Sunday, January 23, 2011

ДУУНД УЯРСАН ХОРИГДОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН НУЛИМС СҮҮГЭЭР СҮЛЭГДЛЭЭ




МУСТА, дуучин Ө.Цэрэнчунт гэдэг хийж бүтээх, санаж сэрэхийн одонд төрсөн сэргэлэн залууг би жаахан хүүхэд дуулаад гүйж явахаас нь мэддэг юм. Бид 2 их эрт танилцаж нөхөрлөсөн дөө. Ө.Цэрэнчунт одоо ОХУ-ын Санкт-Петербург хотод дуурийн дуулаач, багшийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа юм. Тэр амралтаараа хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн. Угийн хөдөлмөрч зангаараа Чунт минь зүгээр сууж чадахгүй “ЦАГААН СҮҮНИЙ ӨДӨРЛӨГ” нэртэй буяны арга хэмжээг Монголд анх удаа зохион явууллаа. Чунтын санаачилсан арга хэмжээнд олон байгууллага хамт олон дэмжин оролцож байгааг харахад яах аргагүй цаг үеэ мэдэрсэн, цагаа олсон ажил болох нь харагдаж байсан юм. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт “Цагаан сүүний өдөрлөг” арга хэмжээ Хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс эхэллээ. Ээж аавын хайр халамжаас хол хөндий өсч байгаа бүтэн өнчин 120 гаруй бяцхан үрс энд амьдардаг аж. Хүүхэд насны гэнэн томоогүй зангаар үсчин гүйлдэж инээлдэн бужигнах энэ жаалуудын нүд цаанаа л нэг гунигтай харагдаж байна лээ. Хүүхэд залуучуудын хөгжлийн “Түүчээ” төвийн тэргүүн н.Энхбат, залуу лектор н.Гантулга нарын ухаарал хайрласан яриа, залуу дуучин Төмөр-Очир, Мөнхбаяр, Отгонгэрэл нарын дуунд хүүхэд багачууд хөөрөлдөн даган дуулж бүжиглэж байлаа. Энэ асран хүмүүжүүлэх газрын хүүхдүүд үнэхээр авьяастай юм билээ. Хөвгүүд нь хэзээний бүжигчид, охид ч тэднээс дутахгүй гэсэн шиг бүжиглэж, уран нугарч арга хэмжээ зохион байгуулж байгаа ах эгч нараа ёстой нэг алмайруулсан даа. 2 цаг дуулж баяссан хүүхдүүдэд АПУ компанийхан сүү, жүүс бэлэглэж тэднийг улам баярлууллаа. Ингээд бид хүүхдийн асрамжийн газраас эмэгтэйчүүдийн хорих анги руу дараагийн арга хэмжээг зохион байгуулахаар мордлоо. Бас л монголдоо ганц гэгддэг энэ хорих ангид 360-аад эмэгтэй өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан гунихарч сууна. Бид энэ хорих ангид өмнө нь хэд хэдэн удаа ирж арга хэмжээ зохион явуулж байсан юм. Бид ирээд буцах бүртээ л нэг зүйлд санаа зовон, санаашран, заримдаа бухимдан буцдаг юм. Гэтэл энэ удаад тэр “уламжлалт” зүйл ахиад л давтагдлаа. Энэ нь шоронгийн хянагч хуяг нарын бүдүүлэг дээрэнгүй харьцаа. Чунт болон түүний нөхөд шоронг ёстой л дулаацуулсан. Манай хэдийн дууг бүсгүйчүүд дагаж дуулан бүжиглэж “баллаж” өгсөн дөө. Юутай ч Чунтын минь санаачилсан арга хэмжээ эрхээ хасуулан ялтан хэмээн цоллуулж толгой гудайлган зогсоо бүсгүйчүүдэд урам хайрлаж баяр бахадлын нулимс унагаахад хүргэсэн. Тэдний ухаарал уярлын нулимсийг АПУ-ийн сүү сүллээ. Юутай ч хоригдол 360-аад бүсгүйчүүд эрх чөлөөт амьдралтай хурдан золгохыг мөрөөдөн манай залуучуудыг даллан үлдлээ. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй энэ залуус нийгмийн эмзэг бүлэг бүрт сар болгон хүрч буяны арга хэмжээгээ зохион явуулж байна гэсэн. Тэнгэрлэг монголын хийморьлог залуусын буяны ажил цаг үргэлж сүүн зам татуулж явахын ерөөлийг өргөж байнаа. Цагаан сүүний өдөрлөгийн гэрэл зургуудийг миний facebook руу орж үзээрэй. Эмэгтэйчүүдийн хорих анги дээр гэрэл зураг авахуулаагүй нь жаахан харамсалтай зүйл боллоо.

No comments:

Post a Comment

Recent Articles