Showing posts with label ТЭНГЭРЛЭГ аян. Show all posts
Showing posts with label ТЭНГЭРЛЭГ аян. Show all posts

Wednesday, July 22, 2015

ЭЭЖЭЭ! ТА ХААНА БАЙНА, ЭЭЖЭЭ...





Хөх няц болтолоо зодуулж амиа алдсан бяцхан охины зургийг анх хараад нүд хальтирч байсан шүү. Төрсөн аав, хойд эхдээ зодуулж энэ орчлонгоос эрт буцсан хөөрхий охины тэр аймшигт зураг одоо ч нүдэнд минь харагдаастай. Энэ аймшигт явдлаас хойш сар ч болоогүй байхад бас л бяцхан хүүгээ алсан аавын тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн.
ҮНЭХЭЭР ТЭВЧИШГҮЙ!
Айл гэрийн аз жаргал болсон алгын чинээ амьд бурхад маань яагаад хүчирхийлэлд өртөөд байна вэ? Үүний эсрэг бид юу хийж чадах билээ...гэсэн түм буман асуулт ар араасаа хөврүүлэн олон хоног бодолхийллээ.
          Аньсага чийгтүүлэн дуншсан бодол маань “ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ АМЬДРАХ ЁСТОЙ” гэсэн утга бүхий гэрэлт хөшөөг босгох санааг төрүүллээ. Шууд л үзэг цаас нийлүүлэн шинэ санаагаа буулгаж эхэлсэн. Гэрэлт хөшөөгөө тойруулаад хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөв.
Олон хоногийн гэгэлзсэн бодлоо цаасан дээр буулган суухдаа “солгой хоолой”-тойгоо ч мартан дуу аялан бас бодлоо дүрсжүүлэн энэ хөшөө, энэ цэцэрлэгт хүрээлэнд тоглож баясаж байгаа бяцхан жаалуудын дүр төрхийг бодон инээвхийлэн өөрийгөө баясган суугааг минь хэн нэгэн харвал “Нөгөөх чинь юмтай юм байна шдээ, сэтгэцэнд нь өөрчлөлт орчихож” гэж хэлэхээр байсан байх шүү... Ингээд л өөрийн бодол өөртөө зөв учир шууд л уран барималч н.Чанцалдом руу утас цохин санаагаа хэлж хөшөөний загвараа захиалчихлаа. Чанцалдом 10-аад хоногийн дараа залган хөшөөний загвараа ирж үзэхийг хэлэнгүүт нь тэр дор нь очоод загвараа үзэж санаа оноогоо ярилцлаа. Чанцалдомын гаргасан загвар таалагдсанд урамшсан би эргэлт буцалтгүйгээр хүүхэд хүчирхийлэл дор амьдрах ёсгүйг харуулсан гэрэлт хөшөө болон цэцэрлэгт хүрээлэнгийнхээ бичиг цаасны ажилд орлоо.
Бас амаргүй ажил юм байнаа энэ чинь. 2-3 сар бичиг цаастай зууралдсан байх шүү. Энэ хооронд Чанцалдом маань хөшөөний загвараа хийгээд аваад ирлээ. Хөшөө, цэцэрлэгт хүрээлэнг хийхэд хандив тусламж үзүүлж дэмжиж туслах найзууд бас гараад ирлээ. Сайн дурын ажил олны хүчинд бүтдэг, хийгддэг учир мэдээж найз нөхөд, танил тал, пүүс компаниудаас хандив тусламж гуйна л даа...
Хийх гэж байгаа ажлаа дотроо хадгалж сураагүй болохоороо фэйсбүүктээ энэ тухай мэдээллээ ч оруулаад амжлаа. Дэмжиж байгаа нэг хэсэг байхад “Хөшөө босголоо гээд юу өөрчлөгдөх билээ дээ” гэсэн шүүмжлэлтэй ч тулгарч сууна.
Зүгээрээ, миний хийж байгаа ажил хүн бүрт таалагдах албагүй.
Хөшөө босгох болон цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулах газрын зөвшөөрлийг хүсч Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга С.Мөнхчулуунд хандлаа. С.Мөнхчулуун дарга бидний ажлыг судалж үзээд дүүргийнхээ 16 дугаар хорооны Засаг дарга Зулцэцэгтэй холбож өгсөн. Ингээд бид Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулах газрын зөвшөөрлөө авчихлаа.
Яст мэлхийний хурдаар ажил минь урагшилсаар л байна.
Миний ажлыг үргэлж дэмжиж явдаг яруу найрагч Б.Ичинхорлоо энэ тухай сонсоод “Ээжээ та хаана байна” шүлгээ илгээлээ. Халгиж цалгисан авьяастай найрагч бүсгүйн энэ шүлгийг дуу болгож МУГЖ, дуучин Т.Ариунаа хүүхдийн чуулгатай дуулсан юм билээ.
Сонссон хүнд нэгийг бодогдуулахаар дуу байна лээ.
...Эмзэг цэцгийн дэлбээг хиртээх
Сvvдэртэйхэн орчлон юм сан
Элгэнд минь бvлээхэн зайтай
Нулимстайхан хорвоо юм сан
Хувь заяандаа тэр гомдож уйлсан, хeeрхий хүүгийн
Нулимсыг хэн ч хэнч арчаагvй
Хуурамч энэ орчлонгийн араншингаас
Нуугдаж хэн ч нуугдаж хэн ч зvрхлээгvй

Эрхэлж дуулах гэж орчлонд ирсэн
Энгэрт чинь тэврvvлэх гэж Ээждээ заяасан
Эцэсгvй хvлээлтээс тэднийг салгаач Хvмvvс ээ
Хатуу хорвоод элгээ эмтлэн
Хайраар тэд дутаж л яваа
Өнөр олны заяаг тvших
Өршөөл хайр горьдож л байгаа
Жаахан зvрхэндээ гуниг тээсэн, хeeрхий хvvгийн
Сэтгэл илчгvй байхад
Жаргалтай инээдээр өнгөө чимсэн
Хорвоогийн vнэн хаана нуугдана вэ
Дусал нулимснаас таныгаа эрэх юм
Дуулсан дуундаа таныгаа хайх юм
Эргэж ирэхийг тань зvvдэндээ хvлэх юм
Ээжээ та хаана байна
Ээжээ та хаана байна, Ээжээ
Ээжээ та хаана байна
Ээжээ та хаана байна, Ээжээ
Ичин найрагч миний ажлыг дэмжиж энэ дуугаа ашиглаж болно гэсэн “ам зөвшөөрлөө” албан ёсоор өгсөн.

За ингээд нөгөө Нарка чинь “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” бас хажуугаар нь Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэрэлт хөшөө болон цэцэрлэгт хүрээлэнгийнхээ тухай ярьсаар нэг л өдөр чам дээр, тань дээр, танай хамт олон дээр яваад очно шүү. Энэ үед нь боломж болоцоо байвал хандив өгөхийг хичээгээрэй, найзууд минь. Миний гуйх л юм энэ шүү...

Monday, December 9, 2013

ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦСЭН “ТЭМЦЭЛ” МИНЬ ОНЫ ШИЛДЭГ БОЛОВ

Бид одоогоос 3 жилийн өмнө “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-г санаачилан өрнүүлж байсан юм. Манай аяныхан 3 жилийн хугацаанд 6 аймгийн 32 сум, нийслэлийн бүх дүүрэгт 10 гаран нэр төрлийн 50500 мод тарьж ургууллаа. Энэ бол бидний зорьсон зорилгын дөнгөж 5 хувийн ажил. Ингэж бодохоор хийсэн ажлаа голмоор ч юм шиг. Гэхдээ бид мөнгөн дүнгээр бодоход 126 сая гаран төгрөгний санхүүжилт босгож энэ бүх ажлыг хийж гүйцэтгэсэн байна лээ. Ийм хэмжээний санхүүжилт босгохдоо бид төр засгаас нэг ч төгрөгний тусламж дэмжлэг авалгүй зөвхөн иргэдийн санал санаачилга, хандив тусламжийн хүчинд энэ бүх ажлыг хийж гүйцэтгэжээ. Юутай ч бид 3 жилийн өмнө зөв ажил санаачилан өрнүүлсэн юм байна. Үүний баталгаа нь олон улсын сайн дурынханы өдрөөр бидний санаачилсан аян “2013 оны ШИЛДЭГ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГААР” шалгарсан явдал юм. “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-г хамртан зохион байгуулж байсан “Арвай жин” ТББ-ын тэргүүн П.Анхтуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш, докторант Д.Сүхбат, “Баянгол” нөхөрлөлийн тэргүүн н.Ганхуяг, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг, “Булаг шанд хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн н.Гүнд, “Ногоон цөм” ТББ-ын тэргүүн Ж.Отгонсүрэн, “Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ-ын дэд тэргүүн Д.Баярхүү... гээд олон хүнд талархаж байгаагаа илэрхийлж байнаа. Бид цаашид энэ аянаа Монгол орон даяар өрнүүлэх болно. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг бидэнтэй нэгдэн ажиллахыг уриалж байна. Ээжийн минь ээж болсон байгаль ижийгээ авран хамгаалцгаая.

Tuesday, June 14, 2011

ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!







“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аянг Монгол орон даяар өрнүүлээд 2 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв, Завхан аймгийн 32 сум болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд улиас, хайлаас, шар хуайс, монос, гүйлс, голт бор, агч, чацаргана, үхрийн нүд зэрэг 10 гаран төрлийн 32 857 ширхэг мод тарилаа. Монголынхоо цөлжилтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бидний хувьд жил хагасын хугацаанд 30 гаран мянган мод тарина гэдэг чамлахаар тоо биш шүү. Бас тарьсан моднуудын амьдрах чадвар, ургалт нь 80%-тай байгаа нь биднийг баярлуулж байна.
Дэлхийн зулай болсон монгол орон минь цөлжиж байгаад бид санаа зовнин шагширан дээр дооргүй ажиллаж байгаа ч босоо заяат, тэнгэр үзэлт монголчууд бидний оюун тархи цөлжиж байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Манай аяныхан ч байгалийн цөлжилттэй тэмцэхийн хажуугаар оюуны цөлжилтийг сааруулахыг хичээн иргэдэд лекц, яриа таниулга хийж явна. Хөдөөгийн сум, багуудад очиж ажиллахад зуд, ганд малаа барж амьжиргааны эх үүсвэрээсээ салсан өрхийн тэргүүн болсон залуучууд толгой гудайлган газар ширтэн суухад хажууд нь эхнэр нь “Банкны өр зээлэнд баригдан дарамтнаас нь гарч чадахгүй нь” гэж үглэж суугаа нь ажиглагддаг юм. Тэд манай аяны “Арвай жин” ТББ-ын тэргүүн П.Анхтуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш, ойн инженер, докторант Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг, “Баянгол” нөхөрлөлийн тэргүүн, “Энх цагийн эгэл баатар” Ганхуяг нарын ухаалаг яриаг сонсоод ёстой л гэгээрдэг дээ. Хэдхэн минутын өмнө л толгой гудайлган “Бидэнд юу ч яриад хэрэггүй дээ” хэмээн гуниглаж байсан залуус “Одоо тэгээд яахуу? Энэ модыг тарьж үзье, хамтарч ажиллий л даа, та нар ахиад хэзээ ирэх юм” хэмээн яриа өдөн хоргоож эхэлдэг юм. Бид эмэгтэйчүүдийн хорих анги дээр очиж тэнд ял эдэлж байгаа бүсгүйчүүдтэй уулзан “Манай аяныхан та нартай хамтарч ажиллана, Та нарын тарьсан модыг бид монгол орон даяар тарина. Тэгэхээр та нар үйлдсэн нүглээ түр наминчлаад энэ үрийг маш сайн арчилж тордоорой” гэж хэлээд 3 кг чацарганы үрийг бэлэглэлээ. 300 гаран эмэгтэйчүүд бидний санаачлагыг дэмжин бүгд уухайлан түрлэг өргөж зарим нь бүр нулимс дуслуулж байгаа харагдсан. Гэтэл 3 хоногийн дараа хорих ангиас залгаад “Та нар ирж чацарганы үрээ буцааж аваа, манайд талбай байхгүй, хэрвээ та нар манай газар дээр мод үрээр тарих гэж байгаа бол бидэнд мөнгө төл” гэсэн хачин болзол тавьдаг юм байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй шоронгийн хянагч бүсгүйтэй бид маргалдахыг тухайн үедээ хүсээгүй л дээ. Энэ мэтчилэнгээр бид бага бага саадуутай учирж байсан л даа. Гэхдээ бид зорьсондоо хүрэхийг хичээж л явна. Бид аянаа монгол орны хамгийн их цөлжилттэй газрын нэг Дундговь аймгийн Өндөршил сумнаас эхэлсэн юм. Манай аяныхны ажлыг ойлгож дэмжсэн тус сумын иргэд мод тарих гээд бүгдээрээ ирсэн шүү. Тэд модоо тарингаа “Үлэмжийн чанар”-ыг дуулцгааж байгааг хараад С.Тунгалаг эгч “Ямар гоё юм бэ? Өчигдөр уулзахад энэ залуус мод тарих ямар хэрэгтэй юм. Манай энд тэгээд ч мод тариад ургадаггүй юм гэж уурлаж байсан ш дээ. Бид энэ залуусын тархинд оюуны модны үрийг суулгаж чадсан байна. Би 20 гаран жил мод тарихдаа ингэж сэтгэлээсээ дуулцгааж мод тарьж байсан хүмүүсийг харж байсангүй. Бид маш зөв ажил санаачиллаа” хэмээн хоолойгоо зангируулан баярлан зогсож байсан юм. Үнэхээр л Тунгалаг эгчийн хэлснээр энэ нутагт тарьсан бидний 2000 мод маш сайхан ургасан шүү. Гараагаа бид ийм сайн эхэлсэн болохоор бидний бариа сайн байх нь мэдээж. Бид өнгөрсөн жил гарны хугацаанд 30 гаран мянган мод тарихдаа нэг ч дарга эрхмийн өрөөний хаалгыг татаж төсөл болон санхүүжилт гуйгаагүй. Ёстой л өөрсдийнхөө бор зүрхээр бүгдийг болгосон доо. Утга авцалдаа муухан энэ нийтлэлийнхээ төгсгөлд хүн бүр тарьсан модоо арчилж ургуулахын төлөө амьдарцгаая. Монголчууд бүгдээрээ тархины цөлжилттэй тэмцэж оюуны хурыг бие биедээ бэлэглэж хэвшцгээе гэж уриалмаар байна. ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

Monday, March 21, 2011

СҮҮТЭЙ БУРХАД




Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-999” аяны хүрээнд Дундговь аймгийн 108 ээжийг алдаршуулах “СҮҮТЭЙ БУРХАД” цэнгүүнийг 2011 оны 3 дугаар сарын 5, 6, 7-нд Дундговь аймгийн Хулд, Сайнцагаан, Өндөршил сумдад зохион явууллаа. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, монголын элсний нүүдэл, цөлжилтөнд бүх нийтээрээ тэмцэхэд ээжүүд эхчүүдийн минь үүрэг хамгийн их. Ээжүүд үр хүүхэд, ахан дүүс, нутаг орныхондоо байгаль эх дэлхийгээ авран хамгаалах талаар сургааль үгээ хэлж энэ ажилд тэднийг татан оролцуулахад бидний цэнгүүний гол зорилго байлаа. Ингээд бид 2011 оны 3 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотоос гарлаа. Манай багт МУГЖ, дуучин Ц.Өлзий-Орших, яруу найрагч О.Гончигсүрэн, шог зохиолч Д.Жаргалсайхан, залуу дуучин Гантуяа, Алтанхуяг, М.Наранцэцэг нар багтан явлаа. Бид 3 сарын 5-ны үүрийн 05 цагт Дундговь аймгийн төвд аяны тоосоо гөвөн хооллоод Хулд сумыг зорилоо. Биднийг Хулд суманд очиход зэргэлдээх сумдын ээжүүд арга хэмжээнд оролцохоор аль эрт ирцгээсэн байлаа. Бид ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй билээ. Гэхдээ бас үе үе баярлуулж чаддаг билүү? Ямартаа ч бидний зохион байгуулсан ажил арга хэмжээнд оролцсон ээжүүдийг бага зэрэг баярлуулсан шүү. Бид баярлаж байгаа ээжүүдийг хараад өөрсдийнхөө хийсэн зохион байгуулсан ажилд урамшин, омогшиж байснаа нуух юун. Сайнцагаан суманд болсон арга хэмжээнд нэг ээжийн хүүхдүүд нь ээждээ 5 литрийн багтаамжтай мөнгөн аяганд сүү барин сөгдөн мөргөж байгааг харсан хүн бүхэн уулга дуун алдацгааж байсан. Арга хэмжээний тухай бичих зүйл их байгаа ч энэ удаад ингээд түр завсарлая даа. “СҮҮТЭЙ БУРХАД” цэнгүүний зурагнууд миний фэйсбүүк хуудсанд байгаа тул та тийшээ орж үзэж сонирхоорой. Бас манай энэ удаагийн багийнхан их хөгжилтэй явж бие биеэндээ нэр хоч өгөн алжаалаа тайлж байсан тухайг бичих хүсэл байгаа боловч аяныы “нууц”-ыг задлаж болохгүй учраас бас л бичилгүй үлдээж байна даа.

Sunday, November 7, 2010

ШАР МАЛГАЙ ЭНХБАЯРЫН БРЭНД ЮМУУ?



Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр шар өнгийн малгайг өмчлөөд авчихаж гэж та сонссон уу? Сүүлийн үед сайн муугийн аль алинд нь экс Ерөнхийлөгчийн нэр цохиж явдаг болж. Бид ч бас Ерөнхийлөгч Энхбаяртай холбоотонууд болоод хэлмэгдээд авлаа. Бид “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян 999”-ийг монгол аян даяар өрнүүлсэн тухай блогтоо бичсэн байгаа. Ингээд аянаа эхлэх гэж хэвлэлийн бага хурал зарлалаа. Аянд оролцож байгаа бүх хүмүүст Анхаа Өкө 2 ярьж байгаад шар малгай авчихлаа. Хэвлэлийн бага хурлын урд өдөр “Ногоон эвслийн” О.Бум-Ялагч над руу утасдаад аянд нэгдэхээр боллоо. Маргааш нь О.Бум-Ялагч хэвлэлийн хуралд ирлээ. Бидний шар малгайтнуудын дунд сууж байснаа гэнэт манайханг “-Та нарын цаана Энхбаяр байна. Та нарт Энхбаяр шар малгайгаа тарааж” гээд л загнаж өгсөн дөө. Би уг нь Бумыг юм үзэж нүд тайлсан нүнжигтэй эр гэж хүндэлж явсан юм. Гэтэл миний “тахин шүтэгч” маань гэрийн чавганцаас дор тулга тойрсон бодол гаргаж ёстой том тэнэгтсэн дээ. Би Бумаас ийм авир гарна гэж зүүдлээгүй явсан. Бид энэ аянаа эхлэхээсээ өмнө улстөржихгүй гэж бараг цусан тангараг өргөсөн юм. Гэтэл Бум ахайтан ярьсан хэлсэнээсээ буцаж гудамжны улс төрөөрөө бидэн рүү довтолдог байгаа. Үүнээс хойш аяны минь бэлэгдэл болсон шар малгайгаа бид “Энхбаярын малгай” гэж хошигнодог болсон доо.

Thursday, June 3, 2010

“Ардчилал” сонин ЦЭЦЭРЛЭГТ ХVРЭЭЛЭНТЭЙ боллоо

Хэдэн жилийн ємнє залуучууд Засгийн газрын ордны арын цэцэрлэгт хvрээлэнд хичээлээ давтаж, болзож, vдийн зоог барьж тайван амгаланг мэдэрч єнгєрєєдєг байлаа. Гэвч Ордон хашаагаа тэлж, хаалгаа барьснаас хойш оюутнууд болзох, тавтайхан суугаад ярилцах газаргvй болов. Энэ vед “Ардчилал” сонины хамт олон єєрийн нэрэмжит цэцэрлэгт хvрээлэнтэй болж, залуусыг цуглах газартай болгохоор зориг шулуудав.

Бид хэдэн сар хєєцєлдсєний эцэст нийслэлийн хот тохижилтын газрын зєвшєєрєлтэйгээр Байгалийн тvvхийн музейн ємнєх, Хуульзvйн vндэсний тєвийн арын цэцэрлэгийг тохижуулж, ажлаа эхлvvлэв.
Хотын тєвийн энэ цэцэрлэгт хvрээлэнгээр єдєрт хэдэн арван хvн зорчиж, бас жуулчид ч vvгээр явж єнгєрдєг. Тєрийн албан хаагчдын эмнэлэг цэцэрлэгийн дэргэд байдаг болохоор євчтнvvд энд салхилна. Ер нь, хєл хєдєлгєєн ихтэй газар. Ингэхэд бидэнд “Сая мод” хєтєлбєрийнхєн тусалсныг зориуд дурдах хэрэгтэй.
Уг нь, тус цэцэрлэгт хvрээлэнг 1996-1997 онд тухайн vедээ багагvй мєнгєєр тохижуулж сакура цэцгийн мод хvртэл суулгасан юм билээ. Даанч арчилгаа, тордолгоо муугаас, бас зарим нэг увайгvй нєхєд зvлгэн дээгvvр нь гvйж, модыг нь хугалснаас єнєєдєр шvд нь унасан хvний ам шиг энд тэндээ модтой болжээ. Зvлэг нь халцраад бараг л элс болж. Тиймээс бидэнд хийх ажил багагvй байсан юм.
Єнгєрсєн Баасан гаригт “Ардчилал” сонины сурвалжлагчид vзгээ тvр орхинж, хvрз, жоотуу барьж газар шорооны ажил хийж єнгєрєєв. Ажлаа vр дvнтэй болгохын тулд “Сая мод” хєтєлбєрийн ойн инженерvvдээс зєвлєгєє авч, зааврын дагуу модоо суулгалаа. Хайлаас, шар хуайс нийлсэн 400 мод суулгаж, цэцгийн мандал, зvлэг тарих талбайгаа бэлэн болгоод vлдээсэн. Зургадугаар сард зvлэг, цэцгийнхээ vр суулгаж, долдугаар сард хосууд болзоонд зогсох, ахмадууд нарлаж суух цэцэрлэгтэй болно.
“Ардчилал” сонины хамт олон цэцэрлэгээ тохижуулахаар єдєржин ажиллах vеэр сайн дураараа олон хvн тусалж, ахмадууд цаашдын сайн сайхныг ерєєн, буянтай vйл хийж буйг маань сайшаасан нь бидэнд урам хайрласан. Дэргэдvvр єнгєрєх хvмvvс “Буянтай vйл хийж буйд баяр хvргэе”, “Залуу хvмvvс буян хурааж яваа юм байна” гэх мэтээр магтаалын vг хайрлаж байлаа. Мєн хажуугаар єнгєрч буй хvvхдvvд “Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” бидэнтэй нийлэн хэдэн мод суулгасан гээд яривал сайхан зvйл их байна. Бидний хєрш “Монголын мэдээ” сониныхон ч бас багагvй тус хvргэснийг дурдаад баярлалаа гэж хэлэх нь зєв байх аа. Хамгийн гол нь, тарьж ургуулсныг маань тордох арчлах гэж том ажил бий.
Энэ ажлыг амлан авсан Чингэлтэй дvvргийнхээ тохижилт, vйлчилгээний хэлтсийн-хэндээ баярлалаа гэж хэлье। Амласандаа хvрнэ гэдэгт ч итгэж байна. “Ардчилал” сонины нэрэмжит цэцэрлэгт хvрээлэнд зуны турш тавтай морилоорой.
ЖИЧ:Үзэг нэгт "Ардчилал" сониныхон цаг үеэ соргогоор мэдэрч цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор шийдсэн нь сайшаалтай। Сэтгүүлчид цаг хугацаатай уралдан ажиллаж байдаг овсгоотой хүмүүс।Энэ зангаараа ч "Ардчилал"-ынхан хөдөлж самбаачлан манай аянтай нэгдэж саарал ордоны баруун талын цэцэрлэгт хүрээлэнг өөрийн болгон авч байгаа нь энэ। Байгаль эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аяны үйл ажиллагааг цаг алдалгүй ард түмэнд мэдээлж байдаг "Ардчилал" сонинд бид ५५० ширхэг хайлаас, १०० ширхэг шар хуайс өгч цэцэрлэгт хүрээлэнг нь тохижуллахад цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо। Гэтэл итгэлт нөхөр "Ардчилал"-ынхан нэг зүйл дээр бидний сэтгэлийг гонсойлголоо। Тэд өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болсоноо олон түмэнд мэдээлэхдээ хамтран ажилласан БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-хаа нэрийг огт бичилгүйгээр сая мод хөтөлбөр гэж үзэглэсэн байх юм। Хэн нэгэн хариуцлагагүй хайнга хүний гайгаар бид хийсэн ажлаа бүдгэрүүлсэндээ жаахан гомдсоноо нуугаад яахав। Гэхдээ "Ардчилал"-ынхантай бид ойлголцож чадсан। Тэд алдаагаа удахгүй цайруулна гэсэн.

Sunday, May 30, 2010

ИХ ГАЗРЫН ЧУЛУУГААР ЗОРЧСОН ФОТО НИЙТЛЭЛ


СҮХБАТ БОЛОМЖИЙГ АШИГЛАН ЯН ХАДНААС АМИНЧЛАН ГУЙЛГА ГУЙЖ МӨРГӨЛӨӨ

ЭР БЭЛЭГ ЭРХТЭНГ БЭЛЭГДСЭН ЯН ХАДАНД ӨКӨ АНХАА ХОЁР МӨРГӨЖ "НУУЦ" ХҮСЛЭЭ ШИВНЭЛЭЭ

ТӨВ БОРЖИГОН АМРАЛТЫН ХОТХОН

ӨГЛӨӨНИЙ НАРНААР

30 КМ-ИЙН АЛСААС ҮЗЭСГЭЛЭНТ ИХ ГАЗРЫН ЧУЛУУ ДҮНХИЙН ХАРАГДАЖ БАЙГАА НЬ

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯНЫ ТЭМДЭГЛЭЛ

АЯН ЭХЭЛСЭН ТҮҮХ

Өнгөрсөн оны 12 дугаар сард цөлжилтийн эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлэх бодол төрлөө. Ингээд л хамаг л “нууцаа” ярьж байдаг багын найз Өлзийсайхандаа саналаа хэлтэл “-Гоё санаа байна. 2-л хэрэгжүүлэе” гэлээ. Ингээд л бид хоёр Монголынхоо цөлжилтийг сааруулах том хүсэл өвөртлөөд хамтран ажиллах хүмүүстэйгээ уулзаж эхэллээ. Би энэ үед “Номад Грийн” цахим сэтгүүлд идэвхтэн бичигчээр ороод удаагүй байсан болохоороо энэ сэтгүүлийн зөвлөх О.Бум-Ялагч, эрхлэгч Ж.Отгонсүрэн хоёрт саналаа тавилаа. Тэд ч Өкө бид 2-ын саналыг 100 % дэмжиж хамтрахаа илэрхийллээ. Бид аяндаа Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, доктор З.Бат-Отгон, МУГЖ, дуучин С.Жавхлан, МУСГЗ, зохиолч Чи Галсан нарыг нэгтгээд Монгол орныхоо бүх багаар 3 жилийн хугацаатай аялаж очсон баг болгондоо 100, 100 мод тарьж төгөл байгуулахаар шийдлээ. Аянаа “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН” гэж нэрлэн Ерөнхийлөгчийн ивээл дор оруулахаар ярилцан бид бэлтгэл ажилдаа орцгоолоо. Аянаа Ерөнхийлөгчийн ивээл дор оруулах ажлыг би ерөнхийд нь хариуцан ордноор “гүйдэлтэй” болов. Ингэж гүйж явахдаа нэг сонинд хамтран ажиллаж байсан үзэг нэгт нөхөр П.Анхтуяатайгаа тааралдлаа. Анхаа бидний хийх гэж байгаа ажлыг сонсоод хамтрахаар боллоо. Ингээд Өкө бид хоёрын ажил хүрээгээ тэлсээр... Анхаа бид хоёрын хамаг л ажлыг амжуулдаг боллоо. Сүүлдээ ч ТЭНГЭРЛЭГ аян Анхаагүй зүйлгүй болсон. Анхаа, Өкө бид 3 аяныхаа ажлаа цэгцэлсээр л байлаа. Гэтэл аянд нэгдэж хамтран ажиллана гэж байсан зарим хүмүүс замын дундаас зангаа хувиргаж “чанараа” таниулсан ч бид 3 ярьсанаараа зүтгэсээр байгаад 5 дугаар сарын 7-нд аянаа эхэллээ. Бид 3-ын ажлыг дэмжиж Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг аянд нэгдэж 2 000 000 мод хандивлан бидэнтэй хамт монгол орныхоо цөлжилтийн эсрэг тэмцэхээ илэрхийллээ. Бас Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нар бидэнтэй нэгдлээ.

ДУНДГОВИЙН ӨНДӨРШИЛ СУМНААС АЯНАА ЭХЭЛЛЭЭ

Ингээд бид 2010 оны 5 дугаар сарын 7-нд Монгол Нюьс төвд хэвлэлийн бага хурлаа хийгээд шууд л цөлжилтөнд хамгийн их өртсөн газрын нэг болох Дундговь аймгийн Өндөршил сумыг зорилоо. Өндөршил миний төрж өссөн нутаг байгаа юм. Монгол орныхоо цөлжилтийг сааруулах их ажлаа өөрийн төрсөн газраасаа эхэлүүлсэн минь ч учиртай. Биднийг шөнийг 01 цагийн үед Өндөршилд очиход сэрүүхэн сэвэлзсэн салхитай байлаа. Өглөөний 7 цагаас эхлээд л 2 хоног завгүй ажилтай байхаар төлөвлөөд бид амарцгаалаа. Өглөө 7 өнгөрөөгөөд сэртэл гадаа нүдгүй цасан шуургатай. Бид дор бүрнээ л өнөөдрийн ажил яанаа гэтэл “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг “-Өө, яамар гоё юм. Цаснаар мод тарих сайн. Их гоё ургадаг юм” гэж юм үзэж нүд тайлсан хүний нүнжигтэй зангаар бидэнд урам хайрлалаа. Цасан шуурга өдрийн 14 цаг хүртэл үргэлжлэв. Хүчтэй цасан шуурга сумын өндөр хүчдэлд гэмтэл учруулж бидний ажлыг саатууллаа. Сумын дарга нар гэрэлтэй болгох гэж өдөржин гүйгээд гэмтлийг нь засч чадсангүй. Бидний төлөвлөсөн ажил бага зэрэг саатлаа. Гэхдээ бид гэрэл хараад сууцгаасангүй. Сүхбат шавь Бэхээгээ дагуулан боломжийг ашиглан цасаар хүн хийж сумын залуучуудыг цуглуулан хамтарч байх зуур “Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн” тэргүүн Гүнд ах орхимжоо намируулан хийдэд сүсэгтэнүүдийг цуглуулан аяныхаа тухай хүүрнэлдэн ном уншиж суулаа. Дуучин Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, Өкө Анхаа хоёртой нийлэн бяцхан жаалуудад цаасан шувуу тарааж хөөргөн сумын төвийн жижигхэн сууринг тэр чигт нь бужигнуулж орхилоо. Нарийн мэргэжлийн эмч нар ч үзлэгээ хийж өвдсөн зовсон хүмүүсийг илааршуулж байв. Нэг ёсондоо бид хоёр өдөр Өндөршил сумыг эзэгнэсэн дээ. Ингээд орой нь аяныхаа нээлтийн арга хэмжээг эхэллээ. Дуучин Баянмөнх “Омогшил” дуугаараа, яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлгээрээ нутгийн иргэдийн цөсийг жинхэнэ хөөргөсөн дөө. Тэд Баянаагийн дуу, Гониогийн шүлгийг сонсоод суудлаасаа өндөлзөн зарим нь амьдралдаа ийм гоёоор шүлгээ уншдаг хүн харж байсангүй гэж уулга алдаж байхад зарим нь энэ дуучинг ингэж амьдаар нь хардаг байжээ гэж Отгойн Баянмөнхтэй гар барьж энгүүн яриа өрнүүлж байгаа харагдсан. Ингээд бид Өндөршил суманд Агч, шар хуайс, улиас, хайлаас, үхрийн нүд зэрэг 5 төрлийн 2000 мод тарилаа. Бас Монголдоо анх удаа гэж хэлж болохуйц үрийн талбайг Өндөршил суманд бий болголоо. Тус суманд байгуулсан үрийн талбайд бид 1 кг харганы үр тариалсан. Энэ үр хоёр жилийн дараа гэхэд хамгийн багаар 10 000 мод болон ургах юм. Манай аяны ажил тус аймгийн удирдлагуудад ихэд таалагдсан аж. Аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Үржин, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, “БӨХТ” ХХК-ий захирал С.Дэжид нар бидний ажилд амжилт хүсээд цаашид аймгийнхаа малгүй болсон малчдын дунд аяныг үргэлжлүүлэх санал тавьсан. Өкө, Анхаа бид 3 ярьсан зүйл зорьсон зорилгоо амжилттай эхлүүллээ.

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”-ААР ХУР ДАГУУЛЖ БАЙНА

Бид очсон газар бүртээ мод тарихаасаа өмнө “Үлэмжийн чанар” дуулдаг уламжлалтай болсон. Бид “Үлэмжийн чанар” дуулж мод тарьсанаа дараа өдрөөс нь тухайн газар бороо орж биднийг баярлуулж байна. Бид ч энэ уламжлалдаа баярлан “Үлэмжийн чанар” хур дагуулдаг увьдастай дуу гэж магтдаг юм. Бид очсон газар бүртээ аяныхаа тухай, Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах тухай, мод тарих арчлах аргын тухай, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах заншлын тухай хүмүүст ярьж ойлгуулж байгаа. Бидэнд хүмүүс талархлаа их илэрхийлж байна. Бид очсон газарынхаа иргэдийг ямартаа ч гэгээрүүлж чадаж байна. Энэ л бидний ажлын гол үр дүн.

АЛДАРТ ДУУЧНЫ НУТГИЙН ЭНЕРГИ ШИНГЭСЭН МОДЫГ МОНГОЛЫН БҮХ НУТАГТ ТАРИНА

Бид аяныхаа хүрээнд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг байгалийн үзэсгэлэнт газар болох Их газрын чулуунд үрийн талбай байгууллаа. Энэ үзэсгэлэнт газар алдарт дуучин Н.Норовбанзад агсан мэндэлсэн юм билээ. Бид алдарт дуучны мэндэлсэн бууцны ойролцоо дэлхийд ганц байдаг байгалийн задгай театрын дэргэд үрийн талбайгаа байгууллаа. Үргэлж дуу хуур цангинаж эгшиглэж байдаг энэ газар 3 кг чацаргана, 1 кг монос тарилаа. Эерэг энерги шигэсэн энэ газар ургасан модоо бид хоёр жилийн дараагаас Монгол орныхоо өнцөг булан бүрт тариалах юм. Ирэх намар бид энэ газрын үрийн талбайгаа өргөжүүлж гүйлс, бүйлс, харгана, голт бор, хайлаас их хэмжээгээр тариална. Бид сар шахамын хугацаанд Дундговийн Өндөршил суманд 2000, Гурвансайхан суманд 200, Сайнцагаан суманд 600, Төв аймгийн Зуунмод суманд 310, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 500, Төв аймгийн Аргалант суманд 100, Завхан аймгийн Улиастай суманд 1000, Сүхбаатар дүүрэгт 300, Сонгинохайрхан дүүрэгт 200, Хан-Уул дүүрэгт 200, Баянзүрх дүүрэгт 100, эмэгтэйчүүдийн хорих ангид 400, “Ардчилал” сонин Засгийн газрын ордны гадаах талбайн цэцэрлэгжүүлэлт болон Ардчиллын ордны цэцэрлэгжүүлэлтэнд 650 мод тус тус тариад байна. Мөн 3 газар үрийн талбай байгуулсан.

АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР...

БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН үргэлжилсээр байна. Биднийг ирж ажилаач гэсэн урилга ар араасаа цуварсаар... Бид засаг захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороонд хүрч ажилласаар байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний ажлыг дэмжиж ивээлдээ авахаар болсон. Бидний эцсийн зорилго Монгол орныхоо цөлжилтийг сааруулахад бодит хувь нэмрээ оруулах. Бид ч зорьсондоо хүрч байна. Аянд сэтгэл зүрхээрээ нэгдэн монголчуудаа гэгээрүүлж яваа дуучин Отгойн Баянмөнх, жүжигчин Ууганбаяр, яруу найрагч О.Гончигсүрэн нар болон хамтран зүтгэж байгаа Баянгол нөхөрлөлийн тэргүүн, Энх цагийн эгэл баатар Б.Ганхуяг, Улаанбаатар Дээд Сургуулийн ХАА-н тэнхимийн ойн багш Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн, Махатма Гандин нэрэмжит дэлхийн байгаль орчны шагналт С.Тунгалаг, Булаг шанд хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Гүнд нартаа талархаж байгаагаа илэрхийлэе. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ы тэмдэглэл үргэлжилсээр байх болно.

Recent Articles