Sunday, June 5, 2011

ГАР БАРИЛЦАН МЭНДЧИЛЭХ НЬ АСАР ОЛОН СӨРӨГ НӨЛӨӨТЭЙГ МОНГОЛЧУУД МЭДДЭГ УЧРААС ХӨӨРӨГ СОЛИЛЦОН МЭНДЭЛДЭГ БАЙЖЭЭ


Сүүлийн үеийн залуус мэндэлж ч чадахаа больжээ гэж аав ээж 2 минь байнга халагладаг байсан юм. Одоо ч ээж, тэр хачин хүн шүү хэлээд байхад л мэндэлж чадахгүй “данги уу?” гэх юмаа. Дээр үед гянданд хоригдож байсан шилийн сайн эрс бие биенийхээ амьд байгаа эсэхийг шалгаж “данги уу” гэж дохио хэл авалцдаг байсан юм гэнэлээ. Гэтэл тэрнийг нь мэндийн үг болгон хэрэглээд байхым хэмээн халаглаж суудаг юм. Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгоны “МОНГОЛЧУУДЫН ГЭГЭЭРЭЛ” номыг уншиж суухдаа үнэхээр л бид мэндэлж чадахаа байсан ард түмэн болжээ гэж бодлоо. Доктор З.Бат-Отгон Монголчуудын уламжлалт мэндчилгээний талаар ингэж бичсэн байна. Сүүлийн үед Монголчуудын мэндчилгээнд гар барих, толгой дохиж мэндлэх ёс гаднаас нэвтэрчээ. Европ чиглэлийн гаралтай баруун гараа барьж мэндэлдэг ёс нь надад буу байхгүй гэдгээ илтгэж алгаа дэлгэн харуулж байгаа утгатай ажээ. Ингэж баруун гараа барин мэндчилэхэд хүнд асар олон сөрөг нөлөөтэйг Монголчууд мэддэг байсан учир тэрхүү мэндчилгээг таалдаггүй байсан байна. Учир нь, 1-рт: Хүн энергийг баруун гарынхаа алгаар авч зүүн гарынхаа алгаар гаргадгийг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон байна. Хоёр хүн баруун гараа атгалцсанаар хоорондоо энерги мэдээллийг солилцоно. Муу энерги мэдээлэлтэй хүнтэй гар баривал муу энерги мэдээлэл авна.
2-рт: Жирмэсэн эмэгтэйчүүд баруун гараа барилцах буюу золгоход хэвлий дэх хүүхдүүдийнх нь хүйс өөр өөр бол хүйсний долгион буюу хүйсний мэдээлэл нь солигддог байна. Үүнийг Монголчууд хүүхдийн хүйс солигдох гэж ярьдаг. Яг үнэндээ эрэгтэй байж байгаад эмэгтэй, эмэгтэй байж байгаад эрэгтэй болдоггүй бөгөөд хүйснийх нь мэдээллийг агуулагч долгион нь солигддог байна. Тийм учраас хүйс нь эрэгтэй хэрнээ зан ааш нь эмэгтэйлэг, эмэгтэй хэрнээ зан чанар нь эрэгтэйлэг төрдөг байна. Үүнээс болоод ижил хүйстэн гэж адлагдаад гадуурхагдаад байдаг хүмүүс бий болдог байна.
3-рт: Мөн баруун гараа атгалцаж мэндчилэхэд жирмэсэн эхийн хэвлий дэх хүүхдүүдийн хүйс нь ижил байх тохиолдолд хүйсний мэдээллийн долгион биш удамынх нь мэдээллийн долгион солигддог байна. Ингэснээр эцэг эхчүүд өөрийн удмын бус өөр удмын зан чанартай хүүхдийг хүмүүжүүлэх болдог байна. Зарим эцэг эх үр хүүхдээ “Энэ ёстой манай удамд байхгүй зантай шүү” гэж хэлж ярьж байх нь тааралддаг. Энэ нь удмын мэдээлэл солигдсоны шинж юм. Энэ бүхнийг мэддэг байсан Монголчууд энергий мэдээллийн ямар нэг зөрчилд орохгүйн тулд баруун гараа зүүн энгэртээ авч бөхийн мэндчилдэг байна. Гэхдээ баруун гарын бугалга аймхай буюу аюулхайтай давхцан байрлах ёстой. Далд ертөнцөөс илгээгдэж ирдэг хүний оюун ухаан буюу мөн чанар нь цээжний хөндийд аймхай буюу аюулхай дээр оршдог учир баруун гарын бугалга аймхай буюу аюулхайтай давхцсанаар хүний мөн чанарыг хааж өгөх бөгөөд энэ нь хүний оюун ухаан буюу мөн чанар хэний ч өмнө бөхийх ёсгүйг хэлж өгнө. Япон, Солонгосчууд хүнтэй мэндчилэхдээ мөн чанараа хаалгүй бөхийдөг бөгөөд энэ нь тэр хүн цогцсон биетэйгээ, оюун ухаантайгаа, юутай хээтэйгээ цаад хүний өмнө бөхийж байгаа хэрэг юм. Харин Монголчууд мөн чанараа баруун гараараа хааснаар цаад хүн хэн ч байсан түүний өмнө зөвхөн цогцсон биеэрээ бөхийж байгаа хэрэг юм. Монголчуудын мэндчилгээнд гүн утга агуулагдаж байдаг нь эндээс харагдаж байна. Мөн Монголчуудын дунд хөөрөг барин мэндчилдэг ёс өргөн дэлгэр тархсан нь бас л нарийн учиртай аж. Хөөргийг гангараа гэхээсээ илүүтэйгээр бусадтай энергийн зөрчилд орохоос сэргийлж болгоомжлон хэрэглэдэг юм байна. Өөрөөр хэлбэл гарын алгаар энерги, хүйсийн мэдээллийн долгион, удмын мэдээллийн долгион солигддог тул түүнээс хамгаалж алгандаа хөөрөг барин хаадаг байна. Төрийн хаан, өндөр түвшний ноёд, түшмэд харь оронд төрийн айлчлал хийх, гэрээ хэлэлцээр хийхдээ хөөргөө гартаа бариад сууж байдаг байсан байна. Энэ нь элдэв оюун санаанд нөлөөлөх гэсэн оролдлого болон ховс, энергийн үйлчлэлээс хамгаалдаг хамгаалалт болдог байжээ. Тиймээс Монголчууд хөөргийг эр эм гэлтгүй өргөн хэрэглэдэг байжээ.
“МОНГОЛЧУУДЫН ГЭГЭЭРЭЛ” номонд мэндчилгээний уламжлалыг ингэж бичсэн байна. Тиймээс бүгд уламжлалт ёсоо санагалзан энергиэ төвшин байлгах үүднээс түр зуур гар барих мэндчилгээнээс татгалзвал яасан юм. Бас төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноороо зөв мэндэлж сурцгаая!

No comments:

Post a Comment

Recent Articles