Thursday, November 11, 2010

УНТАЖ СЭРЭХИЙН ХООРОНД ГЭЛДРЭГСДИЙГ СЭРЭЭН СЭНХРҮҮЛМЭЭР БАЙНА, БИ


Хун шувуу шиг сүргээ даган зорилгогүй нисч би чадахгүй
Хуягандаа нуугдах дун шиг амирлангуй байж би чадахгүй
Эзэндээ дөрлөгдсөн адгуус шиг аяар нь дагаж би чадахгүй
Эргээ дагах голын ус шиг голдрилоороо урсч би чадахгүй
Аз түшинэ хэмээн найдаад гараа хумин тайвшрахыг тэвчихгүй
Ам тангаргаасаа няцаж буцсан гөлгөртэй мөр, тохой зэрэгцэхгүй
Ард иргэдээ аргацаан хуурсан арчаагүй түшмэлийг би дэмжихгүй
Амиа хичээн алийгаа алдсан адгийн тэнэгтэй би эвлэрэхгүй
Уруул даван гарах урамгүй үгсийн санг үгүй хийж халмаар байна
Ууж балартсан эрсийн мунхагийн түйтгэрийг үлдэн хөөмөөр байна
Унтаж сэрэхийн хооронд гэлдрэгсдийг сэрээн сэнхрүүлмээр байна
Уулгалах өстөнтэй хорслоор бус уучлалаар эвлэлдэн нэгдмээр байна
Нүгэлт орчлонгийн бусармаг үйлдлийг нухчин дарахыг хүснэ
Нуруугаа бөгтийтөл амьдралд нухлагдсан элбэрэлт эхийг аврахыг хүснэ
Айл гэрийн аз жаргалын үүдийн түлхүүрийг атгуулахыг би хүснэ
Ариун үйлсийн гэгээн зам мөрийг тодруулах анхдагч болохыг хүснэ
Цэлмэг тэнгэрийн наран мэт мандан бадрахыг хүснэ
Цайвалзан гялалзах оддын хүрээлэнд саран мэт гийхийг хүснэ
Угтах ирээдүйгээ бодитойгоор мэдэрч урган өсөхийг хүснэ
Угтаа би гэрэл гэгээтэй бүхний эхлэл байхыг дээдлэн хүснэ

Sunday, November 7, 2010

ШАР МАЛГАЙ ЭНХБАЯРЫН БРЭНД ЮМУУ?



Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр шар өнгийн малгайг өмчлөөд авчихаж гэж та сонссон уу? Сүүлийн үед сайн муугийн аль алинд нь экс Ерөнхийлөгчийн нэр цохиж явдаг болж. Бид ч бас Ерөнхийлөгч Энхбаяртай холбоотонууд болоод хэлмэгдээд авлаа. Бид “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян 999”-ийг монгол аян даяар өрнүүлсэн тухай блогтоо бичсэн байгаа. Ингээд аянаа эхлэх гэж хэвлэлийн бага хурал зарлалаа. Аянд оролцож байгаа бүх хүмүүст Анхаа Өкө 2 ярьж байгаад шар малгай авчихлаа. Хэвлэлийн бага хурлын урд өдөр “Ногоон эвслийн” О.Бум-Ялагч над руу утасдаад аянд нэгдэхээр боллоо. Маргааш нь О.Бум-Ялагч хэвлэлийн хуралд ирлээ. Бидний шар малгайтнуудын дунд сууж байснаа гэнэт манайханг “-Та нарын цаана Энхбаяр байна. Та нарт Энхбаяр шар малгайгаа тарааж” гээд л загнаж өгсөн дөө. Би уг нь Бумыг юм үзэж нүд тайлсан нүнжигтэй эр гэж хүндэлж явсан юм. Гэтэл миний “тахин шүтэгч” маань гэрийн чавганцаас дор тулга тойрсон бодол гаргаж ёстой том тэнэгтсэн дээ. Би Бумаас ийм авир гарна гэж зүүдлээгүй явсан. Бид энэ аянаа эхлэхээсээ өмнө улстөржихгүй гэж бараг цусан тангараг өргөсөн юм. Гэтэл Бум ахайтан ярьсан хэлсэнээсээ буцаж гудамжны улс төрөөрөө бидэн рүү довтолдог байгаа. Үүнээс хойш аяны минь бэлэгдэл болсон шар малгайгаа бид “Энхбаярын малгай” гэж хошигнодог болсон доо.

ТЭНГЭР ШИГ БАЙ




Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

МИНИЙ УНШИХ СОНСОХ ДУРТАЙ ГАНЦ ШҮЛЭГ।СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭЭД НЭГ Л ТОГТОЖ СУУЖ ЧАДАХГҮЙ ҮЕДЭЭ БИ О।ДАШБАЛБАР АГСАНЫ ЭНЭ ШҮЛГИЙГ УНШИЖ ТАЙВШИРДАГ ЮМ ДАА.

Saturday, November 6, 2010

ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ


Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ
Зөнгөөрөө туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Зөв, буруу хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Зөгнөж хэлэх ирээдүйн минь тухай учирлана уу
Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ

Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ
Бусдын л адил туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Будилж, шийдэж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Булзах аргагүй ирээдүйн минь тухай учирлана уу
Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ

Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ
Эргэлт буцалтгүй туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Эргэлзэж, эргэцүүлж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Элдэв учрал тохиох ирээдүйн минь тухай учирлана уу
Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ

Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ
Шийдэмгий гэгч нь туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Шийдвэр гарган хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Шинэ бүхэнтэй золгох ирээдүйн минь тухай учирлана уу
Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ

Friday, November 5, 2010

ЭРХ ЧӨЛӨӨ АЗ ЖАРГАЛД УМБАН БҮР ӨНДӨРТ ЧӨЛӨӨТЭЙ НИС ДЭЭ, ЧИ МИНЬ!




Би гэргийгээсээ салаад жил гаран болж байна даа. Нэг л өдөр гэнэт явахаар шийдэж “-Хайрт минь гэдэг үгийг хамгийн сүүлчийн удаа бичиж байна. Энэ амьдралд ганцхан би л буруутай. Чи намайг үгийн муугаар харааж зүхэж болно” гэсэн зурвас үлдээгээд гараад явсанаас хойш хоёр дахь намартайгаа учирч байна даа. Би үе үе өнгөрүүлсэн амьдралаа боддог юм. Бид хоёрын амьдрал сайхан байсаан. Жил гараны дотор бие биеэнтэйгээ холбогдоогүй болохоор хэн хэн нь хатуу хүмүүс шиг. Эсвэл хоёр биеэндээ маш их итгэж дасалцсан байсан болохоор тэгээд тунирхаад байгаам ч билүү хэн мэдлээ. Ямартай ч бид хоёрын аз жаргалтай амьдрал цэглэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Орчлон хорвоо дээр чам шиг сайхан эмэгтэйтэй ахиж учраагүй байгаа ч өөрийн сонголтоо бас буруутгаж чадахгүй л явна даа.

Намайг уучлаач гэж гуйхгүй ээ
Нэгэнт л би буруутай юм чинь

Надад итгэ гэж хэлэхгүй ээ
Нэг биш удаа гомдоосон юм чинь
Гэхдээ эцэст нь ганц л үнэн бий
Ганцхан чамд л би хайртайгаа ойлгосон
.

Энхмаа энэ миний чамд хэлэх үг минь юм шүү. Чи минь эрх чөлөө аз жаргалыг чөлөөтэй залгилан өндөрт дураараа дүүлэн нис дээ. Чиний минь бурханлаг төрх, ухаан цацаруулсан нүд нь үргэлж гэрэлтэж инээмсэглэж яваарай.


Recent Articles