Бусдад тохиолдож байгаа баяр гуниг зовлон жаргалыг хуваалцах нь намайг аз жаргалтай болгодог...
Friday, October 18, 2013
ДЭЛХИЙН ЭНГЭЭР СЭТГЭДЭГ ЗАЛУУ
Friday, June 29, 2012
ДАНЗАННОРОВОО! ЧАМД БАЯР ХҮРГЭЕ!
Данзанноров. Энэ залуутай танилцаж нөхөрлөөд би жил гараны хугацааг өнгөрөөжээ. Манай Дундговийн шилдэг залуусын нэг болсон энэ залуу 2012 оны сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө. Цагтаа Дундговь аймгийн Ардчилсан намын дарга байсан энэ залуу нутгаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлээр сонгуульд өрсөлдөн нэрээ дэвшүүлжээ. Дундговьчууд ч түүнд баяр хүргэн ёстой л алгаа ташин баярлан угтсан. Уулзалт хийсэн газар болгонд түүнийг Дундговьчууд урам хайрласан сэтгэлийн үгээр харамгүй мялааж “Төрд бидний төлөөлөл болж чадах хүн” гэж дуу нэгтэйгээр тодорхойлж байсан нь үнэн. Өрсөлдөгчид нь түүнээс бүгд айж байлаа. Яагаад гэхээр тэр хүчирхэг. Бас Дундговио дэндүү сайн мэддэг зэрэг давуу талууд нь өрсөлдөгчдийнхөө өмдөнд нь шээс дуслуулж байхав дээ. “Мон-Уран”-ы Наранхүүгийн хар PR-чид Данзанноровыг маань эрлийз хурлийз гэж хүртэл цоллоод авах юм. Энэ хар PR-чдын тэргүүн эгнээнд миний хүндэлж явдаг сэтгүүл зүйн эрхэм багш маань явж байгаа нь харамсалтай. Мөнгө гэсэн цагаан толботой хэрээнээс ч илүү хар Б.Наранхүүг цагтаа муу хэлж байсан эрхэмүүд бүгд л түүнийг даган намиран Данзанноровоос минь өө сэв хайгаад сар шахам унтах нойроо хугаслан гүйлдлээ. Зарим нь бүүр Данзанноровыг юу гэж буруутган шуугиан тарихаа бодон түүнд саймшран Наранхүүд “тагнуул”-ын үүрэг гүйцэтгэн хошуугаа худалдан гүйсэн нь инээдтэй. Хүн гэж ямар арчаагүй амьтан болохыг сонгуулиар мөнгө хийж гаршсан тураалтай тархитанууд харууллаа. Данзанноровоо! Ахын дүү энэ удаад ялагдлаа. Ялагдлаа гэж сэтгэлээр битгий унаарай. Ард түмэн чинь чамайг ялсан гэж тооцож байгаа шүү. Тэгэхээр чи энэ удаад ялсан шүү. Ялах ялахдаа цэвэр ялалт байгуулсан шүү. Тиймээс хараа дээгүүр ихэмсэг бардам алхаарай! Өчигдөрхөн чамайг муулж хошуугаа худалж байсан нөхөд өнөөдрөөс эхлэн чамаас дөлөн зугтах нь гарцаагүй. Өчүүхэн амьтдад илүү гэдгээ харуулан тэднийг уучлаарай. Чиний ирээдүй тодоос тод гэрэлтэж байна. Дараагийн сонгуульд чи заавал ялнаа. Ганбаа, Галаа, Доржоо, Баяраа, Энхбаяр, Сайхнаа... гээд ямар ч эрднэсээс үнэтэй сайхан найзуудтай хүн газардахгүй ээ. Та нар бие биенээ дэмжээд явахад юун Дундговь, юун Монгол улс дэлхийг ч эргүүлэх хүчтэй, чадалтай эрчүүд шүү. Данзнноров ба түүний найзуудын гарт Дундговийн ирээдүй, Монголын ирээдүй бүүр цаашлаад энэ дэлхийн хөгжлийн “түлхүүр” байна. Тиймээс залуус минь алгуурлах хэрэггүй яг одоо хөлөг онгоцондоо сууцгаа. Та нарыг Дундговийн 50 гаран мянган иргэд, Монголын 3 сая шахам хүмүүс энэ дэлхийн 6 тэрбум ард түмэн хүлээж байна. Данзанноров гэсэн ахмадаар залуурдуулсан хөлөг онгоцыг өнөөдрөөс эхлэн тэрбум тэрбум хүмүүс ажиглаж байна. Данзанноровоо! Ах нь та нарт баяр хүргье! Хөлөг онгоцоо жолоодон хараа дээгүүр ихэмсэг, эрч хүчтэй яваарай.
Wednesday, February 22, 2012
ИЖИЙГЭЭ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ!

Цагаан сар болж усан луу жилийн шинийн нэгний өглөөний наран “сүүдэргүй” мандаж хүн зонгүй л баярлан сайхан жил ирлээ гэж бэлэгшээж байхад зарим нэгэн минь ижий ааваа үгүйлэн хаа нэгтээ санааширан сууж байхым. Фэйсбүүкийн нэгэн анд минь тэнгэрт халисан ижийгээ үгүйлэн ээжийн тухай дуунуудыг зүрх зүсч, сэтгэл эмзэглэм үгстэйгээ цуг цахим ертөнцөд нийтэлсэн байхыг нь олж уншлаа. Хүн бүхэн зовлонг умартан баярлан байгаа энэ үед анд минь юунд ингэж гунигланам бэ? Магадгүй чи ээжийгээ сүүлчийн амьсгалаа хураах мөчид хажууд нь байгаагүй байж мэднэ. Тэгээд л хүн бүхэн баярлаж байгаа энэ мөчид ээжтэйгээ хамт байсан элэг бүтэн үеийнхээ олон олон цагаан сарыг болон жаргалтай үеэ санагалзан харамсан суугаа байх. Чи зүрх зүсэм, сэтгэл эмзэглүүлсэн эдгээр үгсээ бичиж суухдаа уйлж, өөрийгөө буруутган сархадтай “нөхөрлөж” суусан байж мэднэ. Хүний жаргал, зовлонд цададгүй хорвоогийн жам биднийг ээлжлэн дайрахаас хойно анд минь битгий гутар даа. Нүүр тулан ярилцаж гар барин мэндэлж байгаагүй үл таних андынхаа “нулимс”-тай гуниглалын тухай бодож суухдаа бид хүний өөрийн гэлтгүй бүх ижий нараа л хайрлах ёстой гэж бодлоо. Төрийн бодлогыг боловсруулж хүчирхэг Монгол улсыг хамтдаа байгуулалцаж явсан “ХАТАН УХААНТ” ээжүүд минь хаа нэгтээ ядарч зовж явах учиргүй. Тиймээс би энд нэгэн Монгол ээжийн тухай өгүүлмээр байна. Бидний үсэрсэн цус, тасарсан махны минь нэг хэсэг болсон Өвөрмонголын Б.Хуучинхүү гэж ачтай, буянтай, алдарт ээжийн тухай бичмээр санагдлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, ахан дүүсийнхээ төлөө зоригтой дуугарч тэмцэж ирсэн энэ ээжийг Хятадууд тэрс үзэлтэн гэж цоллон сүүлийн жил гарны хугацаанд “зочид буудалд байлгах” нэрээр сураггүй алга болгоод байна. Энэ Монгол ээж Хятадын Засгийн газрын болон Хятад үндэстэний эсрэг ямар ч хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн Монголоороо үлдэхийн төлөө л бичиж туурвиж, үгээ эрхтэн дархтануудын өөдөөс айж эмээлгүй зоригтой дуугарч чадаж байсан юм. Түүний үнэн бөгөөд хүчтэй үг Хятад ноёдын таалалд нийцээгүй аж. Тиймээс тэд зоригт Монгол ээжийг тамлан зовоож, тарчлаан хорьсоор байна. Хөхний хорт хавдараар өвчлөн нэг гар нь тэр чигтээ хавдан шаналгаж байгааг үл анзааран энэ ээж МОНГОЛ гэдэг үндэстэнг устгаж, уусгаж үгүй болгохгүйн төлөө тэмцсээр сууна. Түүний зоригийг нь мохоож чадахгүй байгаа учраас Хятадууд зодож нүдэн нүд хальтрам тамлаж эхэлжээ. Монголчууд бид энэ ээжийг хайрлаж хамгаалах хэрэгтэй. Түүнийг эрх чөлөөтэй болгохын төлөө бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. Б.Хуучинхүү гэж Монгол ээжийг өмгөөлдөг үндэстэн, өмөөрч хамгаалдаг ахан дүүстэй гэдгийг нь Хятад түшмэдэд бид сануулах цаг болжээ. 3 дугаар сарын 8-нд зохион байгуулагдах Б.Хуучинхүүг суллуулах “ЦАГААН ТУУЗ”-ны дэлхий нийтийн аянд Монголчууд бид бүгдээрээ идэвхитэй оролцож гарын үзэгээ зурцгаая. Амьддаа бие биенээ хайрлая гэсэн агуу үгийг санагалзан Хятадуудад тамлагдаж байгаа Монгол ээжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе!
Арван сар тээж ангир уургаа хөхүүлсэн ачит ижийгээ хайрлаж яваарай найзуудаа!
Saturday, December 31, 2011
ХҮСЭН ХҮЛЭЭСЭН 2011 ОН МИНЬ БАЯРТАЙ

Яг нэг жилийн өмнө “ХҮСЭН ХҮЛЭЭСЭН 2011 ОН ИРЛЭЭ” гэж бичиж байлаа. Гэтэл хүсэн хүлээсэн он минь дуусч баяртай гэж инээмсэглэн бичиж сууна. 2011 он үнэхээр сайхан жил байсаан, миний хувьд. Хийх их ажлын минь бэлтгэл болсон 2011 он чамайг ханатлаа магтан дуулмаар байна. Энэ онд би “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ” аянаа үргэлжлүүлэн багагүй ажлыг хийж амжууллаа. Хийсэн ажил минь ил, хүн бүхэн мэдэж байгаа болохоор дахин нурших нь илүүц биз. Хүмүүн бидний шүтээн ээж эмэгтэйчүүдийг минь магтан дуулсан зохиол бүтээл, дуу, шүлэг маш олон байдаг. Энэ олон гэгээлэг сайхан бүтээлүүдэд “цучил” нэмж “БҮСГҮЙЧҮҮД” нэртэй олон ангит кино зохиолыг бичлээ. Монголын бүхий л давхаргын эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдийн амьдралыг энэ кино зохиолоороо харуулж байгаа. Болж бүтэхгүй зүйлийг хамгийн түрүүнд олж хардаг эмэгтэйчүүд тусгаар тогтнол, газар нутаг, байгаль эх дэлхийгээ аврахын тулд аюул занал, эрсдэл гамшигаас айлгүй Монгол бүсгүйчүүдийн торгон мэдрэмж, хатан ухаанаар бүхнийг даван туулан дэлхий дахинд алдар суугаа мандуулж байгаа тухай киноны минь ажил он гарангуут эхлээд 2012 оны 5 сараас хэтрэхгүйгээр та бүхий мэлмий сонорыг мялаан цаг заваас тань “хулгайлан” та бүхнийг дэлгэцийн өмнө уях байх шүү. Сайхан бүхнээр дүүрэн байсан 2011 оноос их олон зүйлийг би “олзолсон” доо. Насаараа шахам эрж хайж дотроо бодож явсан “эрдэнээ” хүртэл 2011 онд олчихлоо. Сайхан бүхнээр дүүрэн байсан 2011 он минь баяртай. Чамайгаа чангаас чанга тэврэн үнсэн үдье! Хийж бүтээж байгаа их ажлын минь үргэлжлэл 2012 он минь чамайг мэхийн хүндэтгэн алган дээрээ тосон авъя. Чингэсийн удамт Монгол хүн миний мөрийг дэлхийд тамгалан үлдээх их ажлыг минь эхлүүлэх 2012 он минь сайн байна уу?. Хүүгийнхээ төлөө байнга санаагаа чилээн, сэтгэл зовнин суудаг насан өндөр ээждээ, хийх бүтээх ажилд минь хамтран зүтгэхээр андгайлсан анддаа, цаг үргэлж санаа оноогоо хэлж, алдаа оноог минь дэнсэлж байдаг ахан дүүс, анд найз нартаа болон дэлхийн өнцөг буланд суугаа Чингэсийн удамт Монгол туургатанууддаа 2012 оны мэндийг хүргэж байна.
Monday, September 19, 2011
ХАРУУСАЛ ГУНИГ



Харамсаад бас гуниглаад барашгүй зүйл гэж байхымаа. Санаанд орох байтугай төсөөлж бодохоос ч аймаар 9 сарын 2-ны өдрийн тэр л аймшигт мэдээ одоо ч худлаа мэт санагдаад байх юм. Эмнэлэгт хэвтэж байгаа намайг унаган багын 2 найз минь эргэж ирэн бид тэр өдөр хичнээн жаргалтай байсан гэж санана. Яг хүүхэд насандаа эргээд очсон мэт хөгжилдөж инээлдээд л... Тэр жаргалтай өдөр Хатка, Ганзо бид 3-т эргэж ирэхгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай. Орчлонг мартан жаргалтай байсан энэ мөчөөс хэдхэн цагийн дараа Хаткагийн утаснаас байн байн дуудлага орж ирээд байлаа. Гэтэл Ганзод минь золгүй явдал тохиолдчихлоо гээд хэлэх гээд хэлж чадахгүй байгааг би яахан мэдэх билээ. Үнэхээр харамсалтай... Хатка уйлсан, сааралтсан хоолойгоор “Ганзо өнгөрчихсөн гэнээ” хэмээн хэлээд утсаа тасалчихсан нь тоглоод ч байгаам шиг санагдаад байснаа нуух юун. Яахаа ч мэдэхгүй сүхдүүлчихсэн юм шиг гайхшран эмнэлгийн хонгилоор уйлан алхсаар байлаа би. Гэтэл Хатка ахиад залгаж байна. Утас авангуут “Би эмнэлэг дээр хүрээд ирлээ. Гараад ирээч” гэж байхым. Миний Хатка угийн уйланхай хүн болохоороо уйлаад л... “Чи бид 3 ямар гоё найзууд байлаа. Хэдхэн цагийн өмнө бид уулзаад салсан ш дээ” гээд уйлаад байлаа. Бид 2 хэсэг уйлцгааж байгаад найзынхаа гэрт нь очихоор болов. Гэрт нь ороход найзын минь инээж байгаа зурагны өмнө зул асаачихсан байлаа. Өчигдөрхөн ингээд салсан найз минь яг л тэр төрхөөрөө харагдаад байсан нь зүрх зүсэм. Би блогтоо 2 найзынхаа тухай “НЭГ ЗЭЛНИЙ УНАГАНУУД” гэж бичиж байлаа. Цэвээндоржийн Ганзориг гэдэг миний найзыг бурхан арай л эрт аваад явчихлаа даа. Ид хийж бүтээх насан дээрээ тэнгэрийг зорьчихлоо. Миний найзыг ямар агуу эр хүн байсан юм шүү. Бие биенээсээ юугаа ч нуудаггүй. Байнга л жаргал зовлонгоо ярилцаж явдаг байсан дотны анд минь биднийгээ үүрд орхичихлоо. Чи минь арай л эрт тэнгэрийн орныг зорьчих юм даа. Өрөвч, тусч, нинжин сэтгэлтэй миний анд энэ хорвоод 40-хөн жил амьдрахдаа хүмүүсээс дандаа л магтаалын үг сонсдог байсныг нь эргэн дурсахад таатай байна. Найз минь тэнгэрийн орондоо мөнхөд жаргадаа. 2 найз нь чамаараа дутан, чамайгаа үгүйлэн бас чамайгаа дурсан явах болноо. Нүдээ эргэлдүүлээд л хүүхэд шиг инээн дэггүйтдэг тэр л төрхийг чинь санан санан дурсамжаа өндөрлөе дөө.
Thursday, August 11, 2011
ХЭРГИЙН ЭЗЭН НЬ СУЛ БЛОК
Сүүлийн үеийн дуулиан шуугианы нэгээхэн хэсэг болж олны сэтгэлийг сэртхийлгээд байгаа явдал нь хүүхдийн хорих ангиас оргосон 6 “шилийн сайн эрс”-ийн тухай юм. Үүний түрүүнд би “Хоригдол жаал-Оргодол хүү” гэсэн нийтлэлийг блогтоо оруулсан. Сүүлийн хэдэн жилийн амьдрал минь монголын муу нэртэй хоригдлуудтай холбоотой өнгөрч байгаа болохоор энэ талын мэдээллийг хамгийн түрүүнд хайж явдаг хүн дээ,би. Дээр доргүй л 6 хоригдол оргосны буруутанг эрж хайж, зарим нь амиа хаацайлж би буруугүй гэж сууцгаана. Би биенээсээ буруутныг хайсаар... Соёлын хувьсгалын үед Хятадууд Өвөрмонголчуудыг толгой дараалан эсэргүүн болгосон юм гэдэг. Сүүлдээ эсэргүүнээр тодрох хүнгүй болохоор үзэг, бал харандаа, савх, аяга... гээд л нүдэнд харагдсан болгоноо буруутан болгож байсан гэдэг. Шүүхийн шийдвэрийнхэн түүн шиг л 6 хүүхэд оргосны буруутанг хайж байна. Ажлын хариуцлага алдасан нэрээр ангийн захирагч, хурандаа Оюунаа, дэд дарга Билгүүн нарыг ажлаас нь чөлөөлж хэд хэдэн хүнийг бангадсанаар энэ дуулиан намжих талдаа орох гэж байна. 6 хүүхэд оргуулсаны гол буруутанг 6 метр өндөр блокон хашааны суларсан нэг блок болгож хувирч байх шиг байна. Тэр блокийг хэн, хэзээ сулласан, тэр яагаад сул байсныг удирдлагууд нь тайлбарлахгүй л байна. Мэдээж нар салхинд цохигдоод сулраагүй нь лавтай. Тэр блокийг хоригдлууд л сулласан.Магадгүй блок суллах ажиллагаа хорихын хянагч нартай ч холбоотой байх магадлалтай. Хянагч нарын дунд байдаг нэг “аймаар” дэг нь ялтануудаасаа байнга нэгжнээс эхлээд ундаа тамхи тэр байтугай архи дарс хүртэл нэхэж авахуулж уудаг нь гэм биш зан болчихсон. Хүүхдийн хорихын аж ахуйн хоригдлууд хянагч нараа болон өөрсдийгөө тансаглуулах гэж энэ блокийг сулласан байх магадлал давамгайлаад байгаам, надад. Энэ л суларсан блокний нүхээр хоригдлууд бүрэнхийгээр дэлгүүр лүү гүйдэг байсан байх. Ганцхан хүүхдийн хорих анги гэлтгүй Монголын бүх шоронгуудад ийм суларсан блок байж магадгүй. Юутай ч Шүүхий шийдвэрийнхэн оргодлын буруутанг сул блок хэмээн гүрийж амиа хаацайлж суухынхаа оронд увайгүй зантай хянагч нартайгаа “тулж ажиллах” хэрэгтэйг дуулианы эзэн болсон “сул блок” сануулаад байгаам бишүү!!!.
Subscribe to:
Posts (Atom)




