Sunday, January 23, 2011

ДУУНД УЯРСАН ХОРИГДОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН НУЛИМС СҮҮГЭЭР СҮЛЭГДЛЭЭ




МУСТА, дуучин Ө.Цэрэнчунт гэдэг хийж бүтээх, санаж сэрэхийн одонд төрсөн сэргэлэн залууг би жаахан хүүхэд дуулаад гүйж явахаас нь мэддэг юм. Бид 2 их эрт танилцаж нөхөрлөсөн дөө. Ө.Цэрэнчунт одоо ОХУ-ын Санкт-Петербург хотод дуурийн дуулаач, багшийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа юм. Тэр амралтаараа хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн. Угийн хөдөлмөрч зангаараа Чунт минь зүгээр сууж чадахгүй “ЦАГААН СҮҮНИЙ ӨДӨРЛӨГ” нэртэй буяны арга хэмжээг Монголд анх удаа зохион явууллаа. Чунтын санаачилсан арга хэмжээнд олон байгууллага хамт олон дэмжин оролцож байгааг харахад яах аргагүй цаг үеэ мэдэрсэн, цагаа олсон ажил болох нь харагдаж байсан юм. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11.00 цагт “Цагаан сүүний өдөрлөг” арга хэмжээ Хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс эхэллээ. Ээж аавын хайр халамжаас хол хөндий өсч байгаа бүтэн өнчин 120 гаруй бяцхан үрс энд амьдардаг аж. Хүүхэд насны гэнэн томоогүй зангаар үсчин гүйлдэж инээлдэн бужигнах энэ жаалуудын нүд цаанаа л нэг гунигтай харагдаж байна лээ. Хүүхэд залуучуудын хөгжлийн “Түүчээ” төвийн тэргүүн н.Энхбат, залуу лектор н.Гантулга нарын ухаарал хайрласан яриа, залуу дуучин Төмөр-Очир, Мөнхбаяр, Отгонгэрэл нарын дуунд хүүхэд багачууд хөөрөлдөн даган дуулж бүжиглэж байлаа. Энэ асран хүмүүжүүлэх газрын хүүхдүүд үнэхээр авьяастай юм билээ. Хөвгүүд нь хэзээний бүжигчид, охид ч тэднээс дутахгүй гэсэн шиг бүжиглэж, уран нугарч арга хэмжээ зохион байгуулж байгаа ах эгч нараа ёстой нэг алмайруулсан даа. 2 цаг дуулж баяссан хүүхдүүдэд АПУ компанийхан сүү, жүүс бэлэглэж тэднийг улам баярлууллаа. Ингээд бид хүүхдийн асрамжийн газраас эмэгтэйчүүдийн хорих анги руу дараагийн арга хэмжээг зохион байгуулахаар мордлоо. Бас л монголдоо ганц гэгддэг энэ хорих ангид 360-аад эмэгтэй өргөст торны цаана эрх чөлөөгөө хасуулан гунихарч сууна. Бид энэ хорих ангид өмнө нь хэд хэдэн удаа ирж арга хэмжээ зохион явуулж байсан юм. Бид ирээд буцах бүртээ л нэг зүйлд санаа зовон, санаашран, заримдаа бухимдан буцдаг юм. Гэтэл энэ удаад тэр “уламжлалт” зүйл ахиад л давтагдлаа. Энэ нь шоронгийн хянагч хуяг нарын бүдүүлэг дээрэнгүй харьцаа. Чунт болон түүний нөхөд шоронг ёстой л дулаацуулсан. Манай хэдийн дууг бүсгүйчүүд дагаж дуулан бүжиглэж “баллаж” өгсөн дөө. Юутай ч Чунтын минь санаачилсан арга хэмжээ эрхээ хасуулан ялтан хэмээн цоллуулж толгой гудайлган зогсоо бүсгүйчүүдэд урам хайрлаж баяр бахадлын нулимс унагаахад хүргэсэн. Тэдний ухаарал уярлын нулимсийг АПУ-ийн сүү сүллээ. Юутай ч хоригдол 360-аад бүсгүйчүүд эрх чөлөөт амьдралтай хурдан золгохыг мөрөөдөн манай залуучуудыг даллан үлдлээ. Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй энэ залуус нийгмийн эмзэг бүлэг бүрт сар болгон хүрч буяны арга хэмжээгээ зохион явуулж байна гэсэн. Тэнгэрлэг монголын хийморьлог залуусын буяны ажил цаг үргэлж сүүн зам татуулж явахын ерөөлийг өргөж байнаа. Цагаан сүүний өдөрлөгийн гэрэл зургуудийг миний facebook руу орж үзээрэй. Эмэгтэйчүүдийн хорих анги дээр гэрэл зураг авахуулаагүй нь жаахан харамсалтай зүйл боллоо.

Wednesday, January 12, 2011

НҮД ХУЖИРЛАСАН ШИВЭЭСНҮҮД



























Биднийг жаахан байхад шивээстэй хүн тэр бүр байдаггүй байж билээ. Өдрийн од шиг цөөн харагдах шивээстэй хүмүүст хөгшин ээж, ажаа, ээж гээд хүн болгон дургүй байдаг байсансан. Гэтэл одоо шивээс хүмүүсийн зэвүүцлийг төрүүлэхээ больжээ. Бүр эсэргээрээ мода гангараа болон хувираад байна. Урлагийн түвшинд авч үзэх болсон гайхамшигт шивээсний зургийг би та нарт толилуулж байна. Эр хүний бахархал болсон нууц эрхтнээсээ эхлээд биенийхээ бүхэл хэсгийг шивсэн нэгэнээс гадна энхрий нялх үрээ хүртэл шивээсээр гангалсан эрхэмүүд байдаг юм байна. Эрхэм та эдгээр зургуудыг хараад бүү гайхаарай. Энэ бол бидний дунд хөл нийлүүлэн алхаж яваа хүмүүсийн гангараа юм шүү.

Saturday, January 8, 2011

МИНИЙ НАЙЗ “БЭЛГЭВЧ”






Өнөөдөр блогтоо жаахан инээдтэй ч гэмээр зүйлийн тухай бичихээр шийдлээ. Миний блогийг уншигчдын зарим нь намайг шоолж магадагүй л дээ. Шоолвол ч шоолго, хамаагүй ээ.

Би сүүлийн үед бэлгэвчтэй найзлах дуртай болоод байгаа. Тиймээс найз бэлгэвчийг магтан дуулж, алдаршуулж яагаад болохгүй гэж. Хэрэглээд л хогийн саванд “залардаг” бэлгэвч итгэсэн хүнийхээ хамгийн сайн найз нь байж чаддаг үнэнч анд шүү. Хүмүүс бид нохойг үнэнч нөхрөө гэж магтан тэжээдэг. Гэтэл бэлгэвч хүмүүс бидэнд нохойноос илүү үнэнч анд болж чаддаг нь гайхалтай. Даанч монголчууд бид бэлгэвчийг төдийлөн хэрэглэж сураагүй болохоор энэ нандин зүйл шөнө л нууцханаар эр эм хоёрт “тус” хүргэчихээд хогийн сав руу залардаг нь хөөрхийлөлтэй.

За тэгээд миний магтаалын гол баатар маань зарим үед эхнэр нөхөр хоёрыг өдөр шөнөгүй хэрэлдүүлээд салж сарнихад нь хүргэдэг туучий байгаам даа. Эхнэрийнх нь цүнх, нөхрийнх нь халаас, хэтэвчнээс миний найзыг гараад ирвэл хэдэн өдрийн хэрүүл тэр айлаас тасрахгүй дээ. Соёлт хүмүүний тансаг хэрэглээ гэдгийг манайхан төдийлөн ойлгохгүй болохоороо ингэж хэрэлдээд байгаа байх л даа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч гэсэн бэлгэвчийг ганцхан биеэ үнэлэгчид болон тохиолдлын сексийн үед хэрэглэж байх зүйл шиг тайлбарлан таниулж байгаа учраас л эхнэр нөхөр хоёр бие биенээ хардан хэрэлдэж байгаа нь аргагүй ч юм шиг.

Хүмүүс бэлгэвчийн талаар ямар бодолтой явдагыг та доорхи хариултаас мэдэж аваарай. 5 настай хүүхэд “Үлээдэг бөмбөлөг” гэж нүдээ эргэлдүүлэн баясан хариулж байхад 15 настай жаал “Бөөн ядаргаа. Өмсөж амжаагүй байтал дур тавьчихаад байдаг. Бас томдоод байдаг юм” гэж ичингүйрэн зогсож байхад 20 настай залуу “Аюулгүй секс” гэж бардамнан инээхэд 25 настай бүсгүй “Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл” хэмээн нөхөр рүүгээ талимааран харж байхад 40 настай эр “Шал дэмий мөнгөний үрлэг” гэж ундууцан цааш алхалхад 70 настай өвөө “Дэлхий дээрх хамгийн жижиг 00 гэж хэлэн хазганан одлоо. Эрхэм та ч бэлгэвчийн талаар ямар бодол тээж явдаг тухай сэтгэгдлээ үлдээгээрэй.

Бэлгэвч зөвхөн сексийн үед хэрэглэгддэг зүйл биш гэдгийг загвар зохион бүтээгчид батлан янз бүрийн гоёлын даашинз хийдэг болжээ. Хэдхэн жилийн дараа монгол бүсгүйчүүд бэлгэвчээр уралсан даашинзаар гангарах нь мэдээж. Бэлтэй хөрөнгөтэй эрчүүд ч эхнэрээ бэлгэвчээр гангалах гэж үнэ цохих нь мэдээж. Тэгэхээр тун удахгүй хүн болгон бэлгэвчийг шүтэн амьдрах нээ.

Айл гэрийн халуун дулаан уур амьсгалыг бий болгогч, эр эм хоёрын сексийн “гэрч” ноён бэлгэвчийг магтан дуулах гэж оролдсон минь энээ.

Thursday, January 6, 2011

“АТАМАН” АМАР


Би дандаа элит найзуудтай гээд хэлчихбэл дэндүү онгирсон болдог юм болов уу. Гэхдээ үнэн болохоор онгироо гэж хэлүүлсэн ч яахав. Энэ олон элит найзуудын минь нэгийг нь Г.Амар гэдэг юм. Нэр шигээ л амар амгалан амьтан байгаа юм даа, миний найз ч.

Г.Амар бид хоёр 1990 оны намар анх танилцаж байсан юм байна. Тэр үед би Анагаахын дээдийн 1-р курсын оюутан болж дотуур байранд амьдарч байлаа. Нэг өдөр хамт амьдардаг өрөөний залуу гаднаас нэлээд түгшсэн байртай орж ирсэнээ сангийн аж ахуйгаас ирсэн дээд курсын ах нар өрөөнүүдээр явж байна гэж амьсгаагаа давхцуулан хэлж бараг дуусаагүй байтал 5-6 залуу өрөөнд ороод ирлээ. Тэдний дунд толгойгоо боосон дунд зэргийн нуруутай шар залуу байсан нь Амар байсан юм билээ. Энэ цагаас хойш би дээд курсын ах “атаман” Амартай найзалж эхэлсэн дээ. Г.Амар оюутан байхдаа үнэхээр атаман байсан юм ш дээ. Хичээл таслана, архи ууна, зодоон хийнэ, хүн зодно... ер нь Амараас болохгүй зан болгон гардаг байсан юм. Гэхдээ миний найз “атаман” зантай ч маш ухаантай оюунлаг оюутан байсан. Тэр хичээлд бараг суухгүй тэгсэн хэрнээ шалгалтанд орохдоо дандаа онцсайн аваад л гараад ирдэг “сийрэг” толгойтон байсан.

Тэгэхэд Г.Амарын курсынх нь оюутнууд хичээлээ өдөр шөнөгүй уншаад л байсан хэрнээ шалгалтандаа уначихдаг байж билээ. Одоо миний найзыг харсан хэн ч тийм атаман залуу явсан гэхэд итгэхгүй дээ. Нэг л сайхан намбатай цагаан толгойтой эр хүүхэд үзээд л зөөлөн зөөлөн дуугаран зөвлөгөө өгөөд л сууж байгаа “хийгүй” эрийг мэддэг хүмүүс нь л чи ингэж өөрчлөгдөх гэж дээ хэмээн гайхаж шогшордог юм. Ингэж өөрчлөгдөж чадна гэдэг нь ухаантай хүний зан л даа. Миний найз үнэхээр ухаантай шүү. Ярьж байгаа үг нь нэгийг бодогдуулж хоёрыг санагдуулдаг гээч. Миний найз анагаахын дээдийг төгсөөд хөдөө суманд 10 гаран жил эмчээр ажиллаж байгаад одоо эх нялхст хүүхдийн эмчээр ажиллаж байна. Хааяа найз дээрээ очоод уулзаад сууж байхад “Таньд л үзүүлье, хүүхдээ. Өөр эмчид үзүүлэхгүй” гэж ирж байгаа хүмүүстэй тааралдаж байхдаа найзаараа бахархаж сууж байснаа нуугаад яахав.

Зовох цагт өргөөд босгох нь миний найз
Зориод очиход тосоод угтах нь миний найз
Гунисан цагт сэтгэлийг минь сэргээх нь миний найз
Гутарсан үед минь итгэл өгөх нь миний найз
Задарч явахад ухаарал хайрлах нь миний найз
Зангаа олохгүй төөрч явахад минь намайг гээд ирэх нь миний найз
Уурлаж бухимдсан үед минь уучлалт гуйгаад ирэх нь миний найз
Ганц сайхан үгээр дутаж явахад минь
Гарцаагүй тэр үгийг онож хэлдэг нь миний найз Г.Амар юм шүү

Recent Articles