Thursday, August 11, 2011

ХЭРГИЙН ЭЗЭН НЬ СУЛ БЛОК


Сүүлийн үеийн дуулиан шуугианы нэгээхэн хэсэг болж олны сэтгэлийг сэртхийлгээд байгаа явдал нь хүүхдийн хорих ангиас оргосон 6 “шилийн сайн эрс”-ийн тухай юм. Үүний түрүүнд би “Хоригдол жаал-Оргодол хүү” гэсэн нийтлэлийг блогтоо оруулсан. Сүүлийн хэдэн жилийн амьдрал минь монголын муу нэртэй хоригдлуудтай холбоотой өнгөрч байгаа болохоор энэ талын мэдээллийг хамгийн түрүүнд хайж явдаг хүн дээ,би. Дээр доргүй л 6 хоригдол оргосны буруутанг эрж хайж, зарим нь амиа хаацайлж би буруугүй гэж сууцгаана. Би биенээсээ буруутныг хайсаар... Соёлын хувьсгалын үед Хятадууд Өвөрмонголчуудыг толгой дараалан эсэргүүн болгосон юм гэдэг. Сүүлдээ эсэргүүнээр тодрох хүнгүй болохоор үзэг, бал харандаа, савх, аяга... гээд л нүдэнд харагдсан болгоноо буруутан болгож байсан гэдэг. Шүүхийн шийдвэрийнхэн түүн шиг л 6 хүүхэд оргосны буруутанг хайж байна. Ажлын хариуцлага алдасан нэрээр ангийн захирагч, хурандаа Оюунаа, дэд дарга Билгүүн нарыг ажлаас нь чөлөөлж хэд хэдэн хүнийг бангадсанаар энэ дуулиан намжих талдаа орох гэж байна. 6 хүүхэд оргуулсаны гол буруутанг 6 метр өндөр блокон хашааны суларсан нэг блок болгож хувирч байх шиг байна. Тэр блокийг хэн, хэзээ сулласан, тэр яагаад сул байсныг удирдлагууд нь тайлбарлахгүй л байна. Мэдээж нар салхинд цохигдоод сулраагүй нь лавтай. Тэр блокийг хоригдлууд л сулласан.Магадгүй блок суллах ажиллагаа хорихын хянагч нартай ч холбоотой байх магадлалтай. Хянагч нарын дунд байдаг нэг “аймаар” дэг нь ялтануудаасаа байнга нэгжнээс эхлээд ундаа тамхи тэр байтугай архи дарс хүртэл нэхэж авахуулж уудаг нь гэм биш зан болчихсон. Хүүхдийн хорихын аж ахуйн хоригдлууд хянагч нараа болон өөрсдийгөө тансаглуулах гэж энэ блокийг сулласан байх магадлал давамгайлаад байгаам, надад. Энэ л суларсан блокний нүхээр хоригдлууд бүрэнхийгээр дэлгүүр лүү гүйдэг байсан байх. Ганцхан хүүхдийн хорих анги гэлтгүй Монголын бүх шоронгуудад ийм суларсан блок байж магадгүй. Юутай ч Шүүхий шийдвэрийнхэн оргодлын буруутанг сул блок хэмээн гүрийж амиа хаацайлж суухынхаа оронд увайгүй зантай хянагч нартайгаа “тулж ажиллах” хэрэгтэйг дуулианы эзэн болсон “сул блок” сануулаад байгаам бишүү!!!.

Monday, August 8, 2011

МИНИЙ МУУСАЙН СЭТГҮҮЛЧИД


Сэтгүүлч гэсэн чимэгээр цоллуулсаар нэлээд он жилийг үджээ. Сүүлийн үед сэтгүүл зүйн салбараас жаахан хөндий байгаа ч нэг л мэдэхэд үзэг цаас нийлүүлчихсэн сууж байх юм. Энэ ч нөгөө мэргэжлийн өвчин гэдэг нь байх даа. Энэ удаад би сайн муугаар цоллуулан явдаг сэтгүүлч нөхдийнхөө тухай дурсах гэсэн юм. Би 2000 оны эхний хэдэн жилүүдэд гал цогтой, дайчин залуучуудтай хамтарч ажиллаж байсан юм байна. Тэд минь одоо ч гялалзаар явна. Зарим нь амьдралын эрхээр өөр ажил хийж байгаа ч би хэдэн сэтгүүлч дүү нараараа одоо ч бахархаж явдаг юм. ЗТБХБЯ-ы хэвлэлийн албаны дарга Ж.Цэсэн 2003 онд сургуулиа дөнгөж төгссөн жаахан охин ажилд орж байж билээ. Тэр дайчин, зүтгэлтэй, хөдөлмөрч бас их мэдрэмжтэй охин байсан. Ямар ч сенсаацитай мэдээллийн араас явахад “чулуу” болгож чаддаг учраас өнөөдөр “мундаг” сэтгүүлч болж чаджээ. Цэсэнгийн ямархан сэтгүүлч гэгдэхийг нь энгэрт нь гялалзах “Алтан гадас” одон нь илтгэх буй за. Бадамтуяа гэж “Гурван Эрдэнэ” дээд сургуульд сурдаг охин дадлага хийх гэж анх сонины редакцийн босгоор орж ирж байж билээ. Анх Бадмаагийн бичсэн мэдээг би болоогүй байнаа гээд л буцаагаад байсан санагддаг юм. Төрөлхийн авьяаслаг Бадмаа сэтгүүл зүйн тогоонд амархан чанагдаж лидер сэтгүүлч болсон доо. Даанч Бадмаа минь мэргэжлээрээ удаан ажилсангүй Баянхонгортоо “нутагшчих” юм. Сэтгүүл зүйд Бадмаагийн орон зай уг нь байгаад л байгаам даа. Энхцэцэг гэж бас төрөлхийн сэтгүүлч мэдрэмжтэй охин бас л сэтгүүл зүйг орхиод Солонгост амьдарч байна. Ээгийгийн бичлэг бол тасархай ш дээ. Санааг нь гаргаад өгөх юм бол тэгээд л 100 хувь бичнэ дээ. Бас л дайчин охин. Хүнийг яриулж чадна. Түүний хийсэн олон сонирхолтой ярилцлага тухайн үедээ шуугиулж байсан даа. Би блогтоо Энхцэцэгийнхээ хийж байсан сонирхолтой ярилцлагнуудыг удахгүй цуварлаар нийтлэнээ. Цээпил угаасаа л сэтгүүлч байх одонд төрсөн охин. Тэрний хурц, цаг үеээ мэдэрсэн нийтлэл сурвалжлагуудыг уншихаар “далайн давалгаа” шиг хүчтэй байдаг юм. Цээпил Хятадад номын дуу сонсож байгаа. Тэр 3-4 жилийн дараагаас сэтгүүл зүйд “цахиур хагалаад” ирэх нь дамжиггүй. Акеркэ, Бадамцэцэг 2 бас л дайчин сэтгүүлчид. Манай 2 “Ардчилал” сонинд гялалзаж явна ш дээ. Бадамцэцэг шилдэг сэтгүүлч гэсэн цол хэргэм зүүгээд л, Аагий албаны дарга болчихсон “Ган үзэг” энгэртээ гялалзуулаад явж байна. МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч Билгүүнхангал анх “Сэтгүүлч болох гэсэн юм. Тантай хамт ажиллая” гэж ирж байсан. Тэр одоо МҮОНТ-ийн “ММ” агентлаг гэдэг босго өндөртэй айлын нүүр царай болон өдөр болгон айл айлын хойморт залардаг болжээ. Хэдэн дүү нараа магтсаар байгаад Анхаагаа дурсахаа мартаж байна шүү. Анхаа бас л бидэнтэй мөр зэрэгцэн үзэг үүрч явсан бүсгүй дээ. Одоо тэр улстөрч болоод гялалзаж явна. Бид тухайн үедээ ажиллана гэдгийг үзүүлж өгдөг байсан даа. Сониныхоо бүхий л ажлыг хамтдаа хийцгээнэ. Мэдээ сурвалжлагандаа явна хажуугаар нь сонины захиалга, менежмэнтээ хийнэ. Бараг л өдөр шөнө солигдож байгаа ч анзаарахгүй ажилладаг байж билээ. Ядархаараа сониноо дэвсээд л “нүдний хороо” гаргацгаадаг байсан. Бид олон өглөөний “Төрийн дууллыг” редакцидаа ажлаа хийж угтаж байсан даа. Үгэн сумтай, үзгэн зэвсэгтэй миний муусайн сэтгүүлчид ингэж л ажилладаг юм ш дээ.

Friday, August 5, 2011

ХОРИГДОЛ ХҮҮ-ОРГОДОЛ ЖААЛ


“Хүүхдийн хорих ангиас 6 хүүхэд орголоо” гэсэн мэдээлэл сүүлийн үеийн сенсааци болоод байна. Монголын түүхэнд ялтанууд ийм олноороо оргож байсан тохиолдол гарч байгааүй юм байна. Гэтэл насанд хүрээгүй хоригдлууд хэний ч санаанд оромгүй “нарийн ухаан” гаргаж 6 метрийн өндөртэй блокон хашаанаас оргочихсон байх юм. 20 гаран хоригдол хүүхдээсээ олон /30-аад албан хаагчтай/ хянагчтай 411-р хорих ангийн салан назгай, хариуцлаггүйг энэ хүүхдүүдийн орголт баталж байна. Оргосон 6 хүүхдийн нэрс дотор Мөнх-Даваа гэсэн танил нэр байх юм. Би өнгөрсөн хавар энэ хорих ангид 4-5 удаа очиж арга хэмжээ зохион явуулсан юм. Тэгэхэд Өмнөговиос ирж хоригдож байгаа Мөнх-Даваа гэдэг жижигхэн биетэй шар хүү бидэнтэй хамт очсон сэтгүүлчдэд ярилцлага өгөн бидэнд зориулж дуулж, шүлэг уншиж бусдаасаа илүү хөдөлгөөнтэй гэдгээ харуулж байсан. Дараа намайг дахин тус хорих ангид очиход Мөнх-Даваа инээчихсэн “Дүү нь удахгүй суллагдах гэж байгаа ш дээ. Ахиж хулгай хийж ар гэрийнхнийгээ зовоохгүй ээ! Сайн хүн болно” гээд зогсож байсан. Алдаагаа ухааран гэмшиж явсан хоригдол хүү өнөөдөр оргодол жаал болон хувирч олныг цочирдуулан улс орон даяар эрэн сурвалжлагдаж байна.Магадгүй Мөнх-Даваа оргосон 6 хүүхдийн толгойлогч нь ч байж мэднэ. Тэр сэргэлэн зангаа ашиглан 6 метрийн блокон хашааг нүхлэн, салан хэнэггүй хянагч нарын нүдийг хариулан оргох санааг гаргасан ч байж мэдэх юм. Монголчуудыг айдаст авахуулсан Мөнх-Даваа тэргүүтэй 6 оргодлоос 4 нь баригдаад байгаам байна. Тэд эдлэх ял дээрээ 5-10 жилийг нэмүүлэх бололтой. Харамсалтай л байна. Хэдхэн хоногийн дараа суллагдах гэж байсан Мөнх-Даваа дүү “Сайн хүн болж аав ээжийгээ баярлуулнаа” гэж байсан амандаа хүрч чадалгүй “шоронгийн хүн” болохоор шийдсэн нь үнэхээр харамсалтай...

Saturday, June 18, 2011

САВАР ШҮДТЭЙ, САЙРГАР ХӨЛТЭЙ ХУЖАА НАРЫГ МОНГОЛД ХЭН ДАВАРААГААД БАЙНА ВЭ?




“Хужаа нар даварч байна” гэж сүүлийн үед хүн бүр бухимдах боллоо. Бухимдах нь зүйн хэрэг. Гэхдээ хятадуудыг ер нь хэн давараагаад байна вэ? гэж бид буруутаныг хайцгаадаг билүү. Мэдээж хайдаг л даа. Гэхдээ нүүр өгөхөөр бөгсөө өгдөг, гар бариад бугуй барьдаг даварсан зантай савар шүдтэй, сайргар хөлтэй хужаа нар эрхтэн дархтануудад өгсөн авилгалдаа дулдуйдан даврах нь зэвүүн. “Та нар яахын, миний ард цагдаагийн тэр гэдэг том дарга байгаа. УИХ-ын гишүүн тэр миний найз. Та нар Засгийн газарт ажилладаг тэр даргыг таних уу?” гэж савар шүднийхээ завсараар шүлсээ үсчүүлэн таахалзаж байгаа хятадуудтай та Монголд олон таарах байх. Хэдэн жилийн өмнө багын танил минь гэнэт найзархан утасдаж “Миний танил хятадууд энд ирчихээд байгаа юмаа. Эдний нэг нь хятаддаа нэлээд том албан тушаалын хүн байгаамаа, чи ирж уулзаач” гэхээр нь яваад очлоо. Хятад хоолны газрын нэг өрөөг эзэгнэсэн 10-аад хужаа нар шулганалдаж байснаа намайг харан худлаа инээн найзархан саймширлаа. Багын найз маань тэр хэдэн хужаагаа тэнгэрээс бууж ирсэн бурхад шахуу дөвийлгөн магтаж байснаа “Чи танил найз нөхөд ихтэй хүн. Эд молбиден авах гэж ирсэн юм. Чи олоод өгөөч” хэмээн шалж гуйлаа. Би “Хууль бус зүйл хийж чадахгүй ээ, уучлаарай” гэж хэлээд гарах гэтэл нэг хужаа нь “Танай цагдаа асуудалгүй ээ. Бид мөнгө өгөөд аргалчихна. Монголын цагдаа нар мөнгөнд дуртай ш дээ” гэж уусан сархадандаа халамцан шувуун цээжээ их л бардам гэгч нь займчуулан сууж байсан. Энэ мэтчилэн жишээ олон бий. Авилгалд дуртай албан туушалтануудын увайгүй үйлдэл монгол хүнийг үнэгүйдүүлж байгаагийн жишээ. За энэ ч яахав гээд орхиж болох. Гэтэл даварсан хятадууд монголчууд бидний гени, хөх толбо руу минь халдаж эхлээд байна. Японд мэргэжлийн тулааны спортод хүч үзэж байгаа Э.Болормаа саяхан Монголд ирээд буцсан юм. Тэр хэдэн найзуудтайгаа уулзан нэг газар ярилцаад сууж байтал 20 гаран насны монгол охин хужаа эртэй жигтэйхэн дотно нялуурч байгааг хараад Болормаагийн тэсгэл алдууран монгол охинд хандан “Чи ингэж болохгүй ээ, монгол бүсгүйчүүд хужаа нарын эрхшээлд орох ёсгүй. Чи харь” гэж хэдэн ширүүхэн үг хэлтэл нөгөө хужаа ихэд уурсан монгол хэлээр хальт хульт “Чи юу гээд байгаам. Би монгол хүн шүү” гээд өөрийнхөө зурагтай иргэний үнэмлэх үзүүлжээ. Үүнд дургүйцсэн Болормаа ахиад хэдэн хатуухан үг хэлтэл нөгөө хужаа ийш тийш утас цохин залуучуудыг дуудан Болормааг зодуулах гэж оролдсон гэсэн. Ингээд бодохлоор л дуртай хужаа монголд орж ирээд “Би монгол улсын иргэн” гэсэн хуурамч үнэмлэх авч болох нээ. Үүний цаана бас л бизнес байгаа нь мэдээж. Өвөрмонгол танил маань саяхан уулзаад бас нэг аймшигт жишээг ярилаа. Монгол төрж өссөн “местный” гэгддэг Хятад иргэний үнэмлэхэн дээрээ Ли гэж ургийн овогоо бичүүлжээ. Гэтэл манай иргэний бүртгэлийнхэн “Чи иргэний үнэмлэх авсан л бол Монгол хүн. Тиймээс монгол овогтой бол” гэж тулган шаардаад байсан гэнэ. Нөгөө “местный” хятад ч яахав уухайн тас л Боржигон овогтон болсон гэнэ. Энэ хоёр бодит жишээг харахад л манай хурган дарга нар үндэсний аюулгүй байдалдаа заналхийж Хятадуудыг монголчлох бодлого бариад давараагаад байгаа нь ажиглагдаж байгаа биз. Тэнгэр заяат монгочууд дэлхийн хүйс болсон нутагтаа газар ширтэн байнга тонголзож явдаг Ли, Ху, Бао овогтнуудад Боржигон, Тайжууд... гэсэн овогоо “эзэмшүүлж” хөх толбоо баллуурдуулж болохгүй. Иймээс Хятадуудыг монголчлох санаатай болон санамсаргүй үйлдлийн эсрэг эрслэн босцгооё! Монгол цус цэвэр ариун байж, Монгол үндэстэн үүрд мандан бадраг.

Tuesday, June 14, 2011

ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!







“Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг” аянг Монгол орон даяар өрнүүлээд 2 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бид Дундговь, Дорноговь, Хэнтий, Төв, Завхан аймгийн 32 сум болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд улиас, хайлаас, шар хуайс, монос, гүйлс, голт бор, агч, чацаргана, үхрийн нүд зэрэг 10 гаран төрлийн 32 857 ширхэг мод тарилаа. Монголынхоо цөлжилтийг сааруулахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа бидний хувьд жил хагасын хугацаанд 30 гаран мянган мод тарина гэдэг чамлахаар тоо биш шүү. Бас тарьсан моднуудын амьдрах чадвар, ургалт нь 80%-тай байгаа нь биднийг баярлуулж байна.
Дэлхийн зулай болсон монгол орон минь цөлжиж байгаад бид санаа зовнин шагширан дээр дооргүй ажиллаж байгаа ч босоо заяат, тэнгэр үзэлт монголчууд бидний оюун тархи цөлжиж байгааг төдийлөн анзаарахгүй байх шиг. Манай аяныхан ч байгалийн цөлжилттэй тэмцэхийн хажуугаар оюуны цөлжилтийг сааруулахыг хичээн иргэдэд лекц, яриа таниулга хийж явна. Хөдөөгийн сум, багуудад очиж ажиллахад зуд, ганд малаа барж амьжиргааны эх үүсвэрээсээ салсан өрхийн тэргүүн болсон залуучууд толгой гудайлган газар ширтэн суухад хажууд нь эхнэр нь “Банкны өр зээлэнд баригдан дарамтнаас нь гарч чадахгүй нь” гэж үглэж суугаа нь ажиглагддаг юм. Тэд манай аяны “Арвай жин” ТББ-ын тэргүүн П.Анхтуяа, Улаанбаатар дээд сургуулийн багш, ойн инженер, докторант Д.Сүхбат, “Хонгор говь” ТББ-ын тэргүүн С.Тунгалаг, “Баянгол” нөхөрлөлийн тэргүүн, “Энх цагийн эгэл баатар” Ганхуяг нарын ухаалаг яриаг сонсоод ёстой л гэгээрдэг дээ. Хэдхэн минутын өмнө л толгой гудайлган “Бидэнд юу ч яриад хэрэггүй дээ” хэмээн гуниглаж байсан залуус “Одоо тэгээд яахуу? Энэ модыг тарьж үзье, хамтарч ажиллий л даа, та нар ахиад хэзээ ирэх юм” хэмээн яриа өдөн хоргоож эхэлдэг юм. Бид эмэгтэйчүүдийн хорих анги дээр очиж тэнд ял эдэлж байгаа бүсгүйчүүдтэй уулзан “Манай аяныхан та нартай хамтарч ажиллана, Та нарын тарьсан модыг бид монгол орон даяар тарина. Тэгэхээр та нар үйлдсэн нүглээ түр наминчлаад энэ үрийг маш сайн арчилж тордоорой” гэж хэлээд 3 кг чацарганы үрийг бэлэглэлээ. 300 гаран эмэгтэйчүүд бидний санаачлагыг дэмжин бүгд уухайлан түрлэг өргөж зарим нь бүр нулимс дуслуулж байгаа харагдсан. Гэтэл 3 хоногийн дараа хорих ангиас залгаад “Та нар ирж чацарганы үрээ буцааж аваа, манайд талбай байхгүй, хэрвээ та нар манай газар дээр мод үрээр тарих гэж байгаа бол бидэнд мөнгө төл” гэсэн хачин болзол тавьдаг юм байна. Хүйтэн цэвдэг сэтгэлтэй шоронгийн хянагч бүсгүйтэй бид маргалдахыг тухайн үедээ хүсээгүй л дээ. Энэ мэтчилэнгээр бид бага бага саадуутай учирж байсан л даа. Гэхдээ бид зорьсондоо хүрэхийг хичээж л явна. Бид аянаа монгол орны хамгийн их цөлжилттэй газрын нэг Дундговь аймгийн Өндөршил сумнаас эхэлсэн юм. Манай аяныхны ажлыг ойлгож дэмжсэн тус сумын иргэд мод тарих гээд бүгдээрээ ирсэн шүү. Тэд модоо тарингаа “Үлэмжийн чанар”-ыг дуулцгааж байгааг хараад С.Тунгалаг эгч “Ямар гоё юм бэ? Өчигдөр уулзахад энэ залуус мод тарих ямар хэрэгтэй юм. Манай энд тэгээд ч мод тариад ургадаггүй юм гэж уурлаж байсан ш дээ. Бид энэ залуусын тархинд оюуны модны үрийг суулгаж чадсан байна. Би 20 гаран жил мод тарихдаа ингэж сэтгэлээсээ дуулцгааж мод тарьж байсан хүмүүсийг харж байсангүй. Бид маш зөв ажил санаачиллаа” хэмээн хоолойгоо зангируулан баярлан зогсож байсан юм. Үнэхээр л Тунгалаг эгчийн хэлснээр энэ нутагт тарьсан бидний 2000 мод маш сайхан ургасан шүү. Гараагаа бид ийм сайн эхэлсэн болохоор бидний бариа сайн байх нь мэдээж. Бид өнгөрсөн жил гарны хугацаанд 30 гаран мянган мод тарихдаа нэг ч дарга эрхмийн өрөөний хаалгыг татаж төсөл болон санхүүжилт гуйгаагүй. Ёстой л өөрсдийнхөө бор зүрхээр бүгдийг болгосон доо. Утга авцалдаа муухан энэ нийтлэлийнхээ төгсгөлд хүн бүр тарьсан модоо арчилж ургуулахын төлөө амьдарцгаая. Монголчууд бүгдээрээ тархины цөлжилттэй тэмцэж оюуны хурыг бие биедээ бэлэглэж хэвшцгээе гэж уриалмаар байна. ТАРХИНЫ ЦӨЛЖИЛТӨӨ СААРУУЛЖ, ТАРЬСАН МОДЫГ МИНЬ УРГУУЛААРАЙ, ХҮМҮҮСЭЭ!

Recent Articles