Wednesday, March 10, 2010

ШАВРЫН ГОЛЫН “МАНУФАКТУР”


Дундад зууны үед гар аргаар үйлдвэрлэл эрхэлж амь зуулгаа залгуулахыг мануфактур гэж нэрлэдэг байсан. Хэдэн зуун дамнаж мартагдсан мануфактурын үйлдвэрлэл Монголд одоо ид цэцэглэж байна уу даа гэсэн бодол Говь-Алтай аймгийн Шаврын голоор явж байхад төрж билээ.
Нэрнээсээ эхлээд л алт “үнэртүүлсэн” газар бол яах аргаггүй Говь-Алтай аймаг мөн. Алтаар баян Алтай аймгийн төв Есөнбулаг сумаас 7 км-ийн зайд орших Шаврын гол нь Хантайширын нурууны ар хормой дахь байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж.
Алтайчууд алт ухах анхны “шав”-аа Засагтхан аймгийн төв Арын хүрээний туурь байсан түүхэн дурсгалт энэ газраас эхэлсэн гэхэд болно. Хэдэн жилийн өмнөөс л Алтайчууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам Шаврын гол руу цуврах болжээ.

Ургах нартай уралдан машин, мотоцикль, гурван дугуйт хөлгөлсөн хүмүүс Шаврын гол руу уралдан давхилдах нь дайны үеийн киног санагдуулам. Тэд өдөржин мануфактурын хөдөлмөр эрхэлж байгаад оройдоо уулнаас маш урт галт могой бууж байгаа мэт гэрэл цацаруулсаар цуварч ирэх юм. Өдөрт дунджаар 100-200-аад автомашин, 500 орчим хүн энэ газар уралдан очиж сэндийчэн алтаа хайж эхэлдэг. Алт хайгчид хаа дуртай газраа ухаж төнхөнө. Тэдэнд хараа хяналт тавьж байгаа газар гэж бараг л байдаггүй. Дураараа дургиж дун чөмгөөрөө наргиж байгаа эдгээр иргэдийг аймгийн цагдаагийн болон мэргэжлийн хяналтын газрынхан үе үе ирж хөөж гаргадаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй юм байна.

Алтны төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хүрз, жоотуу, лоом, чулуугаар зэвсэглэсэн хагас “зэрлэгшсэн” нинжа нараас хууль хяналтынхан ч цэрвэдэг гэлцэх нь оргүй биш бололтой. Алт харсан хүн улам л улайран шунадаг гэдэг. Яагаад гэхээр алт хайж 10 метрээс доошгүй гүнзгий нүхэнд шороонд дарагдаж хэн нэг нь амиа алдаж байхад бусад нь түүнийг аврахаасаа илүүтэйгээр тэр газар руу дайран орж тал талаас нь ухаж эхэлдэг гэнэ. Учир нь хүн дарагдсан газраас алт их гардаг гэсэн яриа алт ухагчдыг ийн нинжин сэтгэлгүй болгожээ.

Үзэсгэлэнт Шаврын голыг бөмбөгдүүлсэн мэт сэндийчэн алт хайж байгаа зарим иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Есөнбулаг сумын иргэн Х.Цэцэгмаа: -Амьдрал хэцүү байна ш дээ, дүү минь. Өлбөрч үхэхгүйн тулд алт ухаж сууна даа. Манайх 3 оюутан хүүхэдтэй. Тэдний төлбөр, хувцас, хоол хүнс гээд зарлага их гарах юм. Тэгээд л арга ядаад алт ухаж байна даа. Байгалийн хишгийг голж болохгүй ээ, хөөрхий. Өдөрт зардлаа хасаад 30-40 мянган төгрөг олж байнаа. Болж л байна.

Улаанбаатар хотын иргэн Ц.Батбилэг: -Төр засаг биднийг харж хандахгүй байна ш дээ. Гудамжинд гарч гуйлга гуйлтай биш. Тэгээд л 1000 шахам км газар туулж байж энд ирж алт ухаж байна. Заримдаа цагдаа нар нь ирж хөөх л юм. Энд ч уг нь газар газраас ирсэн 1000 хол давсан хүмүүс байдаг байсан. Саяханаас Чандмань, Бигэрт алт гарсан гээд ихэнх нинжа нар тийшээ явчихлаа. Хүн цөөрөөд ч тэр үү сүүлийн хэд хоногт алтны олдоц сайн байнаа.

Баянхонгор аймгаас ирсэн М.Цэрэндорж: -Ах нь олон жил алт ухаж амь зуулгаа залгуулж байна даа. Алт ухсан хүн баяждаггүй юм ш дээ. Гэхдээ өр өглөгөө дарж болгоод л байдаг. Бас өлсгөхгүй, цангуулахгүй, дааруулахгүй, хоосон хонуулдаггүй ажил даа. Би өчигдөр яг энэ газраас/нурах дөхсөн 10-аад метр нарийхан ухсан нүхийг заалаа.Сур/ бух олоод бөөн баяр явж байна. Алт олоод архиар угаахгүй бол болдоггүй юм. Нэг ёсондоо газар лусдаа баярласанаа илэрхийлж архиар өргөл өргөдөг л дөө. Ахынх нь олзыг энэ хүмүүс/Хэдэн согтуу залуучуудыг заав.Сур/ одоо хүртэл мялааж байна даа.

Цогт сумын иргэн Ө.Улаанаа: -Томчууд дээгүүрээ эх орноо худалдаад хуваагаад идэж байгааг хэн хүнгүй л харж байгаа биз дээ. Бид бас амжаад газраа ухаж баяжмаар байна ш дээ. Болно биз дээ. Энэ газар хэдэн жилийн өмнө ямар гоё үзэсгэлэнтэй газар байсан гэж сананаа. Одоо ч дайны талбар шиг л харагдаж байгаа биз. Энд тэнд ухсан нүх, сэндийчсэн газар. Бас орилж хашгирсан согтуу хүмүүс, алт булаалдаж амиа ч өгөхөөс буцахгүй хэрэлдэж зодолдож байгаа авгай хүүхнүүд аймаар харагдаж байгаа биз. Яг үнэндээ амьдрал ийм л байна ш дээ. Ухсан сэндийчсэн газраа нөхөн сэргээе гэсэн бодол төр түшиж байгаа томчуудад байдаг юмуу. Хааяа зурагт үзэж байхад төдөн сая төгрөгийг нөхөн сэргээлтэнд зарцууллаа гээд л ярьж байх юм. Гэтэл тэр нөхөн сэргээлт нь хэн нэгэн даргын халаас руу ороод байгаа нь ойлгомжтой л доо.

13 настай Ж.Ану: -Би аав, ээжтэйгээ хамт алт ухдаг юм. Заримдаа ч алт гайгүй л олдох юм. Зарим өдөр юу ч олдоггүй ш дээ. Аав алт олохоороо архи уучихаад байх юм. Тэгээд л ээж бид 2 дагаж явдаг. Энэ хүмүүс заримдаа алтаа булаацалдаад аймаар зодолддог.

Ховд аймгаас ирсэн Х.Одгэрэл: -Биднийг бага байхад аав ээж, өвөө эмээ гээд л настай хүн болгон байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалж бай гэж зааж сургадаг байсан. Бид ч тэднийхээ үг сургаалиар явдаг байсан. Гэтэл одоо бид үр хүүхэддээ байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаал гэж зааж зөвлөхөөсөө илүүтэйгээр тэднийх алт ухаад баяжиж байна. Та нар хамт явж алт ух гээд л үр хүүхдүүдээ дургүй байхад нь загнаад л дагуулж газар сэндийчүүлж байна. Бид өв уламжлалаа мартаад ингэж л хүүхдүүдээ байгаль эх дэлхийтэйгээ буруугаар харьцахыг зааж байна. Хэрэв бидэнд ажил олддог бол юу гэж ийм “нүгэл” үйлдэхэв дээ. Үүнийг төрийн түшээд бодолцож байгаа байлгүй дээ. Тэр Их хурлын гишүүд чинь бидэнтэй уулзахгүй юм билээ. Бодвол гуйлга гуйна гэж айдаг биз.

Шаврын голд алт ухаж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс ийн ярьж байна. Тэд зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, намрын сэрүүнийг үл ажран алтаа хайж ухсаар. Зарим нь амь насаа алдсаар л байна. Үүнийг аймаг орон нутгийн удирдлагууд мэдсэн ч мэдээгүй царайлан суугаа нь хачирхалтай. Мануфактурын үйлдвэрлэл эрхлэн амь зуулгаан залгуулж нинжа нэрийг авсан алт ухагчдыг төр засаг анхааралдаа авч холбогдох хууль дүрмээ хурдхан боловсруулмаар байгааг Шаврын голын алт ухагчидтай уулзаж байхдаа бодож явлаа.

“Бид хөгжиж байна, удахгүй Азийн бар болно” гэж зарим эрхэмүүд цээжээ дэлдэж байх юм. Гэтэл ард иргэдийн багагүй хувь нь Мануфактурын аргаар амь зууж байгааг эх оронч дүр эсгэсэн түшээд анзаарч байна уу гэдгийг эргэн сануулмаар байна.
Нийтэлсэн Д.Одбаатар

Sunday, March 7, 2010

ДОКТОР Ж.БОЛДБААТАР: 13-Р ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ИНТЕРНЭТЭЭС ДУТАХААРГҮЙ ХУРДЫГ ДЭЛХИЙ ДАХИН ГҮЙЦЭЖ ЧАДААГҮЙ ЮМ


МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Ж.Болдбаатартай уулзаж ярилцлаа. Түүний сонирхолтой ярианд анхаарлаа хандуулна уу?
-Сүүлийн үед гадаад дотоодын маш олон хүн Чингис хааныг судалж янз янзаар ярьж тайлбарладаг болжээ. Та ч бас Чингисийг багагүй судалсан хүний нэг. Та судалгааныхаа талаар яриагаа эхлэх үү?

-Ганцхан Чингис хаан гэлтгүй Монголчуудын хувьд дундад зуун бол 700 орчим жилийг хамарсан бөгөөд төр ёсны хувьд мандаж, буурч явсан мандал бадрал, бууралт, дахин сэргэлтийг тээсэн буурал түүхийн он жилүүд байсан юм.Тэр үеийн Монголчууд гол төлөв евроцентристүүд юм уу, марксист түүх бичлэгт дүрсэлдэг шиг аллага хядлага, адал балмад явдлын дон шүгэлсэн устган сүйтгэгч, зэрлэг бүдүүлгүүд байгаагүй.
-Дээхнэ үед Чингисийн үеийн Монголчуудыг таны ярьсан шиг л аймшигт аллага таллага хийдэг байсан гэж ярьдаг бичдэг байсан л даа?
-Түүхийг судлаад үзэхэд Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг юм. 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар Чингис хэмээх алдрыг олсон байна. Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр эл ханлиг “Толгойлогчийн эзэмшил”-ын төлөв байдлаас гарч, төр ёсны чамбай бүрдлийг олж чадсан юм. Чингэснээр Тэмүжин хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа бүртгэх тэмцэлд эрслэн босчээ. Тэрбээр язгуурын монголчуудыг нэгтгэхдээ цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаан, ухаалаг менежментээрээ бусдаас гойд ялгарч байлаа. Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж, Их Монгол улс байгуулах их үйл хэргийг бүтээсэн.
-Түүний энэ тулааныг л зарим судлаачид Чингис хайр найргүй дайн хийж аллага үйлддэг гэж өнгөц тайлбарладаг байсан гэж ойлгож болох уу?
-Улаан барс жил буюу 1206 оны намар цагт Онон мөрний эхнээ Чингисийн орд өргөөнд монгол язгууртан дээдсийн их чуулган-Их Хуралдай хуралдсан. Эл хуралдай язгуурын монголчуудыг нэгтгэх үлэмж их үйл хэргийг орь залуугаасаа 20 гаруй жил оройлон манлайлж, эр тавирсан 45 насандаа бодит биелэл болгосон Тэмүжинг шинэ тулгар нэгдсэн Монгол улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн байна. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв” хэмээжээ. Ийнхүү монгол угсааны олон ханлиг, аймгуудыг нэгтгэн захирсан Их Монгол улс Өвөр Азид гал голомтоо бадраасан юм.
-Тухайн үед Тэмүжин Чингис хаанаар өргөмжлөгдөөд яагаад бусад улс орнууд руу дайтаж эзлэн авах болсон юм бэ?
-Төв Азийн цээжнээ 1206 онд үүсэн байгуулагдсан шинэ тулгар Монгол улс цаашид улам улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг нь улс орныхоо хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас хэрхэн хамгаалахаас шууд шалтгаалаж байсан. Учир нь шинэ тулгар Монгол улсыг орчин тойрны нь улсууд ямагт өдөн хатгаж, заналхийлж байлаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид өрсөн ирэх аюулаас урьтан, дорно, өрнө зүгт дайн хийж, Наполеон, Гитлер, Александр Македоныхныг бүгдийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин нутгаар хаяа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ. Ингэснээрээ дэлхий дахины төр ёсны хөгжилд өөрийн гэсэн өнгө аястай нүүдэлчдийн төр улсын хэв маяг, зохион байгуулалтын өвөрмөц бүтэц, хэлбэрийг буй болгож чадсан. Ялангуяа 1206 онд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улс, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн болж “төр”, “улс” гэдэг ухагдахууныг жинхэнэ байх ёстой утгаар нь дэлхийн олон үндэстэн угсаатанд, бүр тодруулж хэлбэл өдгөөгийн хоёр их хөршдөө ч ойлгуулж өгсөн. Монголчууд нүүдэлчдийн дунд төр ёс, нүүдэлчдийн ардчиллын зарим бүрдлийг тогтоон, түүнийг суурьшмал, тухайн үедээ төр ёс, баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч хүртэл уламжлан авсан байдаг юм. Хүн төрөлхтөний түүхэнд монголчууд парламентат ёсны өвөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын шинжийг өөртөө агуулсан өвөрмөц бүрдлүүдийг анх үүсгэн өвлүүлсэн гэж хэлж болно.
-Сүүлийн үед Монголчууд бид бүх л зүйлсийн анхдагч болоод байгаа нь нууц биш болсон. Таны судалгаа бас яриа ч үүнийг нотолж байна гэж ойлгож болох уу?
-Тэр үеийн монголын нийгэмд “Ёс ёмбогор, төр төмбөгөр” хэмээх үзэл ноёрхож, төр ёсыг дээдлэн, хууль цааз, дэг журам нийгмийн амьдралын эгэл хэм хэмжээ болон тогтсон нь эрх зүйн чанд тогтолцоо бүрэлдүүлж чадсантай холбоотой юм билээ. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол замба тивийн соёл иргэншлийн гол төвүүдийг хамран оршсон их гүрнийг нэгтгэн захирах, засан тохинуулах, хэд хэдэн зуун дамнан тогтнож, өрнө, дорныг ойртуулан даяаршуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн онцгой ач холбогдол бүхий цааз эрхэмж байлаа. Товчоор хэлбэл, “Их засаг” хууль ХIII-ХIV зууны дэлхий дахины хууль цаазын үндсэн зарчмыг тодорхойлох чиглэлтэй байсан юм. Чингис хааны байгуулсан төр агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. Монголын эзэнт гүрний төр олон үндэс, язгуур угсааны иргэд харъяатууддаа “Төр бол эрхэмсэг байдаг” хэмээн эгэл үнэнийг ойлгуулж өгсөн нь олон жил хэвийн оршин тогтнох үндэс болж өгчээ. Тодорхой хэлбэл, монголын төр иргэд харъяат нарынхаа эрх ашиг, хүсэл зоригийг зохих түвшинд илэрхийлж, хамгаалж чадаж байсан учраас бүтэн хагас зууныг элээн эзэнт гүрний байдлаар оршин тогтнож чаджээ. Чингис хаан Их Монгол улсыг байгуулах үед “Хэн нь хэнийгээ вэ?”, “Хэн өрсөж, хэн хүчирхэг нь хожно” гэсэн зарчим олон улсын харилцаанд үйлчилж байсан. Их хаан өрнө, дорно руу дайн хийхдээ хэнийг ч эхэлж өдөөгүй, харин найрамдах, чөлөөт худалдаа хийх санал тавьж, найрамдал, энхийг хүсч очсон элчийг нь алж талж, доромжилсны нь төлөө л дайн байлдаан үүсгэж, эрхшээлдээ оруулж байв. Өдвөл сөдөхөөс аргагүй байдлыг тухайн цагийн олон улсын харилцааны нөхцөл байдал шаардаж байлаа.
-Ерөнхийлөгч асан Н.Багабанди Чингисийн үеийн байлдан дагуулалтыг их л оновчтой тайлбарласан байна лээ?
-Аан тийм, Монголын улсын Ерөнхийлөгч асан, доктор Нацагийн Багабанди “Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол” хэмээх өгүүлэлдээ: “-Бидний өвөг дээдэс чинагуухаас инагшлуулан бодож чаддаг байсан учраас л өөрийгөө хамгаалж, энэ зорилгоороо тухайн цагийн ойлголтын хэмжээнд дэлхий ертөнцийн ихээхэн газар нутгийг эзлэх хүртэл өөрийн эрхгүй тэмцэж явсан түүхтэй. Тэр үедээ монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр инад талаас нь дайран давшилж, түрэмгийлэн эзлэж байсан гэх үзлийг эдүгээ шударга судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд, хэрэв зөвхөн цуст түрэмгийлэгчид л байсан бол ийм том ялалтанд хүрэх байсан уу? Чингис хаан улс гүрнээ хамгаалсан тэмцэлдээ ялж байсны дүнд өөрийгөө ертөнцийг эзэгнэгч гэж мэдрэх түвшинд хүрсэн буй заа. Македоны Александр, Наполеон хоёрын хэн нь ч өөрийгөө тэгж мэдэрч чадсан гэх аргагүй юм. Чингисээс хойш амьдарч үлдсэн Наполеон “Би Чингис шиг аз заяатай байж чадаагүй” гэж хэлсэн нь дайнд ялагдсаныгаа бус, дэлхийг эзэлж чадаагүйгээ бус, харин дайтахын учир шалтгаан өөрийнх нь хувьд утгагүй, өөрөөр хэлбэл, чинад талын эзлэн түрэмгийлэх гэсэн аюул занал байгаагүй нөхцөлд түрэмгийлэх дайн хийснээ ухаарснаа илэрхийлсэн үг бизээ. Ийм ухаарал байгаагүй үед л дайнд ялагддаг. Чингис хаан өөрийгөө “Замба тивд оршин амьдарч 720 төрлийн хэлээр ярьдаг, 5 өнгийн улс түмний эзэн” боллоо гэж сэтгэж явсан нь чинад талаас учруулж байсан аюулыг сөрөн давсны үр дүн байв. Чинад талын заналхийллийн улмаас л байлдаж байж, дайн хийхээс аргагүй болж байжээ. “Чинад тал дайсагнаагүй бол Чингис түүний удмын хаадууд тэгж явах ямар ч хэрэггүй гэж хэлбэл түүхийн үнэнд нийцнэ. Чингисийн эзэнт гүрэн дэлхийн тал хагасыг хамарсан хувь заяаны учрал ийм байв” хэмээн Монголын байлдан дагууллын учир шалтгааныг жинтэй дүгнэсэн байна лээ.
-Та тэр үеийн дайныг нэг л өөр өнцөгөөс нь судалжээ. Би таны ярианаас Чингисийн үеийн дайныг эерэг талаас нь гаргаж ирж байна гэж ойлгоод байна?
-Дайн бол дайн. Эрдэнэт хүний амь, хот суурин сүйдэж байсан. Гэхдээ марксист юм уу, эсвэл Дундат Азийн зарим түүхчдийн бичдэг шиг нэг хотоос л сая, саяар нь алж, талж байгаагүй. Тэр үед нэг сая хүнтэй хот бий болоогүй байсан. Сая хүнтэй хот гэдэг ХХ зуунд бий болсон шинэ үзэгдэл ш дээ. Хэрэв тэр цагт монголчууд тэгж яс махан овоо босгож байсан юм бол тэр олон сая хүний яс хохимой хожим Дундат Азийн цөлөрхөг зэлүүд тал нутгаар өдгөө цайран харагдана байх. Тийм ямар ч ул мөр эдүгээ алга байна. Гэтэл тэндээс түүнээс олон мянган жилийн өмнөх археологийн ховор нандин олдвор олдсоор л байгаа. Чингис хаан, түүнийг залгамжлагчид аливаа байлдан дагуулагчийн нэгэн адил сүр хүч үзүүлэхдээ үзүүлж, өршөөх үедээ өршөөж байсан. Харин монголчууд өөрийн шашин суртлыг бусдад тулгаагүй, өөр өөрийн ёс суртал, шашнаа шүтэн амьдрах эрх олгож байсан нь үнэхээр нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлээр хандаж байсны илрэл юм. Чингис хаан, түүнийг байлдан дагуулал нь эхэн үедээ “даяарчлах” шинжтэй байснаа сүүлдээ хүн төрөлхтнийг “даяаршуулах” агуулгатай болсон гэж үзэж болохоор байдаг юм. Энэ утгаар нь өрнө, дорнын томоохон түүхчид, тухайлбал, Америкийн эрдэмтэн Жек Ведерфорд Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж үнэлсэн байна лээ.
-Та үүнийг жаахан дэлгэрүүлж яриач?
-Чингис хаан, түүний залгамжлагчид олон улсын элчин харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаанд найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм. “Их Засаг” хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг хуульчилсан байдаг юм. Тухайлбал:
-Элч зарлагыг гутаан доромжилж үл болно.
-Хуурамч элчийн амь насыг хөнөөнө
-Элч, албан тушаалтныг унаа, хоол хүнсээр хангана.
-Улс хоорондын арилжаа, худалдааны аюулгүй байдлыг хангана гэх мэтээр заасан байна. Байлдан дагууллын явцад тухайн үед аль ч оронд байгаагүй цэрэг дайны өвөрмөц соёлыг бүрэлдүүлж, дэлхийн цэргийн стратеги, тактикт үнэтэй хувь нэмэр оруулсан. Францын эрдэмтэн Рене Груссет: “... монгол тактик гэдэг нь хүннү ба түрэгүүдийн эртний тактик, соёлт иргэдийн зах хязгаарыг уулгалан дайрдаг дадлага, туршлага, тал хээрийн ав хомрогоор байнга хуримтлагдан төгөлдөрждөг нүүдэлчдийн тактик болой” гэж дүгнэсэн байна лээ. Монгол цэргийн хүчтэй байсны гол нууц бол хүн бүрийг бага балчираас нь цэргийн сургалтад хамруулж, тасралтгүй шинжтэй байсан, улс орон, хот сууринг эзлэх бүр тэндээс олж авсан цэргийн шинэ зэвсэг хэрэгсэл, арга тактикийг тэр дор нь армидаа нэвтрүүлж байсан. Монгол цэрэг, монгол морины хоорондын ээнэгшин дассан байдал, хурдыг ялангуяа суурьшмал орнууд гүйцэхгүй байсан зэрэгт байдаг юм.
-Чингисийн байлдан дагуулалт хоёр хөршөө хүчирхэг гүрэн болгосон гэж зарим түүхчид үздэг. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-Чингис хаан, түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал нь Орос, Хятад хоёр хөршөө хожмын их гүрэн болон төлөвших үндэс суурийг тавьж өгсөн нь үнэн шүү. Оросын гүн ухаантан Чаадаев, Федотов нар Монголын довтолгооны босгон дээр Орос орон “мянган жил унтаа” байсан юм гэж тэмдэглэсэн байна лээ. Үнэхээр ч Монголын байлдан дагуулалтын өмнө Орос орон шавар, чулуун хэрмэндээ тусгаарлагдсан жижиг ванлигуудаас тогтож байсан. Евроазийн хөдөлгөөнийг оройлон манлайлагч, гол онолч, Оросын Шпенглер хэмээн алдаршсан Николай Трубецкой “Чингис хааны үйл ажиллагаанд нураан эвдэх эрмэлзлэл арай түлхүү байсан хэдий ч түүний бүтээх, зохион байгуулах хүсэл зориг нь үлэмж их, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч болж байв. Иймд түүхт Орос бол чухамдаа Чингис хааны улсыг залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм” гэсэн байна лээ. Өнөөгийн Оросын нэрд гарч буй идэр залуу түүхч Р.П.Храпачевский энэ санааг гүнзгийрүүлэн дэмждэг юм. Хятад орон ч саланги тусгаарлагдсан, өөр хоорондоо дайсагналцсан жижиг улсуудаас бүрдэж байсныг түүх гэрчилнэ.
-Чингисийн монголчууд маш олон зүйлсийг дэлхийн хүн төрөлхтөнд нэвтрүүлсэн гэж та ярьж байснаа тодоруулахгүй юу?
-Монголчуудын эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх”, “чөлөөт худалдааны бүс”, “өртөө улаа-мэдээлэл”, “цэргийн буухиа зам” хэмээх үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлжээ. Чингис хааныг мянган жилийн манлай хүнээр тодруулахдаа “Вашингтон пост” сонин “Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд Интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан ...” хэмээн тодорхойлжээ. Цааш нь бичихдээ: “Монголчууд Европт хар тахал өвчин түгээсэн юм. Хар тахлын нян дорно зүгээс монголчуудаар дамжин Европ руу тархжээ. Энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устмагц ажиллах хүчний үнэ цэн өсч, энэ нь улмаар феодалын нийгмийн тогтолцооны үндэс суурийг халж, капитализмыг үүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” гэсэн анхаарал татам дүгнэлт хийжээ. Чингэхлээр, монголчууд нэгд, эх дэлхий-бидний нэгэн гэр орон гэсэн өдгөөгийн өөдрөг үзлийн эхийг тавьсан, хоёрт, эхийнхээ умайд бадриун чийрэг хүүхэд хүч аван хөдлөх мэт Европын дундад зуун, хамжлагын харилцааны хэвлийд хүчирхэг лугшилт өгч, үлэмж дэвшлийг тээж ирсэн капиталист харилцаанд шилжих шилжилтийн агшинг мэдрүүлж өгсөн. Солонгосын судлаач, нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” хэмээх номондоо: “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон” хэмээн тун онож тэмдэглэгдсэн байна. Энэ судлаач бас Монголын эзэнт гүрний дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавъяа, ололт амжилтын нууцыг орчин үеийн “улс орнуудын чөлөөтэй өрсөлдөх чадвар”-ын ойлголтын үүднээс хөндөн үзэж, энэхүү ололт, дэвшлийн үндэс нь “нарийн мэргэжлийн хамтлаг бүрдүүлж, нээлттэй нийгмийн цэргийн олон талт стратегийн бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзэж, энэ нь өдгөөгийн АНУ-ын дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм гэж тэмдэглэжээ. Монголчууд Өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг, мөн эргээд Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Өрнө, дорнын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн байна. Монголчууд XIII зууны үед дорно дахинд хамгийн том сургуулийг үүсгэн байгуулж байв. Хубилай хааны зарлигаар 1287 онд байгуулсан “Улсын хөвгүүдийн сургууль” нэртэй анхны их сургуулийг Германы нэрт монголч эрдэмтэн Хайсиг абугай “Билгийн далай” хэмээх “Эзэн хааны академи” гэж нэрлэсэн байна. Хубилай хаан түүнийг залгамжлагчдын удирдлагын ивээл дор Монголын од зүйн мэдлэгээс улбаалж, Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн одон орны судлал, тухайн үеийн дэлхий дахины одон орон судлалаас илүү өндөр түвшинд хүрч, гайхам том амжилтанд хүрч байлаа. Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо /Кидан гүрэн/, Цзин улс /Зүрчидийн алтан улс/, Сүн улс /Хятадын/ зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ. Энэ бүхэн нь дэлхий дахины шинжлэх ухаанд монгол хүний оруулсан үнэт хувь нэмэр билээ. Монголчууд дундат зууны үед худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндра зэрэг зургаан тооны үсэг бичгийг зохион хэрэглэж, бас хожим кирилл, латин үсгийг бусдаас дам авч, өдгөө худам монгол, кирилл үсэг соёлтой үндэстэн дэлхий дахинд хуруу дарам цөөн. Бидний худам монгол бичиг буюу хүмүүн бичгийг гаргууд эзэмшсэн хүн өдгөөгийн таталган бичээчтэй /стенографист/ дүйнэ. Нэгэн жишээ дурдвал, Монголын бичгийн хүн Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байжээ. Түүнээс хэн нэг нь та юу чаддаггүй вэ? хэмээн асуухад: “-Би муухай бичиж чадахгүй, алдаатай бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй” гэж хэлсэн гэдэг.
-Бидний өвөг дээдэс үнэхээр гайхалтай ард түмэн байжээ. Таны судалгаа ч үүнийг нотолж байна?
-Монголчууд дундат зууны үеэс Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран нүд, билгийн мэлмийтэй ард түмэн.Монголын дүрслэх урлаг Их Монгол улс, Эзэнт гүрний үед Ази, Европын орнуудын урчуудын арга барил, бүтээл туурвилаар баяжин хөгжиж, хожим түүнээс улбаалан даяар дуурсагдах алдрыг олсон байна. Тухайлбал, XVII зууны үед Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдарь бурхан, язгуурын таван бурхан, найман мөнгөн суваргыг өрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхий дахины хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хамгаалж байгаа нь монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин: “Занабазар бол Дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хэртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан бурхан сийлж, “Монголын нэг өдөр” зургийг бүтээсэн марзан хэмээх Шарав ерийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь амьд мэт дүрслэн зурж, монгол хэл бичгийн сартваахи хэмээх Шагж багш 12 хуудастай “Ногоон дахь эхийн тууж”-ийг мухар сөөм орчим хэмжээний 5-6 см хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг түүх үеийн үед дамжин өгүүлж, тэдний ур дүй, ухаан чадлыг биширнэм.
-Та түрүүнд Монгол хүн, монгол морь хоёрын хурдыг дэлхий гүйцээгүй гэж хэлж байсан. Үнэхээр тийм хурдтай байсан гэжүү?
-Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг зүй ёсоор тэмдэглэх ёстой. Тэр үеийн монголчуудын хурд эдүгээгийн интернетийн хурдтай зүйрлэхүйц байсан. Их Монгол улс, Эзэнт гүрний үеийн монголчуудын сэтгэлгээний хурд, далайц, монгол хүн, монгол морины хурдыг тухайн үеийн дэлхий дахин гүйцэж чадаагүй юм. Өдгөө ч зарим судлаачид хөгжлийн сурвалжийг XIII-XIV зууны монголын хурдаас хайх хэрэгтэй гэж бичиж байна. Эдүгээ бидний монголчууд хөгжихийн тулд тэрхүү хурдыг шинэ нөхцөлд, шинэ агуулгаар сэргээх нь чухал байна.
Ийнхүү монголчууд дундат зууны үед дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг үүсгэн байгуулснаараа төдийгүй, хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бахархан дурсах бичгийн болон эд өлгийн соёлыг үлдээснийг дээр дурьдсан баримт сэлт нотолж байна. Эцэст нь эрхэм уншигч монгол хүн бид дэлхийн цараар сэтгэж, нутгийн хэмжээнд бүтээж байж сая Чингисээр овоглосон Монголоо авч үлдэнэ. Хийхтүн, Бүтээхтүн! Гэж хэлмээр байна даа.
-Цаг зав гаргаж сонирхолтой яриа өгсөн танд баярлалаа.

Saturday, March 6, 2010

ИЖИЙ


Манай ижий бол
Маш сайн донор
Хүний амьны төлөө
Халуун бүлээн цусаа
Харамгүй их зориулсан
Хүндэт донор хүн
Энэ миний ижий
Энэрэнгүй сэтгэлт донор
Жүжиглэхдээ жүжиглэнэ
Жоорлохдоо жоорлоно
Цэвдэг хүйтэн сэтгэлгүй
Цайлган цагаан сэтгэлтэй
Сэргэлэн цовоо зантай
Жаал жуул чихэр байвал
Жаахан муусайн бид нартаа өгдөг
Манай ижии бол
Маш сайн донор

МИНИЙ БАГШ


Эрдэмтэн мэргэдийн ухааныг
Энгийн шавьдаа заасан
Эрэлхэг зоригт баатар
Энэ бол миний багш
Олон багшийн дундаас
Онцгой авьяасаараа тодорсон
Орчлонгийн бүх эрдмийг
Олон шавьдаа заасан
Оргилох хүслийг минь бадрааж
Онц сурах үндсийг тавьж өгсөн
Одод эрхэстэй харилцахыг
Одоо л би ойлгосон
Олон арван шавийг
Он дараалан төгсөгсөн
Энэ бол миний багш
Монголын сайн багш
Мөнхөд зүрхэнд минь орших шүтээн

МИНИЙ МЭДЭХ ЧАНГЫН БҮСГҮЙЧҮҮД




Эмэгтэй хүн шоронд хоригдож байгаа гэхээр нэг л айдастай санагддаг юм. Тэр тусмаа чанга дэглэмтэй хорих ангид эмэгтэй хүн байгаа гэхээр бүр аймшигтай сонсогддог байлаа. Хамт ажилладаг сэтгүүлчид үе үе Луусанд очиж сурвалжлага хийж ирдэг юм. Тэднийг редакцийн хаалгаар орж ирэнгүүт нь бид бүчиж аваад л хоригдол хүүхнүүдийн тухай яриулж өгнө дөө. Зарим нь ч харь гаригт очоод ирсэн хүн шиг л юм ярьж биднийг ангайлагдаг байлаа. Ингээд би гэдэг хүн чинь хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх зорилготой ТББ байгуулаад айж тойрч жийрхээд байдаг Луусандаа байнга ирдэг боловоо. Сүүлдээ ч Луусангийн хүүхнүүдтэй найз болж жаргал зовлонг нь хуваалцдаг боллоо. Хүн болгон айж, жигшил зэвүүцлийн үг унаган болгоомжлол дагуулдаг Луусангийн чанга дэглэмд хоригдож байгаа бүсгүйчүүдийн тухай өөрийн үзсэн харснаа өгүүлэе!
Дуслах нулимстай, уйлах зүрхтэй, уярч хайрлах сэтгэлтэй монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байна. Эдний нэлээд нь хилсээр шахам шийтгэгдсэн хүүхнүүд гэнэ. Бараг л хэрэг хийгээгүй шахам хүмүүсийг 10 гаран жилээр хорьж “тамлахаар” энэ жижигхэн хашаанд авч ирээд цоожилчихсон нь энэ. Тэгэхээр монголын хуулийг гуультай зүйрлэхээс ч өөр аргагүй байгаа биз. Энэрэнгүй гэсэн тодотголдоо таарч тохироогүй харгис хуулийн тухай дахин нуршаад ч яахав. Өнгөрсөн оны шинэ жилээр би хэдэн найзуудтайгаа ирж чангын бүсгүйчүүдийн шинэ жилийг тэмдэглэж өгсөн юм. Тэд энд анх ирэхдээ дээлтэй, улаан хацартай, пөөнийсөн хүүхнүүд л угтана гэж санасан гэсэн. Гэтэл нарны хүүхнүүдээс ч ганган хөөрхөн бүсгүйчүүдийн дунд орж ирээд тэд бараг л шоконд орсон доо. “-Хүүе! Энэ шоронд чинь ийм гоё хүүхнүүд байдаг юмуу? Бидний бодсоноос шал өөр юм. Монголын миссүүд чинь энд байна ш дээ” гэж толгой сэгсэрэн шогширцгоож байсан. Зарим найзууд минь “-Манай хууль арай ч дээ” хэмээн халаглаж суусан. Энэ жишээг сонсоход л чангад ямархан бүсгүйчүүд хоригдож байгаа нь мэдрэгдэнэ. Чангын бүсгүйчүүд зангидсан гар шиг нэг санаатай. Тэд маш ажилсаг. Ямар ч хүнд ажлыг бараг л нүд ирэмхийн зуурт хийгээд дуусгачихна. Бас хөгжилтэй, авьяастай. Эднээс ямар их авьяас гардаг гэж санана. Үе үе ажлаар ирэхэд эд хүн бүхнийг уяраасан, ухаарал хайрласан гайхамшигт концерт үзүүлдэг юм. Ирэх болгондоо тоглолтыг нь үзэхэд ер уйддаггүй гээч. Энхтогтох, Дөлмаа, Сэржханд, Солонгоо... гээд л ямар ч мэргэжлийн дуучдаас дутахааргүй дуулдаг эмэгтэйчүүд олон. Бас Цэцэгээ гэж их гоё дуулдаг эгч байх юм билээ. Цэцэгээ эгчид мэдэхгүй дуу гэж байдаггүй байхаа. Дуучдыг дагаад л уянгалуулаад бас бөөн бөөн нулимс дуслуулаад уяраад дуулаад суучихдаг нь өрөвдөмөөр. Энхмаа Одноо хоёр утсан хөгжмийг уянгалуулан дуугаргаж ёстой эдэлж өгөх юм билээ. Ганаа, Насаа, Жаамаа, Цэндмаа, Нараа... гээд нэрийг нь бичээд бүгдийг нь магтаад баймаар байна. 60-аад бүсгүйчүүд дунд авьяасгүй хүн гэж нэг ч үгүй. Тэд зовлонг сөрөн бие биенээ түшиж хат сууж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Өнгөрсөн жил очиход чангын бүсгүйчүүд бид бүл нэмсэн Сүхбаатар аймгаас Буд гэж эмэгтэй ирсэн. Чи хянагч нарт хэлж байгаад Будтай заавал уулзаарай. Тэр хилс шахам хэргээр ирсэн. Түүндээ их гутардаг. Бид тайвшруулах гээд чаддаггүй юм гэж хэлцгээж байсан. Би ч тэдний хэлсэн ёсоор Будтай уулзахад тэр юу ч ярихгүй маш их уйлсан. Би түүнийг чадлынхаа хэрээр “гэгээрүүлсэн дээ”. Сая очиход Буд надад баярласанаа илэрхийлээд одоо уйлж бусдыгаа зовоохоо болисон гэж ярьж байсан. Тэр бас 70 гарсан аав ээж хоёр нь Сүхбааатар аймгаас ирж эргээд явсан гэж нэмж ярьж байсан. “-70 гарсан аав ээж хоёр минь хичнээн ч жил охиноо тэр холоос эргэж ирэх билээ дээ. Үхтэл үр харам гэдэг үнэн үг юм даа.Одоо би 10 гаран жил сууна. Тэр болтол энэ хоёр минь амьд сэрүүн байж чадах болов уу?” гэж Буд хэлэн бас л нулимс дуслуулж харагдсан.
Чангын бүсгүйчүүдэд сардаа ганц олдох түр уулзалт буюу эргэлт хамгийн эрхэм зүйл нь. Эргэлтээр ирсэн аавыгаа,ээжийгээ, ахыгаа, эгчийгээ, ханийгаа, дүүгээ, хүүгээ, охиноо харсан тэд хичнээн жаргалтай байдаг гээч.
Бүсгүй заяандаа ахадсан зовлонг үүрэн наснаасаа эрт сэтгэлээр өтлөн шаналж байгаа эдгээр үзэсгэлэнт бүсгүйчүүдэд хүмүүс минь урам хайрлаач.
Урсаж байгаа нулимсыг нь бүлээн гараараа арчиж зовлонгоос нь нимгэлж өгөөч.
Монголын атаманууд гэж “өргөмжлөгдөөд” байгаа энэ бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгч дахин амьдрах итгэл төрүүлээч хүмүүс минь.
Чанга дэглэмтэй шорон хэмээх муухай нэрээр торлогдсон 60-аад бүсгүйчүүдэд тулах цэг олгож дэм хайрлая. Тэд тулах цэгээ л атгаад авчихбал орчлонг гийгүүлэх шидтэй эмэгтэйчүүд шүү.
ЖИЧ:
“НЭР ТӨР ЭРХЭМСЭГ АМЬДРАЛ” ТББ-аа ажлаар бас л эмэгтэйчүүдийн хорих ангид очлоо. Түрүүнд нь хэд хэдэн удаа ирж байсан болохоор ихэнхи бүсгүйчүүд нь танил хүмүүс байлаа. Тэд намайг харахаараа хэзээний хуучны танил нь ирж байгаа юм шиг элгэмсүү угтдаг юм. Зарим нь бүр хүүхэд шиг баярладаг гээч. Би энэ удаад чанга дэглэмд хоригдож байгаа эмэгтэйчүүдтэй уулзлаа. Бас тэдэнд зориулж “Миний мэдэх чангын бүсгүйчүүд” нэртэй тэмдэглэлээ уншиж өглөө. Тэд миний тэмдэглэлийг сонсоод жигтэйхэн их баярлацгааж билээ. Ихэнхи нь баярласандаа болоод нулимс дуслуулж харагдсан. Зарим нь хэзий завандаа ч юм миний тэмдэглэлд сэтгэгдлээ биччихсэн хянагчийнхаа нүдийг хариулан надад сэм атгуулж амжсан юм. Тэд сэтгэгдлээ ийн бичжээ “-Таны бичсэн “Миний мэдэх чангын бүсгүйчүүд” тэмдэглэлийг сонсоод сэтгэл маш их сэтгэл хөдөллөө. Учир нь энэ газар ирсээр 4 өвөл, 4 зун, 4 намар, 4 хаврыг үзэхдээ чангын бүсгүйчүүд биднийг энэ сайхан урмын үгээр урамшуулж байсан нь цөөн байсных бизээ. Би ч гэсэн энэ боломжийг ашиглан энд байгаа 50 гаруй хүүхнүүдийнхээ талаар хэдэн зүйлийг бичлээ. “Чанга” гэсэн хаягтай энэ умгар жижигхэн хашаанд амьдарч байгаа бид бүх л зүйлээрээ чанга байхыг эрмэлздэг. Бид нэг өдрийн өмнө ч гэсэн эрх чөлөөтэй болохын тулд ямарч “ялыг” ажрахгүйгээр хийдэг. Эрчүүдийн хийж чаддаггүй хүнд ажлыг хийж байгаа биднийг өрөвдөж хайрлахгүй байхын аргагүй бизээ. Энд хэлмэгдэж ял эдэлж байгаа хүмүүс ч цөөнгүй байдаг. Бидэнд маш их эрч хүч, сэтгэлийн дэм өгсөн танд бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярласанаа хэлье... ЯЛТАН З.Э
...Чангын хамт олонд сэтгэлийн дэм хайрлаж сайхан тоглолт үзүүлсэнд баярлалаа. Хүн гэдэг сэтгэл санаагаараа л амьдарч явдаг юм байна гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч явна. Шорон гэхээр мэдээж хүмүүс муугаар л ойлгодог. Бид доод тал нь 10 жил түүнээс дээш 15-18 жилийн ялтайгаар хоригдож байна. Энэ олон жил үр хүүхэд, гэр орноосоо хол байна гэдэг эмэгтэй хүнд сэтгэл зүйн хувьд үнэхээр ахадсан ачаа юмдаа. Шоронд өвчин тусах хэцүү байдаг. Гэр орон үр хүүхдээсээ хол болохоор өөрийн эрхгүй ганцаардах үе маш их гарах юм. Ямар ч гэм зэмгүй алаг үрс минь өнчрөлд орж ээжийн хайраар дутаж явна гэдэг нь ямар ч хэцүү хувь тавилан юм бэ? Амьдын хагацал гэдэг ямар хүнд хэцүү байдгийг бие сэтгэлээрээ мэдэрч их л тэвчиж байвч цаг хугацаа биднийг хүлээхгүй гэж бодохоор өнгөрч байгаа мөч, хором, жил бүр ямар их үнэ цэнэтэй, амьдралд эргэж олдохгүй хугацаа вэ? гэж бодохоор харамсаад ч барахгүй юм даа. Амьддаа бие биенээ хайрлаж нэг нэгийгээ ойлгох гэдэг ямар чухал үнэн юм бэ гэдгийг өдөр ирэх бүр мэдэрч байна. Бидний үнэн амьдралыг зохих хүмүүст нь дамжуулж бага ч гэсэн тусална гэдэгт чамд найдаж байна. Хүнд хамгийн ойрхон сэтгүүлч гэдэг сайхан мэргэжил шүү. ЯЛТАН. Т.О ”

Recent Articles