Sunday, January 31, 2010

АЖААГАА ДУРСАХУЙ


Бид аавыгаа ажаа гэж дууддаг юм. Ажаа минь бурханы орныг зориод яг нэг жил боллоо. 2009 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр би Ажаагийнхаа дэргэд байж чадаагүй юм. Хувь заяа тэр өдөр надаар даажигнаж Ажаагийн минь хажууд намайг байлгаагүй юм даа. Ажаагаа бурхан болсоныг сонсоод өвлийн тэсгим хүйтэн жаварт хацраа хайруулан уйлж зогсохдоо амьдралын дэндүү хатууг тэгэхэд л мэдэрсэн. Тэр өдөр миний хажууд хэн ч байхгүй, гав ганцаараа өдөржин уйлж билээ. Уйлж уйлж сэтгэлээ жаал онгойлгосны дараа
“-Толгойг тань түшиж, хөлийг тань хучиж, сургааль үгийг тань сонсож чадаагүй эрх дураараа хүүгээ Ажаа минь уучлаарай. Миний ажаа бурхан байсийм. Бурхан ажаа минь хүүгээ тэнгэрээс харж үргэлж тэтгэж яваарай. Хүү нь таныхаа алдрыг өндөрт өргөж удмаа сэвтүүлэлгүй ухаантайхан амьдарнаа”гэж бичиж билээ. Яг тэр эмгэнэлт өдөр сэтгэлээс гарсан эдгээр үгсээ аяган дээр буулгаж цай уух бүртээ уншиж Ажаагийнхаа зургийг хуруугаараа зөөлөн илж явдаг юм, би.
Жаргал зовлонгийн алинд ч үргэлж цуг байдаг багын найз Хатка тэр өдөр Энхмаатай хамт ирж надад хар мэдээг дуулгаж билээ. Дараа нь Цээмээ эгч ирлээ. Эгч минь намайг тайвшруулах гэж аргадаад л... Ээж ах хоёртойгоо утсаар ярилаа. Бүгд л “-Өвчин гэж хэлж ирдэггүй болохоор биднийг ийм аюул дайрлаа, одоо бүгдээрээ Ажаагийнхаа араас буян сайн үйлдэж байя” гэж надад хэлж сургаж байсан. Би эрх дураараа болохоороо тэднийхээ үгийг сонсохгүй “-Ажаа намайг хүлээнэ гэсэн ш дээ. Тэгээд яагаад хэлсэндээ хүрэхгүй байгаам. Би 13 хоногийн дараа очих гэж байхад” гээд л уйлж цамнаж ойр тойрныхоноо багагүй зовоосоон. Хөөрхий Ажаа минь, төмөр шиг биетэй хүн байсан даа. Над шиг нялцгай амьтан байгаагүй юм. Өвчин огт хэлэхгүй. Хамрын ханиад ч хүрч үзээгүй. Зун гутал бараг өмсөхгүй. Байнга хөл нүцгэн явна. Бидэн шиг даарч хөрлөө гэж гонгинон дулаан байр луу хэзээ ч шигдэдгүй байсан. Өвөл зунгүй модон орон дээр унтана. Ганц даавуу дэвсчихээд л модон дээр унтаад өгдөг байсан. Тэр модон ор нь бор болоод мөлчийчихсөн байдаг байж билээ. Гэртээ очихдоо Ажаагийн орон дээр унтах гоё байдаг юм. Одоо ч би Ажаагийнхаа орон дээр унтах дуртай. Ажаа минь өвөл болохоор өглөө болгон хөл, цээж нүцгэн гараад л гимнастик хийн, нүцгэн биеэрээ цасан дээр хөрвөөж, цасаар байнга биеэ угаадаг байж билээ. Миний мэдэхийн 70 нас гарталаа цастай “найзалж” өглөөд уур цан савсуулссар гэрт орж ирдэг байсан даа. Тэгэхээр Ажаа минь дэндүү өлчир байсан байгаа биз. Бас сумын төвөөс баруун хойш 3 км газар өглөө бүр гүйдэг байж билээ. Гүйдэг тэр л газар нь нарийхан тодоос тод жим гарчихсан байдаг байсан. Тэр жимийг нь дагаад би Ганзориг, Хатанбаатар хоёртойгоо элдвийг ярин байнга алхдаг байсан. Одоо хоёр найзтайгаа уулзахаараа энэ тухай дурсан ярьдаг юм.
Ажаа минь бурхан болсон энэ өдөр миний сэтгэл гунигтай л өнгөрлөө. Ажаадаа үйлдэж чадах хамгийн том буян бол интернэтэд өөрийн гэсэн цахим хуудастай болох. Тэгээд л зүтгэж зүтгэж санасандаа хүрэн цахим хуудастай боллоо. Дараа нь гандан гарч ном уншуулан, тагтаа будааллаа. Сэтгэл жаахан тавгүй...
Эргээд л жилийн өмнөх уйтай өдрийг санагалзлаа. Ээждээ л очихын бөөн хүслэн болж гэр рүүгээ жолоо мушгиж байснаа саналаа. Улаанбаатараас 6-хан цаг давихад хашааныхаа үүдэнд ирээд зогстол хэн ч намайг гарч ирж тосдоггүй. Уг нь Ажаа минь инээгээд л “-Миний хүү, ирлээ” гээд гараад ирдэг юм. Тэр л төрх нь харагдаад би машинаас буугаад хашаа руугаа орж чадахгүй зүрхшээгээд зогсож байтал Өндөр эгч, Доогий дүү 2 гарч ирлээ. Нэлээд удаж байгаад ээж минь гэм хийсэн хүүхэд шиг нүүр буруулсаар гарч ирж билээ. Би ч учир мэдэхгүй жаахан хүүхэд шиг уйлж ээжийгээ зөндөөн удаан зовоолоо. Гэрт орж ирээд Ажаагийнхаа зургийг тэврэн цурхиран уйлж ээжийгээ сандаргасан даа. Ээж минь намайг аргадаад л Ажаагийн амьдралын сүүлчийн өдрүүдийн тухай ярьж өгч билээ. Ажаа минь эмнэлэгт огт хэвтэж үзээгүй хүн байсийм. Бурхан болохоосоо өмнө 14 хоног эмнэлэгт хэвтсэн гэсэн. Эмнэлгээс гарахдаа Ажаа минь шаналгаж байгаа өвчнөө хүртэл мартчихсан “-Энэ эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар чинь дандаа бурхад байдаг юм байна. Ямар сайхан хүмүүс вэ?” гээд баярлаад байсан гэнэ лээ. Угаасаа бичгийн хүн болохоороо өдрийн тэмдэглэл байнга хөтлөнө. Түүнийгээ хуучин монгол бичгээр бичдэг байсан. Одоо ч Ажаагийн өдрийн тэмдэглэлүүд бүгд байгаа. Ажаа минь биеийн хүч, тэнхээ тамираа дуусах тэр аймшигт мөч хүртэл тэмдэглэлээ бичсээр байсан гэсэн. Сүүлдээ бичиж чадахгүй болохоороо өөрөө хэлээд ахаар минь бичүүлж байсан юм билээ. Хорт хавдар гэдэг аймшигт өвчин залгичихаад байхад Ажаа минь түүнд бууж өгөхгүй, би эрүүл болно гэж үзэлцээд л, өвчиндөө шаналж ганц удаа ч “ёо” гэж хэлээгүй гэсэн. Тэгэхээр миний ажаа үнэхээр тэвчээртэй, тэмцэгч, дайчин хүн байгаа биз. Ёстой бахархамаар. Өвчинтэйгөө тэмцэж байнга бясалгал хийнэ. Бас англи хэл сурч байна гээд л хуурцаг, ном, дэвтэр болоод суучихдаг байж билээ. Хот хүрээ рүү бидэнд англи хэлний ном захиад л. Одоо бодохнээ энэ аюулт өвчин биеийг нь шаналгаж зовоогоод байхаар нь өөрийгөө сатааруулж байсан юм билээ, хөөрхий минь.
Одоогоос 3 жилийн өмнө буюу 2007 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэлдээ би “-Ажаагийн минь бие яаж байгаа бол. Өвчин нь одоо сэдэрч байгаа байхаа.Өвчин хууч намар хавар хөдөлдөг болохоор Ажаагийн биеийг сайнгүй байгаа болов уу гэж зовоод л сууна. Миний Ажаа ч уг нь чулуу шиг биетэй хүн юм ш дээ. Дандаа л 100 наслана гэж ярьдаг юм. Ер нь 80 хүртэлээ өвчин хэлж байгаагүй дээ. Даанч аймшигт өвчинд нэрвэгдчихлээ. Гэхдээ миний ажаа дайчин, эрэмгий болохоороо аюулт өвчнөөсөө сална, ялна, дийлнэ гэж л бодож зүтгэж тэмцэж байгаа даа. Ажаагийн тэмцэгч чанараас би өвлөж аваагүй л байгаа юм даа. Ажаагаа дор хаяж 5 жил амьд явуулчих юмсан. Бурхан Ажаад минь ухаан хайрласан шигээ урт нас хайрлахгүй л юм байх даа. Миний Ажаа ч ганц үр хүүхэд бидэндээ өмөг түшигээс гадна сум орон нутгийнхаа ноён нуруу гол багана нь даа” гэж бичиж байжээ. Үүнээс хойш Ажаа минь 2 жил л бидэнтэйгээ хамт байж дээ.
Ажаа амьсгал хураахынхаа өмнө бүх хүмүүстэй салах ёс хийсэн юм билээ. Ингэхдээ ээжид бүр аминчлан “-Чи минь их уйламтгай шүү. Миний хойноос гашуудаж битгий их уйлаарай. Хүүхдүүдээ зовоохын нэмэр” гэж захисан юм билээ. Хожим ээж минь үүнийг ярьж нулимс дуслуулж суусан даа.
МУСГЗ Ш.Гүрбазар ах нэгэнтээ “-Хүний амьдралын хамгийн хэцүү үе бол аав ээжийгээ алдсан тэр жилийн цагаан сар байдаг юм” гэж ярьж байсан. Энэ юутай үнэн үг болохыг өнгөрсөн жилийн цагаан сараар би мэдэрсэн. Шинийн нэгний өглөө золголт болоход Ажаа минь яах аргагүй үгүйлэгдээд. Бүгд нүдэндээ нулимстай. Ээж минь хичээгээд биеэ бариад байгаа хэрнээ л хоолой нь зангираад нулимс нь сул асгараад байсан даа. Хоёр охин дүү минь буруу харж нулимс унагаан Ажаагийн зургийн өмнө хадаг тавьж мөргөөд л... Хот, аймгийн төв, Говь-Алтайд байдаг ах, эгч нар утасдаж чимээгүй мэгшин хоолой нь зангирцгаагаад ёстой хэцүү юм билээ.
Би Ажаагийнхаа тухай эргэн санаж энэхүү дурсамжаа тэрлэхдээ элэг бүтэн явсан тэр л жаргалтай үеэ санагалзан нулимс дуслуулан байж үзэглэлээ.
Миний блогт зочилж Аажаагийн минь тухай нулимстай дурсамжийг уншсан эрхэм хүн танд баярлалаа.

МОНГОЛЧУУДАА ЦАГААН ХООЛТОН БОЛГОХ ГЭСЭН ЗАЛУУ ЯЛТАН БОЛЖЭЭ


Би ТББ-ынхаа ажлаар үе үе хорих ангиудаар явдаг юм. Ингэж явахдаа Д.Эрдэнэдалай гэдэг туранхай өндөр залуутай танилцлаа. Д.Эрдэнэдалай Англи улсын иргэн Тереза Сарах Геймс гэгч эмэгтэйгээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр Эрүүгийн хуулийн 148,4-р зүйл ангиар 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлээд эдлэх ялаа дөнгөж эхэлж байгаа гэнэ. Үлгэр ингэж эхэлдэг гэдэг шиг Д.Эрдэнэдалайн ялтан болсон түүх нь ингэж эхэлжээ. Тэрээр ийн ярьж байна.”.. Англи хэлний хувийн Жет сургуульд багшилж байхдаа би Тереза Сарах Геймстэй танилцсан юм. Тэр манай сургуульд бас багшилдаг байлаа. Бид сайхан найзууд болцгоолоо. Тереза ч манай гэрээр зочилдог боллоо. Түүнийг ирэх болгонд ээж минь бидэнд дүпүтэй шөл, далайн байцаатай шөл хийж өгдөг байсан юм. Тэр болгонд Тереза ээжийгээ бас өөрт нь шөл хийж өгдөг тухай ярьж баярладаг байсан даа. Манайх цагаан хоолтон айл, өдрөөс өдөрт цөлжиж дулаарч байгаа эх дэлхийгээ аврах юмсан гэж боддог болсон. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулна даа гэж боддог байлаа.Тереза уулзах болгондоо надад “Би эмэг эхээсээ өв залгамжилсан мөнгөтэй баян” гэж ярьдаг байсан. Тэгээд “Би чамд туслая, бизнес хийх үү, үйлдвэр байгуулах уу, чи юу л хийнэ тэр бүхэнд чинь мөнгөөр туслая” гэсэн санал тавилаа. Би Терезагийн саналыг их ч бодлоо. Ингээд Терезатай ярилцлаа. Тереза 80 сая төгрөгөөр Боржигон 64-р дэлгүүрийн байрыг худалдан авч бэлэглэлийн гэрээгээр надад өглөө. Энэ байрандаа засвар хийгээд бид интернэт кафе ажиллуулахаар боллоо. Намайг архи уудаггүй, тамхи татдаггүй, цагаан хоолтон гэдгийг Тереза мэднэ. Харин Тереза архи пиво ууж, тамхи татдаг юм. Би түүний аяыг харж голдуу бааранд сууж цагийг өнгөрөөдөг байв.Нэг өдөр дотны найз Тереза сонин авир гаргаж намайг хамт амьдрахыг шаардаж эхлэнгүүт би түүнд сэтгэлдээ хайрлаж явдаг монгол найз охиныхоо тухай ярьж өглөө. Үүнээс хойш Терезагийн зан нь хувирч хамаг юмаа буцааж авна гэж дарамтлах болсон. Би түүний байрыг нь буцаагаад өгчихлөө. Хэд хоногийн дараа бид дахин уулзалдаж учраа олж эвлэрцгээлээ. Ингээд байраа зарж цагаан хоолны үйлдвэр байгуулан цаашид хамтран ажиллахаар болж дахин итгэлцэж тэр ч бүү хэл Тереза “Бидний ажил бүтэлгүйтлээ ч би чамд хэзээ ч муу зүйл хийхгүй. Тийм юм хэзээ ч болохгүй. Бүр эвгүйтэх юм бол чамайг би гадаад руу гаргана” гэж хэлээд байрыг миний нэр дээр дахин бэлэглэлийн гэрээ хийж буцааж өгсөн юм. Ингээд би энэ байрыг 228 сая төгрөгөөр зараад өөрийн хүсэж мөрөөдөж явсан цагаан хоолыг дэлгэрүүлэн эх дэлхийгээ аврах ажилдаа эргэлт буцалтгүйгээр ханцуй шамлан орсон юм. Нэг өдөр Тереза “Уулзая. Хамт баймаар байна” гэхээр нь “Найз охин маань Америкаас ирсэн байгаа. Тэгэж байгаад уулзая” гэчихлээ. Миний энэ үгийг сонсоод л Тереза намайг цагдаад өгч ялтан болгосон доо. Би мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарт бүх үнэнээ ярьсан. Тэдний хэн нь ч намайг сонсохыг хүсээгүй. Зөвхөн надад хэргийг тулгаад л, үгүйсгээд л, буруутгаад л хэцүү юм билээ шүү. Бүр шүүх хурал дээр шүүгч залуу “Чиний цагаан хоолтон болж дэлхийг аврана гэж юу байдаг юм” гэж ёжлон тас тас инээсэн нь аймаар доромжлол шиг санагдаж байлаа гэж Д.Эрдэнэдалай ярьсан юм.
Түүний яриаг сонсож суухдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Монгол залуусаа шорон руу биш сургууль руу илгээе” гэж хэлсэн нь гэж бодогдлоо. Гэтэл хийж бүтээх оргилсон хүсэлтэй Д.Эрдэнэдалай мэтийн өчнөөн олон залуу шударга бус хуулийн золиос болон өргөст торны цаана илгээгдэж байгааг эрхэм Ерөнхийлөгч анзаарч байгаа болов уу?Хэдхэн хоногийн өмнө Д.Эрдэнэдалайн ээж утас цохиж хүүгээс нь захидал ирсэнийг дуулгаад надад захидлыг авчирж өглөө. Тэрээр захидалдаа “…Бид мөнгө булаацалдаж суух хооронд дэлхийд маань аюул нүүрлээд эхэлчихсэн байна. Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч 2012 оны эцэс гэхэд хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахалдаж байсан метан агаар мандалд дэгдэж дэлхий ертөнц дарьтай торх болох аймшигт цаг үетэй хүн төрөлхтөн нүүр тулах болоод байгаа. Үүнийг би ганцаараа яриагүй. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж үер усны аюул, далайн хар салхи, шувууны ханиадны халдварт тархалт, үхрийн галзуу(BSE), гахайн өвчин(PMWS) гэх мэт өвчний аюулыг илгээж дэлхий маань өөрийгөө илчилж байгаа. Энэ бүхэн нүднээ ил байна. Тиймээ, хүн төрөлхтөн зөв амьдарч чадаагүй энхрийлж өсгөсөн мал сүрэг, гэрийн тэжээвэр болон лусын амьтад, өдтөн жигүүртэн, анд нөхдөө хэдэн зуун мянгаар нь хэрцгийлэн хороож буй явдал маань ийм аюулд хүргэж байгааг би ухамсарлан хүлээж авдаг.
Бид эх дэлхийдээ өртэй. Иймийн учир мөхөс би шар буурцгийг хэрхэн боловсруулж мах адил болгож байгаа аргыг сурахад ихэнх мөнгөө зориулсан. Сувгыг нь ч олсон. Би Тайвань улс руу явж цагаан бууз, глютин, вежертеран хиам, вежертеран нухаш/веже/, өндөггүй майонез, дүпү, дүпүний сүү зэргийг үйлдвэрлэх аргыг сурч монголд нэвтрүүлж амжсандаа баяртай байдаг.
Монгол эх орон ард түмэн маань удахгүй хоолны хомсдолд орох хүнд хэцүү үе тулахад би бэлэн байхыг хичээсэн. Олон хүнийг өлсгөлөнгөөс аврахын тулд цагаан хоолыг дэлгэрүүлэн идүүлж сургахад зорьсон минь энэ. 2012 он хүртэл эх дэлхийгээ аврах ганцхан боломж бол хүн бүр цагаан хоолтон болж амьдралынхаа хэв маягыг өөрчлөх явдал юм. Хүн бүр эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө, гэр бүл үр хүүхэд ач гуч нараа аврахын төлөө цагаан хоолтон байгаасай. Гариг дэлхийгээ аврахад үнэтэй хувь нэмэр өргөөсэй гэж хүсье! Амжиж олон хүнийг аврах гэсэн цагаан сайхан үйлийг минь бодож ялтан Д.Эрдэнэдалай намайг уучилж өршөөгөөч” гэж бичжээ.
Тэр одоогоор Дээд шүүхэд давж заалдаад байгаа юм байна. Дээд шүүх хэргийг нь үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэлтэй байгаагаа Д.Эрдэнэдалай захидлынхаа төгсөлд бичжээ. Жирийн Монгол залуугийн ялтан болсон түүхийг танд хүргэлээ. Монгол төрийн сүлд Д.Эрдэнэдалайг удахгүй өршөөх болтугай.

Saturday, January 30, 2010

МИША ЧАМАЙГ МӨНХЛӨХСӨН

Хувь заяаны дарвуулт хөлгөнд чамтай аялана гэхээр
Хуй салхитай орчлонд удаан амьдармаар санагдах юм.
Ө-О-д зориулав.

Би чамайг зурахсан гэж боддог
Би чамайг зурахсан гэж бодох бүртээ
Бийр будаг нийлүүлж сураагүйдээ харамсдаг
Би чамайг мөнхлөхсөн гэж хүсдэг
Би чамайг мөнхлөхсөн гэж хүсэх бүртээ
Бишгүүр үлээдэггүйдээ, хуур барьдаггүйдээ халагладаг
Би л чамайг мэдэх болохоор тэр шүү дээ
Бийргүйгээр хөгжимгүйгээр мөнхрөл байх аргагүй
Бичих яахав дээ
Бидний хувьд зүгээр л яриа юм.
Би, би, би... Яагаад байгаагаа мэдэхгүй байна. Би Мишаг хараагүй бас уулзаагүй хэрнээ түүнийг бодсоор.
Яг л анхны хайртайгаа учирсан юм шиг сэтгэл гэгэлзээд байдаг болчихлоо. Гэхдээ энэ бол дурлал биш. Би яагаад ч түүнд дурлаж болохгүй. Харин түүнийг найзын, ахын ёсоор хайрлаж болно. Үүнийгээ түүнд бас хэлсэн байгаа. Ингээд л элдвийг бодон хэвтсээр... Нойр хулжаад алга болж.
Хоёр хоногийн өмнө чатлаж байхдаа Миша надад зөндөөн олон зургаа явуулсан. Би түүнээс зураг ирэх бүрт нь өөрийн эрхгүй дуун алдсаар байлаа.
Гайхалтай. Тэр зурган дээрээ ямар гоё харагдаж байсан гээч. Түүний харц үнэхээр гайхалтай. Зүгээр л харцаараа бүхнийг өгүүлсэн байлаа. Би Мишагийн харцыг унших гэж оролдсоон. Өөрийнх нь хэлсэнээр яг соронз. Бодол хөвөрсөөр... Би өөрийн эрхгүй үзгээ шүүрэн авч түүнд зориулан эл тэмдэглэлээ бичихээр шийдлээ. Би Мишаг огтхон ч хараагүй хэрнээ хэзээний танил шиг л бичиж байна.
Түүний тухай үгс цээжний гүнээс хөвөрсөөр...
Би тэрлэсээр... Бодлоо цааш үргэлжлүүллээ. Онгод гэж надад байдаг бол яг одоо түүнийг хөглөөд Мишаг зурах юмсан гэж бодлоо. Бийр багсны гайхамшигийг мэдрүүлэн Мишаг “Жоконда” шиг зурж түүхэнд мөнхлөх хүсэл байгаагаа өөрөөсөө нуулгүйгээр мөрөөдлөө. Мишаг яаж зурах вэ гэж бас бодлоо. Зүгээр л байгаагаар нь зурая гэж хүслээ. Тэр өөрөө агуу хүн. Гэрэл цацаруулсан хүн. Яг л бурхан шиг хүн.
Харин түүний зурагны гол “шигтгээ” нь инээмсэглэл нь байх болно гэж бодлоо. Би хэдийгээр түүнийг хараагүй ч инээмсэглэлийг нь мэдэрч байна.Мишагийн инээд яг нар шиг хүмүүсийг дулаацуулдаг байх.Уг нь би Мишаг инээж буй зургаа явуулаач гэж гуйсан л даа. Гэвч тэр “гайхамшигт” инээдийг би харах хувь дутлаа. Хэрвээ би зураач байсан бол Мишаг заавал “Жоконда”-аас илүү зурна даа. Мишагийн зургийг харсан хүн бүр л дуун алдаж эрч хүч энерги авч байхаар зурах юмсан.
Миний бодол цааш хөвөрсөөр... Би хөгжмийн зохиолч байсан бол гайхалтай аяз зохиох юмсан гэж мөрөөдлөө. Моцартын симпионуудаас илүү гайхалтайг шүү. Миний аязыг дэлхийн сая сая хүмүүс сонсоод хэзээ ч уйдахгүй байнга сонороо мялааж байх. Тийм л аяз “төрүүлэх” юмсан. Тэгээд энэ аязаа заавал “Бамбарууш” гэж нэрлэнэ гээд л...
Дэндүү романтик бодол хөвөрүүлсээр...
Мишагийн илэн далангүй байдал, хүүхэд шиг ааш бас шударга зан нь намайг эзэмджээ.
Миша, би чамайг мөнхлөмөөр байна. Даанч бурхан надад зурдаг бас хөгжмийн авьяас бага заяажээ.
Миша, чи намайг өөрчиллөө. Чамайг би заавал мөнхлөнөө! Чамд баярлалаа.
Ай даа, Миша минь!
Аз жаргал минь, гуниг минь
Ахиж олдохгүй хатуухан дарс минь
Ахдаа бүү гомдоорой
Бүтэлгүй би чамайг хайрлаж болохгүй нь
Бүлээхэн уруулаар шагнаж чадахгүй нь
Дуулим энэ орчлонд
Дуу муутайгаар чамайг оллоо
Ай даа, Миша минь!
Аз жаргал минь, гуниг минь
Амраглаж болохгүй бүргэд минь
Ахдаа бүү гомдоорой
Өөдөө нисэх жигүүр чинь хүчтэй байсан ч гэлээ
Өөдгүй би дүүлж чадахгүй нь
Эгмэнд чинь шарх, цээжинд чинь гуниг үлдээхээсээ өмнө
Энэ хувь тавилангаасаа холдоё
Ай даа, Миша минь!
Аз жаргал минь, гуниг минь
Алсад одогч гэрэлт шувуу минь
Ахдаа бүү гомдоорой
Арчаагүй би чамайг дайлж ч чадсангүй
Амтат жимс яруу дууны алинаар нь цэнгүүлсэнгүй
Сайн морины дэлэнд дарцаг адил дэрвэх
Саруул идэр биеийг чинь юугаар ч чимсэнгүй
Ай даа, Миша минь!
Ахдаа бүү гомдоорой

ХЯТАДУУДЫГ МОНГОЛЧУУДААС БОР ЕЭВЭН НЬ АВАРЧЭЭ


Монголчууд бид бүгд л мэднэ дээ намар болохоор Хятадууд еэвэн сараа сүр бадруулан тэмдэглэж түүнд нь бид дургүйцээд л. 50-70 аад оны үед Улаанбаатарт Хятад олонтой еэвэн сарны баяраа тэмдэглэх нь илт мэдрэгддэг түүнд нь Монголчууд тун дургүй. Түүнээс болж Монголчууд Хятадуудын хооронд зодоон гардаг байсан талаар аав ээж, өвөө эмээ нар минь ярьдаг байсан сан. Еэвэн гэдэг үг нь Монголчилбол үнэндээ "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов " гэсэн Хятад. 70-80 аад оноос Улаанбаатарт Хятадууд цөөрч түүнтэй хамтраад еэвэн хийх нь ч багасч, еэвэн гэдэг үг ч хэрэглэгдэхээ бараг больж. Гэхдээ чухам ямар учраас Монголчууд Хятадуудыг еэвэн сарын баяраа тэмдэглэхэд нь дургүйцдэг байсан нь сонирхолтой юм. Хүмүүс янз бүрээр тайлбарладаг байлаа. Миний сонссоноор бол Хятадууд еэвэн сараараа Монгол хүний дүрсийг зурсан еэвэн хийгээд түүнийгээ хагалж иддэг гэсэн түүх байв. Ямартай ч байсан Монголчууд бид бурамтай, үзэмтэй еэвэн идэх тун дуртай байсан ч еэвэн сар гээч баярт нь ихэд дургүй байсан юм. За ингээд бидний хэлж заншсанаар намрын арван тавны бүтэн сартай шөнө буюу Хятадуудын заншлаар еэвэн сарны баярын утга учрын талаархи хамгийн бодит Хятад эх сурвалжаас авсан түүхийг өгүүлэе. Ази Европыг дамнасан Монголын Эзэнт их гүрний үед Хятад улс Монголын нэгээхэн хэсэг байснаар зогсоогүй, тухайн нийгэмд Хятад хүмүүс хамгийн доод гарал зиндаанд тооцогдож байжээ. Монголчууд Хятадын айл өрхүүдийг аравтын нэгжид хувааж арван Хятад гэр бүл бүр нэг Монгол гэр бүлд үйлчлэх системтэй байсан гэнэ. Үйлчлэгч 10 гэр бүл бүр дундаа гал зуухны нэг л хутгыг хувааж хэрэглэдэг байжээ. Тэр үед Монголчууд маш хатуу хэрцгий байсан гэх ба Хятадад 100 орчим жил (албан ёсны тоогоор 1271-1368 он хүртэл) үргэлжилсэн Монголын Юань гүрний ноёрхлын эхний 50 жилд нь тухайн үеийн Хятадын хүн амын тал хувь нь болох 60 сая хүн үгүй болжээ. Монголчуудын харгис хэрцгий ноёрхлыг түлхэн унагаахад өнчин ядуу нэгэн хөвгүүн, бадар барин даяанчлагч гоонь эр, бас тэгээд дугуй саран хэлбэрт еэвэн боов их чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Жү (Zhu Yuanzhang 朱元璋) хэмээх тариачин гаралтай ядмаг нэгэн хөвүүн 17 настайдаа өнчирч тосгод суурингаар дамнан гуйлга гуйн амьдрах болсон ба 24 насандаа Монголын ноёрхлыг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оржээ. Өнчин ядуу амьдралын туршлага нь түүнийг чанга хатуу чадварлаг удирдагч болоход их нөлөө үзүүлсэн гэдэг. Ердөө 3 жилин дотор тэрвээр босогчдын хөдөлгөөний удирдагч болон дэвшжээ. Лию хэмээх (Liu Bowen 劉伯溫) нэгэн сэхээтэн эр байсан ба тэрвээр нэгэн цагт Монголын Засгийн Газарт алба хааж байжээ. Ард түмэндээ хүчээ зориулж тэдэндээ үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй Лию авьяас чадвар нь зохих ёсоор үнэлэгдсэнгүй гэж үзсэний улмаас гутран олон түмнээс ангижран даяанчилж агуйд бясалгал үйлдэн суух болжээ. Сарны (Lunar Calendar) тооллын 8 дахь сарын 15-ны өдөр бүтэн сартай шөнө байдаг ба Хятадууд уламжлал ёсондоо дугуй саран хэлбэртэй еэвэн хийгээд хагалж идэн бүтэн сарны баярыг тэмдэглэдэг аж. Монголчуудын эсрэг бослогын хөдөлгөөний толгойлогч залуу эр Жу даяанч эр Лию-тэй уулзан учир байдлаа ярьж бослогын талаар зөвлөлдөн түүнийг бослогын удирдлагад оролцохыг хүссэн байна. Еэвэн сарны баярын үеэр Монголчууд Хятадын уламжлалт дугуй еэвэнг иддэггүй болохыг ажиглаж мэдсэн Лию бослогыг бүх Хятад даяар зэрэг өрнүүлэхийн тулд еэвэн дотроо бичиг хийж орон даяар тараах санааг сэджээ. Ингээд тэд маш олон тооны еэвэн хийж дотор нь "8 дахь сарын бүтэн сартай 15 ны өдөр Монголчуудыг ал " гэсэн нууц бичгийг хийж тараажээ. Энэ нууц бичигтэй еэвэнгээ хүн бүрт хүргэхийн тулд тэд аймшигт тахал өвчин тархаад байна. Тиймээс энэ тарааж байгаа еэвэнг идвэл тахал өвчин тусахгүй хэмээн цуу үгийг давхар тараажээ. Энэ нууц ажиллагаа амжилттай болж орон даяар Хятадууд нэгэн өдөр зэвсэг барин босч тэмцэн Монголын ноёрхлыг унагаажээ. Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Жу жанжинаар удирдуулсан арми Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаж жинхэнэ Хятад хүний удирдсан Мин улсыг тогтоосон байна. Өнчин, ядуу, боловсролгүй тариачин гаралтай Жу хэмээх энэ залуу 40 нас ч хүрээгүй байхдаа 276 жил үргэлжилcэн Мин улсыг анхлан байгуулсан хаан нь болсон ба түүний хамтран зүтгэгч Лию нь Хятадын түүхэн дэх гайхамшигт цэргийн жанжинуудын нэгэнд тооцогдох болсон аж. Хятадууд Монголчуудыг хөөн гаргаад Мин улсаа байгуулснаасаа хойш бүтэн сарны баяраа тэмдэглэхдээ нууц бичиг хийхийн оронд Монгол хүний төрхийг зурсан еэвэнгээ хагалан идэж ялалтаа тэмдэглэдэг заншилтай болсон ажээ. Монголчуудын дарангуйллыг түлхэн унагаахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн дугуй еэвэн болоод еэвэн сарны баяр нь ийм учраас Хятадын соёл заншилд нэн хүндтэй байр суурийг эзэлж Хятад хүн бүрийн зүрхэнд ойр байдаг гэнэ. Сарны тооллоор жил бүрийн 8 дахь сарын 15-ны бүтэн сартай шөнө хаа газрын Хятадууд цугларан энэхүү түүхийг ярьж баяраа тэмдэглэн дугуй еэвэн хэрхэн Хятад улсыг Монголчуудаас аварсаныг дурсан санадаг уламжлалтай ажээ.

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ БАЙГУУЛЛАГА ХАМГИЙН ШИЛДЭГ ХООЛООРОО МОНГОЛ ЦАГААН ИДЭЭГ ШАЛГАРУУЛЖЭЭ


Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ.Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол. Монголчууд бид хоол ундны дэглэмээ тохируулж яаж зөв хооллож байсан тухай хариултыг олж авах гэж их хичээлээ. Гэтэл би эрж хайж байсан хариултаа Доктор З.Бат-Отгоны лекцнээс олж аваад олзуурхлаа бас баярлалаа. Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна. Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг юм байна. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг байна. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ. Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон “-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн байгаа биз. Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд бидэнд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

АРГАЛЫН УТАА 300-ААД НЯНГ УСТГАХ ЧАДВАРТАЙГ ЯПОНЫ ЭРДЭМТЭН СУДАЛЖ ТОГТООЖЭЭ


Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог...
гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа. Одоогоос 7 жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор 4 жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ. Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн 3 жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадаглагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай. Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд 3 удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчинг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо. Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм. Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг. Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багшийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа. Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ. Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү.

Банхар судлаач Ш.Чулуунбаатар: ГЭРЭЭС ГАРАХ ТОМ ГАРЗЫГ ХААЖ МОНГОЛ НОХОЙ АЛГА БОЛДОГ


Монголчууд бид нохойг үнэнч дотны нөхрөө гэж магтан ярьдаг. Зовлон жаргалын аль алинд ч дэргэд минь байдаг жинхэнэ монгол нохой сүүлийн үед устаж үгүй болж байна гэж хэн хүнгүй л ам амандаа ярьж байна. Гэтэл үүнийг хамгаалах талаар хэн ч ярихгүй байгаа нь хачирхалтай. Хэдхэн хоногийн өмнө Ш.Чулуунбаатар гэдэг эртэй танилцлаа. Энэ эр монгол нохойг 30 жил судалж байгаа гэнэ. Ш.Чулуунбаатар ч намайг гэртээ урилаа. Дэнжийн 1000 дахь тэдний гэрт нь очихдоо хашаагаараа дүүрэн монгол нохойтой байх гэж төсөөлж байлаа. Гэтэл хашаанд нь ганцхан хар нохой уяатай байх юм. “-Танай энэ нохой банхар мөн үү?” гэж асуутал Ш.Чулуунбаатар “-Бишээ, Австрали хонь ч нохой байгаа юм. Банхар чинь хашааны нохой биш ш дээ. Тэгээд ч энэ хотын утаа банхарын уушгийг байхгүй болгоно” гэж хэллээ. Ингээд гэрт орлоо. Ш.Чулуунбаатар надад “Монгол нохой” гэсэн номын эхээ дэлгэн үзүүллээ. Түүний энэ номонд монгол нохойн 50-100 сая жилийн өмнөх гарал үүслээс нь эхлээд одоогийн бидний тэжээж байгаа банхар хүртлэх түүхийг анатоми физологи болон шинжлэх ухааны үүднээс нь судалсан маш сонирхолтой судалгаануудыг нийтэлсэн байх юм. Ш.Чулуунбаатар “-Ах нь тэтгэвэрийнх болохоор хөрөнгө мөнгөгүйдээд энэ номыг хэвлүүлж чадахгүй л байна. Уг нь энэ номоо хэвлүүлчихвэл гадаад дотоодын судлаачдад их л хэрэгтэй эд дээ” гэж ярьж байсан юм.
-Та яагаад монгол нохойг судлахаар шийдэв ээ?
-Ямарваа нэг улс орон өөрийн гэсэн үндэсний нохойтой байдаг юм байна. Улс болгон өөрийнхөө нохойгоо сургадаг судалдаг юм байна. Гэтэл манайхан үнэнч анд болсон нохойгоо бараг мартчихсан. Тэр ч битгий хэл гарал үүслийг нь Түвдээс гаралтай гэж мэдэмхийрдэг болжээ. Угтаа бол монгол нохой чинь энэ дэлхийн бүх үүлдэрийн нохойн өвөг нь юм ш дээ. Түүх судалж байхад 3 их нүүдлийн үеэр монгол нохой дэлхий дахинаа тархаж эхэлсэн байдаг юм байна. Хүн анх нохойг өөртөө дасгасан үе бас Хүннү Сүннүгийн үе дараа нь Чингис хаан дэлхийн талыг эзэлж байлдан дагуулж байх үед монгол нохой тархан нутагшсан байна. 90 оноос хойш монгол нохойг мөнгө хайсан хүмүүс бизнес болгож гадаад руу гарган зарж ашиг олдог болсон. Үүнэс болж монгол нохой устаж үгүй болох аюулын ирмэгт тулаад байна.
-Би монгол нохой гэхээр л 4 нүдтэй улаан халтар зүстэй байдаг гэж боддог юм. Би ч гэхгүй ихэнх монголчууд л ингэж боддог байх. Гэтэл тантай уулзаад хийсэн судалгаа фото зургуудыг тань харж байхад монгол нохой олон янзын зүстэй байдаг юм байна. Гайхаад л сууж байна даа...?
-Монгол нохой бол нүүдэлчдийг дагаж явдаг байсан учраас их хүчирхэг амьтан л даа. Ангаа ч хийж чаддаг. Малаа ч хариулчихдаг, гадны ямар нэг довтолгооноос эзнээ хамгаалдаг. Бас байгалийн гамшгийг урьдчилан мэдээд эзэндээ олгуулж чаддаг их ухаантай амьтан. Хүн болон байгальд дасан зохицох чадвараараа бусад үүлдэрийн нохойноос хавьгүй илүү. Сүүлийн үед манай баячууд Түвд нохой, кавказ овчарк гээд л магтан хөл алдан үнэ цохин авч бэл бэнчингээ гайхуулдаг болж. Гэтэл энэ үүлдэрийн ноходын өвөг нь монгол нохой л байгаа байхгүй юу. Монгол нохой улаан халтар, цагаан шар, шар, хар өнгөтэй байдаг. Дээр үеийн хаад ноёд улаан халтар нохой тэжээдэг байсан юм билээ. Харц ард хар өнгийн нохой тэжээх ёстой. Тэд хэзээ ч хаад ноёдтой зиндаархаж улаан халтар нохой тэжээж болохгүй. Баячуудын нохойг үржүүлж олон болгодоггүй байсан юм билээ. Үүнээс үүдээд л хүмүүс банхарыг улаан халтар өнгөтэй 4 нүдтэй байдаг гээд ойлгочихсон байхгүй юу. Бас чих нь босчихсон нохойг банхар биш гэдэг. Гэтэл хойд талын монгол нохойн чих нь босдог юм ш дээ. Ер нь Монгол нохойг 3 хувааж үздэг. Баруун аймгийн нутгаар бидний яриад байдаг халтар банхарууд байдаг. Харин хойд тал болох Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтийн нутгаар богино биетэй анч банхарууд их байдаг. Урд зүг болох Үзэмч Тангуудад хөл зэгзгэр гэдэс татсан банхарууд байдаг юм. Энэ 3 янз банхар чинь бас дотроо нутаг нутгаараа өөр байдаг. Монгол нохойн түүхийг мөстөлгийн үеэс эхлээд ярина. Тэгэхээр их урт түүх болох гэж байгаа биз.
-Яагаад монгол нохой банхар гэсэн нэртэй болсон юм болоо?
-Монголчууд бид чинь юмыг их өхөөрддөг хүмүүс. Тэгээд л монгол нохойгоо гөлөг байхад нь өхөөрдөөд л банхайсан амьтан гэдэг байсан юм билээ. Энэ өхөөрдөлт нь л банхар нэртэй болгосон.
-Банхар байхгүй боллоо, ховордлоо устаж үгүй боллоо гэж их ярьж байна. Энэ үнэн үү?
-Манайхан 90 оноос хойш хэтэрхий их зарж үрсэн дээ. Бас соёлын довтолгооны үед нохойг өвчин тараагч гээд их устгасан Үүний дараа гадаад руу гаргаж зарсан. Үүнээс болж устах аюул нүүрлээд байгаа нь үнэн. Бид банхараа ер тоохгүй юм. Гэтэл монгол гэр судалдаг Франц хүүхэн надтай ирж уулзсан. Тэр эмэгтэй “-Танай гэрийг судлаад явж байтал банхар гэж монгол нохой байдгыг мэдлээ. Та надад энэ нохойн тухай ярьж өгөөч” гэсэн. Сүүлд сураг сонсож байхнээ нөгөө хүүхэн чинь гэр бас банхарыг монголоос авч явж Францдаа үзэсгэлэн гаргаж мөнгө олж байгаа дуулдсан шүү.
-Банхар 4 нүдтэй байдаг нь ямар учиртай юм болоо.
-Энэ 4 нүдийг үлгэр домогт янз янз л ярьдаг. Харин Шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм бол хээр талд явж байхад тусах нарны хүчтэй туяаг бууруулж харааг сайжруулдаг юм. Овчаркны хараа банхарын харааны түвшин 2 эрс өөр. Овчарк эзэнээ бараг дэргэдээ ирэхэд танидаг. Гэтэл банхар хэдэн км-ийн цаанаас эзнээ ирж байгааг танидаг, энэ нь 4 нүдтэй нь холбоотой байхгүй юу. Бас банхарын дуу шал өөр байдаг юм . Түвд банхарын дуу бөглүү “пөн, пөн” гээд тэрүүхэн тэндээ дуугараад байдаг. Гэтэл банхарын хуцалтын долгион хэдэн км-ийн цаанаас дуулддаг юм.
-Хүмүүс бид банхарыг бусад үүлдэрийн нохойноос болхи, ухаан муутай гэж боддог. Тиймдээ ч зарим нэг дарга нь доод тушаалын хүнээ банхар царайлчихаад гэж нохойтой зүйрлэн загнадаг. Гэтэл та банхар хамгийн ухаантай нохой гэдгийг судлаад баталчихсан байх юм?
-Нохой эзнийхээ зан аашийг дуурайдаг. Монголчууд бид их аажуу тайвуу хүмүүс. Банхар ч бас монгол хүнээ дуурайсан ааш зантай. Нохойн зан аашийг 4 ангилдаг. Монгол нохой фелагматик темпраменттай. Тэгэхээр манай нохой гаднаас нь харахад болхи удаан юм шиг хэрнээ сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй. Гэтэл энэ гадаад нохой чинь сурсан зүйлээ амархан мартчихдаг юм. 2 немц овчарк сургачихаад байхад манай банхар заасан юмдыг сураагүй л байдаг юм. Харин нэг сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй дээ.
-Яг одоо монголд цэвэр цусны банхар байна уу?
-Цөөрсөн дөө. Говь-Алтай зэрэг баруун аймгуудад жинхэнэ банхар байдаг юм. Манайхан бас энэрэн нигүүлсэх үзэлгүй болчихож. Нохойг гөлөглөнгүүт эрийг нь аваад охиныг нь тогоонд хийгээд эсвэл цасанд булаад хаячих юм. Уг нь бол нохойг бие биенээсээ авахдаа маш хүндэтгэлтэйгээр хандаж эзэнд нь жилийн өмнөөс хэлж захидаг байсан байгаа юм. Бас гөлгөө авахдаа эзэнд нь хадаг бариад гөлөгний эхийг нь хооллоод сүү долоолгож байгаад зулзагыг нь авдаг байсан. Монгол айл хамгийн цөөндөө л 3 нь нохойтой байсан түүхтэй байдаг юм. Монгол нохой өтлөөд үхэхдээ хэзээ ч гэрийнхээ гадаа үхдэггүй. Бусад нохддоо бариулж үхдэг эсвэл гэрээсээ зайлж холдож үхдэг юм. Бас нохойгоо алга болоход эзэн нь харамсаж болохгүй. Яагаад гэхээр нохой гэрээс гарах том гарзыг хааж алга болдог юм. Бидний өвөг дээдэс маань нохойгоо гэрийнхээ баруун өмнө уядаг байсан байгаа юм. Энэ нь бас их учиртай.
-Ямар учиртай гэж?
- Манай оронд салхи ихэнхдээ баруун хойноос салхилдаг. Тиймээс гэрийн доторхи хоол ундны элдэв үнэрийг мэдрүүлэхгүй гэж баруун урд талдаа уядаг байж. Хэрвээ нохой гэр доторхи хоол ундны үнэрийг авчихвал харуул хамгаалалт манааных нь үүрэг алдагдана гээд баруун урдаа уядаг байсан байгаа юм. Бас монгол нохой хүзүүгээ сунгаад газарт чимээ чагнаж хэвтдэг. Энэ нь хараа сонсгол нь хүрэхгүй алсаас ирж байгаа чимээг чагнаж эзэндээ мэдээлдэг байгаа юм. Сүүлийн үед цөлжилт дулааралттай холбоотойгоор нохойны ороонд хүртэл өөрчлөлт ороод жилд 2 гөлөглөдөг болчихлоо.
-90-ээд онд Батзориг гэдэг залуу дэлхийг тойрохдоо 2 банхар дагуулж явсан. Үүнийг та мэднэ биз дээ?
-Нэг нохой нь миний банхарын гөлөг байгаа юм. Батзориг дэлхийг тойрч ирсэнхийхээ дараа надтай уулзахдаа “-Миний 2 нохой цасанд л дарлуулсан даа. Бусдаар чоноос эхлээд гадны халдлагыг ойртуулахгүй гайхамшигтай байсан. Даанч цасанд улдаад дэлхийг тойрч чадсангүй дээ гэж” ярьж байсан. Их засаг хуулинд баян хүний нохойноос бусад бүх өмчийг нь хураа. Ядуу хүний нохойноос бусад хөрөнгийг нь хураа гэж заасан байдаг байсан юм билээ. Бас нохой алсан хүнийг унаж яваа мориор нь торго гэж бичсэн байдаг юм.
-Монголчууд нохойндоо яагаад хүчтэй амьтад буюу жигүүртэний нэрийг өгдөг байсан юм бэ?
-Газарт хүчтэй байлгахын тулд арслан барс гэдэг нэрийг агаарт хүчтэй байлгахын тулд бүргэд хойлог харцага гэдэг нэрийг өгдөг байсан юм. Эрт дээр үедээ нохойныхоо хүзүүвчинд эдгээр хүчтэй амьтадын дүрсийг хайчилж зүүдэг байсан юм билээ.
-Монголчууд нохойныхоо хүзүүнд улаан өнгийн гурвалжин даавууг хайчилж зүүдэг нь ямар учиртай юм бол?
-Гадны аюулаас хамгаалж өргөст тор зүүж байгаа нь тэр л дээ.
-Монгол нохойгоо улам сайн судлаад банхарын гайхамшгийг дэлхий дахинд сурталчилж өгөөрэй гэж таниас хүсье?
-За баярлалаа. Хичээе дээ. Эцэст нь хэлэхэд монгол нохойг аврах талаар Батхүү гишүүн л их юм хийх хүн дээ гэж би боддог юм. Энэ хүн биднийг дэмжих байх гэж боддог доо.

МОНГОЛЧУУД ШАВХАГДАШГҮЙ “ОЮУ ТОЛГОЙ”-Н ОРД БОЛСОН ТАРХИА УХАЖ АМЬДРАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ



Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч физикч, философич, доктор Зулаагийн Бат-Отгонтой уулзаж ярилцлаа. Тэрээр саяхан “Монголчуудын гэгээрэл”, “Чингис хааны гэгээрэл” зэрэг цуврал 5 ботио хэвлүүлэн гаргажээ. Ингээд түүний сонирхолтой яриаг танд хүргэе.
-Та саяхан телевизийн шууд ярилцлаганд орж байхдаа Монголчууд газраа ухаад хэзээ ч баяжихгүй. Тархиа ухаж баяждаг ард түмэн гэж хэлж байсан. Таны яриаг сонсоод УИХ-ын гишүүн Занданшатар “-Монгол толгойг шүтэж амьдарцгаая” гэж уриалж байсан. Энэ тухайгаар яриагаа эхлэх үү?
-Дэлхий гэдэг чинь амьд амьтан. Тэр тусмаа биднийг төрүүлж өсгөсөн ээж минь байгаа юм. Амьд гэдгийг нь бидний өвөг дээдэс батлаж хэлэхдээ 4 жилд нэг удаа амьсгалаа авч гаргадаг гэдэг юм. Энэ нь 2 сарын 29 байгаа юм. Тэгэхээр 4 жилд ганцхан удаа тохиодог 2 сарын 29 онцгой өдөр байгаа биз. Хүмүүс бид хоолгүй, усгүй, агааргүй бол үхнэ. Дэлхий ч бас сансар огторгуйд байгаа гариг эрхэстэй энерги мэдээллийн бодисийн солилцооны холбоосонд оршиж байж өөрийгөө тэтгэж амьд байдаг юм байна. Хүмүүс бид өөрийгөө төрүүлсэн ээжийнхээ хэвлий доторх ус агаар, хоол хүнсийг нь авч солилцуулж боловсруулж амьд байлгадаг эрхтэн системийг нь ашигт малтмал нэрийн дор бүгдийг нь ухаад гаргачихлаа. Алт, мөнгө, зэс, нүүрс...гээд бид мөнгө болгож хараад байгаа энэ ашигт малтмал гэдэг зүйл чинь биднийг төрүүлсэн дэлхий ээжийг сөнөөж байгаа хамгийн ашиггүй зүйл байгаа юм. Хэдэн сая жилийг туулаад монголчууд бид энэ газар шороон дээр оршиж ирэхдээ бидний өвөг дээдэс газар ээжээ нэг ч ухаж сэндийлээгүй. Бидний үеийнхэн мунхаглалын туйлд хүрч тархиа ухаж чадахгүй болсон болохоороо барууныг дуурайж газар шороогоо ухаж амьдрах гэж тэмцэлдэж байна л даа.Дэлхийн бусад ард түмнүүд газраа ухаад баялагаа дуусгачихсан байхад монголчууд хэвээр нь байлгаж байна гэнэ л дээ. Ухаантай өвөг дээдсийн гавьяагаар үлдсэн газар доорх баялгийг дэлхий нийтийн мунхагуудыг дагаад өнөөдөр үүнийг идэх ёстой гээд ухаад сууж байгаа нь дэндүү эмэгнэлтэй зүйл. Манай өвөг дээдэс төрүүлсэн дэлхий ээжийнхээ хэвлийг ухалгүйгээр тархиа ухаж сайн сайхан амьдарч байсан байна. Тэд тархиа хөх амин чанартай тэнгэр тархи болгон хөгжүүлж сайхан амьдарч байжээ. Үүнийг түүх гэрчилнэ.
-Та тархиа ухаж чадахгүй болохоороо газраа ухаж байна гэж хэллээ. Газраа ухсанаар монголчууд баяжина гэж дээр доргүй л ярьж байна. Бүр ард түмэндээ “Эрдэнийн хишиг” хүртээнэ гэж ярьж байгааг та юу гэж үзэх вэ?
-Газраа ухаад баяжина гэдэгтэй санал нийлэхгүй л дээ. Газраа ухсанаар ганц монголчуудад биш дэлхий нийтэд сөрөг үр дагавар нь ирчихээд байхад бид үүнийг мэдсэн хэрнээ мэдээгүй царайлж баяжина гээд элдэв хишиг горьдож сууж болохгүй л дээ. Өнөөдөр дэлхий амь тавихын өмнө ирээд тийчилж байна. Бөөр, элэг, зүрх гэх мэт гол гол эрхтэнүүдийг нь гаргачихаар амь тавихгүйн тулд тэсэж үлдэхийн тулд тийчилж тэмцэж ирнэ биз дээ. Хүмүүс бид ч үхэхгүйн тулд хөл гараан савлан яаж тэмцдэг билээ. Түүн шиг дэлхий маань амьд үлдэхийн тулд өөрийгөө сэгсэрч байна. Нэг ёсондоо өөр дээрээ цэвэрлэгээ явуулж байна. Энэ цэвэрлэгээ нь 1998 оноос эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжлэх юм байна. Америк, Европ, Ази тивийн олон улс оронд шил дараалан байгалийн гамшигт үзэгдлүүд болж олон хүний амь нас эд хөрөнгийг авч одож байна. Үүнийг бид байгалийн гамшиг гэж нэрлэж байгаа боловч үнэн чанартаа дэлхий амь тавихын өмнөх тэсч үлдэхийн төлөөх цэвэрлэгээ явагдаад байгаа байхгүй юу. Хүмүүс бид газраа ухсанаар дэлхийгээ л сүйрүүлж байна. Дэлхий сүйрэхээр бид сүйрнэ гэдгээ ойлгохгүй байгаа нь харамсалтай.
-Дэлхийн цэвэрлэгээ монголчуудад мэдэгдэж байна уу?
-Мэдэгдэлгүй яахав. НАСА-ийн эрдэмтийн гаргасан судалгаагаар монголын газар нутгийн цөлжилт Дарханы хойгуур Сэлэнгийн урдуур ирчихэж гэсэн байна. Монголын Швейцарь гэж бахархдаг байсан Хөвсгөл аймагт цөлжилт 28 хувьтай орж ирсэн байна гэнэ. 2 жилийн дараа энэ цөлжилт монголын хойд хилд ирнэ гэж байна. Тэгэхээр Монгол улс бүрэн цөлжиж байгаа биз. Бас нэг мэдрэгдэж байгаа зүйл бол манай улсын хөрсний дээд доод гадарга усгүй болжээ. Сүүлийн 10-аад жилд 3000 гаруй гол горхи ширгэчихлээ. Монгол чинь дэлхийн усны хагалбар газар байдаг юм ш дээ. Монголд дотогшоогоо урсдаг ганц гол байдаг. Бусад нь бүгд гадагшаагаа урсдаг юм. Номхон далай, Атлантийн далай, Хойд мөсөн далайд цутгадаг дэлхийн усны хагалбар газар монголд байдаг юм. Энэ газар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсын дунд оршдог юм. Монголд цөлжилт явагдаж усгүй болж байна гэдэг чинь дэлхий сүйрч байна л гэсэн үг.
-Говь-Алтай аймагт алт их ухаж байна. Өнгөрсөн жил энэ аймагт аймшигт үер болж олон хүний амийг авсан эмэгнэлт явдал болсон. Энэ нь дэлхийн цэвэрлэгээ мөн үү?
-Мөн байлгүй яахав. Нэг дохио нь ш дээ. Дэлхий ухаантай гэдэг л дээ. Тиймээс өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулсан хүнээс хариугаа авдаг гэдэг юм. Өнгөрсөн жилийн Говь-Алтайн үер монголчуудаас дэлхий хариугаа авч цэвэрлэгээ явуулж байгаагийн дохио гэж ойлгож болно. Энэ юу ч биш 2012 онд дэлхийг хамарсан байгалийн том цэвэрлэгээ явагдах гэж байна. Үүний өмнө 2011 оны 5 сарын 21-нд том цэвэрлэгээ болох гэж байна. 2008 онд Хятад улсад нэг дор 234 мянган хүнийг авч явсан газар хөдлөлт, далайн шуурга зэрэг болсон. Үүний гамшиг төдий ойлгож болохгүй цэвэрлэгээ л гэж хэлнэ.
-Та сая 2012 онд дэлхийн том цэвэрлэгээ явагдана гэж хэллээ. Үүнийг хүмүүс 2012 онд дэлхий сөнөх гэж байгаа гэж ярьж тайлбарлаад байгаа нь зөв юм болов уу?
-Бархасбадь гаргийн цаана дэлхий рүү чиглэлтэй ирж байгаа гариг байна гэж эрдэмтэд хэлж байгаа. Манай өвөг дээдэс цөвүүн цагийн 400 жилийн төгсгөлд дэлхий ертөнцөд байгалийн том цэвэрлэгээ ирнэ гэсэн байдаг. Энэ цэвэрлэгээ монголчуудад бага тусна. Харин 2020 оноос эхлэх оюун санааны цэвэрлэгээнд монголчууд их өртөнө. Үүнд тэсч үлдэхийн тулд өвөг дээдсийн боловсруулж үлдээсэн гүн ухаанд л боловсрох хэрэгтэй гэж сургаад байгаа юм л даа. Тэгэхээр би 2012 оны байгалийн цэвэрлэгээ монголчуудад бага тусна гэж л бодож байгаа.
-Уучлаарай, тантай ярилцаж суухдаа монгол хүний тархи бол шавхагдашгүй “Оюу толгой” юм байна гэж ойлголоо. Одоо бидний хошуураад байгаа Оюу толгойн нөөц хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусна. Харин бид шавхагдашгүй “Оюу толгой” болсон тархиа яаж ухвал бажих болоо?
-Монголчууд тархиа ухаж баяжих гаргалгаа гарц бол байна. Тархи хэдийд ухагддаг юм, тархи хэдийд нөөцөө хүнд дэлгэдэг юм гэхээр оюуныхаа ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд нөөцөө дэлгэдэг юм. Өнөөдөр хүн төрөлхтөн оюуны чадварынхаа 7-8 хувийг л ашиглаж байна гэж НАСА тогтоосон. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Харин хутагт гэгээнтэн болон суут хүмүүс 15-30 хувиа ашиглаж байгааг бас тогтоосон. 13-р зуунд манай өвөг дээдэс нийтдээ оюуны чадварынхаа 40-50 хувийг ашиглаж байсан байна. Чингис хаан гэхэд тархиныхаа 78 хувийг ашиглаж байжээ. Энэ тохиолдолд хүн тэнгэр амин чанартай болж бүхнийг таньж ухаарч мэдэж чаддаг болж байгаа юм. Ингэхээрээ хүнд чадахгүй мэдэхгүй 2 үгүй болно. Тэгэхээр хүн хүссэнээ бий болгох чадвартай болно. Байгаль эх дэлхий орчлон ертөнцийн оршихуйн жамд зохицсон байдлаар хамгийн зөв гаргалгаа гарцтай зөв шийдлийг бий болгож чаддаг юм байна. Монголчууд тархиа тэнгэр болгож чадаж байгаа цагт нөөц нь хэзээ ч шавхагдахгүй. Шавхагдашгүй Оюу толгой бол Өмнөговийн Ханбогдод байгаа орд биш бидний гавлын ясанд байна гэж өвөг дээдэс минь захиж үлдээсэн байна. Эцэст нь тэнгэр заяат монголчууд минь тархиа “Оюу толгой” болгоочээ гэж хэлмээр байна.
ДУНДГОВЬ АЙМАГТ ЭЛС, ХОРХОЙГООР БОРОО ОРДОГ БОЛЖЭЭ









Хугасхан өдөр бороо ороход таана хөмүүл нь хашигарч ургадаг говьд төрсөнөөрөө бахархадаг юм би. Миний говь үнэхээр сайхан нутаг л даа. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Хараа бэлчээм зэрэглээт талд таван хошуу мал нь хулан зээртэй зэрэгцэн тайван идээшилж байгааг харсан хэн ч аяны дөрөө мулталж саатдаг юм. Говийн өнгө үзэмж тансаг, онгон дагшин байгалийг харсан нэгэн яруу найрагч.


…Ийм нутагт унасан хүлэг
Магнайдаа тоосгүй ирэлгүй яах юм бэ?
Ийм нутагт төрсөн хүмүүн
Мэлмийдээ гуниггүй явалгүй яах юм бэ?
Ийм нутагт өдөлсөн шувуу
Дэндүү өндөрт нисэлгүй яах юм бэ?
Ийм нутагт өссөн бүхэн чинь


Дэлхийн дэвжээнд өрсөлдөлгүй яах юм бэ?… гэж дуун алдан шүлэглэсэн байдаг.


Гадаад дотоодын зочин гийчдийн арааны шүлсийг гоожуулсан алтанхан говьдоо би саяхан очоод ирлээ. Гэтэл бахархал болсон говь минь цөлжилт элсний нүүдэлд нэрвэгдээд нүд хальтрим болжээ. Хүн мал юу ч харагдахгүй цэлийсэн л тал… Бүгд “дүрэвжээ”.


Малын хамар хатгах нь байтугай эсгий чирсэн ч наалдах өвсгүй газар хүн мал битгий хэл “чөтгөр” ч тогтохооргүй болсон нь гунигтай. Эль хуль элсэн цөлийн тэнгэрт хааяа элээ, хэрээ эргэлдэн нисэх нь сонин. Миний говь Африкийн элсэн цөлөөс дутахааргүй цөлжиж байгаа нь харамсалтай. Говийг эрчимтэй “залгиж” байгаа цөлжилтийн гол буруутан нь хүмүүс бид. Бидний буруутай үйл ажиллагаанаас болж говь маань цөлжсөнийг хэн хүнгүй мэдэж байгаа ч цөлжилтийг сааруулах талаар доривтой ажил хийхгүй гараа хумхин суусаар байгаагаа Дундговь аймгийн эрхтэн дархтанууд “-Хандив тусламж хараад байж байна. Төсөв мөнгө байхгүй…” гээд л нөгөө соц нийгмийн үеийн бэлэнчлэх сэтгэлгээний уламжлалт “школ”-оо яриад сууж байх юм.


Элсний нүүдэл цөлжилтөнд өртөж нөхөн сэргээгдэж чадахааргүй аюул тулгарсан Дундговь аймагт сүүлийн 10 жилд хур тундасны хэмжээ багасахын зэрэгцээ хурц нартай өдрийн давтамж тоо ихэссэнээр гандах болжээ. Мөн салхины дундаж хурд нэмэгдэж 12 м/сек-ээс дээш шороон шуургатай өдрийн тоо ихэссэн байна. Гамшигийн хэмжээнд хүрсэн үзэгдлүүд болох элсэн шуурга/элс бороо шиг шаагин орох/, хорхой шавьж бөөнөөрөө сүргэлэн эзлэх/жижиг хар хорхойнууд тэнгэрээс бороо орж байгаа юм шиг унах/ явдал байн байн гарах болжээ.


Сүүлийн 10 жилд агаарын температурын дундаж 0.5-4 градусаар дулаарсан байна. Дундговь аймгийн нутагт 15 м/сек-ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо 2003 онд 95, 2004 онд 155, 2005 онд 185, 2008 онд 205 болж өссөн нь цөлжилт элсний нүүдэл ихсэх нэг шалтгаан болсон байна. Үүнээс болж хуурайшилт, хөрсний эвдрэл, салхины гаралтай элсний нүүдэл, элсэн бүрхэвч тус аймгийн нийт нутгийг хамраад байгаа аж. Хотгор хонхор хөндий хоолой газруудад элсний нүүдэл их байгаа нь бутлаг ургамал болон дэрсэнд элсэн товцог бий болж хөрсний эвдрэл улам ихэссэн байх юм. Мөн бэлчээрийн ургацын хэмжээ сүүлийн 10 жилд 30 хувиар буурчээ. Ургамлын олон жилийн өөрчлөлтийг үзэхэд ургац хамгийн их байх үе буюу 7, 8-р сард ургацын хэмжээ 1.15-1.86 ц/га-аар буурч хур тундас 30-40 хоногоор оройтон орж ургамлын ургах хугацаа алдагдсан байна. Дундговь аймгийн цөлжилтийн статистик үзүүлэлтийг ийн судалж суутал цөлжилтийн бас нэг гол буруутан нь ямаа болохыг хараад мэл гайхлаа. Тус аймгийн нийт малын 43.4 хувийг ямаа эзэлдэг юм байна. Гэтэл ямаа өвсийг үндэсээр нь сугалж сорчилж иддэг бас хөрсийг тахалж орхидог муу талтай ажээ. Иймээс цөлжилтийн “дайсан” ямааны тоо толгойг цөөрүүлэх хэрэгтэй юм байна гэж бодож суусанаа нуух юун. Нялх багынхаа баривч, хонхтой бойтогоо барьж үзэх мэт баярлан говьдоо очсон би бээр цөлжилт гэдэг аймшигт тахалд өртсөн нутгаа яөж аврах вэ? гэсэн бодол тээсээр УТААНБААТАР хотдоо ирлээ.

Recent Articles