Sunday, September 5, 2010

ЗУНЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Гол дээр очиж усанд хэвтэж наранд биеэ шарах үнэхээр гоё амралт болж ядаргаа тайлагддаг юм билээ.


Нэг л мэдэхэд зун дуусаад намрын сэрүүн эхэлчихлээ. Энэ зуныг ч би их гоё өнгөрөөлөө дөө. Би ингэхэд 40 хүртэлээ амралтанд цөөхөн амарч үзсэн байх юм. Гол руу бараг очиж үзээгүй байгаам даа. Харин энэ зун амралт гол хоёр руу үе үе “шилэрээд” зуныг сайхан л өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан гэдэг Засгийн газрын том шагналыг гардаж авлаа. Санаандгүй явж байгаад гэнэт дуудагдаад Боловсролын сайд н.Отгонбаяраас энэ шагналыг гардаж авахдаа яг үнэнийг хэлэхэд би “ичсэн” шүү. Хүмүүст би ийм шагналаар шагнуулчихлаа гэж хэлэхээс ичээд байлаа. Гэтэл найз нөхөд бие биенээсээ сонсоод баяр хүргээд бөөн л юм боллоо. Одоо ч гэнэт гэнэт СТА-ы угаалгаа “сэм” хийсээр л явна. Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэхийн сацуу соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн үнэлэмж нь миний энгэрт гялалзах СТА-ы тэмдэг аж. Би 5 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” шагналыг аваад маш их баярлаж байж билээ. Би тэр үед сэтгүүлчдийнхээ халуун тогоонд нь чанагдаж дунд нь ажиллаж байсан болохоор ур чадвараараа тэдэнтэйгээ өрсөлдөж, үзэлцэж байж эрийн сайндаа, чадлаараа энэ шагналыг авсан болохоор маш их баярлаж байсан л даа. “Ган үзэгтэн” энэ шагнал надад чихэр шиг амттай байсан ч бас давс шиг гашуун ул мөрийг надад үлдээсэн дээ. Гэтэл түүнээс том шагнал Соёлын тэргүүний ажилтан гэдэг эрхэм цолыг хүртчихээд нэг их баярласангүй. Гэхдээ би найзууддаа баярлаж байгаа. Сайхнаа найз намайг шагнуулсныг сонсоод л шууд амралтанд авч явж цолны угаалгыг “зад” хийсэндээ. Бүр миний санаанд оромгүй гоё газар намайг аваачиж амраалаа. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар “Гүн галуутайд” намайг аваачсанд найздаа маш их баярлаж байгаа. Ингэхэд би Сайхнаадаа баярлалаа гэдэг үгийг нэг сайхан сэтгэлд нь хүртэл хэлээгүй л байгаагаа нуугаад яахав. Би Сайхнаагийнхаа буянаар энэ зуныг амьдралдаа үзээгүй гоёор өнгөрөөлөө ш дээ. Байн байн гол руу яваад л... Өвдөгнөөсөө дээш усанд хөлөө дүрж үзээгүй говийн би энэ зуны нарлаг өдрүүдийн цөөнгүйг голын хөвөөнд өнгөрөөсөн минь гайхалтай дурсамж болон үлдлээ, надад.



No comments:

Post a Comment

Recent Articles