Би дандаа элит найзуудтай гээд хэлчихбэл дэндүү онгирсон болдог юм болов уу. Гэхдээ үнэн болохоор онгироо гэж хэлүүлсэн ч яахав. Энэ олон элит найзуудын минь нэгийг нь Г.Амар гэдэг юм. Нэр шигээ л амар амгалан амьтан байгаа юм даа, миний найз ч.
Г.Амар бид хоёр 1990 оны намар анх танилцаж байсан юм байна. Тэр үед би Анагаахын дээдийн 1-р курсын оюутан болж дотуур байранд амьдарч байлаа. Нэг өдөр хамт амьдардаг өрөөний залуу гаднаас нэлээд түгшсэн байртай орж ирсэнээ сангийн аж ахуйгаас ирсэн дээд курсын ах нар өрөөнүүдээр явж байна гэж амьсгаагаа давхцуулан хэлж бараг дуусаагүй байтал 5-6 залуу өрөөнд ороод ирлээ. Тэдний дунд толгойгоо боосон дунд зэргийн нуруутай шар залуу байсан нь Амар байсан юм билээ. Энэ цагаас хойш би дээд курсын ах “атаман” Амартай найзалж эхэлсэн дээ. Г.Амар оюутан байхдаа үнэхээр атаман байсан юм ш дээ. Хичээл таслана, архи ууна, зодоон хийнэ, хүн зодно... ер нь Амараас болохгүй зан болгон гардаг байсан юм. Гэхдээ миний найз “атаман” зантай ч маш ухаантай оюунлаг оюутан байсан. Тэр хичээлд бараг суухгүй тэгсэн хэрнээ шалгалтанд орохдоо дандаа онцсайн аваад л гараад ирдэг “сийрэг” толгойтон байсан.
Тэгэхэд Г.Амарын курсынх нь оюутнууд хичээлээ өдөр шөнөгүй уншаад л байсан хэрнээ шалгалтандаа уначихдаг байж билээ. Одоо миний найзыг харсан хэн ч тийм атаман залуу явсан гэхэд итгэхгүй дээ. Нэг л сайхан намбатай цагаан толгойтой эр хүүхэд үзээд л зөөлөн зөөлөн дуугаран зөвлөгөө өгөөд л сууж байгаа “хийгүй” эрийг мэддэг хүмүүс нь л чи ингэж өөрчлөгдөх гэж дээ хэмээн гайхаж шогшордог юм. Ингэж өөрчлөгдөж чадна гэдэг нь ухаантай хүний зан л даа. Миний найз үнэхээр ухаантай шүү. Ярьж байгаа үг нь нэгийг бодогдуулж хоёрыг санагдуулдаг гээч. Миний найз анагаахын дээдийг төгсөөд хөдөө суманд 10 гаран жил эмчээр ажиллаж байгаад одоо эх нялхст хүүхдийн эмчээр ажиллаж байна. Хааяа найз дээрээ очоод уулзаад сууж байхад “Таньд л үзүүлье, хүүхдээ. Өөр эмчид үзүүлэхгүй” гэж ирж байгаа хүмүүстэй тааралдаж байхдаа найзаараа бахархаж сууж байснаа нуугаад яахав.
Зовох цагт өргөөд босгох нь миний найз
Зориод очиход тосоод угтах нь миний найз
Гунисан цагт сэтгэлийг минь сэргээх нь миний найз
Гутарсан үед минь итгэл өгөх нь миний найз
Задарч явахад ухаарал хайрлах нь миний найз
Зангаа олохгүй төөрч явахад минь намайг гээд ирэх нь миний найз
Уурлаж бухимдсан үед минь уучлалт гуйгаад ирэх нь миний найз
Ганц сайхан үгээр дутаж явахад минь
Гарцаагүй тэр үгийг онож хэлдэг нь миний найз Г.Амар юм шүү
Сайхан түүх байна. Гэхдээ элит гэдэг зүйл Монголын нөхцөлд тийм таатай сонсогдохгүй байна.
ReplyDelete