Бусдад тохиолдож байгаа баяр гуниг зовлон жаргалыг хуваалцах нь намайг аз жаргалтай болгодог...
Monday, February 3, 2014
4 УРИЛГАТ ОРОЛЦЛОО...
Friday, June 3, 2011
ТАЙВАН ЗАНГААРАА БҮХНИЙГ ЯЛНААААА!!!
Дотны анд гэж найзлан хамтарч ажиллаж байсан хүн надад хэлэлгүйгээр олон улсын байгууллагаас 30-аад сая төгрөгний төсөл нууцаар авч өөдгүй зан гарган энэ бусармаг үйлдлээ миний зөв хэмээн өөрийгөө өмөөрөн тэнэгтэн над руу дайрч давшлан загнахад нь ч би тайван байлаа. Уг нь би үзэлцэж л байх ёстой хүн. Гэтэл тэгсэнгүй. Өнөөдрөө өнгө мөнгөөр хэмжиж сохор зоосны төлөө найзаа золиослохоо юман чинээ санадаггүй ахархан бодолтонтой хэрэлдээд ч яах билээ дээ. Би өнөөдрийнхөө амь зуулгын төлөө биш ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдарч байгаа болохоор тайван байхаас өөр аргагүй биз дээ. Өнөөдрийнхөө амь зуулгын төлөө амьдарч байгаа бол би Монголын баячуудын нэг явах байлаа. Үүнийгээ хаана ч хэнд ч ам бардам хэлж чадна шүү. Олон улсын байгууллагын нэр хүндийг унаган төслийг гарынхаа алганы аясаар шийддэг дарганцартай ч тайван замаар “үзэлцэнэ” гэж бодож байгаагаа нуух юун. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэдэг ардын үг шиг “тэнэгээрээ” дуудуулж байгаад “улайж минчийтлээ уурлахгүйгээр” тайван зангаараа бүхнийг ялан дийлнэ дээ.
Thursday, February 24, 2011
“ДОНОР БҮСГҮЙ” ЗОХИОМЖ МИНЬ АМАН ХҮЗҮҮДЛЭЭ



2 сарын өмнө “НАЙЗ” сэдвээр уралдаан зарласан байхыг олж хараад тоосоо өргөхөөр шийдлээ. Ингээд өөрийн блогтоо нийтлэсэн найзуудынхаа тухай дурсамжуудаасаа энэ уралдаан руу явуулсан юм. Гэтэл 2 хоногийн өмнө уралдааны дүн гарч миний “ДОНОР БҮСГҮЙ” зохиомж дэд бйаранд орсон байна. Ингээд би өчигдөр шагналаа гардан авч Юнителийн live модем болон англи-монгол хэлний зурагт толь бичгээр шагнууллаа. Миний блогоор байнга зочилдог эрхэм уншигч та “Хорих анги” гэсэн холбоосонд байгаа “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжийг минь уншаагүй бол уншаарай. Би таныг “ДОНОР БҮСГҮЙ” зохиомжоороо “дайлж” байна шүү.
Monday, January 3, 2011
МИНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭЖ БАЙСАН 2011 ОН ИРЛЭЭ


Thursday, November 11, 2010
УНТАЖ СЭРЭХИЙН ХООРОНД ГЭЛДРЭГСДИЙГ СЭРЭЭН СЭНХРҮҮЛМЭЭР БАЙНА, БИ
Хун шувуу шиг сүргээ даган зорилгогүй нисч би чадахгүй
Хуягандаа нуугдах дун шиг амирлангуй байж би чадахгүй
Эзэндээ дөрлөгдсөн адгуус шиг аяар нь дагаж би чадахгүй
Эргээ дагах голын ус шиг голдрилоороо урсч би чадахгүй
Аз түшинэ хэмээн найдаад гараа хумин тайвшрахыг тэвчихгүй
Ам тангаргаасаа няцаж буцсан гөлгөртэй мөр, тохой зэрэгцэхгүй
Ард иргэдээ аргацаан хуурсан арчаагүй түшмэлийг би дэмжихгүй
Амиа хичээн алийгаа алдсан адгийн тэнэгтэй би эвлэрэхгүй
Уруул даван гарах урамгүй үгсийн санг үгүй хийж халмаар байна
Ууж балартсан эрсийн мунхагийн түйтгэрийг үлдэн хөөмөөр байна
Унтаж сэрэхийн хооронд гэлдрэгсдийг сэрээн сэнхрүүлмээр байна
Уулгалах өстөнтэй хорслоор бус уучлалаар эвлэлдэн нэгдмээр байна
Нүгэлт орчлонгийн бусармаг үйлдлийг нухчин дарахыг хүснэ
Нуруугаа бөгтийтөл амьдралд нухлагдсан элбэрэлт эхийг аврахыг хүснэ
Айл гэрийн аз жаргалын үүдийн түлхүүрийг атгуулахыг би хүснэ
Ариун үйлсийн гэгээн зам мөрийг тодруулах анхдагч болохыг хүснэ
Цэлмэг тэнгэрийн наран мэт мандан бадрахыг хүснэ
Цайвалзан гялалзах оддын хүрээлэнд саран мэт гийхийг хүснэ
Угтах ирээдүйгээ бодитойгоор мэдэрч урган өсөхийг хүснэ
Угтаа би гэрэл гэгээтэй бүхний эхлэл байхыг дээдлэн хүснэ
Sunday, November 7, 2010
ТЭНГЭР ШИГ БАЙ



Хамаг бүгдээр чамайг Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст |
Saturday, November 6, 2010
ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ
Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ
Зөнгөөрөө туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Зөв, буруу хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Зөгнөж хэлэх ирээдүйн минь тухай учирлана уу
Зөөлөн зөөлнөөр унах намрын шар навчис юуг өгүүлнэ вэ
Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ
Бусдын л адил туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Будилж, шийдэж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Булзах аргагүй ирээдүйн минь тухай учирлана уу
Будран будран хаялах өвлийн цагаахан цас юуг өгүүлнэ вэ
Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ
Эргэлт буцалтгүй туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Эргэлзэж, эргэцүүлж хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Элдэв учрал тохиох ирээдүйн минь тухай учирлана уу
Эргэлдэн эргэлдэн хуйлрах хаврын саарал шороо юуг өгүүлнэ вэ
Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ
Шийдэмгий гэгч нь туулж яваа амьдралын минь тухай өгүүлнэ үү
Шийдвэр гарган хийсэн алхам бүрийг минь сануулна уу
Шинэ бүхэнтэй золгох ирээдүйн минь тухай учирлана уу
Шиврэн шиврэн орох зуны зөөлөн бороо юуг өгүүлнэ вэ
Sunday, October 24, 2010
САРНЫ ЦАГААН ЦУС

Эцгээс нь өөр эртэй садарлаж байгаа эхийнхээ бусармаг үйлдлийг хараад тэвчилгүй ээжийгээ сүлбэн амийг нь егүүтгэсэн хүүгээ аав нь борц болтол нь хатааж буг чөтгөр хөлсөө гарган хооллог гэж түшмэддээ тушаал буулгаж байх юм. Энэ бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Сарны цагаан цус” жүжгийн эхлэл. Анхаа бид 2 өнгөрсөн хагас сайн өдөр энэ жүжгийг үзлээ. Хүний хөл татарч мөр нь бүдгэрэн балрах шахсан театр энэ өдөр үзэгчдээр дүүрэн байлаа. Үзэгчдийн ихэнхи нь залуучууд. Тэд жүжгийг үнэхээр кайфтай үздэг болж. Үзэгдэл болгоны дараа нижгэнэтэл алга ташин жүжигчдэд урам хайрлах нь нэг л өвөрмөц соёл мэт санагдаад байснаа нуух юун. Жүжгийн гол дүрд “Хасар” Жагаа гэргий Урнаатайгаа тогложээ. Жагаагийн залуу хатаны дүрийг “Хэцүү анги” киноны Зулаа бүтээж. Энэ дүрд Зулаа маш сайн тоглосон гэж би хувьдаа дүгнэсэн. Тэр нэг их хөөрхөн инээгээд л учраа мэдэхгүй хатан болж жүжиглэж байгаа нь үзэсгэлэнтэй харагдаж байлаа. “Цогт тайж” кинон дээр Монголын сайхан бүсгүй Цогзолмаа гуай Дулмаагийн дүрийг гайхалтай бүтээсэн байдаг. Залуу жүжигчин Ганчимэг Цогзолмаа гуайн энэ дүрээс дутахааргүй дүрээ үзэгчдэд “нааж” чадлаа. Тэр энэ чигээрээ жүжиглэх урлагт гайхалтай мэргэшиж чадвал ирээдүйн “од” яах аргагүй мөн болох нь. Жүжигчин Эби ханхүүгийн дүрийг бас л гайхалтай бүтээсэн байна лээ. Жүжгийн турш би Зулаагийн инээхийг магтаад л. Харин Анхаа Эбигийн дуу хоолой нь ямар гоё юм гээд л дахин дахин яриад суусан. Жүжиг үзэх 2 цаг шахамын хугацаанд би Зулаад, Анхаа Эбид дурлаваа гэж... Жүжгийн төгсгөлд үзэгчид жүжигчдийг уухайлан алга ташилтаар угтаж урам хайрлаж байсан. Өлгүүрээс хувцасаа авах гээд дугаарлан зогсож байгаа хүмүүс бүгд л өөр өөрийнхөөрөө жүжгийг дүгнэн ярьж байгаа нь монголчууд урлагийн гайхалтай мэдрэмжтэй ард түмэн гэдгийг батлах мэт. Хан аав болох “Хасар” Жагаа “Нөмөр болдоггүй толгод, Нөхөж болдоггүй гарз гэж байдаг юм байна” хэмээн Хатаныхаа араас эмгэнэн гашуудаж байгаа нь хайр дурлалдаа үнэнч эрийн дүрийг гайхалтай гаргаж чаджээ. Гайхалтай. Ухаарал, омогшил, гайхшрал хайрласан гоё жүжиг үзэж сайхан кайф авлаа.
























