Friday, March 7, 2014

ХАЙРТАЙ ЭЭЖДЭЭ ХҮҮ ЧИНЬ ХАНИА ДАГУУЛААД ИРЛЭЭ



Шоронгийн хүйт даасан өрөөний ханан дээр эмэгтэйн зургийг харандаагаар татлан зурж байгаа залуу үйлдсэн хэрэгтээ гэмшин “...Хайртай ээждээ хүү  чинь ханиа дагуулаад ирлээ. Есөн хүслийг тэгшлэх ерөөлөө хайрла даа, ээж минь...” хэмээн гуниглан дуулна. Мансуурах донд автсан залуу өөрийнх нь гаж зуршлыг болиулах гэж аргадан ятгаж байгаа ээжийгээ тагтан дээрээс санамсаргүйгээр “нисгэн” амь насыг нь егүүтгэсэнийхээ төлөө ийнхүү шоронд шаналан хайртай ээжийнхээ хөргийг сэтгэлээсээ зурж гэмшин суугаа нь энэ аж. Шоронгийн дээрэнгүй хянагчид залуугийн үйлдэл таалагдаагүй нь мэдээж. Тэр ханан дээрхи зургаа арилгахыг шаардан элдэв үгээр доромжлон залууг тамлан зодно. Хүнийг тамлаж тарчлааж байж сэтгэлийн таашаал авдаг хянагч, залуугийн зурсан зургийг арилгана. Энэ бүхний эцэст залуу судсаа ханан эцсийн дусал цусаа шавхан  хайртай ээжийнхээ хөргийг цусаараа зурж амиа алдана. Үнэнийг эрэлхийлэн өөрийгөө золиосолсон эрэн сурвалжлагч Жаргал энэ бүхнийг ажиглан ээлжит дуулиант нийтлэлээ “сэтгэлдээ” тэрлэн сууна.
Энэ бол “Гэрэлт медиа” группын нэг ангийн уран бүтээлч залуусын хийсэн “Хязгааргүй” уран сайхны киноны хэсэг юм. Энэ киноны нээлтэнд уригдаж үзэх завшаан тохиосны хувьд киноны тухай хэдэн үг тэрлэхээр шийдсэн минь энэ.
Миний бие сэтгүүлч  тэр дундаа эрэн сурвалжлагч сэтгүүлч гэсэн “сэтэр”-тэй болсоноос хойш энэ киноны Жаргалын амьдарлаар амьдарсаар яваа гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй байхаа. 
Сэтгүүлчид худалдагдсан, үнэнийг гажуудуулдаг, худал мэдээлдэг гэсэн “муу” нэрээр цоллуулдаг ч гэсэн бидний дунд Жаргал шиг амь амьдралаа золиослон үнэний төлөө тэмцдэг сэтгүүлчид бас бий гэдгийг Жаргалын дүр харуулж чадлаа. 
Жаргалын дүрийг бүтээсэн Пүрэвжав нь сэтгүүлчдийн гал тогоонд 10-аад жилийг өнгөрүүлсэн болохоор тэр энэ дүрийг үзэгчдэд “нааж” чадлаа. Жаргалын гэргий үнэхээр л эр нөхрийнхө ажлыг ойлгож түүнийг дэмждэг найдвартай ар тал гэдгийг жүжигчин Цэнд-Аюуш гайхалтай харууллаа. Жаргалын гэргийн дүрийг харж суухдаа ээж минь миний төлөө яг ингэж зовж шаналж нулимс дусаан “-Миний хүү хэзээ болтол ингэж явах юм бэ? Намайг амьдад минь хэн нэгэнд алуулж дээлтэй минь битгий хатаачихаарай. Ер нь наад ажилаа боливол яаасым, миний хүү” хэмээн суусан төрх нь харагдаж билээ. 
Гармаа\Б.Гарамханд\ найзын бүтээсэн хүнтэй хүн ёсоор ханддаг энэрэнгүй хурандаагийн дүр, Доогий\М.Дорждэрэм\ найзын бүтээсэн авилгач сайдын юу ч хйихээс буцахгүй “хүн хог” дүр гээд бүгд л үзэгчдэд ухаарал өгч нэгийг бодогдуулсан гэхэд эргэлзэхгүй байна. Уугнаа\Э.Ууганбаяр\ найз энэ кинонд гайхалтай дүр бүтээсэн байна лээ. Найздаа биечлэж чадаагүй баяр хүргэлтийг цахим ертөнцөөр хүргэж байна. Тэр шоронгийн увайгүй харгалзагчийн дүрийг  “тултал” гаргасан байна лээ. Уугнаагийн бүтээсэн дүрийг харж суухдаа Дамчаа гуайн залгамж халаа тасраагүйм байна гэж бодож байснаа нуух юун. Эхнэрийнхээ нууц амрагийг егүүтгэн “Амьдрал гэгээн байдаггүй юм...” хэмээн гуниглан хашгирах Цэрэнболдын дүр ч үзэгчдэд олныг ойлгуулж чадлаа.
“Хязгааргүй” үнэхээр хязгааргүйгээр сэтгэж хийсэн кино болжээ.
Үнэний төлөө явж эрэн сурвалжлах чиглэлээр хэд хэдэн материал бэлдэж түүнийхээ төлөө хуулийнханд дуудагдаж, Хятадуудад доромжлуулж, хараалгаж зүхүүлж явсан надад Жаргалын дүр эрч хүч, урам зориг нэмлээ.
 “Хязгааргүй”-г үзээд гарсаны дараа үнэхээр эрч хүч нэмсэн шүү. Эрэн сурвалжлагч сэтгүүлчийн ээдрээтэй амьдралыг олонд гаргаж дэлгэцийн бүтээл болгож чадсан найзууддаа туйлаас их баярлалаа.
“Хязгааргүй”-г үзээрэй.

Үзэгч та “Хязгааргүй”-гээс нэг л тийм үгээр хэлэхийн аргагүй сэтгэлийн таашаал авна шүү...   

No comments:

Post a Comment

Recent Articles