Saturday, October 9, 2010

МОНГОЛЫН АЛДАРТНУУДТАЙ ХАМТ

ДУУЧИН ОТГОЙН БАЯНМӨНХИЙН ХАМТ
ЗАЛУУ ДУУЧИН Ө।ЦЭРЭНЧУНТ, Г। БАЯРМАГНАЙ НАРЫН ХАМТ
ХИП ХОПЧИН В।А.Т-ЫН ХАМТ

САНСАРЫН НИСГЭГЧ Ж।ГҮРРАГЧААГИЙН ХАМТ
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ, СТА Т।СЭР-ОДЫН ХАМТ
МЭРГЭЖЛИЙН КИК БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГА АМАРБАЯСГАЛАНГИЙН ХАМТ
ЯГААН ГАЖИД ЦЭНД-АЮУШЫН ХАМТ
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ХҮН РАГЧААГИЙН ХАМТ
СУМОЧ БАТБАЯРЫН ХАМТ
Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа Монголын алдар цуутнуудтай ихэнхтэй нь уулзаж ярилцаж байсан юм билээ। Үе үеийн Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүд, Сайд нар урлаг спортын одод гээд олон хүмүүстэй уулзаж байснаа одоо эргэн дурсахад таатай байна. Заримтай нь ч найз болон бужигнаж байсан даа. “Морьтой ч болоосой” кинонд Гончигийн дүрийг бүтээсэн МУГЖ Г.Батсүх, Монголын хамгийн өндөр хүн Рагчаа гээд олон найзуудтайгаа сүүлийн үед бараг уулзалдсангүй. Монголын алдартнуудаас ярилцлага авахад хамгийн гоё урамтай байсан хүн нь Итгэлт баян гэгддэг Очирбат гуай байсан юм. Бид 2-ын яриа их сайхан өрнөж билээ. Би редакцидаа оронгуутаа л Итгэлттэй хийсэн ярилцлагаа буулгаж байсан юм. Цаасан дээр буулгахад ч урамтай байсан шүү. Харин Монгол Улсын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаатай хийсэн ярилцлага “их хүнд” болж билээ. Тэр үед баатар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд болоод удаагүй байсан юм. Түүнтэй оройжин ярилцсан. Баатараас шинэ сонин зүйл гаргах гээд би амыг нь “ухаад” л байсан. Харин Гүррагчаа баатар нэг ч сул үг унагадаггүй. Сүүлдээ инээж байгаа зургийг нь дарая гэж бодлоо. Баатар инээхчгүй яриад суугаад байсан даа. Ингээд үе үеийн Монголын алдартнуудтай авахуулсан зургаа толилуулая.

Wednesday, October 6, 2010

ХАЙР НАМАЙГ ГАНЦААРДУУЛЛАА


Өнөөдөр гэрт өнжихөөр шийдлээ. Намрын жихүүн өдрийн нэг болоод ч тэрүү гармааргүй санагдаад. Тэгээд интернэтээр аялаж дэвэн дэлхийн сонин хачинг уншиж хэрэггүй голдуу “хогон” мэдээллээр тархиа “цэнэглэв”. Бас хийх гэж байгаа ажлынхаа тухай албан бичиг төлөвлөж эрхтэн дархтануудад хаяглан суулаа. Гэрээс гараагүй ч гэсэн сэтгэл гэгэлзээд л байхийм. Нэг л зүйлийн тухай бодогдоостой. Яг юу бодоод байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй л сууна. Ганцаардаад ч байгаа юм шиг, хэн нэгнийг үгүйлээд ч байгаа юм шиг. Магадгүй хэн нэгнээс хайр хүсээд байгаам болов уу? Би ганцаардаж бараг үзээгүй л гэж боддог юм. Гэхдээ өнөөдөр нэг л бишээ. Сүүлийн үед ээж, эгч нар бас найзууд гээд эргэн тойрныхон бүгд л эхнэр ав гэх юм. Зарим нь эхнэртэйгээ эргэж суу гэх юм. Заримдаа ч залхмаар болох юм. Бие биенээ хайрлахгүй юм бол эргэж суугаад ч яах юм билээ. Бас бэлэгдлийн чанартай эхнэртэй байснаас эрх чөлөөг эдлээд л ганцаараа явж байсан нь дээр гэж боддог юм. За энэ ч яахав ганцаардал хүмүүстэй олон янзаар “ханьсдаг” байх. Өнөөдрийн хувьд хайр намайг ганцаардуулаад байгаам байлгүй дээ. Удахгүй хайр чамайг хажуудаа суулгаад яагаад намайг үе үе ганцаардуулаад байсан бэ гээд залхтал чинь асууж хариугаа авна даа.

Saturday, October 2, 2010

ДАВХАР СОЛОНГО


Блог уншигч та энэ гайхалтай зургийг харж байна уу? Давхар солонго гоё харагдаж байгаа биз। Байгалийн ийм гоё тансаг үзэгдлийг харсан хэн ч дуун алддаг। Арга ч үгүй биз. Борооны дараахи солонго бүр давхараараа харагдаж байхад уулга алдан баярлан харах нь зөвөө. Би энэ давхар солонгийн зургийг маш удаан харлаа. Харсаар байгаад сэтгэлийн тайвшралыг авсанаа мэдэрлээ. Гэхдээ би энэ удаад давхар солонгийн тухай бус саяхан анд бололцон нөхөрлөсөн найзынхаа тухай үзэглэхээр шийдлээ.
Ц.Хашчулуун гэж Монгол хэрнээ Америкжсан эртэй санаандгүй явж байгаад танилцсан юм би. Хашаа 18 настайгаасаа л эрдэм сурахаар хээрийн галуу үл хүрэх харийн нутгийг зорьсон аж. Тэнд 10-аад жил амьдарсан Хашаагийн яриаг сонсох үнэхээр гайхалтай. Тэрний яриа тэр чигээрээ л “мөнгө”. Овсгоотой зарим нь Хашаагийн яриаг бизнес болгох юм бол Монголоос олон тэрбумтанууд төрнө дөө гэж би боддог юм. Хашааг бусад Монголчууд шигээ Америкт мөнгө хураах гэж хөлсөө дуслуулан ажиллаж амьдарч байгаагүй гэхэд болно. Тэр Чингэсийн удамт ухаант Монгол эрийн ид хавийг гайхуулан ухаанааараа, тархины чадлаараа “мөнгө” олж байсан нь ярианаас нь илт. Гэхдээ тэр өөрийгөө магтах дургүй болохоор хэзээ ч би гэж цээжээ дэлдэн онгирон ярьдаггүй юм билээ.
Түүний бүхий л амьдрал нь бахархмаар. Бүр үлгэр шиг гоё, тансаг хайр дурлалтайгаа учирсан гайхалтай эр гэж би Хашааг танилцсан цагаасаа хойш дүгнээд байгаа. Тэр хүнгэнсэн бүдүүн хоолойгоор хүүхдийнх шиг гэнэн инээд нүүрэндээ тодруулаад намуухнаар ярьж эхэлдэг. Ойлгохгүй байгаа зүйлийг заавал ойлгуулна. Бүр ойлгуулах гэж хичээгээд л шавьдаа хичээл зааж байгаа багш шиг байдаг юм. Бас алиа марзан, хошин үгийг яриан дундуураа “шургуулаад” авдаг хөгжилтэй эр.
Гадаадад цөөхөн жил амьдраад ирсэн зарим хүн Монголоо муулаад л суучихдаг. Зарим нэг нь би Монгол хэлээ мартаж гээд л элдэв харь үг яриан дундуураа хавчуулаад л загвардаж өгдөгийг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Гэтэл Хашчулуунд ийм зан огт байхгүй. Тэр монголчуудтайгаа монголоор л ярина. Дунд нь хэзээ ч англи болон чөлөөтэй ярьдаг 5-6 орныхоо үгийг хэлдэггүй. Бүр Монгол хэлний “мастер” гээд боддоо. Хашаа монгол үг зүй, утгыг их сайн гаргаж оновчтойгоор хэлдэг юм. Ямартаа л “Хашаа, би чамаас ичиж байна. Чи энэ олон жил гадаадад амьдрахдаа монгол хэлээ судалсан юм биш биз” гэж би хэлдэг юм. Тэр бас амиа бодсон бэртэгчин занд дургүй. Саяхан тэр “-Би өөрийнхөө жаргалыг бодвол Америкт бэлэн зүйл дээр санаа зовохгүйгээр хэвтээд л баймаар байна. Гэтэл бас ингэж чадахгүй юмаа. Тиймээс Монголдоо компани байгууллаа. Олон монголчуудаа тэжээх ажлыг хийж байгаа минь энэ ш дээ” гэж ярьж байсан нь Хашаагийн бусдын төлөө гэж зовж шаналж явдаг сайхан зангийнх нь илрэл. Хашаа дэлхийн ихэнх орноор аялсан мундаг аялагч. Тэр даруухан болохоороо л би ингэж тэгж явлаа, ийм тийм юм үзлээ гэж сагсууран ярьдаггүй юм. Үзсэн харсан ихтэй Хашаатай “буу халах” ч урамтай ш дээ. Түрүүнд би Хашаагийн амнаас “бөөн мөнгө” унадаг гэж бичсэний учрыг блог уншигчид та нар одоо бүр сайн ойлгож байгаа байхаа. Тэр нэгэн удаа ярьж сууж байхдаа өөрийгөө давхар солонго гэж хошигнон тодорхойлсон нь яг оносон маш зөв тодорхойлолт боллоо гэж би олзуурхсан. Тэгээд сая давхар солонгийн гайхамшигт зургийг харж сууж сэтгэлийн тайтгарлал олж авахдаа ухаант андынхаа хэлсэн үгийг санаад энэхүү тэмдэглэлийг бичлээ. “Давхар солонго” болон хэнд ч анзаарагдахгүйгээр ажиллаж амьдарч байгаа Хашчулуун шиг 100 монгол залуус байх юм бол манай улс ч санхүүгийн хямрал энэ тэрээс амархаан гараад Азийн бар байтугай болж хөгжих юм байна даа гэж дотроо сэмхэн бодол тээж явдагаа энд бас сийрүүлчихэе.
АЙ ДАВХАР СОЛОНГО, ДАВХАР СОЛОНГО, ДАВХАР СОЛОНГО... ҮГЭЭР ЗҮЙРЛЭШГҮЙ ГАЙХАЛТАЙ...




Saturday, September 11, 2010

ДООГИЙ УРАГШАА!!!


Монгол телевизээр нэг хэсэг “8 дахь аялгуу” гэдэг цэнгээнт нэвтрүүлэг гардаг байсныг блог уншигчид сайн санаж байгаа байхаа. Энэ нэвтрүүлэг гардаг өдөр ихэнхи хүмүүс цаг заваа алдан яг л Солонгос кинонд дурладаг шиг “хуйлран” цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухладаг байсан даа. Үзэгчдийг байлдан дагуулдаг энэ нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм миний сайн найзуудын нэг байгаа юм. Бид хоёр нэлээд олон жилийн өмнө танилцаж түүнээсээ хойш сайхан нөхөрлөсөн дөө. Доогий их тусч, ухаантай, сэргэлэн эр байгаа юм. Миний амьдралын жаргал гэхээсээ илүүтэй зовлонтой ганцаардаж байх үед дэргэд минь Доогий л байж сэтгэлийн дэм өгдөг байсанд би их баярлаж явдаг юм. Бид хоёр хамтдаа урлагийн олон арга хэмжээг зохион явуулсан даа. Бид хоёр нэг удаа эмэгтэйчүүдийн хорих ангид буяны арга хэмжээ зохиион байгуулж урлагийн бэсрэг тоглолт явуулсан юм. Би ажил гээд зав ер болдоггүй. Доогий бүх зүйл бэлэн гээд хээв нэг алхаад байдаг. Тэгсээр байгаад өглөө нь гэнэт Дуурийн хэдэн дуучинг утасдаж дуудаад л хорих руу явлаа. Хорихын жижигхэн клубын ар талд Доогий нөгөө хэдэн дуучиддаа “-Одоо тэгнэ ингэнэ. Үүний дараа Наранхүү дуулна, түүний дараа Батболд Цэнджав хоёр гарна шүү” гэж хэлээд арга хэмжээнийхээ хөтөлбөрийг дорхноо гаргаж байгаа харагдсан. Би ямар л юм болох болдоо гэж дотроо эмээсээр... Гэтэл арга хэмжээ эхлээд л дуусан дуусталаа үнэхээр “тасархай”. Хоригдол бүсгүйчүүд ч бөөн баяр. Амьдралдаа ийм гайхалтай арга хэмжээ үзсэнгүй гэж нэг хэсэг нь баярлан нулимс дуслуулж байгаа харагдсан. Тэр үед би найзаараа үнэхээр бахархсан даа. Миний найзыг Гүрбазараас эхлээд Монголын томчууд болох акул хөтлөгчид их тоодог юм ш дээ. Тэд өөрсдийнх нь залгамж халаа гэж Доогийг үнэлж, хардаг юм билээ. Тиймдээ ч Гүрбазар өөрийнхөө гавъяатын найрыг Доогийгоор хөтлүүлж байхав дээ. Би хаана ч хэний ч өмнө найзаараа бахархаж бардамнан онгирдог юм. Гэтэл сүүлийн үед найз минь нэг л гундуухан яваа сурагтай. Утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гээд болдоггүй. Гэтэл өчигдөр гэнэт Доогий залгаж байнаа. Бид хоёр ойрд холбогдоогүй болохоор бие биенийхээ сонин хачин, амьдралын тухай хүүрнэлдлээ. Түүний яриа нэг л дорой болчихож. Урьдны эрч хүч гал цог юу ч байхгүй. Би сурсанаараа жаал үгэллээ. Доогий зөндөөн зүйлийн тухай ярьж ярьж байсанаа “-Найз нь тун болохгүй бол гадагшаа гарая даа. Нэг жил усанд хаясан чулуу шиг алга болдог юм билүү гэж бодож байна” гэж ярих юм. Уг нь миний найз ийм дорой эр бишсэн дээ. Түүний толгой, оюун ухаан гадаадад гарч “боол” болтолоо доройтоогүй л байх ёстой. Түүнд маш их ирээдүй бас маш том боломжууд байх ёстой. Доогий тархиа ухаж амьдрах ёстой хүн. Эрдэнэсээр дүүрэн тархиа тэр яагаад хөсөр хаяж байгаа нь сонин. Би ухаантны удамт найздаа санаа зовж байна. Тэр хэзээ ч дорой явах эр биш. Доогий монголдоо байтугай дэлхийд нэр алдраа дуурсгаж чадах алдартан. Гэтэл найз минь яагаад ингэж гутруу зутруу явна вэ? Найз минь миний блогоор зочилж өөрийнхөө тухай уншаарай. Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг дээ. Доогий, чамд их ирээдүй бий шүү. Чиний ирээдүй гэрэлтэж байгаа. Чиний цаг ирсэн шүү. Өнөөдрийн энэ өчүүхэн зовлон чиний маргаашийн аз жаргалын хаалгыг цэлийтэл нээх түлхүүр чинь шүү. Ганцхан би биш анд найз нар чинь, ахан дүүс чинь цаашлаад Монголын ард түмэн чамайг харж байна шүү. Урагшаа ДООГИЙ.

Sunday, September 5, 2010

ЗУНЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Гол дээр очиж усанд хэвтэж наранд биеэ шарах үнэхээр гоё амралт болж ядаргаа тайлагддаг юм билээ.


Нэг л мэдэхэд зун дуусаад намрын сэрүүн эхэлчихлээ. Энэ зуныг ч би их гоё өнгөрөөлөө дөө. Би ингэхэд 40 хүртэлээ амралтанд цөөхөн амарч үзсэн байх юм. Гол руу бараг очиж үзээгүй байгаам даа. Харин энэ зун амралт гол хоёр руу үе үе “шилэрээд” зуныг сайхан л өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнө Соёлын тэргүүний ажилтан гэдэг Засгийн газрын том шагналыг гардаж авлаа. Санаандгүй явж байгаад гэнэт дуудагдаад Боловсролын сайд н.Отгонбаяраас энэ шагналыг гардаж авахдаа яг үнэнийг хэлэхэд би “ичсэн” шүү. Хүмүүст би ийм шагналаар шагнуулчихлаа гэж хэлэхээс ичээд байлаа. Гэтэл найз нөхөд бие биенээсээ сонсоод баяр хүргээд бөөн л юм боллоо. Одоо ч гэнэт гэнэт СТА-ы угаалгаа “сэм” хийсээр л явна. Монголын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэхийн сацуу соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлсэн үнэлэмж нь миний энгэрт гялалзах СТА-ы тэмдэг аж. Би 5 жилийн өмнө Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн” шагналыг аваад маш их баярлаж байж билээ. Би тэр үед сэтгүүлчдийнхээ халуун тогоонд нь чанагдаж дунд нь ажиллаж байсан болохоор ур чадвараараа тэдэнтэйгээ өрсөлдөж, үзэлцэж байж эрийн сайндаа, чадлаараа энэ шагналыг авсан болохоор маш их баярлаж байсан л даа. “Ган үзэгтэн” энэ шагнал надад чихэр шиг амттай байсан ч бас давс шиг гашуун ул мөрийг надад үлдээсэн дээ. Гэтэл түүнээс том шагнал Соёлын тэргүүний ажилтан гэдэг эрхэм цолыг хүртчихээд нэг их баярласангүй. Гэхдээ би найзууддаа баярлаж байгаа. Сайхнаа найз намайг шагнуулсныг сонсоод л шууд амралтанд авч явж цолны угаалгыг “зад” хийсэндээ. Бүр миний санаанд оромгүй гоё газар намайг аваачиж амраалаа. Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн газар “Гүн галуутайд” намайг аваачсанд найздаа маш их баярлаж байгаа. Ингэхэд би Сайхнаадаа баярлалаа гэдэг үгийг нэг сайхан сэтгэлд нь хүртэл хэлээгүй л байгаагаа нуугаад яахав. Би Сайхнаагийнхаа буянаар энэ зуныг амьдралдаа үзээгүй гоёор өнгөрөөлөө ш дээ. Байн байн гол руу яваад л... Өвдөгнөөсөө дээш усанд хөлөө дүрж үзээгүй говийн би энэ зуны нарлаг өдрүүдийн цөөнгүйг голын хөвөөнд өнгөрөөсөн минь гайхалтай дурсамж болон үлдлээ, надад.



Saturday, September 4, 2010

ЗОРИЛГОТОЙ ХҮН ДЭЛХИЙ ДҮҮРЭН БОЛОМЖ ЯРЬДАГ


Би сүүлийн үед нэг л зүйлийн тухай маш их бодож явна. Энэ ажлаа бүтээхийн тулд хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцсоор л сууна. Миниий санаж сэдэж хийх гэж ярьж байгаа ажлыг ихэнх нь дэмжиж гоё гоё саналууд нэмэрлэж туслахаа илэрхийлж байна. Ямар ч байсан би энэ ажлаа хийнээ, Хийх хийхдээ нэр төртэйгээр хийнээ. Миний блогийн зочин та энэ бас юу хийх гээд учир битүүлэг зүйл бичээд унаваа гэж гайхаж магадгүй. Би удахгүй тун удахгүй хийх гэж байгаа зүйлийнхээ тухай танд блогоороо дамжуулан дэлгэрэнгүй танилцуулнаа. Миний хийх гэж байгаа ажлыг дэмжиж найз Энхжаргал минь надад
“Агуу хүмүүс сэдэв ярьдаг
Энгийн хүмүүс амьдрал ярьдаг
Жижиг хүмүүс хүн ярьдаг
Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог
Хүчирхэг нь боломжийг бүтээдэг
Оюунлаг нь боломжийг ашигладаг
Сул дорой нь боломжийг хүлээдэг
Тэнэгүүд нь боломжийг алддаг”
гэж зоригжуулсан гоё үгтэй захидал илгээсэн байх юм. Өнөө өглөө утас асаангуут энэ захидал ирж урам орлоо. Тэгэхээр би дэлхий дүүрэн боломж ярьж байгаа учраас зорилготой л хүн болж таарах нь дээ гэж өөрийгөө бас л магтахаас даа. Саяхан миний нэг хуурай дүү уулзсанаа “Та блогоороо өөрийгөө л их магтах юм даа” гэхээр нь “-Би хэзээ ч өөрийгөө магтаж байсангүй. Харин сүүлийн үед өөрийгөө жаахан магтах гээд байгаа нь үнэн шүү. Өөрөө өөрийгөө магтахгүй бол намайг өөр хэн ч магтахгүй юм байна” гэж хэлж билээ би.
Би хоёр гуравхан хоногийн өмнө дэлхийн хүүхдийн олимпийн аварга болсон нядхан охин З.Батцэцэг, гимнастикч хөвгүүн н.Эрдэнэболд, шатрын өсвөрийн дэлхий аварга болсон охин н.Энхтуул нартай тааралдаж нэг дор хооллосноо ихэд билэгшээсэн юм. Монголчуудыг байлдан дагуулж од болон гялалзаж яваа энэ гурван жаал хүн болгоны харж барьж үзэхийн хүслэн болсон алтан медалиа хүзүүндээ зүүчихсэн хоол идээд гүйж яваа нь өхөөрдөм хөөрхөн харагдаж билээ. Босоо заяат Монголчуудын од болон гийх цаг нь ирж байгаа гэдгийг энэ гурав дэлхий дахинаа зарлалаа. Тиймээс монголчууд бид ч монгол гэдгээрээ бардамнаж дор бүрнээ л хичээж ажиллах хэрэгтэй болж байна. Миний бодлыг баталсан юм шиг интернэт болон мэдээллийн хэрэгсэлээр Монгол залуучууд дэлхийн тавцанд гарах цаг нь болсон гэж зоригжуулан уриалан дууддаг боллоо. Ийм нэг зүйл олж уншингуутаа шууд л блогтоо хуулаад бичлэгтээ хавсаргаад нийтэлчихлээ. Магадгүй уншаагүй нэг нь унш. Уншсан нэг нь ахиад унш. Тэгээд бусаддаа ярь.
Монголын билиг авъяаст залуучууд улсынхаа нэрийг хорвоогийн цээжинд өргөж дэлхийг бишрүүлж, өвөг дээдсийнхээ суу алдрыг үргэлжлүүлсээр байна..Эх орны эзэн болсон ЭРХЭМ МОНГОЛ ЗАЛУУ ХҮН Таны хүсэл мөрөөдөл, бүтээлч санаачлага, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, цаг үеийн дуудлага!!! Бид энэ цаг үедээ эзэн нь байх ёстой!!! Өөрийн авъяас чадварыг бүрэн дайчилж, өөртөө эзэн байж, өөрийн гараар өөрийнхөө амьдралыг цогцлоон босгож, Агуу их үйл хэргийг бүтээхийн учиртай!!! Бид агуу их түүхээрээ бахархах эрхтэй байхын тулд өөрсдөө БАХАРХЛЫГ БҮТЭЭХ УЧИРТАЙ!!!Бахархлыг хоосон орилж хашгирч бүтээхгүй, шаналж суугаад босгохгүй... Тиймээс УХААНТАЙ БАЙ, ХОЁР ГАРААРАА АМЬДРАЛАА ЦОГЦЛОО, ТОМ СЭТГЭ, ТОМ АМЬДАР, хөлсөө дуслуул, нойргүй хоно, сэтгэлээ хатамжил!!! Монгол залуус дэлхийг байлдан дагуулж байна. Бидний цаг ирсэн. Бидний санаачлага, сэдэл тэмүүлэлээс Монгол улсын ирээдүй шалтгаална.Та ч бас чадна. Та МОНГОЛ ЗАЛУУ ХҮНМонгол залуу хүн бүр ХҮЧИРХЭГ байж МОНГОЛ УЛС мандан бадрана!

Thursday, September 2, 2010

МИНИЙ НЭР


Намайг Ангирмаа гэдэг. Ангираа гэж дуудаж болно гэдэг үгтэй дуу нэг хэсэг залуусын амнаас салахгүй хит болж байж билээ. Зарим нь ч дууны үгэнд өөрийнхөө нэрийг оруулчихсан дуулж явдаг байсан. Түүн шиг намайг Наранцогт гэдэг. Нарка гэж дуудаж болдог. Би 3-4 настай байхдаа “-Би та нарын бүгдийн чинь ах нь. Тиймээс та нар намайг ах гэж дуудаж бай” гэдэг байсан гэсэн. АХ гэж дуудахгүй бол уурлаад суучихдаг байсан гэнэлээ. Тэгээд манай гэрийнхэн намайг бүгд АХ гэж дууддаг болсон, Сүүлдээ ах дүү хамаатан садангууд бүгд АХ гэж дууддаг боллоо. Бүр сүүлдээ сум тэр чигээрээ АХ гэж дууддаг болсон. Одоо ч Ах гэж дууддаг нь хэвээрээ. 90 онд би оюутны амралтаараа хөдөө гэррүүгээ харьсан юм. Тэгсэн хөгшин ээж маань найз хөгшчүүлдээ “-Ах өнөөдөр хотоос ирнэ” гээд л яриад байсан гэдэг. Гэтэл би ороод очсон чинь хөгшин ээж “-Өө Ах хүрээд ирлээ. Алив, миний хүү сайн явж ирсэн үү” гээд намайг үнссэн чинь хөгшчүүл нь “-Ах ирнэ гээд басан чинь нэг жаахан хүү л бана ш дээ” гээд бөөн инээдэт болж билээ. Одоо ч манайхан намайг Ах гэж дууддаг нь хэвээрээ. 9-р ангид байхад манай ангийн охид бүх хүүхдэд нэр өгч билээ. Тэгээд намайг Нарка гэж дуудаж байхаар болсон юм. Үүнээс хойш би АХ гэдэг нэр дээрээ Нарка гэдэг бас нэг нэртэй болсон. Одоо ч найз нөхөд Нарка л гэж дууддаг юм.

Recent Articles