Thursday, November 11, 2010

УНТАЖ СЭРЭХИЙН ХООРОНД ГЭЛДРЭГСДИЙГ СЭРЭЭН СЭНХРҮҮЛМЭЭР БАЙНА, БИ


Хун шувуу шиг сүргээ даган зорилгогүй нисч би чадахгүй
Хуягандаа нуугдах дун шиг амирлангуй байж би чадахгүй
Эзэндээ дөрлөгдсөн адгуус шиг аяар нь дагаж би чадахгүй
Эргээ дагах голын ус шиг голдрилоороо урсч би чадахгүй
Аз түшинэ хэмээн найдаад гараа хумин тайвшрахыг тэвчихгүй
Ам тангаргаасаа няцаж буцсан гөлгөртэй мөр, тохой зэрэгцэхгүй
Ард иргэдээ аргацаан хуурсан арчаагүй түшмэлийг би дэмжихгүй
Амиа хичээн алийгаа алдсан адгийн тэнэгтэй би эвлэрэхгүй
Уруул даван гарах урамгүй үгсийн санг үгүй хийж халмаар байна
Ууж балартсан эрсийн мунхагийн түйтгэрийг үлдэн хөөмөөр байна
Унтаж сэрэхийн хооронд гэлдрэгсдийг сэрээн сэнхрүүлмээр байна
Уулгалах өстөнтэй хорслоор бус уучлалаар эвлэлдэн нэгдмээр байна
Нүгэлт орчлонгийн бусармаг үйлдлийг нухчин дарахыг хүснэ
Нуруугаа бөгтийтөл амьдралд нухлагдсан элбэрэлт эхийг аврахыг хүснэ
Айл гэрийн аз жаргалын үүдийн түлхүүрийг атгуулахыг би хүснэ
Ариун үйлсийн гэгээн зам мөрийг тодруулах анхдагч болохыг хүснэ
Цэлмэг тэнгэрийн наран мэт мандан бадрахыг хүснэ
Цайвалзан гялалзах оддын хүрээлэнд саран мэт гийхийг хүснэ
Угтах ирээдүйгээ бодитойгоор мэдэрч урган өсөхийг хүснэ
Угтаа би гэрэл гэгээтэй бүхний эхлэл байхыг дээдлэн хүснэ

No comments:

Post a Comment

Recent Articles