Saturday, April 23, 2011

ДҮРВЭГЧ АНД


Өвөрмонголын тэрс үзэлтэн Батзангаагаас ярилцлага авсанаас хойш миний фэйсбүүкэнд маш олон өвөрмонголчууд холбогдож би бүгдтэй нь найз болчихлоо. Монголд амьдардаг Өвөрмонгол залуутай фэйсбүүкний найз болсоноосоо хойш хэд хэдэн удаа уулзалдаж бас утсаар ярилцаж нэлээд дотно нөхөрлөх болсон. “Монголын нууц товчоо”-ноос эхлээд Монголынхоо түүхийг гайхалттай мэддэг ухаалаг яриатай энэ залуу Улаанбаатарт ирээд нэлээд хэдэн жилийн нүүрийг элээсэн юм билээ. “Миний Монгол, бидний Монголчууд” гэж ам нээх бүртээ хэлдэг үндэсэрхэг энэ эрийн ярианы санд байдаг нэг л үг нь надад таалагддаггүй юм. Тэр нь дүрвэгч гэдэг үг. Миний үгийн санд байдаггүй энэ үгийг би анх сонсоод яг үнэнийг хэлэхэд нэлээд цочирдсон шүү. Тэрээр яриандаа “-Над шиг нэг муу дүрвэгч, Би зүгээр л нэг дүрвэгч ш дээ” гэж өөрийгөө голох нь хачирхалтай. Би түүнийг дүрвэгч гэхгүй. Харин ч эсэргээр нь улс, үндэстэнийхээ төлөө тэмцэгч гэж нэрлэмээр байхым. Хятадын бодлогыг эсэргүүцэн Өвөрмонголчуудаа Монголоор нь авч үлдэх гэж товчхоноор хэлэхэд Монгол цусаа булингартуулахгүй цэвэр ариун байлгах гэж тэмцэж байгаа түүнийг эзэн Чингэсийн удамт ХААН ухаант, зориг зүрхтэй эр хүн гэж “тоохоос” өөр аргагүй байгаа биз дээ. Аав ээж, ахан дүүс, төрж өссөн нутаг усаа санагалзан нүдээ “чийгтүүлэн” нулимсаа сэмхэн арчиж яваа тэмцэгч анд минь “дүрвэгч” гэдэг дорой үгээ үгийн сангаасаа хасахыг хичээгээрэй. Дэлхийгээр нэг тархсан Өвөрмонголчууд минь өөрсдийгөө дүрвэгч гэж битгий голж байгаарай. Та бидний судсаар Эзэн Чингэсийн цус урсаж байна. Босоо заяатай Чингэсийн удамт Монголчууд сүрлэг, хийморьлог, хүчирхэг, ухаалаг явсан түүхийг дэлхий даяараа шагшин магтдаг. Өөрсдийгөө голон дорой амьдарч байсан түүх Монголчууд бидэнд байхгүй. Дүрвэгч гэсэн үгнээс татгалзан бүх Монголчууд минь Чингэс ухаантан болж дэлхийд суу алдраа мандуулцгаая!

No comments:

Post a Comment

Recent Articles