Монголын хамгийн өндөр хүн Рагчаатай би 2002 онд танилцаж байж билээ. Тэр үед Рагчаа 19 настай байсан юм. Сагсан бөмбөгийн лигийн тамирчин болоод удаагүй байсан үе нь. Хамгийн анх л сонин хэвлэлд гарч байсан үе нь тэр байх. Тэр “-Би анх удаа л сонинд ярилцлага өгч байна” гээд хүүхэд зангаараа гар хуруугаа оролдоод л ичингүйрч суусан юм. Түүнээс хойш бид 2 нэлээд дотно танилцаж найзалсан даа. Үе үе намайг сураад л ажлаар “зочилдог” байсан юм тэр. Ирэх болгондоо л нэг сонин хачин ярьчихсан явдаг байж билээ. Нэг өдөр нэлээд бухимдуу орж ирсэнээ “-Нарка ахаа, би ахиж хэзээ ч хошин шогт тоглохгүй. Ёстой муухай юм байна. Гудамжаар ч хүмүүс явуулахгүй инээлдээд байдаг болчихлоо” гэж цухалдангуй ярьж байсан. Би нэг удаа Рагчаад клипэнд тоглох санал тавьж байсан юм. Тэр миний саналыг ихэд уриалгахан хүлээж аваад “Тэгье л дээ, монголд хэрэгтэй түүх болж үлдэх зүйл бол би дүрээ мөнхлөхөд бэлэн байна” гээд ихэд баярлаж би клипэнд хэзээ тоглох вэ? Гээд л дахин дахин утасдаж асуудаг байсан даа хөөрхий минь. Даанч Рагчаа бид хоёр хүсэл мөрөөдлөө биелүүлж амжихгүй явсаар байтал тэр тэнгэрт харавчихлаа. Клипний гол утга санаа нь монголын хамгийн өндөр, намхан хоёр хүний нөхөрлөл үерхэлийг харуулах ёстой байсан юм. Сүүлийн үед Рагчаа “-Миний бие нэг л муу байна. Гэхдээ би сэтгэлээрээ өөдрөг яваа. Миний өсөлт зогсохгүй л байна. Одоо 235 см болоод байна. Энэ чигээрээ “хурд”-тай өсөөд байх юм бол дүү нь удахгүй дэлхийн хамгийн өндөр хүн болно доо. Энэ хүслээ биелүүлчихээд л би тэнгэрт халих байх даа” гэж санаа алдан суудаг байсан юм. Рагчаагийн бас нэг хүсэл нь Америкт хөл тавьж NBA-д тоглох байсан юм. Хэдэн жилийн өмнө түүнд Польшийн сагсан бөмбөгийн лигээс ирж тоглох санал тавьсан юм билээ. Яагаад ч юм Рагчаа Польш явж чадаагүй юмдаг. Энэ өвчнөөс болоод миний яриа их сонин болоод байна. Уг нь би зүгээр л ярьдаг юм ш дээ. Гэтэл сүүлийн үед миний ярьж байгааг хүмүүс ойлгохоо болилоо гээд сэтгэлээр уначихсан явдаг байсан юм. Заримдаа гадаадаас надад ийм ийм саналууд ирлээ гээд л жигтэйхэн баярлаад гүйж явдаг байж билээ. Саяхан нэгэн мэдээллийн цахим хуудсан дээр Рагчааг монголын өмч байсан юм гэж их л зөв онож хэлсэн байна лээ. Дэлхийн хэдэн тэрбум хүмүүст өндөрөөрөө гуравдугаарт бичигдэж байсан энэ хүнийг монголын төр амьд ахуйд нь тусгай хангамж эдлүүлэн харж хандах л байсан юм. Өвчнөөр биш автомашины золгүй ослоор нас нөгчсөн нь монголчуудын хувьд харамсалтай л зүйл боллоо. Америкт очин мэргэжлийн сагсан бөмбөгт хөл тавих, дэлхийн хамгийн өндөр хүн болж Гиннесийн номонд бичигдэх хүсэл мөрөөдлөө Рагчаа биелүүлж чадсангүй тэнгэрт хальчихлаа. Рагчаа хүүхэд шиг гэнэн цайлган инээдээ цацаруулсаар монголчуудаа орхин одлоо.
No comments:
Post a Comment