, үнэр танар гэж жигтэйхан сайхан ханхалж байна аа. Наваан багш өөрөө том аягаар хийж аваад тамшаалаад, амтархаад л идэж гарлаа. Намайг “-Түмээн, хоолоо ид” гэх. Эхлээд ч би баахан цээрлээд, тэгээд Наваан багшийг их амтархаад идээд байхаар нь тэсэлгүй аягаа аваад очиж байгаа юм чинь. Бид чинь ингэж л явлаа шүү дээ.
-Та Чингис хааны онгоныг эрж хайж байв уу?
-Үгүй тийм оролдлого огт хийж байгаагүй. Хайя ч гэж бодогддоггүй.
-Яагаад...?
-Чингис хааны онгон бол зүгээр нэг байдаг л хүний булш бунхан биш. Монгол гэдэг бүхэл бүтэн үндэстний оюун санааны шүтээн. Тиймээс ариун дагшин юм ариун дагшинаараа л байг дээ.
-Одоо Монголын газар нутагт энэ л нэг бага шиг судлагдсан даа, нэг ухаад, төнхөөд үзчих юмсан гэсэн газар байна уу?
-Байна. Хар мянга байна.

No comments:

Post a Comment

Recent Articles