Saturday, February 27, 2010

ОЮУ ТОЛГОЙД САНААРХСАН “АХ” НАР ГОМДОЛЛОЖ ЭХЭЛЛЭЭ


“-Нэгэнт цагт дэлхийн талыг эзэлж байсан Монголын харьяанд Орос улс орж Их гүрний нэгэээхэн хэсэг Алтан Ордны Улсад Оросууд татвар төлсөөр ирсэн. Харин 20 дугаар зууны эхэн үеэс цаг үе өөрчлөгдөж Монгол улс Оросын ивээлд орж Оросуудад татвар төлж ирсэн нь нууц биш юм" гэсэн нийтлэлийг Оросын нэр хүнд бүхий "Утро" сонинд тавьжээ. Монгол улс Оросын нөлөөний улс байсаар байгаа атлаа Оросуудад өгөх ёстой зүйлээ өгөхгүй бултаад, Канад, Хятадуудтай илүүтэй харьцаад байгаа нь шударга бус бөгөөд Оросуудад одоо ч Монголыг барьцаалаад, авах ёстой юмаа авах боломж бий хэмээн Орос нийтлэгч үзэж буй аж. Газрын баялаг арвинтай Монголын баялгийг ашиглахад Орос улсад дэмжлэгтэй хандана хэмээсэн амлалтын улмаас Монголоос хуучин ЗХУ-д төлөх ёстой 10 тэрбум долларын өрийг хүчингүй болгож өгсөн атал Оросуудын гол сонирхож байсан Оюу толгой, Таван толгойн ордуудад өөр улс хөрөнгө оруулалт хийж бусдын гарт очих болоод байна. Оюу толгойг авч буй Айванхоу Майнз хэмээх Канадын компанийн ард Хятадууд байгаа ба үүгээрээ Ар Монголыг Өвөр Монголын нэгээхэн хэсэг гэж үздэг үзлээ илэрхийлж байна гэсэн утга авцалдаа муутай санааг уг нийтлэлд оруулжээ. Сүүлийн үед бараа нь байтугай сураг нь бага сонсогдоод байх болсон Оросын төрийн тэргүүнүүд Путин, Медведев нар дараалан Монголд айлчилсан нь үнэн. Гэхдээ албан ёсны мэдээгээр Орос Монголын харилцааг сайжруулах, Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүүлэх асуудлыг ярилцсанаас бус яг Оюу толгой, Таван толгой гэсэн тодорхой асуудлыг ярилцаагүй юм. Энэ Орос нийтлэгч чухам ямар эх сурвалжаас мэдээ авч ийм барин тавин ярьж байдаг юм болоо? Нийтлэлд цааш нь өгүүлэхдээ ямартай ч гэсэн Монголчууд баялгийг нь сонирхсон улсуудын өрсөлдөөн дээр сайн тоглож байна. Яахав юм нэгээрээ дуусахгүй Монголд газрын баялгаа ашиглах бизнес дөнгөж эхэлж байна. Одоо Оросуудад Монголчуудтай тоглоод байх хөзөр бага байна. Өрийг нь цайруулчихсан. Харин ЗХУ задарсанаас хойш бий болсон 180 сая долларын өр бас байна. Саяхан Орос Монголын хамтарсан Төмөр замын газраас Оросын Засгийн Газраас 1.5 тэрбум доллар хүссэн ба энэ нь Таван толгой руу төмөр зам татахад зориулагдах аж. Үүнээс гадна Монголын Засгийн Газар Оюу толгойн 34 хувийг эзэмшиж буй ба үүнийгээ санхүүжүүлэхэд 800 сая доллар хэрэгтэй. Харин энэ хөрөнгийг хаанаас яаж гаргах нь тэдний хувьд их л хүнд байх учир Оросууд үүнд нь оролцож болох юм. За ямар ч байсан Монголчууд Оросын бизнесийн сонирхолыг цаашид хаагаад байх юм бол бид өр цайруулах асуудлыг шийддэг Парижийн клубт хандан 180 сая долларын өрөө нэхэн авах шаардлага гарна. Энэ нь нэг их мөнгө биш боловч Монголын хувьд ч бас томоохон асуудал болно доо гэжээ. Нийтлэлийн гарчигнаасаа авахуулаад зохиогч бичиж эхлэхдээ үнэхээр л дээрээс харсан, татвар хураагчийн байр суурьнаас асуудлыг хөндөх мэтээр оролдсон боловч төгсгөлрүүгээ тэрвээр үнэндээ бодит байдалтай эвлэрсэн хоёр улсын хооронд эрх тэгш харилцаа бий болж байгааг хүлээн зөвшөөрсөн нь илт харагдаж байна. Түүхийн уртад бид хэн хэнээсээ ил далд байдлаар татвар авсаар иржээ. Одоо харин цаг үе өөр болж чухам хэн нь хэндээ татвар төлөх ёстой, хэн нь хэндээ өртэйг тодорхойлоход тун төвөгтэй. Тэгэж ярих юм бол Монголчууд байгаагүй бол Русь хэмээх өчүүхэн бүдүүлэг славян омог хэзээ ч улс байтугай их гүрэн болж чадахгүй байсан гээд л... маргаж гарна биз дээ. Тиймээ одоо маргаад яахав. Цаг үе өөр болж, асуудал байвал шинэлэг сэтгэхүйгээр хандацгаая. "Их өр" гээчийг тэглэснээс хойш хоёр улсын хоорондын харилцаанд шинэ дэвшилтэт үе эхэлсэн гэж үзэж болох ч Орос нийтлэлчийн өөрийнх нь хэлсэнээр Оросуудаас биднийг "барьцаалаад " байх зүйл үнэндээ үгүй шахам болж ямар нэгэн асуудлыг бараа сүр барьцаа шахалтаар бус харин олон улсын хууль журмын дагуу шийддэг болж байгаа нь хоёр улсын хоорондын харилцаанд гарч буй хөгжлийн тодорхой ахиц юм.

No comments:

Post a Comment

Recent Articles