Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэ нь эх орон, байгаль орчноо хамгаалах, мөн экологийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн хэрэгтэй бөгөөд зөв зүйтэй алхамыг эхлүүлж байна. Иймээс ч “Нийслэл таймс” сонин “Нийслэлийн иргэн бүр нэг мод тарья” хэмээн уриалж байгаа юм.
Иргэн бүр эх орон байгалиа хайрлан хамгаалахыг хүсдэг. Харин өөрийн биеэр арчлан хамгаалж хайрлах нь төдийлөн ховор гэвэл буруудахгүй байх. Учир нь бид бусдад ярих хэлэх болгондоо эх орноо бусдаас өмгөөлж, элдэв сайхан бүхнийг сонин хачин болгон ярих дуртай ард түмэн.
Гэтэл ярих зүйл минь улам хомсдож, эх оронд минь ган гачиг жил бүр нүүрлэх боллоо. Үүнийг та ч мэдэж байгаа.
Байгаль, экологи, цаг уурын эрс бөгөөд сөрөг өөрчлөлт нь та бидний эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг өөрчлөөд зогсохгүй өөр олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа нь нууц биш.
Харин энэ цаг үед өөрсдийн хүч бололцоогоороо хувь хүн, албан байгууллагууд санаачилга гарган мод тарьж Монголоо ногооруулахын төлөө зүтгэж явна. Үүний нэг нь “Нэр төр-Эрхэмсэг амьдрал” ТББ, “БОНӨБ-Эрдэнэ холбоо” ТББ, “Арвай-Жин” ТББ нар санаачилгаар “Байгаль-Эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян”-ыг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээнд иргэд хөдөлмөрчид ихэд идэвхтэй оролцсон байна. Тэрээр саяхан уг аяны хүрээнд Дорноговь аймгийн Өндөр Шил суманд 2000 мод суулгаад иржээ.
Нутгийн иргэд ч арга хэмжээг сайшаалтайгаар хүлээн авч сайн дураараа уг ажилд санаачилгатай ажилласан байна. Мөн дээрх ТББ-ынхан өнөөдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргээс эхлээд бүх дүүргүүдэд уг аянаа үргэлжлүүлэн иргэдийн мэдлэгт нь хувь нэмэр болох зорилгоор лекц уншиж, зарим дүүрэг хороодод мод суулгахаар төлөвлөөд байгаа аж.
Үүгээр ч зогсохгүй удахгүй жуулчдын очих дуртай газруудын нэг “Цонжин-болдог”-ийг зорьж, зуун ширхэг модыг суулгахаар бэлтгэл ажилдаа гарсан гэдгээ хэлж байлаа. Иргэд аж ахуй нэгж хөдөө орон нутгаар Монголоо ногооруулахын төлөө гэж хүчин зүтгэж байхад нийслэл хот шороонд булагдаж, шуурганд дарагдсан хэвээр байсаар л байна.
Хувийн аж ахуй нэгж, иргэд хөдөлмөрчид нь өөрсдийн санаачилгаар аян хүртэл зохион байгуулж байхад нийслэл хотын удирдлагууд эрх баригчид хаагуур юу хийгээд, яг яах гээд яваад байна вэ.
Энд тэнд хааяа нэг мод суулгаж байгаа зургаа хэдэн зурагчин, зураглаач нарын дурангаар түмний нүдийг хуурахын оронд ажил хэрэг болговол зүгээрсэн. Модыг суулгачихсан л бол болсон гэсэн шиг дараа нь өөрсдийн суулгасан модоо эргэж очин, арчлан анхаарч болдоггүй юм байх даа.
Мод бол суулгаад ургачих зүйл биш гэдгийг таван настай хүүхэд ч хэлнэ. Эх хүн хүүхдээ төрүүлээд дараа нь асран хамгаалж, өсгөн бойжуулж, насанд хүртэл нь хараа хяналтандаа байлгадагтай адил мод ч бас яг тийм юм.
Зарим хүмүүс мод тарих гэхээр их л нүсэр ажил мэт төсөөлөн, гэр хороололд амьдардаг нэг нь зай талбай хүрэлцэхгүй гэх зэргээр боддог нь буруу юм. Хүн усгүй бол амьдарч чадахгүй шиг мод ч бас усгүй бол амьдралгүй. Хүн бүр мод тарьж, түүнээ арчлан хамгаалах нь нийслэлээ ногооруулах ирээдүйн хөрөнгө оруулалт байх юм.
Заавал том мод тарих албагүй шүү дээ. Өөрт нь ашигтай, шимтэйг нь бодвол жимсний мод ч тарьж болно. Жишээлбэл үхрийн нүд, чацарганын бут тарих хэрэгтэй. Үхрийн нүдний нэг буттай айл жил бүр түүнээсээ 4-5 кг жимс авдаг.
Чацарганы нэг бутнаас 25-30 кг жимс хураана гэж бодохоор мод тарьснаар танд ашигтай зүйл ч их байдаг. Харин ашиг шимийг нь хүртэхийн тулд арчилгаа тордлогоо шаардагдах нь мэдээж. Мөн танд зөвлөхөд жорлонгийн ойр монос таривал цэцэглэхээрээ элдэв үнэрийг орчноосоо зайлуулж байдаг сайн талтай байна.
Энэ мэтчилэн мод тарих нь амьдрах орчин нөхцөлд эерэгээр нөлөөлөх тул иргэн бүр нэг мод тарих нь та бидний ирээдүйн амьдралд үр өгөөжтэй байх болно. Салхинд туугдан шороонд дарагдсан, бохир орчиноосоо салах цаг нь иржээ.
Иймд нийслэлийн иргэн бүр мод тарьж, нийслэл хотоо ногооруулахыг иргэний хувиар уриалж байна.
П.Энхжаргал
No comments:
Post a Comment