Saturday, December 25, 2010

БАРАК ОБОМА АСАШЁОРЮҮ ДАГВАДОРЖ БИД 3 СОЛГОЙ


Би солгой гартан. Миний амьдралын бүх л зүйлс солгой гараар минь “хөдөлмөрлөж” байна. Дунд сургуульд байхад манай ангид солгой хүүхдүүд нэлээд байсан. Багш нар орж ирээд танай анги яасан олон солгойчуудтай юм гэж гайхдаг байж билээ. Одоо эргээд санаж байхад манай ангийн дандаа “мундагууд” солгойчууд нь байсан байгаам даа. Мундагууд гэснээс дэлхийн алдартнуудын нэлээд нь солгойчууд байдаг юм байна. Хүн төрөлхтний хамгийн агуу цэргийн жанжин гэгддэг Александр Македонский, Юлий Цезарь, Наполеон нар зүүн гарынхаа хүч чадлаар дэлхийд сүр хүчээ үзүүлж байжээ. Францын цогт охин Жанна д'Аркийн солгой гарны хүчинд өвгөн европ тухайн үедээ өвдөг сөхөрч байсан юм. Энэ агуу эмэгтэйг шашны шүүх ял оноохдоо солгой гар чөтгөр шулмын шинж гэж гадуурхсан нь хачирхалтай. Алдарт Гитлер хүртэл солгой байсан гээд уншигч та боддоо. Бидний шүтээн болсон Америк улсыг сүүлийн жилүүдэд удирдаж байсан Ерөнхийлөгчид болох эцэг Жорж Буш, Рональд Рейган, Билл Клинтон одоогийн Ерөнхийлөгч Барак Обома нар бүгд солгойчууд. Их гүрний ард түмэн солгой Ерөнхийлөгчийг тэргүүндээ залаад байгаа нь цаана нэг учиртай ч байж магад. Леонардо да' Винчи, Микеланжело, Рафаэль, Рубенс, Пабло, Пикассо, Писарро, Франц Кафка, Моцарт, Бетховен, Пол Саймон, Жимми Хендрикс нарын алдартнууд зүүн гартаа бийрээ барьж зургаа зурж, үзгээ атган алдарт аязуудаа ноотлож байсан гэхээр солгой гартнуудад атаархмаар байгаа биз. Мерилэн Монро, Жин Харлоу, Деми Мур, Вупи Голдберг, Жулия Робертс, Чарли Чаплин, Роберт де Ниро, Том Круз, Роберт Редфорд, Брюс Уиллис, Сильвестр Сталлоне нар бүгд солгойчууд. Манай солгойчууд ийм мундаг байгаа биз. Уимболдоны арван удаагийн аварга Мартин Навратилов, Сумогийн домогт их аварга Асашёорюү Дагвадорж нар бас л солгойчууд. Нефтийн магнат Жон Рокфеллер, машины асар том корпорацийг үндэслэгч Генри Форд, компьютерийн эцэг, дэлхийн тэргvvн баян Билл Гейтс, физикч Альберт Эйнштейн, Жеймс Маквелл, физилогч Иван Павлов, эмч Альберт Швейцер... гээд солгой алдартнуудын жагсаалт хөврөөд барахгүй нээ. Нэг үе солгойчуудыг үл тоон ялгавран гадуурхах үзэл аль ч улс оронд түгээмэл байсан нь нууц биш. Энэ үед солгой гартнууд нэгдэн нийлээд жил бүрийн 8 дугаар сарын 13-ныг “БҮХ ОРНЫ СОЛГОЙ ГАРТНУУД НЭГДЭЖ БАРУУН ГАРТНУУДАД ҮЗҮҮЛЭЭД ӨГЬЕ” уриатайгаар эрх ашгаа хамгаалан тэмцдэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалыг бий болгожээ. Аль ч салбарын дэлхийн шилдгүүд нь солгойчууд бид байдаг болохоор бардамнан онгирохоос өөр аргагүй байгаа биз.

Friday, December 24, 2010

БИТГИЙ СҮҮДЭРЛЭЭЧ, БИЛЭГТЭЙ АМЬДАРЦГААЯ!


Цагийн тоолол эргэсээр...

2011 он гарч байна. Монголчууд бид ирж байгаа 2011 оноос эхлэн элбэг дэлбэг энх тунх амьдарцгаая. Хүн болгон л он солигдох мөчид энэ үгийг хэлж хундага жингэнүүлдэг л дээ. Гэхдээ би энэ үгийг “хуучин”-аар нь бодож бичсэнгүй. Үнэхээр энх тунх амьдрахыг билэгшээж нийт монголчуудаа уриалан бичиж байна. Бүгдээрэ билэгтэй сайхан үгийг бие биеэндээ харамгүй хэлж өөдрөг амьдарцгаая л даа. Бид сүүлийн хэдэн жил өглөөнөөс үдшийн бүрий хүртэл амнаасаа болохгүй бүтэхгүй зүйлийг маани мэгзэм шиг урсгадаг боллоо. Ирж буй 2011 оноос эхлэн болж байна, бүтэж байна, гоё байна, сайхан байна... гэсэн өөдрөг үгсээр ярьдаг болцгооё. Өөдрөг гэгээлэг үгсээр бие биенээ мялааж чадвал бид энэ нийгэмд эерэг энергийг авчирж чадна. Тиймээс билэгтэй амьдарцгаая! Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд ч гэсэн хар бараан мэдээллийг бага цацаж байя. Хөвсгөлд 9 настай охинг хүчиндээд мөчилж аллаа, 9 хүнийг алаад шатаачихлаа, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир хүн зодлоо, Банкны өр зээлнээс болоод малчид малгүй болж модоо барилаа, Авилгалын сүлжээ аалзны тор шиг монгол орныг бүрхлээ гэсэн сөрөг бараан мэдээллүүд ирэх жилээс эхлэн дуулдахгүй байг. Харин гимнастикчин хүү Эрдэнэболд олимпийн аварга боллоо, шатарчин охин Номин-Эрдэнэ дэлхийн хамгийн залуу их мастер боллоо, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар Холливудад уригдлаа, УИХ-ын гишүүд тэрбум төгрөгөө монгол орныхоо ирээдүйн төлөө хандивлалаа гэсэн урамтай сайхан бахдам гоё үгс байнга сонсоё. Монголчууд бид бүгдээрээ болж бүтэхгүй зүйлсээр тархи оюунаа “хогон мэдээллээр” цэнэглэж энэ нийгмийн гэрэл гэгээгүй түнэр харанхуйг хараан зүхэж байхынхаа оронд нэгдэн нийлээд нийгмээ гэрэлтүүлэе. Гэрэлтүүлж чадахгүй бол хүн бүр ядаж нэг лаа асаахын дайны гэрэлтсэн үгийг хэлж хэвшил болцгооё. Гэрэлтүүлж чадахгүй бол битгий сүүдэрлээрэй! 2011 оноос билэгтэй сайхан амьдрахыг төрийн тэргүүн хүртэл уриалж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж он солигдох мөчид ард түмэндээ хандаж үг хэлэх үедээ жүнзтэй сархад биш мөнгөн аягатай сүү барина гэсэн. Тиймээс 2011 онд монголын ард түмний сэтгэл нь, зам нь, ажил үйлс амжилт бүтээл нь сүү шиг цагаан байх нээ. Төрийн тэргүүний мөнгөн аягатай сүүнд билэгшээж байна. Чингэсийн удамт “чоно” заяат хүчирхэг монголчууд минь 2011 оноос эхлэн билэгтэй амьдарцгаая!

Wednesday, December 22, 2010

МИНИЙ БАГШ “НИСДЭГ ТАВАГ”


Надад сэтгүүл зүйн “А”-г зааж өгсөн хүнийг С.Пүрэвсүрэн гэдэг. Манай Пүүжээ дарга монголын лидер сэтгүүлчдийн нэг яах аргагүй мөн. Тэр үнэхээр гайхамшигтай сэтгүүлч. Солиотой мэдрэмжтэй. Би 1996 оны үед байхаа Дундговь аймгийн Өндөршил суманд ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа орон нутгийнхаа мэдээллийг багцалсан “Дэвшил” нэртэй сонин гаргахаар шийдэж Пүүжээ даргатай анх нүүр тулан уулзаж байсан. Тэгэхэд Пүүжээ дарга хэвлэх цехтэй байсан юм байна. Миний хүсэлтийг хүлээж аваад дор нь манай сумын сонинг хэвлээд өглөө. Тэгээд С. Пүрэвсүрэн дарга надад их урам өгч байж билээ. Аймгийн сонингоос сайн сонин гаргаж байна гээд. Тэр урамын үг нь надад “ташуур” болсон доо. Пүүжээ даргын магтаалын эрчээр би хотод ирж чөлөөт хэвлэх үйлдвэр дөнгөж ажилд орж байхад нь сониныхоо дараагийн дугаарыг гаргаж билээ. Төд удалгүй Пүүжээ дарга аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга болсон юм. Тэгээд нэг л өдөр Өндөршил сумнаас намайг “татаж” аймгийн хэвлэл мэдээллийн албанд томилж билээ. Энэ үеэс би монголын акул болсон мундаг сэтгүүлч Пүүжээ даргатай ойр ажиллаж түүнээс их зүйл сурсан даа. Тэр мэдээллийг маш хурдтай олно. Олсон мэдээллээ жинхэнэ чулуу болгоно доо. Анх Пүүжээ дарга миний бичсэн зүйлийг тэр чигт нь улаан эрээн болгочихдог байсан. Гэхдээ намайг хэзээ ч муу байна гэж зэмлэдэггүй байсан. Харин ч эсэргээрээ “-Чи их гоё содон үг хэргэлсэн байна” гэж урам хайрладаг байсан даа. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би Пүүжээ даргатай хамт жил гаран ажиллахдаа их зүйл сурсан даа. Түүний сэтгүүлч гэдэг “гайхамшигт эрдэнэсээс” чадлынхаа хэрээр “олзолсондоо” олзуурхаж явдаг юм. Монголд түүн шиг мэдрэмжтэй, авьястай, чадалтай, сүйхээтэй сэтгүүлч одоохондоо байхгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй байхаа. Би саяхан Пүүжээ даргатай мэссэнжэрт тааралдлаа. Тэгээд та монголын сэтгүүл зүйд их зүйл хийсэн хүн шүү. Таньд уг нь гавъяат цол олгох цаг нь болсон доо гэсэн чинь их л сандран эгдүүцэж “-Юу гэсэн үг вэ” гэж нэрэлхэж байсан. Агуу хүн энгийн амьдардаг амьд жишээг харуулан тэр Дундговьтоо л дарууханаар ажиллаж амьдарсаар байна. Бас зүгээр суухгүй интернэттэй найзалж аймаг орон нутгийнхаа тухай мэдээллийг дэлхийд цацсаар байна. Хамт ажиллаж байсан нөхөд нь түүнд “нисдэг таваг” гэж нэр өгсөн байна лээ. Үнэхээр оносон нэр. Пүүжээ дарга 60 насыг зооглож байгаа ч нисдэг таваг шиг хурдтай, хүчтэй хэвээрээ байна. 2010 оны шилдэгийн шилдэг сэтгүүлчээр шалгарсан нь түүний хурдыг дахин батлан харууллаа. Шавь нараас нь “Хэнтийн” Равдандаш, монголын радиогийн “дэлт” Чимэддорж хоёр Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол хүртсэнийг Пүүжээ дарга минь дурсан ярих дуртай. “Нисдэг таваг” багш минь өөрийнхөө дурсамж номондоо намайг “Сенсаацийн ангууч” гэж нэрлэн бичсэн гэсэн. Монголын шилдэгийн шилдэг номер нэг сэтгүүлчээр өөрийгөө ингэж дүгнүүлсэндээ би цээжиндээ жаахан бардамнал тээгээд байгаа ш дээ. Яг одоо 2010 оны монголын шилдэгийн шилдэг сэтгүүлч шагналаа гардан авахаар миний дарга, багш “Нисдэг таваг” С.Пүрэвсүрэн Дундговиосоо тоос татуулан нийслэл рүү айсуй. Агуу хүний шавь болсондоо баярлахын сацуу алдарт сэтгүүлч багшдаа “Нисдэг таваг” нэр шигээ хурдтай амьдран дэлхийгээр нэг хурдлахыг хүсэн ерөөе!

НЭГ ТЭНГЭРИЙН ШУВУУД



Дэлхий ертөнцөө аврах их үйлсийн төлөө хамтдаа зүтгэж буй алс холын Америк анд Дэйлд зориулав।

Зүс царай өөр ч

Зүрх сэтгэл нь ижил хөгтэй

Бүүвэйн эгшиг адил

Бид нэг үүрний шувуудаа

Мөрөөдөл нь мөрөн гол шиг садарсан

Хүсэл нь холын одод шиг гэрэлтсэн

Омог нь оргилын бүргэд шиг дэвэрсэн

Гуниг нь газрын нулимс шиг мэлтэлзсэн

Бодол нь булгийн ус шиг ундарсан

Оюун нь огторгуйн энгээр сэтгэсэн

Балчир хүүхэд шиг цайлган ч

Бардам ихэмсэг

Бачимдсан уйтгарлаг

Бид нэг тэнгэрийн шувуудаа

Хувь заяа нь

Хөзөрийн мэргэ шиг төөрсөн

Аз хийморь нь

Алганы хээ шиг зурайсан

Жигүүр нь жижигхэн дэлхийгээ голсон

Бэлчээр нь будант хорвоогоос хальсан

Уярахдаа

Гомдож байх шиг гунигтай

Уйлахдаа

Бахархаж байх шиг баясалтай

Өрөөсөн далавчтай ч

Өндөр тэнгэртээ жиргэж төгсөх

Өргөн талд ясаа тавьдаггүй

Өдөөрөө уйлах жигүүртэн мэт

Балчир хүүхэд шиг цайлган ч

Бардам ихэмсэг

Бачимдсан уйтгарлаг

Бид нэг тэнгэрийн шувуудаа

“СОГТУУ” ЛАМ




1998 онд би Дундговь аймгийн “ХАДАГ” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа бусдаас өөр зүйл бичих гэж шинэ соргог мэдээлэл хайж өдөржин л аймгийн төвөөр тоос татуулан алхдаг байлаа. Нэг өдөр аймгийн шуудан холбооны үүдэнд нэг хүнийг бүчээд хүмүүс бөөгнөрөөд байхаар нь сониуч зандаа хөтлөгдөн яваад очлоо. Тэгсэн лам хувцастай залуу олныг тойруулан зогсож байх юм. Юун лам болохыг нь асуутал хүмүүс “Хулдын” мэргэн жаал гэхээс өөр зүйлийг хэлсэнгүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа нөгөө ламтай гудамжинд тааралдлаа. Би уулзаад ярилцлага авах хүсэлтэйгээ хэлэхэд өнөөх лам нүдээ эргэлдүүлэн доогтойгоор “жа” гэж мушилзан хэлсэнээ хаана яаж уулзах вэ гэж байна. Ингээд бид 2 манайд уулзаж ярилцлага авангаа дотно сайхан танилцлаа. Мэргэн жаалын жинхэнэ нэрийг нь Ж.Төрбат гэдэг аж. Хүмүүс Төөдөө лам гэж авгайлан дууддаг байж билээ. Төөдөө лам бид 2 арваад жил үй зайгүй найзалсан даа. Миний найз үнэхээр “амьд бурхан” шиг агуу хүн байсийм. Шарсан мах анддаггүй зурхайч гэж хүмүүс ярьдаг даа. Энэ яриаг миний найз жинхэнэ утгаар нь баталдаг байсан. Төөдөө 100 грамм архи уучихаад л хүмүүсийг мэргэлэж өгнө дөө. Түүний мэргэ алдана гэж байхгүй. Үзүүлж байгаа хүнийхээ өнгөрсөн сайн муу, сайхан муухай гээд бүхий л амьдралыг нь кино шиг хэлээд өгнө. Ихэнхи нь баярлаж байхад зарим нь олноос нууж үйлдсэн “нүгэл, буян” нь ил болж байгаад ичдэг байж билээ. Хамаг нууцыг нь ил болгосонд хорссон зарим нэг хүмүүс найзыг минь “согтуу лам” “галзуу лам” гэж хочилдог байсан. Төөдөө бид 2 нэг удаа Говь-Алтайд амьдардаг манай эгчийнд очиж амарч билээ. Хаанаас хэнээс сонссон юм хүмүүс үзүүлж харуулна гээд дорхноо шавчихсан. Хасбаатар гэдэг өвгөн орж ирээд хүүхдүүдийнх нь амьдрал болж бүтэхгүй байна гээд хамаг л зовлонгоо тоочлоо. Төөдөөгийн онгод орчихлоороо эртний танилтайгаа уулзсан юм шиг л газар нутаг, мал... гээд бүхий л зүйлсийнх нь тухай танихгүй хүмүүстэй “буу халаад” суучихдаг байж билээ. Зарим нь гайхаад л энэ хүн манайд ирж байсан хүн шиг ярьж байна ш дээ гээд толгой сэгсэрээд суучихдаг байсан. Хасбаатар гуайтай Төөдөө бас л эртний танил нь юм шиг “буу халаад” суучихлаа. Тэгж байснаа танай хүүхдүүд сайн явахгүй байгаа нь таньтай холбоотой. Танай хөгшин энэ амьдралыг авч явах гэж одоо хүртэл зүтгэж байна. Гэтэл та яахаараа байнга зугаа цэнгэл хөөж явдаг юм гээд л дуугаа өндөрсгөөд загнаж эхэллээ. Та залуудаа 2 эмэгтэйг маш их гомдоосон байна. Дугуй бор царайтай эмэгтэй таньд гомдоод одоо ч уйлж шаналж явдаг юм байна. Тэр эмэгтэй 1978 онд таны охинг гаргасан юм байна. Та яахаараа охиноо харж ханддаггүй юм гээд орхимжоороо Хасбаатар гуайг ороолгож өглөө. Тэгтэл нөгөө өвгөн “-Та ямар агуу хүн бэ. Энэ амьдралдаа нууж явсан бүхнийг минь та хэлчихлээ. Бүгд үнээн. Би эндээс гараад хөгшин дээрээ очихгүй нэг залуухан хүүхнийхээр ороод гарая гэж бодож байсныг минь хүртэл хэлчихлээ” гээд хоолойгоо чичирүүлэн хүмүүсээс ичиж тонгойгоод суугаад байж билээ. Би зарим үед Төөдөөд хандаж “-Миний найз хүмүүсийн хувийн амьдралыг тэгж илэн далангүй битгий хэлж бай” гэхээр нүдээ эргэлдүүлээд л “-Чи ер нь ойлгож байна уу? Тэрийг чинь би хэлээд байгаам биш ш дээ. Миний онгод хэлээд байгаам” гээд тас тас инээдэг байж билээ, хөөрхий. Төөдөө бас их сахилгагүй ээ. Хуруугаараа энд тэнд хатгаад л жаахан хүүхэд шиг болоод зүггүйтдэг байсан. Миний найз 2007 оны 7 дугаар сарын 11 өдөр гэнэт хорвоогоос явчихсан юм даа. Энэ өдөр найзын минь ээжийнх нь төрсөн өдөр нь байсан гэсэн. Ээжийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж өгнө гэж баярлаж гүйж байснаа “-Ээжээ, би жаахан унтаж байгаад сэрэе” гээд орруугаа явсан гэсэн. Тэгээд л эргэж сэрээгүй юм билээ. Төөдөөгийн амьдралын сүүлийн 2 жил нь Дорноговь аймагтай холбоотой өнгөрсөн дөө. Равжаа судлалын хэдэн хүн байсхийгээд л Дорноговь руу аваад явчихдаг байсан. Зарим нэг нь цуу яриа гаргаад “-Танай найз Равжаагийн хойд дүрээр тодрох гэж байна. Тэгээд Равжаа судлалынхан авч яваад байгаа юм” гэж мэдэмхийрдэг байсан. Ямартай ч Төөдөөг насан хутагыг барсаны дараа Равжаа судлалын учир мэдэх зарим нэг хүмүүс “-АвгаанЛувсанГонгор/сахилынх нь нэр/ лам Равжаатай зарим талаараа их адилхан байсан шүү” гэж ам алдаж байсан. Төөдөө сархданд халамцаад ирэхээрээ бүхнийг хэлдэг, бас шүлэг бичдэг, бэлэн цэцэн үгтэй ... гээд олон билэг танхай авьясаараа Равжаа хутагттай адил байсныг олон хүн хэлдэг юм, одоо. Ямар ч шашины сургууль төгсөөгүй байж буддын гүн ухаан, философийг эрдэмтэн докторуудтай ном хаялцаад “ялдаг” байсан даа. Ийм л ховорхон ламтай санаандгүй учралаар танилцаж нөхөрлөж явлаа. Төөдөөг бурханы орныг зорьсоноос хойш би ламаар бараг яваагүй дээ. Төөдөө шиг гайхалтай лам одоохондоо алга л байна. Яагаад ч юм энэ лам нарын ихэнхи нь бизнес хөөгөөд “худлаа туугаад” зовлонгоор тоглоод байгаа нь мэдэгдээд байдаг юмаа. Энэ дашрамд хэлэхэд Буддын гүн ухаан гэдэг хосгүй зүйлийг ламын мухар сүсэг бишрэл болгож олныг төөрөгдүүлэн монголчуудыг доройтуулж байгаа энэ шашны төлөөлөл болсон лам нар шинэчлэгдэх болсоныг дурдахад илүүц болохгүй бизээ.

Recent Articles