Монгол телевизээр нэг хэсэг “8 дахь аялгуу” гэдэг цэнгээнт нэвтрүүлэг гардаг байсныг блог уншигчид сайн санаж байгаа байхаа. Энэ нэвтрүүлэг гардаг өдөр ихэнхи хүмүүс цаг заваа алдан яг л Солонгос кинонд дурладаг шиг “хуйлран” цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухладаг байсан даа. Үзэгчдийг байлдан дагуулдаг энэ нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм миний сайн найзуудын нэг байгаа юм. Бид хоёр нэлээд олон жилийн өмнө танилцаж түүнээсээ хойш сайхан нөхөрлөсөн дөө. Доогий их тусч, ухаантай, сэргэлэн эр байгаа юм. Миний амьдралын жаргал гэхээсээ илүүтэй зовлонтой ганцаардаж байх үед дэргэд минь Доогий л байж сэтгэлийн дэм өгдөг байсанд би их баярлаж явдаг юм. Бид хоёр хамтдаа урлагийн олон арга хэмжээг зохион явуулсан даа. Бид хоёр нэг удаа эмэгтэйчүүдийн хорих ангид буяны арга хэмжээ зохиион байгуулж урлагийн бэсрэг тоглолт явуулсан юм. Би ажил гээд зав ер болдоггүй. Доогий бүх зүйл бэлэн гээд хээв нэг алхаад байдаг. Тэгсээр байгаад өглөө нь гэнэт Дуурийн хэдэн дуучинг утасдаж дуудаад л хорих руу явлаа. Хорихын жижигхэн клубын ар талд Доогий нөгөө хэдэн дуучиддаа “-Одоо тэгнэ ингэнэ. Үүний дараа Наранхүү дуулна, түүний дараа Батболд Цэнджав хоёр гарна шүү” гэж хэлээд арга хэмжээнийхээ хөтөлбөрийг дорхноо гаргаж байгаа харагдсан. Би ямар л юм болох болдоо гэж дотроо эмээсээр... Гэтэл арга хэмжээ эхлээд л дуусан дуусталаа үнэхээр “тасархай”. Хоригдол бүсгүйчүүд ч бөөн баяр. Амьдралдаа ийм гайхалтай арга хэмжээ үзсэнгүй гэж нэг хэсэг нь баярлан нулимс дуслуулж байгаа харагдсан. Тэр үед би найзаараа үнэхээр бахархсан даа. Миний найзыг Гүрбазараас эхлээд Монголын томчууд болох акул хөтлөгчид их тоодог юм ш дээ. Тэд өөрсдийнх нь залгамж халаа гэж Доогийг үнэлж, хардаг юм билээ. Тиймдээ ч Гүрбазар өөрийнхөө гавъяатын найрыг Доогийгоор хөтлүүлж байхав дээ. Би хаана ч хэний ч өмнө найзаараа бахархаж бардамнан онгирдог юм. Гэтэл сүүлийн үед найз минь нэг л гундуухан яваа сурагтай. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гээд болдоггүй. Гэтэл өчигдөр гэнэт Доогий залгаж байнаа. Бид хоёр ойрд холбогдоогүй болохоор бие биенийхээ сонин хачин, амьдралын тухай хүүрнэлдлээ. Түүний яриа нэг л дорой болчихож. Урьдны эрч хүч гал цог юу ч байхгүй. Би сурсанаараа жаал үгэллээ. Доогий зөндөөн зүйлийн тухай ярьж ярьж байсанаа “-Найз нь тун болохгүй бол гадагшаа гарая даа. Нэг жил усанд хаясан чулуу шиг алга болдог юм билүү гэж бодож байна” гэж ярих юм. Уг нь миний найз ийм дорой эр бишсэн дээ. Түүний толгой, оюун ухаан гадаадад гарч “боол” болтолоо доройтоогүй л байх ёстой. Түүнд маш их ирээдүй бас маш том боломжууд байх ёстой. Доогий тархиа ухаж амьдрах ёстой хүн. Эрдэнэсээр дүүрэн тархиа тэр яагаад хөсөр хаяж байгаа нь сонин. Би ухаантны удамт найздаа санаа зовж байна. Тэр хэзээ ч дорой явах эр биш. Доогий монголдоо байтугай дэлхийд нэр алдраа дуурсгаж чадах алдартан. Гэтэл найз минь яагаад ингэж гутруу зутруу явна вэ? Найз минь миний блогоор зочилж өөрийнхөө тухай уншаарай. Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг дээ. Доогий, чамд их ирээдүй бий шүү. Чиний ирээдүй гэрэлтэж байгаа. Чиний цаг ирсэн шүү. Өнөөдрийн энэ өчүүхэн зовлон чиний маргаашийн аз жаргалын хаалгыг цэлийтэл нээх түлхүүр чинь шүү. Ганцхан би биш анд найз нар чинь, ахан дүүс чинь цаашлаад Монголын ард түмэн чамайг харж байна шүү. Урагшаа ДООГИЙ.
No comments:
Post a Comment