Monday, September 19, 2011

ХАРУУСАЛ ГУНИГ




Харамсаад бас гуниглаад барашгүй зүйл гэж байхымаа. Санаанд орох байтугай төсөөлж бодохоос ч аймаар 9 сарын 2-ны өдрийн тэр л аймшигт мэдээ одоо ч худлаа мэт санагдаад байх юм. Эмнэлэгт хэвтэж байгаа намайг унаган багын 2 найз минь эргэж ирэн бид тэр өдөр хичнээн жаргалтай байсан гэж санана. Яг хүүхэд насандаа эргээд очсон мэт хөгжилдөж инээлдээд л... Тэр жаргалтай өдөр Хатка, Ганзо бид 3-т эргэж ирэхгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай. Орчлонг мартан жаргалтай байсан энэ мөчөөс хэдхэн цагийн дараа Хаткагийн утаснаас байн байн дуудлага орж ирээд байлаа. Гэтэл Ганзод минь золгүй явдал тохиолдчихлоо гээд хэлэх гээд хэлж чадахгүй байгааг би яахан мэдэх билээ. Үнэхээр харамсалтай... Хатка уйлсан, сааралтсан хоолойгоор “Ганзо өнгөрчихсөн гэнээ” хэмээн хэлээд утсаа тасалчихсан нь тоглоод ч байгаам шиг санагдаад байснаа нуух юун. Яахаа ч мэдэхгүй сүхдүүлчихсэн юм шиг гайхшран эмнэлгийн хонгилоор уйлан алхсаар байлаа би. Гэтэл Хатка ахиад залгаж байна. Утас авангуут “Би эмнэлэг дээр хүрээд ирлээ. Гараад ирээч” гэж байхым. Миний Хатка угийн уйланхай хүн болохоороо уйлаад л... “Чи бид 3 ямар гоё найзууд байлаа. Хэдхэн цагийн өмнө бид уулзаад салсан ш дээ” гээд уйлаад байлаа. Бид 2 хэсэг уйлцгааж байгаад найзынхаа гэрт нь очихоор болов. Гэрт нь ороход найзын минь инээж байгаа зурагны өмнө зул асаачихсан байлаа. Өчигдөрхөн ингээд салсан найз минь яг л тэр төрхөөрөө харагдаад байсан нь зүрх зүсэм. Би блогтоо 2 найзынхаа тухай “НЭГ ЗЭЛНИЙ УНАГАНУУД” гэж бичиж байлаа. Цэвээндоржийн Ганзориг гэдэг миний найзыг бурхан арай л эрт аваад явчихлаа даа. Ид хийж бүтээх насан дээрээ тэнгэрийг зорьчихлоо. Миний найзыг ямар агуу эр хүн байсан юм шүү. Бие биенээсээ юугаа ч нуудаггүй. Байнга л жаргал зовлонгоо ярилцаж явдаг байсан дотны анд минь биднийгээ үүрд орхичихлоо. Чи минь арай л эрт тэнгэрийн орныг зорьчих юм даа. Өрөвч, тусч, нинжин сэтгэлтэй миний анд энэ хорвоод 40-хөн жил амьдрахдаа хүмүүсээс дандаа л магтаалын үг сонсдог байсныг нь эргэн дурсахад таатай байна. Найз минь тэнгэрийн орондоо мөнхөд жаргадаа. 2 найз нь чамаараа дутан, чамайгаа үгүйлэн бас чамайгаа дурсан явах болноо. Нүдээ эргэлдүүлээд л хүүхэд шиг инээн дэггүйтдэг тэр л төрхийг чинь санан санан дурсамжаа өндөрлөе дөө.

Recent Articles