Sunday, October 24, 2010

САРНЫ ЦАГААН ЦУС


Эцгээс нь өөр эртэй садарлаж байгаа эхийнхээ бусармаг үйлдлийг хараад тэвчилгүй ээжийгээ сүлбэн амийг нь егүүтгэсэн хүүгээ аав нь борц болтол нь хатааж буг чөтгөр хөлсөө гарган хооллог гэж түшмэддээ тушаал буулгаж байх юм. Энэ бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Сарны цагаан цус” жүжгийн эхлэл. Анхаа бид 2 өнгөрсөн хагас сайн өдөр энэ жүжгийг үзлээ. Хүний хөл татарч мөр нь бүдгэрэн балрах шахсан театр энэ өдөр үзэгчдээр дүүрэн байлаа. Үзэгчдийн ихэнхи нь залуучууд. Тэд жүжгийг үнэхээр кайфтай үздэг болж. Үзэгдэл болгоны дараа нижгэнэтэл алга ташин жүжигчдэд урам хайрлах нь нэг л өвөрмөц соёл мэт санагдаад байснаа нуух юун. Жүжгийн гол дүрд “Хасар” Жагаа гэргий Урнаатайгаа тогложээ. Жагаагийн залуу хатаны дүрийг “Хэцүү анги” киноны Зулаа бүтээж. Энэ дүрд Зулаа маш сайн тоглосон гэж би хувьдаа дүгнэсэн. Тэр нэг их хөөрхөн инээгээд л учраа мэдэхгүй хатан болж жүжиглэж байгаа нь үзэсгэлэнтэй харагдаж байлаа. “Цогт тайж” кинон дээр Монголын сайхан бүсгүй Цогзолмаа гуай Дулмаагийн дүрийг гайхалтай бүтээсэн байдаг. Залуу жүжигчин Ганчимэг Цогзолмаа гуайн энэ дүрээс дутахааргүй дүрээ үзэгчдэд “нааж” чадлаа. Тэр энэ чигээрээ жүжиглэх урлагт гайхалтай мэргэшиж чадвал ирээдүйн “од” яах аргагүй мөн болох нь. Жүжигчин Эби ханхүүгийн дүрийг бас л гайхалтай бүтээсэн байна лээ. Жүжгийн турш би Зулаагийн инээхийг магтаад л. Харин Анхаа Эбигийн дуу хоолой нь ямар гоё юм гээд л дахин дахин яриад суусан. Жүжиг үзэх 2 цаг шахамын хугацаанд би Зулаад, Анхаа Эбид дурлаваа гэж... Жүжгийн төгсгөлд үзэгчид жүжигчдийг уухайлан алга ташилтаар угтаж урам хайрлаж байсан. Өлгүүрээс хувцасаа авах гээд дугаарлан зогсож байгаа хүмүүс бүгд л өөр өөрийнхөөрөө жүжгийг дүгнэн ярьж байгаа нь монголчууд урлагийн гайхалтай мэдрэмжтэй ард түмэн гэдгийг батлах мэт. Хан аав болох “Хасар” Жагаа “Нөмөр болдоггүй толгод, Нөхөж болдоггүй гарз гэж байдаг юм байна” хэмээн Хатаныхаа араас эмгэнэн гашуудаж байгаа нь хайр дурлалдаа үнэнч эрийн дүрийг гайхалтай гаргаж чаджээ. Гайхалтай. Ухаарал, омогшил, гайхшрал хайрласан гоё жүжиг үзэж сайхан кайф авлаа.



No comments:

Post a Comment

Recent Articles