Tuesday, June 14, 2011

ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!







“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аянг Монгол орон даяар өрнүүлээд 2 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв, Завхан аймгийн 32 сум болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд улиас, хайлаас, шар хуайс, монос, гүйлс, голт бор, агч, чацаргана, үхрийн нүд зэрэг 10 гаран төрлийн 32 857 ширхэг мод тарилаа. Монголынхоо цөлжилтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бидний хувьд жил хагасын хугацаанд 30 гаран мянган мод тарина гэдэг чамлахаар тоо биш шүү. Бас тарьсан моднуудын амьдрах чадвар, ургалт нь 80%-тай байгаа нь биднийг баярлуулж байна.
Дэлхийн зулай болсон монгол орон минь цөлжиж байгаад бид санаа зовнин шагширан дээр дооргүй ажиллаж байгаа ч босоо заяат, тэнгэр үзэлт монголчууд бидний оюун тархи цөлжиж байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Манай аяныхан ч байгалийн цөлжилттэй тэмцэхийн хажуугаар оюуны цөлжилтийг сааруулахыг хичээн иргэдэд лекц, яриа таниулга хийж явна. Хөдөөгийн сум, багуудад очиж ажиллахад зуд, ганд малаа барж амьжиргааны эх үүсвэрээсээ салсан өрхийн тэргүүн болсон залуучууд толгой гудайлган газар ширтэн суухад хажууд нь эхнэр нь “Банкны өр зээлэнд баригдан дарамтнаас нь гарч чадахгүй нь” гэж үглэж суугаа нь ажиглагддаг юм. Тэд манай аяны “Арвай жин” ТББ-ын тэргүүн П.Анхтуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш, ойн инженер, докторант Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг, “Баянгол” нөхөрлөлийн тэргүүн, “Энх цагийн эгэл баатар” Ганхуяг нарын ухаалаг яриаг сонсоод ёстой л гэгээрдэг дээ. Хэдхэн минутын өмнө л толгой гудайлган “Бидэнд юу ч яриад хэрэггүй дээ” хэмээн гуниглаж байсан залуус “Одоо тэгээд яахуу? Энэ модыг тарьж үзье, хамтарч ажиллий л даа, та нар ахиад хэзээ ирэх юм” хэмээн яриа өдөн хоргоож эхэлдэг юм. Бид эмэгтэйчүүдийн хорих анги дээр очиж тэнд ял эдэлж байгаа бүсгүйчүүдтэй уулзан “Манай аяныхан та нартай хамтарч ажиллана, Та нарын тарьсан модыг бид монгол орон даяар тарина. Тэгэхээр та нар үйлдсэн нүглээ түр наминчлаад энэ үрийг маш сайн арчилж тордоорой” гэж хэлээд 3 кг чацарганы үрийг бэлэглэлээ. 300 гаран эмэгтэйчүүд бидний санаачлагыг дэмжин бүгд уухайлан түрлэг өргөж зарим нь бүр нулимс дуслуулж байгаа харагдсан. Гэтэл 3 хоногийн дараа хорих ангиас залгаад “Та нар ирж чацарганы үрээ буцааж аваа, манайд талбай байхгүй, хэрвээ та нар манай газар дээр мод үрээр тарих гэж байгаа бол бидэнд мөнгө төл” гэсэн хачин болзол тавьдаг юм байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй шоронгийн хянагч бүсгүйтэй бид маргалдахыг тухайн үедээ хүсээгүй л дээ. Энэ мэтчилэнгээр бид бага бага саадуутай учирж байсан л даа. Гэхдээ бид зорьсондоо хүрэхийг хичээж л явна. Бид аянаа монгол орны хамгийн их цөлжилттэй газрын нэг Дундговь аймгийн Өндөршил сумнаас эхэлсэн юм. Манай аяныхны ажлыг ойлгож дэмжсэн тус сумын иргэд мод тарих гээд бүгдээрээ ирсэн шүү. Тэд модоо тарингаа “Үлэмжийн чанар”-ыг дуулцгааж байгааг хараад С.Тунгалаг эгч “Ямар гоё юм бэ? Өчигдөр уулзахад энэ залуус мод тарих ямар хэрэгтэй юм. Манай энд тэгээд ч мод тариад ургадаггүй юм гэж уурлаж байсан ш дээ. Бид энэ залуусын тархинд оюуны модны үрийг суулгаж чадсан байна. Би 20 гаран жил мод тарихдаа ингэж сэтгэлээсээ дуулцгааж мод тарьж байсан хүмүүсийг харж байсангүй. Бид маш зөв ажил санаачиллаа” хэмээн хоолойгоо зангируулан баярлан зогсож байсан юм. Үнэхээр л Тунгалаг эгчийн хэлснээр энэ нутагт тарьсан бидний 2000 мод маш сайхан ургасан шүү. Гараагаа бид ийм сайн эхэлсэн болохоор бидний бариа сайн байх нь мэдээж. Бид өнгөрсөн жил гарны хугацаанд 30 гаран мянган мод тарихдаа нэг ч дарга эрхмийн өрөөний хаалгыг татаж төсөл болон санхүүжилт гуйгаагүй. Ёстой л өөрсдийнхөө бор зүрхээр бүгдийг болгосон доо. Утга авцалдаа муухан энэ нийтлэлийнхээ төгсгөлд хүн бүр тарьсан модоо арчилж ургуулахын төлөө амьдарцгаая. Монголчууд бүгдээрээ тархины цөлжилттэй тэмцэж оюуны хурыг бие биедээ бэлэглэж хэвшцгээе гэж уриалмаар байна. ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

2 comments:

  1. Setgel sergej uram orloo odoo bid delhiid gaihagdahaar saihan tsetserlegt hureelen hiih dutaj baina.

    ReplyDelete

Recent Articles