Wednesday, March 10, 2010

ШАВРЫН ГОЛЫН “МАНУФАКТУР”


Дундад зууны үед гар аргаар үйлдвэрлэл эрхэлж амь зуулгаа залгуулахыг мануфактур гэж нэрлэдэг байсан. Хэдэн зуун дамнаж мартагдсан мануфактурын үйлдвэрлэл Монголд одоо ид цэцэглэж байна уу даа гэсэн бодол Говь-Алтай аймгийн Шаврын голоор явж байхад төрж билээ.
Нэрнээсээ эхлээд л алт “үнэртүүлсэн” газар бол яах аргаггүй Говь-Алтай аймаг мөн. Алтаар баян Алтай аймгийн төв Есөнбулаг сумаас 7 км-ийн зайд орших Шаврын гол нь Хантайширын нурууны ар хормой дахь байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар аж.
Алтайчууд алт ухах анхны “шав”-аа Засагтхан аймгийн төв Арын хүрээний туурь байсан түүхэн дурсгалт энэ газраас эхэлсэн гэхэд болно. Хэдэн жилийн өмнөөс л Алтайчууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх шахам Шаврын гол руу цуврах болжээ.

Ургах нартай уралдан машин, мотоцикль, гурван дугуйт хөлгөлсөн хүмүүс Шаврын гол руу уралдан давхилдах нь дайны үеийн киног санагдуулам. Тэд өдөржин мануфактурын хөдөлмөр эрхэлж байгаад оройдоо уулнаас маш урт галт могой бууж байгаа мэт гэрэл цацаруулсаар цуварч ирэх юм. Өдөрт дунджаар 100-200-аад автомашин, 500 орчим хүн энэ газар уралдан очиж сэндийчэн алтаа хайж эхэлдэг. Алт хайгчид хаа дуртай газраа ухаж төнхөнө. Тэдэнд хараа хяналт тавьж байгаа газар гэж бараг л байдаггүй. Дураараа дургиж дун чөмгөөрөө наргиж байгаа эдгээр иргэдийг аймгийн цагдаагийн болон мэргэжлийн хяналтын газрынхан үе үе ирж хөөж гаргадаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй юм байна.

Алтны төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хүрз, жоотуу, лоом, чулуугаар зэвсэглэсэн хагас “зэрлэгшсэн” нинжа нараас хууль хяналтынхан ч цэрвэдэг гэлцэх нь оргүй биш бололтой. Алт харсан хүн улам л улайран шунадаг гэдэг. Яагаад гэхээр алт хайж 10 метрээс доошгүй гүнзгий нүхэнд шороонд дарагдаж хэн нэг нь амиа алдаж байхад бусад нь түүнийг аврахаасаа илүүтэйгээр тэр газар руу дайран орж тал талаас нь ухаж эхэлдэг гэнэ. Учир нь хүн дарагдсан газраас алт их гардаг гэсэн яриа алт ухагчдыг ийн нинжин сэтгэлгүй болгожээ.

Үзэсгэлэнт Шаврын голыг бөмбөгдүүлсэн мэт сэндийчэн алт хайж байгаа зарим иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Есөнбулаг сумын иргэн Х.Цэцэгмаа: -Амьдрал хэцүү байна ш дээ, дүү минь. Өлбөрч үхэхгүйн тулд алт ухаж сууна даа. Манайх 3 оюутан хүүхэдтэй. Тэдний төлбөр, хувцас, хоол хүнс гээд зарлага их гарах юм. Тэгээд л арга ядаад алт ухаж байна даа. Байгалийн хишгийг голж болохгүй ээ, хөөрхий. Өдөрт зардлаа хасаад 30-40 мянган төгрөг олж байнаа. Болж л байна.

Улаанбаатар хотын иргэн Ц.Батбилэг: -Төр засаг биднийг харж хандахгүй байна ш дээ. Гудамжинд гарч гуйлга гуйлтай биш. Тэгээд л 1000 шахам км газар туулж байж энд ирж алт ухаж байна. Заримдаа цагдаа нар нь ирж хөөх л юм. Энд ч уг нь газар газраас ирсэн 1000 хол давсан хүмүүс байдаг байсан. Саяханаас Чандмань, Бигэрт алт гарсан гээд ихэнх нинжа нар тийшээ явчихлаа. Хүн цөөрөөд ч тэр үү сүүлийн хэд хоногт алтны олдоц сайн байнаа.

Баянхонгор аймгаас ирсэн М.Цэрэндорж: -Ах нь олон жил алт ухаж амь зуулгаа залгуулж байна даа. Алт ухсан хүн баяждаггүй юм ш дээ. Гэхдээ өр өглөгөө дарж болгоод л байдаг. Бас өлсгөхгүй, цангуулахгүй, дааруулахгүй, хоосон хонуулдаггүй ажил даа. Би өчигдөр яг энэ газраас/нурах дөхсөн 10-аад метр нарийхан ухсан нүхийг заалаа.Сур/ бух олоод бөөн баяр явж байна. Алт олоод архиар угаахгүй бол болдоггүй юм. Нэг ёсондоо газар лусдаа баярласанаа илэрхийлж архиар өргөл өргөдөг л дөө. Ахынх нь олзыг энэ хүмүүс/Хэдэн согтуу залуучуудыг заав.Сур/ одоо хүртэл мялааж байна даа.

Цогт сумын иргэн Ө.Улаанаа: -Томчууд дээгүүрээ эх орноо худалдаад хуваагаад идэж байгааг хэн хүнгүй л харж байгаа биз дээ. Бид бас амжаад газраа ухаж баяжмаар байна ш дээ. Болно биз дээ. Энэ газар хэдэн жилийн өмнө ямар гоё үзэсгэлэнтэй газар байсан гэж сананаа. Одоо ч дайны талбар шиг л харагдаж байгаа биз. Энд тэнд ухсан нүх, сэндийчсэн газар. Бас орилж хашгирсан согтуу хүмүүс, алт булаалдаж амиа ч өгөхөөс буцахгүй хэрэлдэж зодолдож байгаа авгай хүүхнүүд аймаар харагдаж байгаа биз. Яг үнэндээ амьдрал ийм л байна ш дээ. Ухсан сэндийчсэн газраа нөхөн сэргээе гэсэн бодол төр түшиж байгаа томчуудад байдаг юмуу. Хааяа зурагт үзэж байхад төдөн сая төгрөгийг нөхөн сэргээлтэнд зарцууллаа гээд л ярьж байх юм. Гэтэл тэр нөхөн сэргээлт нь хэн нэгэн даргын халаас руу ороод байгаа нь ойлгомжтой л доо.

13 настай Ж.Ану: -Би аав, ээжтэйгээ хамт алт ухдаг юм. Заримдаа ч алт гайгүй л олдох юм. Зарим өдөр юу ч олдоггүй ш дээ. Аав алт олохоороо архи уучихаад байх юм. Тэгээд л ээж бид 2 дагаж явдаг. Энэ хүмүүс заримдаа алтаа булаацалдаад аймаар зодолддог.

Ховд аймгаас ирсэн Х.Одгэрэл: -Биднийг бага байхад аав ээж, өвөө эмээ гээд л настай хүн болгон байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалж бай гэж зааж сургадаг байсан. Бид ч тэднийхээ үг сургаалиар явдаг байсан. Гэтэл одоо бид үр хүүхэддээ байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаал гэж зааж зөвлөхөөсөө илүүтэйгээр тэднийх алт ухаад баяжиж байна. Та нар хамт явж алт ух гээд л үр хүүхдүүдээ дургүй байхад нь загнаад л дагуулж газар сэндийчүүлж байна. Бид өв уламжлалаа мартаад ингэж л хүүхдүүдээ байгаль эх дэлхийтэйгээ буруугаар харьцахыг зааж байна. Хэрэв бидэнд ажил олддог бол юу гэж ийм “нүгэл” үйлдэхэв дээ. Үүнийг төрийн түшээд бодолцож байгаа байлгүй дээ. Тэр Их хурлын гишүүд чинь бидэнтэй уулзахгүй юм билээ. Бодвол гуйлга гуйна гэж айдаг биз.

Шаврын голд алт ухаж амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс ийн ярьж байна. Тэд зуны халуун, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, намрын сэрүүнийг үл ажран алтаа хайж ухсаар. Зарим нь амь насаа алдсаар л байна. Үүнийг аймаг орон нутгийн удирдлагууд мэдсэн ч мэдээгүй царайлан суугаа нь хачирхалтай. Мануфактурын үйлдвэрлэл эрхлэн амь зуулгаан залгуулж нинжа нэрийг авсан алт ухагчдыг төр засаг анхааралдаа авч холбогдох хууль дүрмээ хурдхан боловсруулмаар байгааг Шаврын голын алт ухагчидтай уулзаж байхдаа бодож явлаа.

“Бид хөгжиж байна, удахгүй Азийн бар болно” гэж зарим эрхэмүүд цээжээ дэлдэж байх юм. Гэтэл ард иргэдийн багагүй хувь нь Мануфактурын аргаар амь зууж байгааг эх оронч дүр эсгэсэн түшээд анзаарч байна уу гэдгийг эргэн сануулмаар байна.
Нийтэлсэн Д.Одбаатар

No comments:

Post a Comment

Recent Articles