Sunday, June 12, 2011

ФЭЙСБҮҮК ЧАМД БАЯРЛАЛАА



Би бусдыг бодвол фэйсбүүктэй хожуу найзалсан л даа. Фэйсбүүктэй нөхөрлөөд 4 сар гаран л болж байна. Фэйсбүүкийн ачаар Японд амьдардаг мэргэжлийн тулаанч охин, Германд ажилладаг зураач эр, Энэтхэгт сурч байгаа хуварга залуу, Солонгос болон Америкт амьдарч байгаа монголчууд, дэлхийгээр нэг тархан суурьшсан Халимаг, Тува, Хазара, Буриад, Өвөрмонгол... гээд 400 шахам хүмүүстэй найз болчихлоо. Сайхан байна, үнэхээр сайхан байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ болон Засгийн газрын гишүүд бас алдар суугаа дэлхийд мандуулж яваа монголчууд болон дэлхийн алдартай урлаг спортын одод гээд маш олон хүн миний найзууд ш дээ. Монголд болон дэлхий дахинд юу болж байгааг би фэйсбүүк рүү ороод л мэдчихдэг болсон. Өмнөх шигээ нэтээр тэнээд л сайт ухаад явахаа больсон доо. Тэгээд л уншсан мэдсэн дуулсанаа найзууддаа ярихаар тэд “Чи энэ бүхнийг хаанаасаа яаж мэддэг юм бэ?” гэж асуудаг юм. Тэгэхээр нь би фэйсбүүкнээс гэж хариулдаг юм. Тэд “Чи фэйсбүүкийг бүрэн дүүрэн ашиглах юмаа. Бид фэйсбүүкээр зүгээр л тоглодог юм ш дээ” гэцгээдэг юм. Германд амьдарч байгаа улс төр судлаач Саруулын АЦС-ын тухай болон цөмийн хаягдлын шаарыг Монголд булуулахгүй гэж тэмцэн бичиж байгаа зоригтой үгс, үнэтэй саналуудыг, Дарханд амьдардаг Даш Ирагийн ухаалаг зөвлөмжүүд, Солонгос болон Японд амьдардаг Калвин Буугий, Билгээ Пүрэвбаатар нарын эх оронч сэтгэгдлүүд, Японд амьдардаг Өвөрмонгол залуу Хувьсгалт Хэрэйд, Эрхэмбилэг Чойжамц Боржигон нарын Өвөрмонголчуудынхаа төлөө тэмцэж байгаа хурц үгс, дайчин зан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын төр засгийн бодлого шийдвэр болон жендэрийн тухай мэдээллүүдийг би фэйсбүүкнээсээ хамгийн түрүүнд шүүрэн уншдаг. Эдний бичлэгүүд дотор “олз” заавал байдаг юм. Ааа бас Арслангийн шуурхай мэдээллүүд ч надад их хэрэг болдог юм ш дээ. Миний таньдаг хэн ч биш худалч гарууд фэйсбүүкээр өөрийгөө “од”болгон том том зүйлс бичин таахалзаж байхтай нь би хэд хэдэн удаа тааралдсан шүү. Үнэн дүр төрхийг нь хэлэн сэтгэгдэл үлдээхэд тэд ичсэндээ намайг найзаасаа хасчихсан байсан нь инээдтэй. Бодож санаж яваагүй хүмүүстэй минь танилцуулан уулзуулж байгаа фэйсбүүк чамд баярлалаа. Шинэ соргог санаа, ажиллах эрч хүч байнга өгч “амин дэм” болж яваа фэйсбүүк чамайг алдаршуулан магтан дуулья!

No comments:

Post a Comment

Recent Articles