Sunday, May 30, 2010

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ

АЯН ЭХЭЛСЭН ТҮҮХ

Өнгөрсөн оны 12 дугаар сард цөлжилтийн эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлэх бодол төрлөө. Ингээд л хамаг л “нууцаа” ярьж байдаг багын найз Өлзийсайхандаа саналаа хэлтэл “-Гоё санаа байна. 2-л хэрэгжүүлэе” гэлээ. Ингээд л бид хоёр Монголынхоо цөлжилтийг сааруулах том хүсэл өвөртлөөд хамтран ажиллах хүмүүстэйгээ уулзаж эхэллээ. Би энэ үед “Номад Грийн” цахим сэтгүүлд идэвхтэн бичигчээр ороод удаагүй байсан болохоороо энэ сэтгүүлийн зөвлөх О.Бум-Ялагч, эрхлэгч Ж.Отгонсүрэн хоёрт саналаа тавилаа. Тэд ч Өкө бид 2-ын саналыг 100 % дэмжиж хамтрахаа илэрхийллээ. Бид аяндаа Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон, МУГЖ, дуучин С.Жавхлан, МУСГЗ, зохиолч Чи Галсан нарыг нэгтгээд Монгол орныхоо бүх багаар 3 жилийн хугацаатай аялаж очсон баг болгондоо 100, 100 мод тарьж төгөл байгуулахаар шийдлээ. Аянаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” гэж нэрлэн Ерөнхийлөгчийн ивээл дор оруулахаар ярилцан бид бэлтгэл ажилдаа орцгоолоо. Аянаа Ерөнхийлөгчийн ивээл дор оруулах ажлыг би ерөнхийд нь хариуцан ордноор “гүйдэлтэй” болов. Ингэж гүйж явахдаа нэг сонинд хамтран ажиллаж байсан үзэг нэгт нөхөр П.Анхтуяатайгаа тааралдлаа. Анхаа бидний хийх гэж байгаа ажлыг сонсоод хамтрахаар боллоо. Ингээд Өкө бид хоёрын ажил хүрээгээ тэлсээр... Анхаа бид хоёрын хамаг л ажлыг амжуулдаг боллоо. Сүүлдээ ч ТЭНГЭРЛЭГ аян Анхаагүй зүйлгүй болсон. Анхаа, Өкө бид 3 аяныхаа ажлаа цэгцэлсээр л байлаа. Гэтэл аянд нэгдэж хамтран ажиллана гэж байсан зарим хүмүүс замын дундаас зангаа хувиргаж “чанараа” таниулсан ч бид 3 ярьсанаараа зүтгэсээр байгаад 5 дугаар сарын 7-нд аянаа эхэллээ. Бид 3-ын ажлыг дэмжиж Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг аянд нэгдэж 2 000 000 мод хандивлан бидэнтэй хамт монгол орныхоо цөлжилтийн эсрэг тэмцэхээ илэрхийллээ. Бас Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нар бидэнтэй нэгдлээ.

ДУНДГОВИЙН ӨНДӨРШИЛ СУМНААС АЯНАА ЭХЭЛЛЭЭ

Ингээд бид 2010 оны 5 дугаар сарын 7-нд Монгол Нюьс төвд хэвлэлийн бага хурлаа хийгээд шууд л цөлжилтөнд хамгийн их өртсөн газрын нэг болох Дундговь аймгийн Өндөршил сумыг зорилоо. Өндөршил миний төрж өссөн нутаг байгаа юм. Монгол орныхоо цөлжилтийг сааруулах их ажлаа өөрийн төрсөн газраасаа эхэлүүлсэн минь ч учиртай. Биднийг шөнийг 01 цагийн үед Өндөршилд очиход сэрүүхэн сэвэлзсэн салхитай байлаа. Өглөөний 7 цагаас эхлээд л 2 хоног завгүй ажилтай байхаар төлөвлөөд бид амарцгаалаа. Өглөө 7 өнгөрөөгөөд сэртэл гадаа нүдгүй цасан шуургатай. Бид дор бүрнээ л өнөөдрийн ажил яанаа гэтэл “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг “-Өө, яамар гоё юм. Цаснаар мод тарих сайн. Их гоё ургадаг юм” гэж юм үзэж нүд тайлсан хүний нүнжигтэй зангаар бидэнд урам хайрлалаа. Цасан шуурга өдрийн 14 цаг хүртэл үргэлжлэв. Хүчтэй цасан шуурга сумын өндөр хүчдэлд гэмтэл учруулж бидний ажлыг саатууллаа. Сумын дарга нар гэрэлтэй болгох гэж өдөржин гүйгээд гэмтлийг нь засч чадсангүй. Бидний төлөвлөсөн ажил бага зэрэг саатлаа. Гэхдээ бид гэрэл хараад сууцгаасангүй. Сүхбат шавь Бэхээгээ дагуулан боломжийг ашиглан цасаар хүн хийж сумын залуучуудыг цуглуулан хамтарч байх зуур “Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн” тэргүүн Гүнд ах орхимжоо намируулан хийдэд сүсэгтэнүүдийг цуглуулан аяныхаа тухай хүүрнэлдэн ном уншиж суулаа. Дуучин Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, Өкө Анхаа хоёртой нийлэн бяцхан жаалуудад цаасан шувуу тарааж хөөргөн сумын төвийн жижигхэн сууринг тэр чигт нь бужигнуулж орхилоо. Нарийн мэргэжлийн эмч нар ч үзлэгээ хийж өвдсөн зовсон хүмүүсийг илааршуулж байв. Нэг ёсондоо бид хоёр өдөр Өндөршил сумыг эзэгнэсэн дээ. Ингээд орой нь аяныхаа нээлтийн арга хэмжээг эхэллээ. Дуучин Баянмөнх “Омогшил” дуугаараа, яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлгээрээ нутгийн иргэдийн цөсийг жинхэнэ хөөргөсөн дөө. Тэд Баянаагийн дуу, Гониогийн шүлгийг сонсоод суудлаасаа өндөлзөн зарим нь амьдралдаа ийм гоёоор шүлгээ уншдаг хүн харж байсангүй гэж уулга алдаж байхад зарим нь энэ дуучинг ингэж амьдаар нь хардаг байжээ гэж Отгойн Баянмөнхтэй гар барьж энгүүн яриа өрнүүлж байгаа харагдсан. Ингээд бид Өндөршил суманд Агч, шар хуайс, улиас, хайлаас, үхрийн нүд зэрэг 5 төрлийн 2000 мод тарилаа. Бас Монголдоо анх удаа гэж хэлж болохуйц үрийн талбайг Өндөршил суманд бий болголоо. Тус суманд байгуулсан үрийн талбайд бид 1 кг харганы үр тариалсан. Энэ үр хоёр жилийн дараа гэхэд хамгийн багаар 10 000 мод болон ургах юм. Манай аяны ажил тус аймгийн удирдлагуудад ихэд таалагдсан аж. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “БӨХТ” ХХК-ий захирал С.Дэжид нар бидний ажилд амжилт хүсээд цаашид аймгийнхаа малгүй болсон малчдын дунд аяныг үргэлжлүүлэх санал тавьсан. Өкө, Анхаа бид 3 ярьсан зүйл зорьсон зорилгоо амжилттай эхлүүллээ.

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ААР ХУР ДАГУУЛЖ БАЙНА

Бид очсон газар бүртээ мод тарихаасаа өмнө “Үлэмжийн чанар” дуулдаг уламжлалтай болсон. Бид “Үлэмжийн чанар” дуулж мод тарьсанаа дараа өдрөөс нь тухайн газар бороо орж биднийг баярлуулж байна. Бид ч энэ уламжлалдаа баярлан “Үлэмжийн чанар” хур дагуулдаг увьдастай дуу гэж магтдаг юм. Бид очсон газар бүртээ аяныхаа тухай, Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай, мод тарих арчлах аргын тухай, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах заншлын тухай хүмүүст ярьж ойлгуулж байгаа. Бидэнд хүмүүс талархлаа их илэрхийлж байна. Бид очсон газарынхаа иргэдийг ямартаа ч гэгээрүүлж чадаж байна. Энэ л бидний ажлын гол үр дүн.

АЛДАРТ ДУУЧНЫ НУТГИЙН ЭНЕРГИ ШИНГЭСЭН МОДЫГ МОНГОЛЫН БҮХ НУТАГТ ТАРИНА

Бид аяныхаа хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Их газрын чулуунд үрийн талбай байгууллаа. Энэ үзэсгэлэнт газар алдарт дуучин Н.Норовбанзад агсан мэндэлсэн юм билээ. Бид алдарт дуучны мэндэлсэн бууцны ойролцоо дэлхийд ганц байдаг байгалийн задгай театрын дэргэд үрийн талбайгаа байгууллаа. Үргэлж дуу хуур цангинаж эгшиглэж байдаг энэ газар 3 кг чацаргана, 1 кг монос тарилаа. Эерэг энерги шигэсэн энэ газар ургасан модоо бид хоёр жилийн дараагаас Монгол орныхоо өнцөг булан бүрт тариалах юм. Ирэх намар бид энэ газрын үрийн талбайгаа өргөжүүлж гүйлс, бүйлс, харгана, голт бор, хайлаас их хэмжээгээр тариална. Бид сар шахамын хугацаанд Дундговийн Өндөршил суманд 2000, Гурвансайхан суманд 200, Сайнцагаан суманд 600, Төв аймгийн Зуунмод суманд 310, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 500, Төв аймгийн Аргалант суманд 100, Завхан аймгийн Улиастай суманд 1000, Сүхбаатар дүүрэгт 300, Сонгинохайрхан дүүрэгт 200, Хан-Уул дүүрэгт 200, Баянзүрх дүүрэгт 100, эмэгтэйчүүдийн хорих ангид 400, “Ардчилал” сонин Засгийн газрын ордны гадаах талбайн цэцэрлэгжүүлэлт болон Ардчиллын ордны цэцэрлэгжүүлэлтэнд 650 мод тус тус тариад байна. Мөн 3 газар үрийн талбай байгуулсан.

АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН үргэлжилсээр байна. Биднийг ирж ажилаач гэсэн урилга ар араасаа цуварсаар... Бид засаг захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороонд хүрч ажилласаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний ажлыг дэмжиж ивээлдээ авахаар болсон. Бидний эцсийн зорилго Монгол орныхоо цөлжилтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулах. Бид ч зорьсондоо хүрч байна. Аянд сэтгэл зүрхээрээ нэгдэн монголчуудаа гэгээрүүлж яваа дуучин Отгойн Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, яруу найрагч О.Гончигсүрэн нар болон хамтран зүтгэж байгаа Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг, Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нартаа талархаж байгаагаа илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы тэмдэглэл үргэлжилсээр байх болно.

No comments:

Post a Comment

Recent Articles