Thursday, February 4, 2010

Монголын хамгийн өндөр хүн Д.Рагчаа: “БИ АМЕРИКТ ОЧИЖ NBA-ИЙН ТОГЛОГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ БАЙНА”


Д.Рагчаа гэж 22 настай залуу монголын хамгийн өндөр хүнээр тодороод байна. Түүний өндөр 225 см. Биеийн жин нь 120 кг гэнэ. Түүнтэй уулзахаар очиход Д.Рагчаа „Би улам өндөр болмоор байна“ гэсээр яриагаа эхэллээ.
-Чи өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Сэлэнгэ аймгийнх. Эх эцэгээс наймуулаа. Багадаа дундаж сурлагатай, нэлээд сахилгагүй, атаман талдаа хүүхэд байсан. Би ээжээсээ 5100 грамм жинтэй гарсан гэсэн.
-Танайхан бүгд чам шиг өндөр хүмүүс үү?
-Манай аав ээж хоёр дундаж өндөртэй хүмүүс байдаг. Харин манай өвөө 2 метр 28 см өндөртэй хүн байсан гэсэн. Би гурав дахь үе нь юм билээ. Манай ах эгч нар ч өндөр хүмүүс байдаг. Миний нас залуу болохоор удахгүй өндөр маань өвөөгийн хэмжээнд хүрэх байхаа. Цаашид өссөн шиг өсөөд улам өндөр болох юмсан гэж боддог. NBA-ийн хамгийн өндөр тоглогч Яао Миний рекордыг эвдэх юмсан.
-Одоогийн өндөр чинь хангалттай юм бишүү?
-Монголдоо хангалттай л даа. Гэхдээ үүнээс илүү өсвөл гоё ш дээ.
-Өндөр хүмүүст таарах хувцас олдохгүй зовлонтой байдаг байх. Ингэхэд өмсөх хувцасаа хаанаас авч байна вэ?

-Бусад шиг дэлгүүрээр тэнэж цагаа үрэх шаардлага байдаггүй. Гадаадаас л өмсөх хувцасаа авчируулдаг. Ихэнхдээ захиалгаар хийлгэдэг дээ. Зөвхөн куртик, өмд оёулахад л 100 000 төгрөгний материал ордог. Гутал 53 размерийг өмсдөг.

-Чиний дээлэнд хэдэн метр даавуу ордог бол?

-Багадаа дээл өмсдөг байсан. Одоо таарах дээл олдохгүй юм. Надад дээл оёбол 10 гаран метр даавуу элбэг орно.

-Өндөр хүнийг биеийнхээ хэмжээгээр их иддэг гэдэг. Чи нэг дор хэдэн бууз идэж чадах вэ?
-Би цуйванд дуртай. Бусад хүмүүс шиг л иддэг. Буузыг 15-аас илүү идэж чадахгүй.

-Монголын өндөр хүмүүс болох Шаравжамц, Оргилболд нартай хэр дотно байдаг вэ?

-Оргилболд гуайг би хараагүй. Гэхдээ уулзах юмсан гэж боддог. Шараваа ах бид хоёр сагсан бөмбөгийн „Лидер“ багт хамт тоглодог болохоороо их найзууд. Шараваа ах надад байнга хэлж зааж зөвлөж байдаг болохоор би түүнийг их хүндэлдэг юм. Шараваа ахыг Америк явахад нь би түүнээс намхан байсан. Харин Америкаас буцаж ирэхэд нь түүнээс өндөр болчихсон байсан чинь Шараваа ах их гайхаж бас баярлаж байсан.

-Хэдэн жилийн өмнө чамтай уулзахад чи „-Польшийн сагсан бөмбөгийн лигээс урилга ирсэн. Удахгүй явна“ гэж байсан. Энэ чинь юу болсон бэ?
-Бэртэл авчихаад явж чадаагүй. Одоо ч гэсэн бэртэл сайн эдгэрээгүй байна. Түнхний бэртэл олон жил болж байж эдгэрдэг юм шиг байна. Бэртэлтэй болохоор хурд жаахан удаан байна даа. Хурдтай гүйх гэж их хичээдэг боловч хөл маань тушаатай юм шиг их хэцүү байна.

-Чамайг бэртэлтэйг чинь мэдэхгүй хүмүүс „-Энэ Рагчаа гэж ашиггүй рам. Сагс тоглохоо больвол таарна“ гэж загнаж байхыг сонссон юм байна.

-Бэртэлтэй болохоор хөдөлгөөн хязгаарлагдаад өндөр нуруугаа бүрэн ашиглаж чадахгүй байна. Өндөр болохоор бөмбөг самбар ойрхон байдаг учраас чацархаж тоглодог доо.

-Лигт тоглоод удаагүй байгаа ч фен олонтой болж байна уу?
-Танихгүй хүмүүс миний нэрийг дуудаад гар барихад эхэндээ их эвгүй байдаг байсан. Хүүхдүүд „Рагчаа ахаа, та шүү“ гээд л орилдог. Уулзсан хүн болгон хамт зурагаа даруулах гэнэ. Зарим хүмүүс гар барьчихаад тавихгүй сонирхоод зогсчихдог. Зарим нь хажуугаар гарахдаа элдвийн үгээр доромжлох нь хэцүү дээ.

-Өндөр хүнд энэ мэтчилэн зовлон их байдаг байх. Өөр ямар зовлон байдаг вэ?

-Машин тэргэнд суухаас эхлээд зовлон их. Яарсан үедээ таксинд суухаар жолооч нар нь харь гаригийн хүн ирчихсэн юм шиг л янз бүрийн зүйл асуудаг. Микроавтобусны урд талын суудалд суухгүй бол багтдаггүй. Нэг удаа автобусанд суутал кондуктор нь „-Хөөе! чи сандалаас буугаач“ гэж загнасан. Олон хүний дунд загнуулсандаа ичээд буугаад явчихаж билээ. Тоглолт үзэхдээ хойгуур суухгүй бол загнуулсаар байгаад таарна шүү дээ. Бусад хүмүүс шиг энд тэнд чөлөөтэй инээж хөхөрч болдоггүй нь их хэцүү. Хааяа найз нартайгаа бааранд ордог. Тэгээд чөлөөтэй бүжиглэх гэхээр хөдөлгөөн бүхэн маань хүний анхаарал татаад дураараа байж болдоггүй нь бас хэцүү.

-Чи түрүүнд улам өндөр болохыг мөрөөдөж байна гэж байсан. Өөр юу мөрөөддөг вэ?
-Эр хүний дотор эмээл хазаартай морь гэдэг биз дээ. Нууцгүй хэлэхэд миний гол мөрөөдөл бол NBA-д очиж хар сагсчдын дунд орж үзэх юмсан гэж боддог. Ингэж ярихаар хүмүүс намайг гүйж чаддаггүй байж гээд л янз бүрээр хэлж шоолж магадгүй. Тэр хүмүүст „Миний нас залуу байна. Ур чадварыг нь эзэмшсэн байхад хаана ч очиж болно. Бэртэл гэмтэл ч удахгүй бүрэн илаарших байх“ гэж хэлмээр байна. Эмчилгээ хийлгэж байх үедээ би хоёр хөл дээрээ зогсож чаддаггүй байсан. Харин одоо удаан ч гэсэн гүйгээд сагсны талбай дээрээ гарч байгаадаа би баярладаг.

-Хотод нэг л сайн дасч өгөхгүй байгаа юмаа даа. Ярианаас чинь тэгж ойлголоо?
-Хотод орж ирээд жил гаран л болж байна. Анх ирээд нутгаа, аав ээжээ санаад их хэцүү байсан. Одоо харин гайгүй ээ. Хотын охид их нүүрэмгий юмаа.

-Охид гэснээс хэзээ гэрлэх гэж байна вэ?
-Одоогоор төлөвлөсөн юм алга. Охидоос танилцах санал их ирдэг. Тэр бүхэнтэй танилцаад байх хэцүү байдаг учраас гар утсаа сольсон. Мэдээж хэсэг хугацааны дараа амьдарлаа төвхнүүлнэ. Миний эхнэр болох хүн заавал өндөр байх албагүй гэж боддог.

-Хошин шогт бас кинонд тоглож телевизийн цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байгаа харагдсан. Урлагт давхар хүч үзэхээр шийдээ юу?

-Хошин шогт тоглож үзсэн ер таалагдаагүй. Түүнээс хойш саналууд их ирж байгаа ч би ихэнхэд нь татгалзсан. Харин „Тушаал“ кинонд тоглосон. Бас дуучин Баттулгын ээжийн тухай дууны клипэнд зургаа авахуулсан.

-Уучлаарай! Ярианыхаа төгсгөлд жаахан эвгүй зүйл асууя. Хариулахгүй ч байсан болно шүү! Өндөр хүмүүсийн сэтгэх чадвар удаан байдаг гэж ярьдаг нь хэр үнэн зүйл вэ?
-Наад асуулттай чинь би санал нийлэхгүй. Өндөр хүний хөдөлгөөн нь удаан болохоор хүмүүс тэгж ойлгодог юм шиг байна лээ. Би дундаж нуруутай хүмүүсээс илүү сэтгэдэг. Тиймээс өөрөөрөө бахархадаг. Би ой тогтоолт сайтай ш дээ

No comments:

Post a Comment

Recent Articles