Sunday, September 5, 2010

ЗУНЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Гол дээр очиж усанд хэвтэж наранд биеэ шарах үнэхээр гоё амралт болж ядаргаа тайлагддаг юм билээ.


Нэг л мэдэхэд зун дуусаад намрын сэрүүн эхэлчихлээ. Энэ зуныг ч би их гоё өнгөрөөлөө дөө. Би ингэхэд 40 хүртэлээ амралтанд цөөхөн амарч үзсэн байх юм. Гол руу бараг очиж үзээгүй байгаам даа. Харин энэ зун амралт гол хоёр руу үе үе “шилэрээд” зуныг сайхан л өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан гэдэг Засгийн газрын том шагналыг гардаж авлаа. Санаандгүй явж байгаад гэнэт дуудагдаад Боловсролын сайд н.Отгонбаяраас энэ шагналыг гардаж авахдаа яг үнэнийг хэлэхэд би “ичсэн” шүү. Хүмүүст би ийм шагналаар шагнуулчихлаа гэж хэлэхээс ичээд байлаа. Гэтэл найз нөхөд бие биенээсээ сонсоод баяр хүргээд бөөн л юм боллоо. Одоо ч гэнэт гэнэт СТА-ы угаалгаа “сэм” хийсээр л явна. Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэхийн сацуу соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн үнэлэмж нь миний энгэрт гялалзах СТА-ы тэмдэг аж. Би 5 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” шагналыг аваад маш их баярлаж байж билээ. Би тэр үед сэтгүүлчдийнхээ халуун тогоонд нь чанагдаж дунд нь ажиллаж байсан болохоор ур чадвараараа тэдэнтэйгээ өрсөлдөж, үзэлцэж байж эрийн сайндаа, чадлаараа энэ шагналыг авсан болохоор маш их баярлаж байсан л даа. “Ган үзэгтэн” энэ шагнал надад чихэр шиг амттай байсан ч бас давс шиг гашуун ул мөрийг надад үлдээсэн дээ. Гэтэл түүнээс том шагнал Соёлын тэргүүний ажилтан гэдэг эрхэм цолыг хүртчихээд нэг их баярласангүй. Гэхдээ би найзууддаа баярлаж байгаа. Сайхнаа найз намайг шагнуулсныг сонсоод л шууд амралтанд авч явж цолны угаалгыг “зад” хийсэндээ. Бүр миний санаанд оромгүй гоё газар намайг аваачиж амраалаа. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар “Гүн галуутайд” намайг аваачсанд найздаа маш их баярлаж байгаа. Ингэхэд би Сайхнаадаа баярлалаа гэдэг үгийг нэг сайхан сэтгэлд нь хүртэл хэлээгүй л байгаагаа нуугаад яахав. Би Сайхнаагийнхаа буянаар энэ зуныг амьдралдаа үзээгүй гоёор өнгөрөөлөө ш дээ. Байн байн гол руу яваад л... Өвдөгнөөсөө дээш усанд хөлөө дүрж үзээгүй говийн би энэ зуны нарлаг өдрүүдийн цөөнгүйг голын хөвөөнд өнгөрөөсөн минь гайхалтай дурсамж болон үлдлээ, надад.



Saturday, September 4, 2010

ЗОРИЛГОТОЙ ХҮН ДЭЛХИЙ ДҮҮРЭН БОЛОМЖ ЯРЬДАГ


Би сүүлийн үед нэг л зүйлийн тухай маш их бодож явна. Энэ ажлаа бүтээхийн тулд хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсоор л сууна. Миниий санаж сэдэж хийх гэж ярьж байгаа ажлыг ихэнх нь дэмжиж гоё гоё саналууд нэмэрлэж туслахаа илэрхийлж байна. Ямар ч байсан би энэ ажлаа хийнээ, Хийх хийхдээ нэр төртэйгээр хийнээ. Миний блогийн зочин та энэ бас юу хийх гээд учир битүүлэг зүйл бичээд унаваа гэж гайхаж магадгүй. Би удахгүй тун удахгүй хийх гэж байгаа зүйлийнхээ тухай танд блогоороо дамжуулан дэлгэрэнгүй танилцуулнаа. Миний хийх гэж байгаа ажлыг дэмжиж найз Энхжаргал минь надад
“Агуу хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг”
гэж зоригжуулсан гоё үгтэй захидал илгээсэн байх юм. Өнөө өглөө утас асаангуут энэ захидал ирж урам орлоо. Тэгэхээр би дэлхий дүүрэн боломж ярьж байгаа учраас зорилготой л хүн болж таарах нь дээ гэж өөрийгөө бас л магтахаас даа. Саяхан миний нэг хуурай дүү уулзсанаа “Та блогоороо өөрийгөө л их магтах юм даа” гэхээр нь “-Би хэзээ ч өөрийгөө магтаж байсангүй. Харин сүүлийн үед өөрийгөө жаахан магтах гээд байгаа нь үнэн шүү. Өөрөө өөрийгөө магтахгүй бол намайг өөр хэн ч магтахгүй юм байна” гэж хэлж билээ би.
Би хоёр гуравхан хоногийн өмнө дэлхийн хүүхдийн олимпийн аварга болсон нядхан охин З.Батцэцэг, гимнастикч хөвгүүн н.Эрдэнэболд, шатрын өсвөрийн дэлхий аварга болсон охин н.Энхтуул нартай тааралдаж нэг дор хооллосноо ихэд билэгшээсэн юм. Монголчуудыг байлдан дагуулж од болон гялалзаж яваа энэ гурван жаал хүн болгоны харж барьж үзэхийн хүслэн болсон алтан медалиа хүзүүндээ зүүчихсэн хоол идээд гүйж яваа нь өхөөрдөм хөөрхөн харагдаж билээ. Босоо заяат Монголчуудын од болон гийх цаг нь ирж байгаа гэдгийг энэ гурав дэлхий дахинаа зарлалаа. Тиймээс монголчууд бид ч монгол гэдгээрээ бардамнаж дор бүрнээ л хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Миний бодлыг баталсан юм шиг интернэт болон мэдээллийн хэрэгсэлээр Монгол залуучууд дэлхийн тавцанд гарах цаг нь болсон гэж зоригжуулан уриалан дууддаг боллоо. Ийм нэг зүйл олж уншингуутаа шууд л блогтоо хуулаад бичлэгтээ хавсаргаад нийтэлчихлээ. Магадгүй уншаагүй нэг нь унш. Уншсан нэг нь ахиад унш. Тэгээд бусаддаа ярь.
Монголын билиг авъяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН Таны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!Бахархлыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, ХОЁР ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮНМонгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

Thursday, September 2, 2010

МИНИЙ НЭР


Намайг Ангирмаа гэдэг. Ангираа гэж дуудаж болно гэдэг үгтэй дуу нэг хэсэг залуусын амнаас салахгүй хит болж байж билээ. Зарим нь ч дууны үгэнд өөрийнхөө нэрийг оруулчихсан дуулж явдаг байсан. Түүн шиг намайг Наранцогт гэдэг. Нарка гэж дуудаж болдог. Би 3-4 настай байхдаа “-Би та нарын бүгдийн чинь ах нь. Тиймээс та нар намайг ах гэж дуудаж бай” гэдэг байсан гэсэн. АХ гэж дуудахгүй бол уурлаад суучихдаг байсан гэнэлээ. Тэгээд манай гэрийнхэн намайг бүгд АХ гэж дууддаг болсон, Сүүлдээ ах дүү хамаатан садангууд бүгд АХ гэж дууддаг боллоо. Бүр сүүлдээ сум тэр чигээрээ АХ гэж дууддаг болсон. Одоо ч Ах гэж дууддаг нь хэвээрээ. 90 онд би оюутны амралтаараа хөдөө гэррүүгээ харьсан юм. Тэгсэн хөгшин ээж маань найз хөгшчүүлдээ “-Ах өнөөдөр хотоос ирнэ” гээд л яриад байсан гэдэг. Гэтэл би ороод очсон чинь хөгшин ээж “-Өө Ах хүрээд ирлээ. Алив, миний хүү сайн явж ирсэн үү” гээд намайг үнссэн чинь хөгшчүүл нь “-Ах ирнэ гээд басан чинь нэг жаахан хүү л бана ш дээ” гээд бөөн инээдэт болж билээ. Одоо ч манайхан намайг Ах гэж дууддаг нь хэвээрээ. 9-р ангид байхад манай ангийн охид бүх хүүхдэд нэр өгч билээ. Тэгээд намайг Нарка гэж дуудаж байхаар болсон юм. Үүнээс хойш би АХ гэдэг нэр дээрээ Нарка гэдэг бас нэг нэртэй болсон. Одоо ч найз нөхөд Нарка л гэж дууддаг юм.

Wednesday, September 1, 2010

КИНО ШИГ АМЬДРАЛ


Кино шиг амьдралтай хүнтэй та тааралдаж байсан уу? Мэдээж ихэнхи нь үгүй л гэх байх. Зарим нь бодож бодож байснаа тааралгүй яахав “-Манай тэр найзын амьдрал яг л кино шиг ш дээ” гээд л ярих байх. Мэдээж киног хүний амьдралаас сэдэвлэн зохиодог болохоор кино шиг амьдралтай гэж ярих нь аргагүй. Гэхдээ би яг л кино шиг амьдралтай хүнтэй таарна чинээ бодсонгүй явж байж дээ. Өнгөрсөн хавар бидний ярьж сурсан Луусанд ял эдэлж байгаа нэг эмэгтэйтэй уулзлаа. Бид 2 нэлээд удаан ярилцлаа. Тэр эхлээд надаас цэрвээд яриа нь нэг л хүйтэн хөндийй байсан юм. Үгээ зөөж ядан ярьж байх зуураа намайг нэвт шувт сонжсон харцаар хараад л... Тэгсэнээ надад нэг л итгэхгүй байгаа нь хэлж ярьж байгаа үг, харцнаас нь илт мэдрэгдээд байлаа. Би ч уур амьсгалыг зөөллөж түүний амнаас үг унагах гээд их хичээсэн дээ. Нэлээд ярианы дараа бид хоёр ойлголцоод тэр эмэгтэй амьдралынхаа тухай бүгдийг нь илэн далангүй ярьж өглөө. Тэр хоригдол эмэгтэй ярьж байхдаа нүүр нь маш олон янзаар хувирч байсан юм. Тэр амьдралынхаа баяр баясгалантай үеийнхээ тухай ярихаар инээгээд л... Бүр нүд нь гэрэлтээд л тас тас инээж байснаа “-Тэр залууг би одоо ч үзэн яддаг, ер нь эрчүүд та нар муухай хүмүүс, би эр хүнийг үзэн яддаг. Насаараа шоронд сууж байгаа минь ч эрчүүд та нараас болсон” гээд л аймаар догшин харцаар нэвт ширтээд шүд хөмхийгөө зуух нь аймшигтай. Түрүүхэнд л амьдралын гоё сайхныг яриад тас тас инээж байсан үзэсгэлэнт эмэгтэй эмэгчин барс шиг архирах нь гайхалтай. Тэгснээ хангинатал санаа алдаж сууснаа “-Би эр хүнээр хайрлуулж үзсээн. Гоё л байдаг юм билээ. Гэхдээ хайртай хүнээ алахаас өөр замгүй болсон нь миний буруу бишээ. Би үүндээ одоо ч харамсдаггүй юмаа. Тиймээс бусад хоригдол хүүхнүүд шиг би шоронгоос хурдан гармаар байна гэж уйлж гүйддэггүй. Яахийм, оноосон ялыг нь хоншоортой гэгч нь дуусгаад инээгээд гарна даа” гэж ярихад нь би мэл гайхаж толгой сэгсэрч сууснаа нуугаад яахав. Яг л киноны кадр шиг тэрний ярьсан амьдрал одоо ч миний нүдний өмнүүр жирэлзсээр байдаг юм. Бас түүний гайхамшигт нүүрний хувирлуудыг би одоо ч мартаж чаддаггүй юм. “-Би шоронг муу хэлэхгүй ээ, надад бас боломж олгосон газар шүү. Чи гайхаж магадгүй. Амгалангийн хорих ангийн хоригдол залуу энд ажлаар ирсэн юм. Би түүнийг өдөж гүйсээр байгаад энгэр зөрүүлчихсэн юм ш дээ. Тэгээд би хүүтэй болсон. Хүүгий аав шоронгоос суллагдаад бид хоёрыг байнга эргэж ирдэг болсон. Би хүүгээ нэг ой хүрэнгүүт нь аавд нь өгчихлөө. Гэтэл юу болсон гэж сананаа, Би хүүгээ аавд нь биш алуурчинд өгсөнөө тэр үед ер мэдээгүй байгаам даа. Тэр муу новш өнгөрсөн оны өмнө согтуу ирээд гэртээ агсам тавьж байхдаа миний нялх үрийн элэгийг нь бяц дэвсээд алчихсан. Миний амьдралд эрчүүд дандаа гай болж байсан байхгүй юу. Тиймээс би эрчүүд та нарыг үзэн яддаг юмаа” гэж уурсангүй хэлсэн түүний үг одоо ч бодогдоостой. Би энэ хоригдол эмэгтэйтэй уулзсаныхаа дараа амьдралаар нь кино хийе гэж бодсон. Тэгээд энэ тухайгаа найзууддаа ярилаа. Нэг найз минь “-Хүмүүс кино шиг амьдрал гэж ярьдаг юм. Би ийм амьдралын тухай ер сонсож байгаагүй. Наадах чинь шууд кино байна. Сайн найруулагчид өгчих” гэж намайг зоригжууллаа. Жүжигчин Ууганбаяр саяхан залгасанаа “-Хөгшөөн, нөгөө санаагаа кино болгоод өгөөч. Би найруулмаар байна. Удахгүй хоюулаа уулзаж энэ тухайгаа ярилцая” гэж надад бүр урам хайрлалаа. Би ямар ч байсан амьдралд байдаг хэрнээ биднийй мэдэхгүй “далд” амьдралын бодит үнэнийг өгүүлсэн кино бичихээр шийдлээ. Ингээд сүүлийн хэд хоног дүрүүдээ бодоод л судалгаа хийгээд шоронгийн дарга нар болон суллагдасан хоригдол эмэгтэйчүүдтэй уулзаад л явдаг боллоо. Удахгүй кино зохиолынхоо тухай миний блогоор зочилдог эрхэм хүмүүн танд дэлгэрэнгүйгээр сонирхуулнаа.

Tuesday, August 31, 2010

БИ ДУРЛАМААР БАЙНА


Нэг сайхан дурламаар байна шүү. Галзууртлаа дурлаж үзэх юмсан. 40 насанд дурлал ирж болно биз дээ. Би мөсөн зүрхтэй байхаа. Яагаад гэхээр би 40 хүртэлээ дурлаж үзээгүй байхийм. Гэхдээ надаас байнга хайр дэлгэрч байдаг юм. Би өөрийнхөө хайрыг хэнээс харамладаггүй. Ээжийгээ, эгч нараа, ах дүүсээ, найз нөхдөө бүгдийг нь хайрлаж чаддаг. Энэ миний давуу тал гэж би өөрөөрөө бардамнадаг юм даа. Гэхдээ л би дурлалтайгаа учраагүй байна. Энэ гоё дурлал удахгүй надад ирнэ гдэгт итгэж байна. Халуухан хайрын минь эзэн чи минь хаана яваа болдоо. Тиймээ, чи минь хаана яваа болдоо.

Monday, August 2, 2010

АНД МИНЬ ӨӨДРӨГ ЯВААРАЙ!!!




Би олон танилтай хүн। Уг нь танилцсан хүн болгоноо л найз гэж бодож явдаг байлаа. Гэтэл тэдний ихэнхи нь жинхэнэ найзууд байж чадаагүйг хожим мэдсэн. Багтай хуурамч хүмүүсийг найз гэж дотносож явсандаа заримдаа дургүй хүрдэг л юм. Миний амьдралын жаргал зовлон, баяр гунигийг байнга хуваалцаж явдаг Б.Хатанбаатар, Ц.Ганзориг, Г.Амар, М.Дорждэрэм,Б.Өлзийсайхан, П.Анхтуяа, Ж.Цэсэн... гээд л дотны найзууд бий. Би энэ найзуудаараа байнга бахархаж явдаг юм. Найзуудтайгаа хамт сэтгэлээ сэргэтэл яриад суух их гоё байдаг. Б.Хатанбаатар бид хоёр мөн ч олон шөнө “буу” халж нойргүй хоносон доо. Миний дотны найзуудын нэг П.Анхтуяа минь хоёр сар шахамын өмнө гэнэт хөлөө хугалчихлаа. Уг нь яс хугарах сайн гэдэг л дээ. Гэхдээ л харамсамаар зүйл Анхаад минь тохиолдчихлоо. Миний найз ёстой гал цогтой бүсгүй байгаа юм. Эмэгтэй хүнээс гарамгүй дайчин зан ганцхан Анхаагаас л гардаг. Өүлэн эхийн удамт жинхэнэ хатан ухаант бүсгүй гэж би ам бардам Анхаагаа хэлнэ дээ. Анхаа бид хоёр 2002 оноос хойш найзалж байна. “Монгол төрх” сонинд бид хоёр хамт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Анхаа бид хоёр зүгээр суухгүй дандаа шинэ зүйл эрэлхийж байдаг юм. Нэг шинэ ажил санаачлахаараа би Анхаа, Өкө хоёртойгоо хамгийн түрүүнд санал бодлоо хуваалцдаг юм. Анхаа дорой занг ёстой үзэн яддаг. Би угийн даруу болохоороо жаахан ичимхий зантай. Энд тэнд арга хэмжээнд оролцохоороо дуугүй л хараад сууж байдаг юм. Харин Анхаа дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, алиалж хөгжөөж хуран цугласан хүмүүсийг ёстой байлдан дагуулж өгнө ш дээ. Тэгээд л “-Нарка, Өкө миний хоёр найз гараад ир. Салхийг нь хагалъя. Бид хииморьтой хүмүүс шүү” гээд л тас тас инээдэг юм. Бид хоёр үе үе муудалцанаа. Би зөрүүд болохоороо заримдаа Анхаагийн үгийг сонсохгүй өөрийнхөөрөө дайрна. Энэ үед Өкө “энхийн сахиулагчийн” үүргийг гүйцэтгэнэ ш дээ. Анхаа өөрийгөө ер тоохгүй. Бас л хамаг байдгаа мартан бусдын төлөө гүйчихэнэ. Анхаа хүнийг баян ядуу, ухаантай тэнэг гэж ялгалгүй бүгдтэй нь адилхан харьцаж зовлон жаргалыг нь анхааралтай сонсдог юм. Тэгээд л туслах юмсан гээд уйлаад л гүйгээд байдаг өр нимгэн хүн дээ, миний найз. Би танилцсан цагаасаа хойш Анхааг сэтгэл дундуур явахыг нь хараагүй. Дандаа л инээж бусдыг хөгжөөж явдаг юм. Хэд хоногийн өмнө надруу залгасанаа “Би өөрийгөө их олон найзтай гэж боддог юм ш дээ. Гэтэл яг ингээд өвчин зовлонтой үед л жинхэнэ найзууд үлддэг юм байна. Чи бүдүүн болохоороо яалт ч үгүй миний шигшүүрт үлдээд найз хэвээрээ үлдэж байна даа” гээд нөгөө л цоглог зангаараа тас тас инээж байна лээ. Анхаа хөлнийхөө гипсийг 9 сард авахуулна гэсэн. Тэр болтол л хэвтэх байх даа. Өкө бид хоёр Анхаа дээр очих болгондоо л хурдан ажилдаа ор гэж үглэдэг. Бид хоёр ч Анхаагаараа дутаад ажлаа хийхгүй байгаа юм чинь. Гуниж гутахийг мэддэггүй миний өөдрөг, золбоолог найз удахгүй хөл дээрээ босноо. Босох босохдоо хүчтэй босоорой. Хүүхнүүдийг атаархтал, эрчүүдийг шохоорхтол, бас сэрэл хүсэл, хуял тачаалыг нь зад тавьтал нь дуутайгаар хөл дээрээ босно шүү. Чамд бид итгэж байна. Хөлийг чинь хугалсан ч сэтгэл зүрх, хүсэл мөрөөдөл, зоригийг чинь хугалж мохоож чадахгүй шүү гэж нам гэж найзархдаг “дайснуудад” чинь хэлмээр байна. АНХАА! МИНИЙ НАЙЗ ӨӨДРӨГ ЯВААРАЙ!


Friday, July 30, 2010

БИ ХҮМҮҮНИЙ УНАА БОЛСОН ХӨХ НУРУУТ


Блогоо хөтлөлгүй их удчихлаа। Яагаад ч юм зав болохгүй байна гэж гүйсээр байгаад олон хоночихсон байх юм। Тэгээд ч шатаж үхэм энэ зуны аагим халуунд үзэг цаасаар онь холбож чадахгүй л явна даа. Гэнэт өнөө өглөө сэрээд л блогоо үргэлжлүүлэхээр шийдлээ. Ойрд юм бичээгүй болохоор юуны тухай бичих билээ гэж бодлоо. Бодож бодож байгаад өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Би анх удаа л өөрийгөө сайхан муухайгаар бичих гэж байна. Дамдинсүрэнгийн Наранцогт гэж хэн бэ? хэмээн өөрөөсөө асуун хэсэг суулаа. Хариултаа олох гэж нэлээд дуншлаа. Би эгэл жирийн л эр хүн. Үүнээс өөр хариулт орж ирсэнгүй. Хүмүүсийн магтаад байдаг өнөө гоё үгнүүднээс нэг нь ч сэтгэлд буудаггүй. Тэр намайг юу гэж магтаж байлаа гээд бодоод байсан хэр нь санадаггүй.Уг нь хүмүүсийн магтаал хэрэгтэй үгсүүд байсан даа. Би тархинаасаа хогон мэдээллээ цэвэрлэчихдэг юм. Гэтэл тэр магтаалын үгс хогон мэдээлэл байсан гэж үү? хачин юмаа. Гайхаад л сууж байна. Тэгэхээр би л өөрөө өөрийгөө бичие дээ. Тэгээд ч Наранцогтыг Наранцогтоос өөр хэн сайн мэдэх билээ дээ. Би говийн энгийн нэгэн айлын эрх дураараа хүү. Дээрээ дөрвөн эгч, нэг ахтай. Доороо хоёр охин дүүтэй. Өнөр өтгөн айлын бага хүү болохоороо тэрүү их эрх, одоо ч насан өндөр ээждээ эрхлээд л суучихдаг юм. Ээждээ эрхлээд үнсүүлээд сууж байх миний хамгийн жаргалтай мөч. Саяхан ээжийн минь бие нь чилээрхээд хотод ирж үзүүлж харуулж хэд хонолоо. Гэтэл миний хамгийн бага эмэгтэй дүүгийн 3 настай хүү нь надруу утсаар ярьж байснаа “-Хөөе, эрхийн мангараа! Миний эмээг хурдан явуулаачээ, би эмээгээ санаад байна ш дээ” гэж хэл нь мэдэгдэхгүй амьтан шулганан загнаж байхав дээ. Миний аав насаараа Намын дарга хийсэн “хэнхэг” хүн. Ээж минь ч ялгаагүй насаараа л төр засагт зүтгэсэн дээ. Аавын минь дарга гени надад байдаг юм шиг байгаа юм. Яагаад гэхээр би дөнгөж 23 насандаа төрж өссөн Дундговь аймгийн Өндөршил сумандаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байж билээ. Тухайн үед би ажлаа сайн хийж байсан гэж боддог юм. Ямартаа ч сумын залуучуудыг нэгтгэж Залуучуудын холбоог байгуулж сумандаа дараа нь зүүн бүсдээ улмаар аймагтаа бужигнуулж өгсөн дөө. Өндөршилийн залуучууд гээд л биднээр бахархдаг байсан үе бий. Ингээд гурван жилийн дараа би тушаал дэвшиж сумынхаа ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга боллоо. Нарийн бичгийн дарга, хурлын дарга хоёрт ялгаа их байх нь мэдээж. Хурлын дарга болоод бодлогын чанартай зүйл л их хийдэг болсон гэхүү дээ. Ганц бие залуухан дарга суманд хэр удаан тогтохов. Ээж ч гэр бүлтэй бол гэж үглээд л... Нэг удаа аймгийн төврүү зөвлөгөөнд явлаа. Миний багын найз Цэвээндоржийн Ганзориг, Бадарчийн Хатанбаатар гэж хоёр сайхан эрчүүд бий. Энэ хоёр минь ч уулзахаараа байнга л эхнэр ав гэж үглэдэг болсон доо. Тэгээд аймгийн төв орж зөвлөгөөнөө дуусчихаад Ганзоригтойгоо уулзаад явж байтал 10 жилийн ангийн охин Энхмаатай тааралдлаа. Энхмаа бид 2 дунд сургуульд байхдаа их найзууд байсан юм. Ингээд ойрд уулзаагүй хүмүүс бие биенийхээ тухай, анги хамт олон найз нөхдийнхөө тухай гээд юу эс хөөрөлдөх билээ дээ. Сүүлдээ аймагт ажлаар ирэх болгондоо Энхмаатай уулздаг боллоо. Ингэж явсаар байгаад бид хоёр 1998 оны 1 дүгээр сард гэр бүл болж нэг гэрт амьдарсандаа. Бид хоёр сайхан амьдарч байсан. Манайд ирсэн хүн болгон л энерги эрч хүч аваад гардаг байсан шүү. 11 жил амьдарсан эхнэрээсээ нэг л өдөр юу ч хэлэлгүй хамаг хувцасаа бөөгнүүлж аваад л захиа бичиж орхиод тэр чигтээ яваад өгсөн хүн дээ би. Одоо бид хоёр тусдаа амьдраад жил гаран л болж байх шив. Би зөрүүд хүн. Зөрүүд зөрүүддээ маш их зөрүүд хүн. Зөрсөөр байгаад алдаж явсан үе бий, бас онож явсан үе ч байдаг. Гэхдээ би эхнэрээсээ салаад явчихсандаа огт харамсдаггүй юм. Би үзэх ёстойгоо үзэж туулах ёстой амьдралаа туулж явна гэж л боддог юм. Одоо найз нөхөд, ах дүүс намайг зэмлэж эхнэртэйгээ буцаад амьдар гэдэг юм. Би тэдэнд “Үгүй ээ, би ахиж хүнтэй суухгүй. Миний амьдрал одоо л эхэлж байна. Би аз жаргалтай байна” гэж хэлдэг юм. Тиймээ би аз жаргалтай байна. Маш их аз жаргалтай байна. Би бас их тусч зантай хүн. Миний тусч зан надад байнга эрч хүч бэлэглэж байдаг юм. Гэвч зарим нэг хүмүүс нь уйлж дуулж зовлон жаргал ярьж байгаад туслуулчихаад тэр чигтээ усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм. Дараа нь энд тэнд тааралдахаараа бараг танихгүй өнгөрөхийг нь яана гээч. Миний тус дэмээр сайхан амьдарч сайн яваа хүмүүс олон байдаг юм. Гэхдээ тэд хэзээ нэгэн цагт миний тусыг санах бизээ. Ээж минь “-Миний хүү хүний өмнөөс л туслах гээд гүйчих юмаа. Энэ хүмүүс тусыг чинь эргээд л мартчих юм байна ш дээ” гээд л үгэлдэг юм. Гэхдээ зүгээрээ хүнд тус болж чадаж л байвал би сэтгэл дүүрэн хараа дээгүүр явдаг юм. Би сүүлийн үед их олон зүйлийн талаар боддог болсон. Миний бодлуудын дунд Монголынхоо төлөө гэсэн нандин хүсэл тэнүүчилж яваа. Энэ нандин хүслээ түрүүчээс нь биелүүлж л байна. Өдрөөс өдөрт цөлжилтөнд нэрвэгдэж байгаа монголынхоо газар нутаг, ширгэж үгүй болж байгаа гол нуурууд, устаж байгаа ховордсон ан амьтнаа хамгаалах, сэргээх, өсгөх үржүүлэх талаар их зүйл боддог байлаа. Гэтэл энэ хүсэл биелэж байна. Б.Өлзийсайхан, П.Анхтуяа гэж миний хоёр найз бүсгүй байдаг юм. Энэ 2 эрчүүдээс илүү эрэмгий хүүхнүүд. Бид гурав БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН-г 999 хоногийн хугацаатайгаар монгол орон даяараа өрнүүлээд амжилттай явж байна. Өнгөрсөн хавар бид 10 000 гаран мод таричхсан байна лээ. Тэгэхээр бид цөлжилтийн эсрэг ажлаа хийж эхэлсэн байгаа биз. Бид аянаа өрнүүлж байхдаа төр засгаас нэг төгрөг гаргуулаагүй. Бүгдийг бор зүрхээрээ болгосон доо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний ажлыг тухайн үедээ маш ихээр дэмжиж ивээлдээ авахаа илэрхийлсэн. Гэтэл Монголд хаанаасаа хаалгач нь илүү мэдэлтэй байдаг хойно Ерөнхийлөгчийн шийдвэр зөвлөхийнх нь ширээн дээр тоосонд дарагдаад мартагдсан бололтой. Бид ирэх хавар улаан номонд орсон ховордсон амьтан Мазаалайг хооллох юмсан гэж бодож байгаа. Энэ ажлаа саяхан танилцсан шинэхэн анддаа уламжилсан байгаа. Би бас их азтай хүн. Ухаантай монголынхоо төлөө зүрх нь цохилж байдаг “цөстэй” хүмүүстэй гэнэт тааралдаад найзалчихдаг юм. Ц.Хашчулуун гэдэг жинхэнэ монгол эр миний андуудын хүрээнд саяхан орж ирсэн дээ. Энэ эрийг харсан хэн ч орчин цагийн Цахиур Төмөр гэхэд маргахгүй дээ. Яагаад гэхээр Хашаа дөнгөж 18 настайдаа сурах гээд монголоосоо гараад явчихсан юм билээ. Бельги, АНУ-д сурч ажиллаж амьдарч байгаад монголдоо ирээд удаагүй аж. Энэ олон жил харьд амьдарчихаад зүрх сэтгэлээсээ монгол эх орноо авч хаяагүй нь гайхалтай. Дараагийн нэг том ажлаа би төлөвлөчихсөн байгаа. Гэхдээ энэ ажлыг хийх юмсан гэж сүүлийн 3 жил бодсон. Одоо л цаг нь болж байна. Миний л монголынхоо төлөө хийх ажлын нэг л дээ. Хорвоо дэлхийн унаа, Хөх нуруут хүмүүний унаа гэдэг юм билээ. Би бодож байгаа энэ ажлаа хийчих юм бол Хөх нуруут монголчууд дэлхийн хүмүүсийн хөтөч удирдагч нь гэдгийг нотлон харуулах болноо. Өөрийнхөө тухай үүнээс илүүг би бичиж чадахгүй нээ. Миний блогт аялаж байгаа та миний тухай сэтгэгдлээ үлдээгээрэй. Та нарын нүдээр би хэн бэ


Recent Articles