Би 2011 оныг тэсэн ядан хүлээж байсан юм. Миний хүлээж байсан он хүрээд ирлээ. Би энэ онд их ажил амжуулахаар төлөвлөсөн юм. Юутай ч хүсэн хүлээж байсан он хүрээд ирсэн болохоор би цаг хугацаатай уралдан ажлаа амжуулах л үлдлээ. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын нэг нь “ЧИНГЭС ХААНЫ ЭЛЧ” дэлхийг тойрох аялал. Энэ аяллыг хийх гэж би сүүлийн 4 жил бодож төлөвлөсөн юм. Сүүлийн үед хүн болгоны сэтгэлийг дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, цөлжилт, элсний нүүдэл зовоож байна. Чимээгүй гамшигаас яаж гарах арга замаа хайж дэлхий нийтээрээ “эрэл хайгуул” хийж байгаа энэ үед би “ЧИНГЭС ХААНЫ ЭЛЧ” аяллыг хийхээр зориг шулуудаад байна. Манай аяллын багт Улаанбаатар дээд сургуулийн ХАА-н тэнхэмийн багш, ойн инженер, докторант Д.Сүхбат, Боловсрол мэдээллийн төвийн багш, магистр Д.Отгонсүх нар багтаж байгаа. Бид гурав Ази, Африк, Европ, Австрали тивийн 52 орноор нэг жил нэг сарын хугацаатайгаар аялахаар төлөвлөөд байна. Манай аяллын ерөнхий зохион байгуулагчаар аялал жуучлалын “Dos Gallos” компани ажиллаж байгаа. Энэ компаний захирал Ц.Хашчулуун өөрөө аялах дуртай нэгэн юм билээ. Тэр Антриктидаас бусад бүх тивийн 200 гаран орноор аяласан гэсэн. Ц.Хашчулуун захирал уг нь бидэнтэй хамт аялах байсан ч Монгол болон Америк дахь компаний бизнестээ анхаарлаа хандуулах болоод энэ удаад аялах боломжгүй болсон ч бидний аяллын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Тэртээх 13 зуунд Чингэс хаан дэлхийн талыг эзэлж байсан бол үр сад нь болсон бид өнөөдөр эзэн Чингэсийнхээ элч нь болон дэлхийг тойрох гэж байна. Бид энэ удаад улс орнууд дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байгаа туршлагыг судлан хамтрах, монголын цөлжилт, элсний нүүдэл, шар шороон шуургыг бууруулах сааруулахад хүн төрөлхтөн хамтдаа тэмцэхийг уриалж “ЧИНГЭС ХААНЫ ЭЛЧ” дэлхийг тойрох аяллыг зохион байгуулж байна. 2011 оны 2 дугаар сардаа бид багтаад аялалдаа гарахаар төлөвлөж байгаа. За тэгээд аяллынхаа явцын тухай сонин хачинаас блог уншигчиддаа байнга хуваалцаж байнаа. Бид 3 монгол хувцасаараа гангаран дэлхийг тойрох гэж байна. Эрхэм уншигч та бидний аялалд саналаа нэмэрлэн сэтгэгдлээ илгээгээрэй. Өнгөрсөн жил эхэлүүлсэн “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-999”-өө ч энэ жил бас үргэлжлүүлнэ. Ингээд хүсэн хүлээсэн 2011 ондоо ихийг амжуулахыг бодон төлөвлөж байна даа. Миний ивээл туулай жил бас энэ онд тохиож байгаа учраас хийж байгаа болон хийх гэж байгаа ажлыг минь ивээнэ гэдэгт найдаж байна.
No comments:
Post a Comment