Миний унаган багын найзуудыг Хатанбаатар, Ганзориг гэдэг юм. Бид 3 их л багаасаа найзалсан даа. Бидний нөхөрлөл үнэхээр гайхалтай. Бид гурвыг нэг зэлний унаганууд гэхэд болно доо. Дундговь аймгийн Өндөршил сумын төвийн бяцхан сууринд бид хүүхэд насаа өнгөрөөсөн дөө. Бид 3 өдөр болгон уулзана. Уулзаад ангийн охидоос эхлээд сумын төвийн сонин хачин цаашлаад хорвоо дэлхийн түүхийг ам уралдуулан ярьдаг байлаа. Бид 3 алхаад л яриад л явна. Манай гэр сумын төвийн хойд захад Хаткагийн гэр урд захад Ганзогийн гэр төвд. Тэгээд бид 3 бие биенийхээ гэрээр ээлжилж ороод л алхаад явдаг байж билээ. Өдөржин 3-лаа хамт байна. Орой болохоор бие биенээсээ салж чадахгүй. Нэг нэгнээ гэрийнх нь гадна дөхүүлж өгсөнөө буцаад л хамтдаа “буу” халаад алхчихдаг байсан. Ингэж гурван биенээ дөхүүлж өгсөөр байгаад шөнө дөл болгочихдог байж билээ. Бид 3 ангийнхаа спортын арга хэмжээнд манлайлагчид нь байсан. Хатка, Ганзо хоёр урлагийн авьястай. Надад харин урлагийн мэдрэмж байхгүй. Тэгэхээр миний хоёр найз хүүхэд байхдаа анги сургуулийнхаа урлаг спортын од нь байсан байгаа биз. Бид амьдралын эрхээр тус тусдаа байгаа ч үргэлж холбоотой байдаг юм, одоо ч. Хэн нэгэнд минь баяр гуниг тохиолдоход бид 3 хамтдаа байхыг хичээдэг юм. Миний хоёр найз үнэхээр гайхалтай. Мундаг эрчүүд дээ. Би хоёр найзыгаа зэмлэж шүүмжлэх гэхээр магтаалын хамаг гоё үгс л үзэгний үзүүрт орооцолдоод байх юм. Тэгэхээр миний найзууд гоё хүмүүс байгаа биз. Манай Ганзоригийн аавыг Цэвээндорж гэдэг байсан. Өндөршил суманд олон жил сум нэгдлийн даргаар ажилласан мундаг удирдагч хүн дээ. Хатанбаатарын аавыг Бадарч гэдэг байсан. Бас л насаараа дарга хийсэн. Дундговийнхон тэр чигтээ “Хянан шалгахын” Бадгаа дарга гэхээр анддаггүй юм. Бадгаа дарга бичгийн мундаг хүн байсан юм. Би 1994 онд Өндөршил сумандаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдож ажлаа Хатка найзынхаа ааваас хүлээж авч байсан юм. Манай аав бас л насаараа намын дарга хийсэн хүн. Тэгэхээр бид 3 хөдөөний сэхээтэнүүдийн хүүхдүүд байгаа биз. 40 мянгатын дарга нарын хүүхдүүд гэдэг шиг. Одоо бидний аавууд бүгд л бурхны орныг зорьжээ.
Цэнхэр цэнхэр уулс будантайхан л байна
Цээжний гүнээс шүүрс алдуурч гунигтайхан л явна
Цэн хунгийн жигүүр болон үүлэн зүг одсон
Цэл залуу аавуудаа бодоод бид нулимстайхан явж байна
Намар намрын үүлс уйтайхан л байна
Навчис хөглөрөх адил ижий нар минь үймрэнхэн сууна
Начин шонхорын жигүүр болон бурханы зүг одсон
Насан залуу аавуудаа бодоод бид нулимстайхан байна
Ай аавууд минь та нарыгаа бид 3 дурсанхан байна
Бид 3 ямартай ч бурхан болсон аавууддаа буян хурж алдар нэрийг нь өндөрт мандуулан амьдарч байнаа. Дундговийн Өндөршил сум гэдэг нэгэн зэлний унаганууд болцгоосон хоёр андынхаа тухай дурсамжаа үүгээр өндөрлөе дөө.
Наркаа, танай 2 найзын тухай мэднээ. Чи дандаа л 2 найзынхаа тухай ярьдаг байсан ш дээ.
ReplyDelete