Saturday, February 27, 2010

ДОНОР БҮСГҮЙ


Хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх зорилгоор “НЭР ТӨР ЭРХЭМСЭГ АМЬДРАЛ” ТББ-ыг байгуулаад жил орчим болж байна. Би төрийн бус байгууллагынхаа ажлаар монголын хорих ангиудаар үе үе “айлчилдаг” юм. Монголдоо цорын ганц байдаг бидний ярьж сурсанаар “Луусан” гэж нэрлэгддэг эмэгтэйчүүдийн хорих ангиар хэд хэдэн удаа очлоо. Очих болгондоо нэг эмэгтэй хоригдолтой тааралддаг юм. Түүнийг Р.Чулуунцэцэг гэдэг. Давхраатай алаг нүдтэй энэ бүсгүй хүн амины хэрэг үйлдсэн аж. Тэр ихэд гэмшин хийсэн хэргийнхээ тухай нулимс дуслуулан надад ярьсан. Түүний амьдралын гунигт түүхийг сонсоод би энэ бүсгүйд зориулж нийтлэл бичихээр шийдлээ. Ингээд бодож бодож байгаад саяхан Р.Чулуунцэцэгт зориулж “ДОНОР БҮСГҮЙ” нэртэй зохиомж бичиж явуулсан юм. Тэр миний зохиомжийг уншаад маш их баярласан аж. Р.Чулуунцэцэг надад бичсэн зурвастаа “-Эгч нь маш их баярлалаа. Сэтгэл хөдлөөд зөндөөн их уйллаа. Энд хоригдож байгаа бүх эмэгтэйчүүд энэ гоё өгүүллэгийг уншсан. Тэд ч бас баярлаад бүгд уйлсан шүү” гэж бичжээ.

Бусдын дормжлон байгааг мэдсэн хэрнээ
Буруу ойлгосон дүр эсгэж худал инээдэггүй
Бурханлиг эгч Р.Чулуунцэцэгт зориулав.

“-Эмчээ! амьдрал хичнээн сайхан гээч. Амьд явах бүр гоё, тиймээ” гэж Байдраг алаг нүднээсээ нулимс дуслуулан тамирдсан дуугаар арайхийн хэллээ.
Чулуунцэцэг эмч өвчтнөө яаж тайвшруулахаа мэдэхгүй хэсэг харж зогссоноо “-Зүгээрээ, чи удахгүй эрүүл болно. Тэгээд яриад байгаа амьдралынхаа сайхныг мэдэрнээ. Эр хүн байж уйлаад байгаа юмуу? Өөдрөг бай” гэж ширүүхэн хэлээд эргэтэл Байдраг “-Эмчээ, та намайг уучлаарай! Үүнийг идээрэй. Би таньд өгөх гээд хадгалаад байсан юм” гэж нулимсаа арчингаа дэрэн дороосоо нэг ширхэг мандарин гаргаж сарвайлаа. Чулуунцэцэг эмч мандаринийг хальсалж талыг нь Байдрагт өгөөд хажууд нь суулаа. Тэр хоёр мандариний шүүсийг сорон хэсэг чимээгүй сууцгаав. Байдраг мандариний шүүсийг “ллллллл” гэж сорон тамшаалсанаа “Эмчээ, амьдрал энэ мандарин шиг гоё амттай байхаа. Гашуун ч юм шиг хэрнээ чихэрлэг. Идээд л баймаар. Би амьдралын мандарин шиг амтыг мэдэрмээр л байна. Ингэхэд миний хагалгаа амжилттай болох болов уу?” гэж асуун Чулуунцэцэг эмчийн нүдийг цоо ширтлээ. “-Амжилттай бололгүй яахав. Зүрх шилжүүлэн суулгах хагалгааг монголд анх удаа хийх гэж байна. Хэдхэн сарын дараа чи хөл дээрээ босно. Тэгээд чи мандарин шиг амттай амьдралаа мэдэрнээ. Одоо тайван амар. Элдвийг битгий бод. Эмч нь чиний хагалгаанд шаардлагатай зүйлсийг өнөөдрөөс бэлтгэх ёстой. 3 хоногийн дараа уулзалдая. Түр баяртай” гэж Чулуунцэцэг эмч хэлээд өрөөнөөс нь гарлаа. Тэрээр эмнэлгийн урт хонгилоор гүйх шахам алхалсаар өрөөндөө орж ирэв. Тэр өрөөндөө бодлогширон хэсэг суув. Тэгсэнээ “-Энэ залууг би аврах ёстой. Дөнгөж 20 нас хүрэх гэж байгаа энэ залууд асуугаад байгаа амьдралынх нь сайхныг мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн амандаа бувтнаж байснаа хоёр алгаа хавсран “Бурхан минь, 3 хоногийн дотор энэ залууд зүрхээ өгөх донорыг илгээгээч” гэж залбиран гуйж байтал утас нь дуугарлаа.
“-Байна уу? Чука эмч үү? Хамгийн сүүлд шинжилгээнд орсон Жамъянмядаг гэдэг эмэгтэйн зүрх Байдрагт тохирч байна. Бүх шинжилгээ нь ок. Бид яллаа. Эмчээ, одоо хоёул Жамъянмядагтай уулзаж гэрээгээ байгуулая. Тэгэхүү?” гэж туслах эмч баяртайгаар урсгаж өглөө. Чулуунцэцэг эмч “Жамъянмядаг, Жамъянмядаг...” гэж үглэн өрөөндөө нааш цааш хэсэг холхив. Эмч болсоны хэрэг бүтлээ. 20 гаран жилийн хөдөлмөр талаар болсонгүй. Хагалгааны багийг яаралтай хуралдуулая. Хагалгааны дараа Байдраг хурдан илааршаасай гэж Чулуунцэцэг элдвийг бодон сууснаа уртаар санаа алдлаа.
***** *****
Зүрх шилжүүлэн суулгах хагалгааны багийн хурал ид дундаа. Хагалгааг гардаж хийх Ангараг эмч “-Донор болох Жамъянмядаг гэдэг эмэгтэйг энд авчирахгүй яасан юм. Бид энэ эмэгтэйг зоригжуулмаар байна” гэж хурлын даргаас хүслээ. Хуралдааныг даргалж байгаа доктор Шагай Чулуунцэцэг эмч рүү зоримог гэгч нь харсанаа харц тулгарангуут доош харж юм тэмдэглэж байгаа мэт хэсэг суув. Тэгсэнээ “-Донор эмэгтэй ирнээ, ирнэ. Бүгдийг мэдэж байгаа. Юу яасан л даа...” гэж эв хавгүйхэн хэдэн үг хэлсэнээ ахиад л Чулуунцэцэг эмч рүү харлаа. Чулуунцэцэг эмч Шагай доктор луу болохгүй гэсэн дохиогоор нүд ирмэн толгой сэгсрэв. Ангараг эмч “-Нөгөөдөр донор эмэгтэйг хагалгаанд оруулж зүрхийг нь шилжүүлэе! Нэг баг болж байгаа та нарт итгэж байна. Бид эвтэй байхдаа хүчтэй. Тиймээс урагшаа!” гэж чанга дуугаар хэллээ.
Хурлын дараа Чулуунцэцэг эмч хагалгаанд шаардагдах бүх зүйлээ бэлдчихээд Байдрагтай уулзахаар өрөөнийх нь хаалгыг чимээгүйхэн татлаа. Байдраг Чулуунцэцэг эмчийг харангуутаа “-Өө эмч, Би таныг хүлээгээд л байж байлаа. Миний донорыг олчихсон гэж сонссон. Үнэн үү? Эмэгтэй хүн гэлүү? Би уулзах юмсан. Уулзаж болдог юм болов уу? Та завтай байгаа бол жаахан юм ярь л даа. Сая найз охин минь ирээд явлаа. Бид 2 зөндөөн зүйл ярилцсан. Найз охиндоо зориулж
... Хойд насандаа хоёулаа
Хонгорзул цэцэг болж ургая даа
Хосын жаргалыг сэм сэмхэн эдлээд л... гэж шүлэг бичсэн чинь уншаад шөнжингөө уйлсан гэнэ. Сая ирэхээр нь уучлалт гуйгаад ахиж ийм зүйл бичихгүй гээд амалчихлаа. Бас донор олдсон тухайгаа хэлсэн чинь хичнээн их баярласан гээч. Би их аз жаргалтай байна. Баярласандаа болоод дөнгөж сая 4 мөрт бичсэнээ таньд уншиж өгөе, тэгэхүү? эмчээ!” гэж давхраатай алаг нүдээ эргэлдүүлэн хүүхэд шиг шулганаж гарлаа. Тэгсэнээ дэрэн дороосоо нимгэн дэвтэр гаргаж ирэн
...Эрвээхэй цэцгэн дээр суугаад согтдог шиг
Эр хүн цэнгэн дурласан хайрандаа шартдаг юм... гэж уянгалуулан уншсанаа санаа алдан адар ширтэн хэвлээ. Чулуунцэцэг эмч Байдрагыг харан хэсэг сууснаа “-Эмч нь явья даа, ажил ихтэй байгаа. Баяртай” гэж хэлэн гарыг нь атгаж духан дээр нь үнсэв. Эмчийн нүднээс унасан дусал нулимс Байдрагын хацар дээр дуслаа. Байдраг “-Эмчээ, битгий уйл. Хагалгааны дараа би найз охинтойгоо гэрлэнэ. Бид 2 охинтой болно. Охиндоо Чулуунцэцэг гэдэг нэрийг заавал өгнөө. Миний эмч тайван бай. Баяртай” гэж хоолойгоо зангируулан өгүүллээ.
***** *****
“ЭНД МЭС ЗАСАЛ ЯВАГДАЖ БАЙНА” гэж гэрлэн хоргоор хүрээлж бичсэн хаалганы гадаа хөл тавих зайгүй болтол хүмүүс цугларчээ. Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа 10 гаран цаг үргэлжилж байгаа ч дуусаагүй л байна. Айж түгшсэн, догдолсон хүмүүс хагалгаа явагдаж байгаа өрөөний хаалга руу амьсгалаа даран нүд цавчихгүй шахам харцгаана. Цаг орчмын дараа “хагалгаа амжилттай болсон гэсээр” шавилхан биетэй сувилагч бүсгүй инээсээр гарч ирлээ. Айж түгшиж байсан хүмүүсийн нүүрэнд инээвхийлэл тодорцгоож ам амандаа “ашгүй дээ” гэцгээж зарим нь уртаар санаа алдав. Хагалгааны багийнхан уван цуван гарч ирсээр... “-Хагалгаа 12 цаг явагдаж амжилттай дууслаа. Өвчтөний биеийн байдлыг сайн гэж хэлэх арай эрт байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй” гэж Ангараг эмч баяртайгаар цугларсан хүмүүст хандаж хэллээ. Харин Шагай доктор нэг л уруу царайтай харагдав. Тэр цугларсан хүмүүст нэг зүйл хэлэх гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд уруул нь өмөлзсөнөө бушуухан эргээд явчихав. Байдрагын ар гэрийнхэн Чулуунцэцэг эмчийг гарч ирэхийг тэсэн ядан хүлээв. Тэд “-Чука эмч яагаад гарч ирэхгүй удаад байнаа. Арай Байдраг минь... Үгүй байлгүй. Ингэхэд ер нь Чука эмч өглөө харагдсан билүү?” гэж өөр хоорондоо ярилцацгаав.
“-Шагай доктор яагаад юм хэлэх гэснээ болиод уруу царайлаад явчихав. Нэг л юм болоод байна даа, цаана чинь. Ядаж байхад Чука эмч ч харагддаггүй” гэж дунд эргэм насны бүдүүн эр цухалдангуй өгүүллээ.
***** *****
Зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсоноос хойш 6 сар өнгөрлөө. Байдрагын бие ч илааршиж эрүүл шахам болов. Хагалгааны дараа ухаан орсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Байдраг Чулуунцэцэг эмчийг хайсаар байлаа. Шагай доктор уулзах болгондоо л “-Чука эмч нь Америкт сурахаар явсан. 6 сарын дараа ирнэ” гэж хэлдэг байв. Миний хайртай эмч Америк яваад 6 сар өнгөрчихлөө. Яагаад ирэхгүй байнав. Ер нь Шагай доктортой уулзаж Чука эмчийнхээ э-майл хаягыг нь олж холбогдоё гэж Байдраг бодон гэрээсээ гарлаа.
***** *****
Шагай доктор Байдрагыг харангуутаа “-Өө, залуу юу байна даа? Ороод ир. Чи ч олимпод оролцож 100 метрт гүйхээр эрүүл болчихсон байх шив дээ” гэж хүд хүд хийн хоолойгоо шахан инээлээ. Тэр хоёр цаг үе, улс төр, хувийн амьдралынхаа тухай хэсэг ярилцацгаав.
Гэнэт Шагай доктор “-Байдрагаа, чи өнөөдөр эрүүл болчихжээ. Цоо эрүүл гэж хэлэхэд болно. Чиний зүрх одоо ямар ч ачааллыг дааж гарна. Тиймээс эмч нь чамд зүрхээ бэлэглэсэн Жамъянмядаг гэдэг буянтай эмэгтэйн гэрээслэлийг сонсгоё. Тэр эмэгтэй зүрхээ өгөхөөсөө өмнө энэ захиас гэрээслэлээ өөрийн дуу хоолойгоороо уншиж хальсанд буулгасан юм. Миний Жамъянмядаг ч бурхан байсан юм шүү” гэж хэлээд мэгшин уйллаа. Шагай докторыг гэнэт уйлсанд гайхсан Байдраг учраа олохгүй сандран “-Эмчээ, тайвшир даа. Би тэр эмэгтэйн ачийг хэзээ ч мартахгүй. Намайг үхлээс аварсан Жамъянмядаг эгчийн төлөө би заавал буян хийнэ. Шагай эмчээ, би Жамъянмядаг нэртэй сан байгуулж байгаа. Энэ сан надтай адилхан зүрхний өвчтэй хүмүүст туслах зорилготой. Ингэхэд Чука эмч хэзээ ирэх юм. Эмчийгээ Америкаас ирэнгүүт нь би сангийнхаа нээлтийг хийнэ” гэж аргадангуй аясаар намуухнаар шивнэх шахам хэллээ. “-Сан байгуулна гэдэг чинь маш сайн байна. Эмч нь ч бас чамд тусланаа. Чука эмч нь үү?...” гэж Шагай доктор түгдэрсэнээ нүдэнд нь ахиад л нулимс дүүрээд ирлээ. Тэр нулимсаа гарынхаа араар шударч арчсанаа “-За за, эмчийнх нь сэтгэл нэг л тавгүй байна. Хоёул гэрээслэлээ сонсоё доо” гээд гоёмсог хавтастай CD гарган хөгжмөө асаалаа.
“-Сайн байна уу? Байдрагаа! Би чамд зүрхээ өгч байгаа Жамъянмядаг байна. Чи миний дууг сонсоод шууд таниж байгаа биз дээ...”
Байдраг намуухан ярих эмэгтэйн дууг сонсонгуутаа л “-Миний, миний... хайртай эмч Чулуунцэцэгийн дуу байна ш дээ. Жамъянмядаг гэдэг чинь тэгээд Чука эмч байсан хэрэгүү?” гэж чанга асуун Шагай докторыг заамдан авлаа. Шагай доктор улайж бөлзийсөн нулимстай нүдээр Байдрагыг муухай харсанаа хөгжим рүүгээ заан “Чишш!” хэмээн дохилоо. Байдраг юу болж байгааг ч анзаарах тэнхэлгүй Шагай докторын цээжинд нүүрээ наан эхэр татан уйллаа. Тэр хэсэг уйлж байснаа жаал тайвшран гэрээслэлийг үргэлжлүүлэн сонслоо. “-...Байдрагаа, саяханы нэг өдөр чи надтай мандарин хувааж идэж байхдаа амьдрал энэ жимс шиг гоё байхдаа. Би амьд явж амьдралын исгэлэн хэрнээ чихэрлэг гоё амтыг мэдэрмээр байна гэж ярьж байснаа одоо санаж байгаа биз дээ. Эмч нь чамд зүрхээ өгөх донор маш их хайсан. Эцэст нь өөрийнхөө зүрхийг чамд бэлэглэе гэж шийдлээ. Харин аз болоход миний зүрх чамд донор болж таарлаа. Эмч нь чиний идэх дуртай мандариний амт шиг гоё амьдралыг чамд амсуулах гэж зүрхээ өгч байгаа юм шүү. Дөнгөж 20 насыг хүрч байгаа чи амьдралын сайхныг заавал мэдрэх ёстой. Амьдрал хичнээн гоё байдаг гээч. Амьд явах бүр гоё. Энэ бүх гоёуудыг чамд би зүрхээрээ дамжуулж бэлэглэлээ. Миний зүрхийг чи хэзээ ч авахгүй гэж цаараглах учраас би нэрээ Жамъянмядаг гэж нууцалсаныг минь уучлаарай! Намайг зүрхээ чамд өгч байгааг Шагай доктороос өөр хүн мэдээгүй. Хамаг л нууцаа ярьж зовлон жаргалаа хуваалцдаг Ангараг эмчээсээ ч үүнийг тас нуучихсан.
Ямар ч өвчнийг анагаах шидтэй Жамъянмядаг гэж ховор цэцэг байдаг юм. Энэ цэцэг маш ховор хэрнээ их гоё үзэсгэлэнтэй. Байдрагаа, чи эрүүл болсоныхоо дараа заавал Жамъянмядаг цэцгийг олж хараарай. Үүнийг л эмч нь чамд захья. Эмчид нь ярих захих зүйл их байгаа ч ингээд зогсооё доо” хэмээн намуухан ярих Чука эмчийн дуу Байдрагт нэг холдож нэг ойртож сонсогдсоор байв. Байдраг Шагай докторыг тэвэрсэн чигээрээ уйлсаар байлаа. Шагай доктор Байдрагын үсийг нь илбэж үнэрлэсэнээ “-Миний хүү битгий уйл. Манай Чука ч бурхан байсан юм шүү. Амьд бурхан гэж түүнийг минь л хэлнэ дээ. Хамтарч ажилахад хичнээн урамтай байдаг байсан юм бэ?” гэж шивнэн хэллээ. Байдраг Шагай эмчийн яриаг зөвшөөрөн толгой дохиж нусаан шоржигнотол татан нулимсаа арчлаа. Өөртөө зохицсон бие, царай зүстэй, давхраатай алаг нүдээ эргэлдүүлэн байнга инээж явдаг Чулуунцэцэг эмчийн дүр төрхийг Байдраг эргэн саналаа.
Өөрт нь нас нэмж амьдрал хайрласан Чука эмчийнхээ тухай шөнөжингөө бодож нойргүй хоносон Байдраг “Жамъянмядаг” сангаа байгуулахаар өглөө эрт гэрээсээ гарлаа.

No comments:

Post a Comment

Recent Articles