Saturday, March 1, 2014

РИО ТИНТО ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА МОНГОЛ БҮСГҮЙ С.ГАНТУЯАД ЯЛАГДЛАА






Өнөөдөр “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”. Энэ өдөр С.Гантуяа гэдэг эх оронч бүсгүйн тухай бичихээр үзэг цаас нийлүүлж сууна. С.Гантуяаг танихгүй хүмүүс олон учир ихэнхи нь “Чи бас юун эх оронч С.Гантуяа гэж яриад эхлэв” хэмээн гайхаж магад. Тиймээ гайхах нь аргагүй. “Битүү морь” С.Гантуяаг хүмүүс “Үйлдвэрчиний эвлэлийн” тодотголтой УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү гэхээр андахгүй. Бас “Оюу толгой”-г шүүхдээд ялсан бүсгүй гэхээр бүүр сайн таниж байгаа байх. С.Гантуяа бүсгүйн тухай бичихээр “Оюу толгой”-н тухай бичих нь мэдээж. Би “Оюу толгой”-г бичихийн тулд Рио Тинто гэх Дэлхийн хамгийн баян компаний тухай сайн мэдэх хэрэгтэй боллоо.      
2011 онд Рио Тинто Монголд орж ирж байжээ. Тэр үед С.Гантуяа эдний шалгуур өндөртэй шалгалтуудыг 3 сарын турш өгч байж 2 Монголын хамт гурвуулаа Рио Тинтогийн өндөр босгыг давж чаджээ. Рио Тинто С.Гантуяа ба түүний нөхдийг манай компаний анхны бөгөөд сүүлийн Монгол ажилчид гэж ярьдаг байсан гэнэ. Байгуулагдаад 141 жил оршин тогтнохдоо 5 тивийн 50 гаруй оронд цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс, алмаз олборлон 30 гаруй төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нийт 67,930 ажилтантай, дэлхийн хамгийн өндөр үнэтэй компаниудын дөрөвдүгээрт жагсдаг үндэстэн дамнасан том корпорацид гадаад харилцааны мэргэжилтэн гэсэн албанд тохоон томлигдсондоо С.Гантуяа сэтгэл хангалуун байсан нь мэдээж.
С.Гантуяаг ажилд ороод удаагүй байтал Рио Тинто “Оюу толгой” компанийг удирдахаар боллоо. Монгол ажилчидаа “Оюу толгой” руу шилжүүллээ. С.Гантуяа “Оюу толгой”-д төслийн хэлтсийн менежэр гэсэн ажлыг эрхлэх болж. Эрхэлсэн ажилдаа цаг үргэлж хариуцлагтай хандаж үнэнч ажилладаг байсан тэр Рио Тинтогийн болох болохгүй алдаа дутагдлыг шууд л түс тас удирдлагууддаа хэлдэг боллоо. Тэд эхэндээ С.Гантуяагийн үгийг анхааралтай сонсдог байсан ч сүүлдээ С.Гантуяа болон хамт ажилладаг монгол эмэгтэй хоёрыг “тэмцэгчид” гэж хочилдог болж. Бусад улс орнуудад үйл ажиллагаагаа явуулахдаа хууль дүрмийг нь зөрчиж тухайн орны иргэдийг үл тоон цалин хөлсийг нь багаар өгдөг энэ л жишгээрээ Монголд үйл ажиллагаагаа явуулж байгааг харсан С.Гантуяа энэ бүх “давруу зангаа” засахыг нь сануулан хэлдэг байсныхаа төлөө “тэмцэгч” хочтой болж. Тэр гэхдээ өөрийнхөө төлөө бус хамт ажиллаж байгаа Монголчуудынхаа, эх орныхоо төлөө нэг ёсондоо та бидний өмнөөс үгээ хэлдэг байжээ.
Мэдээж хүссэнээ хийж чаддаг Рио Тинтогийн удирдлагуудад С.Гантуяа аюултай санагдсан байх. Тиймээс тэд С.Гантуяаг шууд л ажлаас халах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бололтой. Тэд С.Гантуяагийн дотоод цахим хаягийг байнга хаадаг болсоныг тэр мэдэлгүй миний хаяг яагаад болохгүй байгаам болоо хэмээн гайхширан IT-ийнхэндээ хандахад тэд ирээд л янзлаад өгдөг байж. Гэтэл нэг өглөө ажилдаа иртэл цахим хаяг нь яагаад ч ажилладаггүй гэнэ. Бас л дуудлага өглөө. Гэтэл ирсэн инженер залуу “Таны хөдөлмөрийн гэрээ дууссан юм бишүү. Энэ удаад компаний дотоод сүлжээг хянаж зохицуулж байдаг төвөөс таны бүх зүйлийг хаасан байна. Миний мэдлээс давж” гэж хэлжээ. Энэтхэгт байдаг төвөөс нь өөрийнх нь бүх цахим мэдээллийг хаасанг мэдэж дуулаад гайхан сууж байтал гадаад дарга нарынх нь нэг нь орж ирсэнээ чанга дуугаар “Бидний дундаас хэн нэгэн маань тэмцэл хийх гэж байгаам байна. Тиймээс бүгдээрээ яаж сөрөг арга хэмжээ авч болох талаар ярилцацгаая” гэж хэлээд гадаад зөвлөхүүдээ дагуулан оджээ.
Энэ ярианаас л С.Гантуяа өөрийг нь “Ардын дайсан” болгох гэж байгааг ойлгоод бүх үйл явдлыг болон гадаад ажилтан Монгол ажилчдын цалин хөлсний ялгаа, Рио Тинто Монголын хууль дүрмийг зөрчиж байгаа тухайг Монгол ажилчиддаа бичээд тараачихжээ. С.Гантуяа бичсэн зүйлийнхээ доор нь “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг үгийг тэрлэчихсэн гэдэг. Иргэний дайн хүртэл дэгдээж хүн ардыг аймаглан устгаж байсан Рио Тинтогийн удирдлагуудад “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг үг эмзэг тусч шууд л С.Гантуяаг шалтгаангүйгээр ажлаас нь халах нь тэр. Эрхэлсэн ажилдаа алдаа гаргаж хариуцлагагүй хандаж байгаагүй тэр ямар ч шалтгаангүй ажлаас халагдсандаа гайхан үнэн зөвийг нь олж өгөхийг хүсэн шүүхэд хандлаа.
Энэ үед С.Гантуяаг дэмжих нэг хэсэг байхад эсэргүүцэгчид ч бас байсан. “Ах нь С.Ганбаатар болохоор энэ ингэж яваа юм” гэж хардагдах бол энгийн үзэгдэл. Гэхдээ С.Гантуяа үнэнийг олохын тулд хэзээ ч нэр нөлөөтэй УИХ-ын гишүүн ахаараа бамбай хийгээгүй гэдэг. Ахыгаа ч энэ үйл явдалтай хутган оролцуулахыг хүсээгүй учраас тэр “иргэн С.Гантуяа” нэрээр явахыг эрхэмлэжээ.
1989 онд Папуа Шинэ Гвинэй улсын иргэд эсэргүүцэж улмаар эсэргүүцэл даамжирсаар иргэний дайн болж 12 000 хүн амиа алдсаны дараа Рин Тинто тус улсаас гарсан ч Папуа Шинэ Гвинейн хэсэг хуульчид Рио Тинтог тус улсын Засгийн газартай хамтран байгаль орчинд ноцтой хохирол учруулсан төдийгүй хүний эрхийг ноцтой зөрчин аймаглан устгах ажиллагаанд оролцсон гэж АНУ-ын шүүхэд гомдол гаргаад одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй явж байгаагийн сацуу Индонез улсын баруун Папуа гэдэг газарт нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулыг сүйтгэж байжээ. Иргэд байгалиа хамгаалж “Рио Тинто”-гийн эсрэг бослого гаргах үед цэрэг армийг нь өмнөөс нь босгож, мөргөлдөөн үүсгэж байсан байна. Учир нь “Рио Тинто” тус улсын армийг санхүүжүүлдэг байжээ. Мөн Мадагаскарт  нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, Засгийн газартай нь хуйвалдаж газрыг нь хямдхан авсан. Индонезийн Келиан алтны уурхайг тус компани нь ажиллуулж байх явцдаа байгаль орчныг нь дээд зэргээр бохирдуулж, эсэргүүцсэн иргэдийг цэрэг цагдаагаар айлган сүрдүүлсэн. Бразилд жирийн нэг иргэн уурхайн талбайд орж ирснийх нь төлөө буудаж байжээ. Энэ нь иргэдийг айлгах, уурхай руу оруулж ирүүлэхгүй байх зорилготой байсан гэж яригддаг ийм л гүрэн дамнасан “дээрэмчинтэй” С.Гантуяа бүсгүй тэмцэж эхэлсэнд айж эмээх болгоомжлох хүмүүс олон байсан гэдэг. Тэд сайн санасандаа С.Гантуяагийн зоригтой алхамыг болиулах гэж оролддог байж. Гэтэл тэр үнэнийг олохын тулд зорьсон зорилгоосоо ухралгүйгээр тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа.
С.Гантуяагийн Рио Тинтотой хийсэн тэмцлийг би Тян Ань Миний талбайд орж ирж байгаа танкуудыг эсэргүүцэн хоёр гартаа дарцаг барин замыг нь хаан зогсох залуутай зүйрлэмээр санагдсан. Яагаад гэхээр Рио Тинто иргэний дайн дэгдээж, ард түмний эсрэг цэрэг цагдааг нь босгож, гэмгүй иргэнийг хүртэл буудаж байсан туршлагаа давтвал гар нүцгэн, эрх мэдэлгүй бүсгүйд аймаар санагдах нь аргагүй биз дээ. Гэхдээ тэр үнэнг олохын тулд бүхий л амьдралаа золиосолсон гэхэд болно. Үүнийхээ үрээр тэр ялж чадсан.
141 жилийн турш байнга ялж байсан Рио Тинто түүхэндээ анх удаа ялагдал амсах нь энэ. Тэдэнд С.Гантуяаг буруутгах үндэслэл байсангүй бас түүнийг буруутгах баримт олох гээд ч чадсангүй. Арга ч үгүй биз. С.Гантуяа эднийд “данс”-тай ажиллаж байхдаа нэг ч удаа ажил таслаж байгаагүй, байнга илүү цагаар ажиллаж оногдсон ажилаа давуулан биелүүлж захирлын урамшууллыг олон удаа авч байсан түүнд Рио Тинто ялагдах нь аргагүй.
С.Гантуяаг буруутгах зүйл олдохгүй болохоор  тэд шат шатны шүүхэд хоёр л зүйлийг ярьж байсан гэнэ. Нэгдүгээрт: С.Гантуяа компаний ажилчдыг тэмцэлд өдөөн турхирсан. Энэ нь “МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэж бичсэнээр батлагдаж байгаа. Хоёрдугаарт: Компаний талаархи буруу мэдээллийг олон нийтэд тараасан гэсэн инээд хүрэм зүйлийг тоть шиг давтаж байсан юм байх.
Монгол хүний оюун ухаанаар, Монгол бүсгүйн Хатан ухаанаар хаана ч хэнд ч дийлддэггүй Рио Тинтог ялж үнэний төлөө явж байгаа дэлхийн олон мянган иргэдийн бахархал нь болж байна С.Гантуяа.
 “Монгол Улс иргэн Ламжав, иргэн Гантуяа гэсэн хоёрхон иргэнтэй” гэж Оюу толгойн удирдлагууд ярилцдаг гэсэн. Үнэнд гүйцэгдэж ялагдсан Рио Тинто “Оюу толгой”-гоосоо иргэн Гантуяад 100 гаран сая төгрөг олгожээ. Мөнгө гэхээсээ илүүтэйгээр үнэнг олж, мэдэж, ялсандаа өнөөдөр С.Гантуяа сэтгэл өндөр явна. Тэр өөрийн Дархан аймгийнаа бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хэрэгцээтэй байгаа нэн шаардлагатай зүйлст хэрэглэ гэж 100 сая төгрөгийг нь хандивласан байна.
С.Гантуяагийн тэмцэл “булган сүүлтэй” байсанг энд онцлох нь зүйтэй байх. Австралийн Булгаг хотын иргэд Рио Тинтог эсэргүүцэн тэмцэж 3 жил шүүхэдсэний эцэст саяхан ялжээ.

Энгийн даруухан эгэлхэн эх оронч энэ эмэгтэйг “Эх орончдын” өдрөөр магтан дуулах гэсэн оролдлого минь энэ юмаа.    

15 comments:

  1. үнэн үргэлж ялдаг байгаасай. Гайхалтай амжилт

    ReplyDelete
  2. Иймэрхүү бахархан дэмжмээр нийтлэлийг уншдаг монгол ховор юм. Харин муу муухай зүйл бичсэн нийтлэлийг уншдаг монгол элбэг бөгөөд тэр бичсэн сэтгэгдлүүд нь нохой ч шиншилмээргүй,,, бөөлжис хутгамаар,,,. Хуулийн дагуу тэмцэж ялалт байгуулсан молгол бүсгүйд үнэхээр талархаж байна. Амжилт,,,

    ReplyDelete
  3. Мэдээж уншиж байгаа монголчууд байгаа. Бахархах сэтгэл төрж байна шүү. Амжилт

    ReplyDelete
  4. Санал сэтгэгдлээ бичиж байгаа бүх хүмүүст баярлалаа...

    ReplyDelete
  5. Mundag busgui baina shuu. Baharhaltai

    ReplyDelete
  6. МОНГОЛЧУУД БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ

    ReplyDelete
  7. Өөртөө болон эх орондоо үнэнч гэдгээ харуулж чаджээ. Зарим хүмүүс иймэрхүү шудрага бус зүйлс дээр өөрт л хамаагүй гэж үзвэл амаа хамхиад дуугай өнгөрөх нь энүүхэнд

    ReplyDelete
  8. Муухан эрийн шээс гоожхоор зүйл хийсэн байна шүү дээ. Мундаг юм.

    ReplyDelete
    Replies
    1. Yasan goyo zuirlel helsiim, bayarlalaa kkk

      Delete
  9. ahaasaa dutahgui mundag eh oronh busgui yum. baharhaj bna. mun ene busguig iim baatarlag zuil hiisniig niitelj bgaa hund bayrlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Zov zuiliig bid demjij olon niited surtalchilj taniulah yostoi gej boddog...

      Delete
  10. mongolchuud bid evtei baihdaa huchtai mash unen ug shuu! amjilt :)

    ReplyDelete
  11. эх орондоо амьдарч байгаа хүн байна даа иймэрхүү баймаар даа. Шударга эмэгтэй байна. Төр засгийн өндөрлөгүүд, төрийн түшмэлүүд харийнхны өмнө бөхөлзөгчид с.гантуяагаас суралцах хэрэгтэй. Энэ эмэгтэйг уул уурхайн сайд болговол ганхуягаас илүү ажиллана даа

    ReplyDelete

Recent Articles