Heavenly campaign




Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-999” аяны хүрээнд Дундговь аймгийн 108 ээжийг алдаршуулах “СҮҮТЭЙ БУРХАД” цэнгүүнийг 2011 оны 3 дугаар сарын 5, 6, 7-нд Дундговь аймгийн Хулд, Сайнцагаан, Өндөршил сумдад зохион явууллаа. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, монголын элсний нүүдэл, цөлжилтөнд бүх нийтээрээ тэмцэхэд ээжүүд эхчүүдийн минь үүрэг хамгийн их. Ээжүүд үр хүүхэд, ахан дүүс, нутаг орныхондоо байгаль эх дэлхийгээ авран хамгаалах талаар сургааль үгээ хэлж энэ ажилд тэднийг татан оролцуулахад бидний цэнгүүний гол зорилго байлаа. Ингээд бид 2011 оны 3 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотоос гарлаа. Манай багт МУГЖ, дуучин Ц.Өлзий-Орших, яруу найрагч О.Гончигсүрэн, шог зохиолч Д.Жаргалсайхан, залуу дуучин Гантуяа, Алтанхуяг, М.Наранцэцэг нар багтан явлаа. Бид 3 сарын 5-ны үүрийн 05 цагт Дундговь аймгийн төвд аяны тоосоо гөвөн хооллоод Хулд сумыг зорилоо. Биднийг Хулд суманд очиход зэргэлдээх сумдын ээжүүд арга хэмжээнд оролцохоор аль эрт ирцгээсэн байлаа. Бид ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй билээ. Гэхдээ бас үе үе баярлуулж чаддаг билүү? Ямартаа ч бидний зохион байгуулсан ажил арга хэмжээнд оролцсон ээжүүдийг бага зэрэг баярлуулсан шүү. Бид баярлаж байгаа ээжүүдийг хараад өөрсдийнхөө хийсэн зохион байгуулсан ажилд урамшин, омогшиж байснаа нуух юун. Сайнцагаан суманд болсон арга хэмжээнд нэг ээжийн хүүхдүүд нь ээждээ 5 литрийн багтаамжтай мөнгөн аяганд сүү барин сөгдөн мөргөж байгааг харсан хүн бүхэн уулга дуун алдацгааж байсан. Арга хэмжээний тухай бичих зүйл их байгаа ч энэ удаад ингээд түр завсарлая даа. “СҮҮТЭЙ БУРХАД” цэнгүүний зурагнууд миний фэйсбүүк хуудсанд байгаа тул та тийшээ орж үзэж сонирхоорой. Бас манай энэ удаагийн багийнхан их хөгжилтэй явж бие биеэндээ нэр хоч өгөн алжаалаа тайлж байсан тухайг бичих хүсэл байгаа боловч аяны “нууц”-ыг задлаж болохгүй учраас бас л бичилгүй үлдээж байна даа.

Recent Articles